| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0167/Э |
| Дугаар | 222 |
| Огноо | 2019-02-01 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уранбилэг,
Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бт холбогдох 1803 00933 0488 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1987 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 21 дүгээр гудамжны 539 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Т овогт Э-ы Б /РД:.........../,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Э.Б нь 2018 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 01 цаг 05 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, “Шөлөндөө” хоолны газрын урд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгсэлийг ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгсэлийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг тус тус зөрчиж “Хьюндай Аксент” маркийн 86-88 УНЗ улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгсэлийг согтуугаар жолоодон явж байхдаа мөн дүрмийн “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Мөнх-Эрдэнийг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Бын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.6-11/,
Жолооч Э.Бын согтуурлыг шалгасан: “Драйгер багажаар 1,99 хувийн согтолттой” гэх тэмдэглэл /хх.14-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Мөнх-Эрдэнийн өгсөн: “... гэрээсээ гараад 22 дугаар байрны хажуу дэлгүүрээс 1 шил архи аваад эргэж гараад “Шөлөндөө” хоолны газар орох гэж байгаад нэг машинд мөргүүлсэн. Би ганцаараа явж байсан, явган хүний гарц байсан эсэхийг анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх.18-19/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13352 дугаартай: “... Э.Мөнх-Эрдэнийн биед баруун шаант болон тахилзуур ясны сэлтэрсэн, бяцарсан хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, шарх, цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.41/,
Автотээврийн Үндэсний Төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 60718 дугаартай: “... Хьюндай Аксент маркийн 86-88 УНЗ улсын дугаартай автомашин ... хойд тэнхлэгийн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй байгаа гэмтэл нь автомашин тоормослох үед тухайн замын гадаргуугийн байдал, автомашины хурд зэргээс хамаарч тоормосны зам уртасна... хойд тэнхлэгийн тоормосны хүчний зөрүү болон зогсоолын тоормос стандартын шаардлага хангахгүй байна...” гэх дүгнэлт /хх.45-50/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Г.Өлзийбаярын өгсөн: “... уг тээврийн хэрэгсэл осол хэрэг гарах үед тоормоз гишгэсэн бол хуурай гадаргуутай, тэгш зам дээр тоормозны мөр бага хэмжээгээр буюу ямар нэгэн байдлаар үүсэх' боломжтой. Тухайн тээврийн хэрэгслийн дуут дохио ажиллахгүй, хойд тэнхлэгийн тоормозны механизм багажин дээр шалгахад огт зогсохгүй байсан. Энэ нь уг тээврийн хэрэгсэлийг ашиглахыг хориглоно...” гэх мэдүүлэг /хх.51/,
Мөрдөгчийн: “Хьюндай Аксент маркийн 86-88 УНЗ улсын дугаартай автомашины жолооч Э.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгсэлийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх магадлагаа /хх.52/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Э.Б нь 2018 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 01 цаг 05 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, “Шөлөндөө” хоолны газрын урд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгсэлийг ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгсэлийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг тус тус зөрчиж “Хьюндай Аксент” маркийн 86-88 УНЗ улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгсэлийг согтуугаар жолоодон явж байхдаа мөн дүрмийн “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Мөнх-Эрдэнийг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.6-11/,
Жолооч Э.Бын согтуурлыг шалгасан: “Драйгер багажаар 1,99 хувийн согтолттой” гэх тэмдэглэл /хх.14-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Мөнх-Эрдэнийн өгсөн: “... Шөлөндөө хоолны газар орох гэж байгаад нэг машинд мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.18-19/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13352 дугаартай: “... Э.Мөнх-Эрдэнийн биед баруун шаант болон тахилзуур ясны сэлтэрсэн, бяцарсан хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, шарх, цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо... гэмтэлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.41/,
Автотээврийн Үндэсний Төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 60718 дугаартай: “... Хьюндай Аксент маркийн 86-88 УНЗ улсын дугаартай автомашин ... хойд тэнхлэгийн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй байгаа гэмтэл нь автомашин тоормослох үед тухайн замын гадаргуугийн байдал, автомашины хурд зэргээс хамаарч тоормосны зам уртасна... хойд тэнхлэгийн тоормосны хүчний зөрүү болон зогсоолын тоормос стандартын шаардлага хангахгүй байна...” гэх дүгнэлт /хх.45-50/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Г.Өлзийбаярын өгсөн: “... уг тээврийн хэрэгсэл осол хэрэг гарах үед тоормоз гишгэсэн бол хуурай гадаргуутай, тэгш зам дээр тоормозны мөр бага хэмжээгээр буюу ямар нэгэн байдлаар үүсэх' боломжтой. Тухайн тээврийн хэрэгслийн дуут дохио ажиллахгүй, хойд тэнхлэгийн тоормозны механизм багажин дээр шалгахад огт зогсохгүй байсан. Энэ нь уг тээврийн хэрэгсэлийг ашиглахыг хориглоно...” гэх мэдүүлэг /хх.51/,
Мөрдөгчийн: “Хьюндай Аксент маркийн 86-88 УНЗ улсын дугаартай автомашины жолооч Э.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгсэлийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх магадлагаа /хх.52/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Э.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Э.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Э.Б нь хохиролд 1,000,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Э.Мөнх-Эрдэнэ нь санал, хүсэлтгүй, шүүх хуралд суухгүй гэжээ.
Хохирогч Э.Мөнх-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигийн бусад зардалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийпвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Баас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Э.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 10 сарын хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.
Э.Бт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд зан үйлээ засах, сургалтад хамрагдах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ хэрэглэж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулж байна.
Шүүгдэгч Э.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураан ирүүлсэн тээврийн хэрэгсэлийн 01212798 дугаартай гэрчилгээг шүүгдэгчид буцаан олговол зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т овогт Э-ы Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар шүүгдэгч Э.Бт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 10 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Э.Бт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, жолоочийн эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Э.Бт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жил 10 сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.
5. Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 1,000,000 төгрөг нөхөн төлсөн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Э.Мөнх-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигийн бусад зардалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Баас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Хэрэгт хураан ирүүлсэн тээврийн хэрэгсэлийн 01212798 дугаартай гэрчилгээг Э.Бт буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР