Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 17

 

 

 

 

 


               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Нэхэмжлэгч: Г.Даваанямын нэхэмжлэлтэй 
Хариуцагч:  Архангай аймгийн Засаг даргад холбогдох 
Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн б/15 дугаар захирамжийг хүчингүй болгохыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Давааням, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Давааням шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Ганбаатар овогтой Давааням нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн анхдугаар хуралдааны 10 дугаар тогтоолоор Булган сумын засаг даргад дахин нэр дэвшсэн юм. Гэтэл аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нь уг тогтоолын хариуг өгөлгүй байж байгаад 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 01/2304 дугаартай албан бичгээр хуулийн үндэслэлгүйгээр томилохоос татгалзсан. Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй байхад 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн б/15 дугаар захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлсөн. 
Энэхүү захирамж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэгт Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэл хугацаанд Засаг даргын орлогч үүрэгт ажлыг хэрэгжүүлж, хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж заасан байдаг. Монгол улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ноцтойгоор зөрчсөн. Өөрөө хүсэлт гаргаагүй, ямар нэгэн гэмт хэрэг хийсэн нь тогтоогдоогүй байхад Засаг даргыг ажлаас чөлөөлж, Засаг даргын орлогчид үүрэгт ажлыг хариуцуулах тухай захирамж гаргасан нь хууль бус байна.
Иймд засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй байхад ажлаас чөлөөлсөн Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн б/15 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Г.Даваанямыг ажлаас чөлөөлж, Г.Ганбаярыг Засаг даргын үүргийг гүйцэтгүүлэх” тухай  б/15 дугаар маргаан бүхий акт гардаг. 
Маргаан бүхий актыг Монгол улсын Үндсэн хуулийн барьж гаргасан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэгт Засаг даргыг 4 жилийн хугацаагаар томилно гэсэн заалт байдаг. Энэ заалтыг бариад 4 жилийн хугацаа дууссан гэж үзээд чөлөөлсөн. Гэтэл Монгол улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 3 дахь хэсэгт Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ хуулийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална гэсэн заалт байдаг. Хуулийг  буруу хэрэглэж, хууль бус захиргааны акт гаргасан. 
Булган сумын Засаг даргын албыг гүйцэтгэж байгаа Г.Даваанямыг нэр дэвшүүлж аймгийн Засаг даргад батламжлуулахаар хүргүүлсэн боловч хүлээж авдаггүй. Ингээд хоёр дахь удаагаа хурлаа хийж дараагийн хүнээ санал болгоогүй байхад Г.Даваанямыг бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө ажлаас чөлөөлсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийг холбогдох заалтыг зөрчиж байна. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд Засаг даргыг хугацаа дуусахаас өмнө чөлөөлөх, огцруулах заалт байдаг. Г.Давааням ямар нэгэн гэмт хэрэг хийсэн болон өөрөө хүсэлт гаргаагүй байхад чөлөөлж, засаг даргын орлогчыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь хууль зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Давааням нь Булган сумын Засаг даргаар 2012 оны 12 дугаар сард томилогдож байсан 2016 оны 12 дугаар сард 4 жилийн бүрэн эрхийн хугацаа дууссан тул аймгийн Засаг дарга Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсгийн дагуу Булган сумын Засаг даргын үүрэгт ажлаас 2017 оны б/23 дугаар захирамжаар чөлөөлсөн нь хуулийн дагуу гарсан шийдвэр юм.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсгийн дагуу Булган сумын Засаг даргын ажлыг тус сумын Засаг дарга шинээр томилох хүртэлх хугацаанд Засаг даргын үүргийг орлогч даргаар түр хэрэгжүүлүүлэхээр гаргасан захирамж нь хуулийн дагуу гарсан захирамж.
Иймд Г.Даваанямын нэхэмжлэлийг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнгөнзаяа шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтэндээ: Г.Даваанямын нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргад хариуцагдах захиргааны хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнгөнзаяа миний бие аймгийн Татварын хэлтэс дээр сургалттай байгаа тул Г.Даваанямын нэхэмжлэлтэй 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр болох шүүх хуралдааныг миний эзгүйд хийж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ундармаа шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтэндээ: Иргэн Г.Даваанямын нэхэмжлэлтэй, тус аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ундармаа миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй байна. Иймд шүүх хуралдааныг Ж.Ундармаа миний биеийг оролцуулахгүйгээр хийж өгнө үү гэжээ.
 Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын материалууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайбаруудыг шинжлэн судлаад 
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Даваанямаас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Г.Даваанямыг Засаг даргаас чөлөөлж, Г.Ганбаярыг Засаг даргын үүргийг гүйцэтгүүлэх” тухай б/15 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага  бүхий  нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. /х.х-н 1/

Уг маргааны үйл баримтаас үзэхэд: Нэхэмжлэгч Г.Давааням аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Г.Даваанямыг Засаг даргаар томилох тухай” б/03 дугаар захирамжаар Булган сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байх хугацаандаа Архангай аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ болон үр дүнгийн гэрээний биелэлтээ хангалттай биелүүлж, уламшуулал авч байсан байна. /х.х-н 5, 45-121, 143/

    Нэхэмжлэгч Г.Давааням  аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн б/15 дугаар маргаан бүхий захиргааны акт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасан заалтыг зөрчсөн тул үндэслэлгүй гэж; хариуцагч Архангай аймгийн Засаг дарга Булган сумын Засаг дарга Г.Даваанямын Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2-т заасан 4 жилийн хугацаа дууссан тул 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн б/15 дугаар захирамжаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж маргажээ.
 
Шүүх уг хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Учир нь:

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “..хууль дээдлэх нь.. төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь .. үйл ажиллагаандаа .. хууль дээдлэх үндсэн зарчим баримтална” гэж заасны дагуу хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах үүрэгтэй бөгөөд дээрхи үндсэн зарчмийг зөрчсөн байна.

Маргаан бүхий захиргааны актыг /б/15 дугаар захирамж/ гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсгийг үндэслэсэн нь хууль бус байна. Уг хуулийн зохицуулалт нь  Засаг даргыг чөлөөлөх, огцруулах, Засаг дарга огцрох хуулийн заалтууд бөгөөд Архангай аймгийн Булган сумын Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар аймгийн Засаг дарга нь бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгтэй ажлаас чөлөөлнө, харин тухайн Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, хууль тогтоомж зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг аймгийн Засаг даргад хүргүүлнэ, мөн Засаг дарга өөрөө сайн дураар огцрох хүсэлтээ өгснөөр тухайн ажил, албан тушаалаас нь чөлөөлснөөр тухайн сумын Засаг даргын чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээх хуулийн зохицуулалт юм.

Дээрх үндэслэлд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар Архангай аймгийн Булган сумын Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл тогтоогдсонгүй.

 Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2-т “Засаг даргыг тухайн ...сумын Хурлаас нэр дэвшүүлж, ... сумын Засаг даргыг харьяалах аймгийн Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэх заалтыг хариуцагч Архангай аймгийн Засаг дарга маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа үндэслэл болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.5, 4.2.6-д зааснаар “маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн үйл ажиллагааны тусгай зарчим, мөн хуулийн 37 дугаар зүйл 37.1, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийг тус тус зөрчжээ.

        Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 3-т “...дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг ... томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн ба тус сумын Засаг даргыг дахин нэр дэвшүүлж томилох хүртэл хугацаанд өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хэрэгжүүлэх хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэж, хууль бус захиргааны акт гаргасан болох тогтоогдож байна.  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн бөгөөд ажлаас чөлөөлсөн /б/15 дугаар/ захиргааны акт гаргаж нэхэмжлэгч Г.Даваанямын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ. /х.х-н 3/

Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар аймгийн Засаг дарга нь эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Г.Даваанямыг Засаг даргаар чөлөөлж, Г.Ганбаярыг Засаг даргын үүргийг гүйцэтгүүлэх” тухай б/15 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнгөнзаяа, Ж.Ундармаа нар нь шүүх хуралдааныг эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг байлцуулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг нэхэмжлэгч талаас зөвшөөрч, хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэсэн болно. /х.х-н 205-206/

    Мөн хэрэг хянан шийдвэрлэх шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр 3 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд шүүхэд ирүүлсэн хариуцагчийн тайлбар нь “2012 оны 12 дугаар сард томилогдсон, 2017 оны б/23 дугаар захирамжаар чөлөөлсөн гэж” зөрүүтэй бичигдсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэ талаар нэмэлт тайлбар гаргаж өгөөгүй болохыг тэмдэглэв. /х.х-н 26, 177-179, 182-188, 197-201/

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106 дугаар зүйлийн 106.3 дугаар хэсгийн 106.3.1, 106.3.12 дахь заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйл удирдлага болгон                                                                                                  
ТОГТООХ нь:

     1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Г.Даваанямын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Г.Даваанямыг Засаг даргаар чөлөөлж, Г.Ганбаярыг Засаг даргын үүргийг гүйцэтгүүлэх” тухай б/15 дугаар захирамжийг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Архангай аймгийн Засаг даргын тамгын газар/ 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Даваанямд олгосугай.      

             3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Б.ОДОНТУЯА