Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01143

 

 2023 06 09 210/МА2023/01143 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/01007 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.А д холбогдох, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт алданги 26,368,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус компани нь М.А тай 2019 оны 02 сарын 22-ны өдөр *** дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу манай компани *** тоотод байрлах 99,45 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 238,680,000 төгрөгөөр тооцон М.А д худалдах, М.А нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэрээ байгуулагдсаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг М.А д шилжүүлэн өгсөн. Гэтэл М.А нь гэрээнд заасны дагуу төлбөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул шүүхэд хандсан. Шүүх М.А г гэрээнд заасан үүргээ ялимгүй зөрчсөн хэмээн үзэж, тухайн үедээ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. М.А нь 2023 оны 01 сарын 03-ны өдөр төлбөр төлж дуусгасан боловч манай компанийн зүгээс гэрээнд заасны дагуу 238,680,000 төгрөгийг төлөх ёстой хугацаандаа төлөөгүй тул алданги тооцон гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Алдангийн талаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1, 4.3-т тус тус заасан бөгөөд нэхэмжлэлд дурдсанаар нийт 26,368,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Мөнгө төлж чадахгүй байна гэдэг бүх шалтгаанаа хэлж, нэхэмжлэгч талтай ойлголцож, байнга харилцаатай байсан. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор М.А гийн компанид гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс тохиолдож, энэ талаарх гэрчилгээг авсан. Үүнтэй холбоотой компанийн орлого тасалдсан тул харж үзнэ үү гэдэг хүсэлтээ нэхэмжлэгч компанид өгч байсан. Тасалдсанаас хойш мөнгөө төлөөд явсан. Харин одоо орон сууцны үнийг бүгдийг нь төлсөн. Автомашины зогсоолын хувьд бол тохиролцоонд орохгүй гэж ярилцсан. Гэрээний 4.1-д зааснаар төлбөр төлөхийг шаардсан хугацаа өгч, харин энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй байвал нэхэмжлэгч энэ талаар шаардах эрхтэй. Гэтэл ийм баримт хэрэгт байхгүй. Ковид-19 цар тахлын үед Засгийн газраас ажил хийхийг хориглосон, хөл хориотой байсан учраас энэ нь нийтэд илэрхий үйл баримт юм. Алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй гэснийг нэхэмжлэгч зөрчиж, илүү төлбөр нэхэмжилж байна. Иймд алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.А гаас алданги 11,434,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,934,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.А гаас 197,894 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 02 сарын 22-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний 4.1-д Худалдан авагч энэ гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх төлбөрийг хугацаанд нь төлөлгүй хэтрүүлсэн тохиолдолд худалдагч тал худалдан авагч талд төлбөрийг төлөх тодорхой хугацаа өгөх болон төлбөр төлөхийг шаардаж, шаардсан хугацаанд төлбөр төлөөгүй бол гэрээний үнийн дүнгээр 0,01 хувиар алданги тооцно гэж талууд харилцан тохиролцсон. Алдангийг тооцоолохын тулд төлбөр төлөх сүүлийн хугацаа гэж байх ёстой. Гэтэл гэрээнд заасан төлбөр төлөх сүүлийн хугацааг худалдагч өгсөн зүйл байхгүй, хэзээнээс алданги тооцох нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хариуцагчийн давж заалдах гомдлын үндэслэл болох төлбөр төлсөн хугацаа тодорхойгүй гэдэг нь үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2-т заасны дагуу гэрээний төлбөрийн үлдэгдлийг 2020 оны 03 сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгах үүрэг тодорхой байсан. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч М.А д холбогдуулан гэрээний алданги 26,368,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...давагдашгүй хүчин зүйл буюу Ковид-19 цар тахлын улмаас М.А гийн компанийн үйл ажиллагаа зогссон, гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь шаардлага гаргаж, тодорхой хугацаа өгч, уг хугацаа өнгөрсний дараа алданги шаардах эрхтэй, гэтэл ийм шаардлага гаргасан баримт хэрэгт байхгүй... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.а.Талууд 2019 оны 02 сарын 22-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Э ХХК нь *** хаягт байршилтай 99,45 м.кв талбайтай орон сууцыг М.А гийн өмчлөлд шилжүүлэн өгөх, М.А нь гэрээний үнэ нийт 238,680,000 төгрөгийг 2020 оны 03 сарын 01-ний өдрийн дотор төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд 0,01 хувийн алданги төлөх, нийт төлөх алдангийн хэмжээ гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон; /хх 10-11/

3.б.Нэхэмжлэгч нь дээрх орон сууцыг хариуцагчийн өмчлөлд 2019 оны 08 сарын 23-ны өдөр шилжүүлэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол хариуцагч нь 2019 оны 02 сарын 22-ны өдрөөс 2023 оны 01 сарын 03-ны өдрийн хооронд гэрээний үнэ 238,680,000 төгрөгийг нэхэмжлэгчид 25 хувааж шилжүүлэн өгсөн буюу гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн; /хх 54, 2-3, 15-34/

 

4.   Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, дээрх үйл баримтыг хэргийн нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэн зөв тогтоосон.

 

5.   Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1, 4.3-т тус тус заасны дагуу хариуцагчаас алданги шаардах эрхтэй.

 

6.   Хариуцагч талын гаргасан татгалзал, давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэв. Учир нь:

6.а.Э ХХК нь иргэн М.А тай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан тул гэрээний төлбөр төлөх үүргийг М.А хүлээх буюу түүний эзэмшдэг гэх компанийн нөхцөл байдал уг гэрээнд хамааралгүй;

6.б.Нэхэмжлэгч өмнө нь 2021 оны 03 сарын 23-ны өдөр маргаан бүхий худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг хариуцагчид холбогдуулан гаргаж байсан, нэхэмжлэлдээ ...хариуцагч гэрээгээр хүлээсэн төлбөрийг хугацаандаа төлөөгүй, төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй... тухай дурдсан байх тул үүнийг худалдан авагч талд тодорхой хугацаа өгсөнтэй адилтган үзнэ. /хх 12-14/

 

7.   Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлбөр төлсөн огноо, төлбөрийн дүн, төлбөрийн үлдэгдэл зэргийг харгалзан алданги тооцсон буюу алдангийн тооцоолол тодорхой байна. Хариуцагч уг тооцооллыг няцаагаагүй. /хх 2-3/

 

8.  Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал буюу хариуцагч гэрээний үндсэн төлбөрийг төлсөн, үүрэг гүйцэтгэх хугацаа Ковид-19 цар тахалтай давхацсан зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж 14,934,000 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй.

 

9.  Анхан шатны шүүхийн хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн 11,434,000 төгрөгийн алданги нь гэрээгээр тохиролцсон гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрээгүй байх тул ...алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй гэснийг нэхэмжлэгч зөрчсөн... гэх татгалзал үндэслэлгүй.

 

10.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/01007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 197,894 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ          Т.БАДРАХ 

                                          ШҮҮГЧИД          М.БАЯСГАЛАН

                                                                   Д.НЯМБАЗАР