| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0201/Э |
| Дугаар | 215 |
| Огноо | 2019-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Ганбулган,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Мд холбогдох 1806 08567 0221 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Отгонтэнгэр Их сургуулийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 4-109 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 28а-16 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, И овогт Б-ийн М /РД:........../,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.М нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Цэнхэр Мандал” амралтын газар иргэн Н.Нямдаваа руу архины шил шидэж нүүрэн тус газар нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мын өгсөн: “... Манай 10 жилийн ангийн охин машинаараа амралтын газарт хүргээд өгөөч гэж гуйсан. Би найзын хамт түүний машинаар ангийнхаа охиныг суулгаад явсан. Ангийн охин амралтын газар луу орж найз залуутайгаа хэрэлдээд гарч ирсэн ба амралтын гадаа найзынхаа хамт машинд сууж байх үед ангийн охины найз залуу ирж манай найз, бид хоёрыг зодсон. Би уурлаж зодолдсон...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Нямдаваагийн өгсөн: “... бид нар амралтын газар луу ороод 1 цагийн дараа намайг байшин дотор байхад Мөнхцоож гэнэт гадаа Нямкаа гээд дуудахаар нь би гарсан чинь 20 гаран залуу ирчихсэн манай найз Мөнхцоожийг цагаан цамцтай залуу заамдаад авчихсан зогсож байсан, тэгэхээр нь би салгах гээд очиход цэнхэр жинсэн өмдтэй, хар гуталтай, хар савхин куртиктэй, хар өнгийн нүдний шилтэй залуу над руу чиглүүлж архины шил шидсэн тэгэхээр баруун гараараа хаасан чинь шил хагарч хэлтэрхий нь миний зүүн талын хацар нэвт орж цоорч цус их хэмжээгээр гарсан тэр үед би өөрөө ухаан алдаж шоконд ороод сэрэхэд нөгөө хүмүүс явсан байсан. Тэгэхээр нь манай найз нар намайг гэмтэл орж үзүүлээд хацарт 14 оёдол тавиулж, баруун гарын чигчий хуруунд 3 оёдол тавьсан. Тэгээд тэр шөнөө цагдаагийн газарт ирсэн... Намайг өөр хүн зодоогүй тэр хар савхин куртиктэй нүдний шилтэй залуу л над руу архины шил шидэж гэмтээсэн... надад дүгнэлтэд ямар нэгэн гомдол санал байхгүй. Би гомдолтой байна, эмчилгээний зардал мөнгөө нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх.10/,
“... Би хэрэг гарсанаас хойш 14 хоногийн дараа М, найзын хамт манай гэрт ирээд амралтын газарт би зодоон дунд би шил шидсэн юм өөрөө надад хэлсэн тэрнээс хойш дахин зэжтэйгээ ирээд надаас уучлалт гуйж надад эмчилгээний зардал 9,000,000 /есөн сая/ төгрөг өгсөн энэ мөнгөөр намайг гоо сайхны хагалгаанд орж эмчлүүл гэсэн одоо бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх.12/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ариунзулын 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12706 дугаартай дүгнэлтэд: “... Н.Нямдаваагийн биед зүүн хацар эрүү, баруун сарвуунд шарх гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...” гэх дүгнэлт /хх.21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мын яллагдагчаар өгсөн: “... Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан. Би хүлээн зөвшөөрч байна... 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай 10 жилийн ангийн охин Номинтуул найзыгаа машинаараа нэг тийшээ хүргээд өгөөч гэхээр нь би Номинтуултай Улиастайн эцсийн буудал дээр уулзсан. Намайг очиход Номинтуул 3 охинтой хамт манай найз Одгэрэл бид хоёроор гачууртад байдаг Цэнхэр мандал гэдэг нэртэй амралтын газарт хүргүүлсэн. Тэгээд амралтын газрынх нь гадаа Номинтуулыг найзуудынх нь хамт хүлээгээд машиндаа сууж байтал Номинтуултай хамт амралтын газраас согтуу залуу гарч ирээд тэр 3 залуутай Одгэрэл бид хоёр маргалдаад тэндээс зугтаасан. Тэгээд бид хоёр Дэнжийн мянгын тэнд байдаг сагсны шийдэн дээр очиж зүс таньдаг 7 залууг дагуулж Цэнхэр мандал амралтын газарт очсон. Очих замдаа бид нар хоорондоо очоод эвээр яръя болохгүй бол зодчихоод ирье гэж ярьж явсан. Тэгээд очтол тэр залуус согтуу байсан тул хэл амаараа учраа олж чадахгүй бид нарын өөдөөс дайраад байхаар нь бид нар бөөнөөрөө хоорондоо зодолдсон. Тухайн үед би архины шил шидэж Н.Нямдаваагийн биед хөнгөн гэмтэл учруулсан... Цэнхэр мандал амралтын газарт очиход согтуу залуус дээрэлхээд байхаар нь тэндээс зугтааж явсан. Тэгээд миний уур хүрээд шарандаа буцаж очиж зодолдоод архины шил шидэхэд Н.Нямдаагийн нүүрэнд оночихсон...” гэх мэдүүлэг /хх.32/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.М нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Цэнхэр Мандал” амралтын газар иргэн Н.Нямдаваа руу архины шил шидэж нүүрэн тус газар нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Нямдаваагийн өгсөн: “... тэгэхээр нь би салгах гээд очиход цэнхэр жинсэн өмдтэй, хар гуталтай, хар савхин куртиктэй, хар өнгийн нүдний шилтэй залуу над руу чиглүүлж архины шил шидсэн тэгэхээр баруун гараараа хаасан чинь шил хагарч хэлтэрхий нь миний зүүн талын хацар нэвт орж цоорч цус их хэмжээгээр гарсан тэр үед би өөрөө ухаан алдаж шоконд ороод сэрэхэд нөгөө хүмүүс явсан байсан. Тэгэхээр нь манай найз нар намайг гэмтэл орж үзүүлээд хацарт 14 оёдол тавиулж, баруун гарын чигчий хуруунд 3 оёдол тавьсан..." гэх мэдүүлэг /хх.10, 12/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ариунзулын 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12706 дугаартай дүгнэлтэд: "... Н.Нямдаваагийн биед зүүн хацар эрүү, баруун сарвуунд шарх гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх дүгнэлт /хх.21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мын яллагдагчаар өгсөн: “... Тухайн үед би архины шил шидэж Н.Нямдаваагийн биед хөнгөн гэмтэл учруулсан... Цэнхэр мандал амралтын газарт очиход согтуу залуус дээрэлхээд байхаар нь тэндээс зугтааж явсан. Тэгээд миний уур хүрээд шарандаа буцаж очиж зодолдоод архины шил шидэхэд Н.Нямдаагийн нүүрэнд оночихсон...” гэх мэдүүлэг /хх.32/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Б.Мын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Б.Мын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Н.Нямдаваа нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Б.М нь хохиролд 9,000,000 төгрөг сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Н.Нямдаваа нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Мын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Б.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Мд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. И овогт Б-ийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Мд сануулсугай.
5. Б.М нь хохиролд 9,000,000 төгрөг сайн дураар нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Нямдаваа нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР