Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2019/0315

 

 

 

 

Ц.Г-ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Ц.Г, түүний өмгөөлөгч С.С, П.Е, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0216 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Ц.Г-ын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0216 дугаар шийдвэрээр: “Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.12, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Г-оос Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/450 дугаартай “Ховд аймаг дахь Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Г-ыг албанаас халсан” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Цагдаагий ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/450 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ц.Ганболдыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 7,111,620 төгрөгийн цалинг Цагдаагийн ерөнхий газраас гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Ц-н Г-ын нэхэмжлэлтэй, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Ц.Г-ын ажилгүй байсан хугацааг 90 хоног гэж тусгасан нь техникийн буюу бичилтийн алдаа гарч дутуу тооцоологдож бичигджээ.

Нэхэмжлэгч Ц.Г нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарах хугацаанд 9 сар ажилгүй байсан байна. Энэ нь 1 сарын ажлын дундаж хоногийг 21.3 өдөр гэж тооцвол ажлын 191.7 өдөр тохиож байна. Ажлын өдрийн тооцоололд алдаа гарснаар олгогдох нөхөн олговрын дунд өөрчлөлт үүсэж байна.

Иймд дээрх шүүхийн шийдвэрийн ажлын өдрийн болон олгогдох нөхөн олговрын тооцоолол хэсэгт залруулга, өөрчлөлт хийж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.Г-оос “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/450 дугаартай “Ховд аймаг дахь Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Г-ыг албанаас халсан” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “...хариуцагчаас 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх буюу ажилгүй байсан ажлын 90 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговор ...7 111 620 төгрөгийн нөхөн олговрыг Цагдаагийн ерөнхий газрын төсвөөс гаргуулах нь зүйтэй” гэж нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг буруу тооцоолсон байх тул нэхэмжлэгчийн “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Ц.Ганболдын ажилгүй байсан хугацааг 90 хоног гэж тусгасан нь техникийн буюу бичилтийн алдаа гарч дутуу тооцоологдож бичигджээ” гэсэн гомдол үндэслэлтэй байна.

Зүй нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дугаар зүйлийн а-д “...ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа үеийн, буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс олгох, ажлын цагийг богиносгох, ажилтны хүсэлтээр ажилтанд тэтгэмжтэй чөлөө олгох, цалин хөлсний тодорхойлолт гаргах, ажилтанд ажлаас халагдсаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн 41.2-т заасны дагуу тэтгэмж олгох, ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн цалингийн картад бичигдсэн[1] нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин /1 683 083+1 683 083+1 683 083/-аар тогтоож, нэг сарын дундаж цалин хөлсийг 1 683 083 төгрөг, үүнийг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, /1 683 083:21.2=79 391/ нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцож, ажиллаагүй хугацаа болох 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх нийт 190 хоногийн 15 084 290 төгрөгийг тооцон олгох байжээ.

Иймд нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0216 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...7,111,620 төгрөгийн...” гэснийг “...15 084 290 төгрөгийн...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

                           ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ

                           ШҮҮГЧ                                                                    Д.БААТАРХҮҮ

 

 

 


[1] Хавтаст хэргийн 48 дугаар тал