| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 101/2022/02748/И |
| Дугаар | 210/МА2023/01188 |
| Огноо | 2023-06-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2023/01188
2023 06 14 210/МА2023/01188
С ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 19-ний өдрийн 101/ШШ2023/01988 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Э д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 79,327,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчГ.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус компани нь Ц.Э гийн хүсэлтэд үндэслэн 2019 оны 09 сарын 13-ны өдөр 23,000 ам.долларыг Ц.Э гийн Хаан банкны *** тоот дансанд шилжүүлснээр зээлийн гэрээний харилцаа үүссэн. Ийнхүү зээлийг шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банкны гүйлгээний баримтаар нотлогдоно. Зээлдэгч Ц.Э нь 7 хоногийн дотор зээлийг эгүүлэн төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд 23,000 ам.долларыг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан 2022 оны 12 сарын 14-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханш болох 3,449 төгрөгөөр тооцож 79,327,000 төгрөгийг зээлдэгч Ц.Э гаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие С ХХК-аас зээл аваагүй. 2019 оны 09 сард миний нөхөр асан Бахрейн улсын иргэн М нь миний Хаан банкны *** тоот дансаар дамжуулан 23,000 ам.доллар гаргуулан авч байсан. Би С ХХК-тай зээлийн гэрээний харилцаанд ороогүй. А.К гэх манай нөхрийн найз нь М д төлөх өртэй байсан. Уг өрөндөө тооцуулахаар 14,100 ам.долларыг С ХХК-ийн захирал Д.А гийн данс руу А.К төлсөн. Мөн дараа нь 4,000 ам.долларыг М нь Д.А д бэлнээр өгсөн. Ингээд нийт 18,100 ам.доллар төлөгдсөн. Одоо 4,900 ам.доллар үлдсэн байгаа уг мөнгийг төлнө гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Э гаас 16,900,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 62,426,900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 554,858 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 242,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
4.а. Хэрэгт авагдсан баримтаар 2019 оны 09 сарын 13-ны өдөр хариуцагчийн данснаас 23,000 ам.доллар бэлнээр гаргуулж, мөн өдөрт нь хариуцагчийн дансанд 23,000 ам.долларыг шилжүүлсэн үйл баримт, хариуцагч талын гаргасан дансанд мөнгө орсон талаар маргахгүй гэсэн тайлбар зэргээр нэхэмжлэгч зээл олгож, хариуцагч хүлээн авсан болох нь нотлогддог. Үүнээс нэг ч төгрөгийг эргүүлэн авч чадаагүй, энэ талаар тус компанийн нягтлан бодогч Ч.С шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгдөг. Түүнчлэн, хариуцагчийн зүгээс зээлээ эгүүлэн төлсөн талаар нэг ч санхүүгийн баримт нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Гэтэл анхан шатны шүүх С ХХК-ийг 62,426,900 төгрөгийг хүлээн авсан гэж шийдвэрлэж буй нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.
4.б. А.К гэх иргэн хариуцагч Ц.Э гийн өмнөөс зээл төлсөн гэсэн ямар ч баримт хэрэгт байхгүй. А.К нь хариуцагч Ц.Э гийн нөхөр М д өртэй байсан бол 40,552,000 төгрөгийг М нь Д.А д төлөх үндэслэлгүй. Зээлдэгч нь зээлийг зээлдүүлэгчид эгүүлэн төлдөг хуультай. Дээрх асуудлаар А.К нь өөрөө ирж нотлохгүйгээр уг гүйлгээ төлбөр тооцоонд ямар ч хамааралгүй. М.М гэдэг хүн хөндлөнгөөс гэрчилж байгаа нь ойлгомжгүй, хэрэгт ямар ч хамааралгүй юм.
4.в. Мөн М нь 4,000 ам.долларыг Д.А д бэлнээр өгсөн хэмээн М.М гэдэг хүн хөндлөнгөөс гэрчилж, шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн. Гэтэл М нь 4,000 ам.долларыг Ц.Э гийн С ХХК-д төлөх зээлийг түүний нэрийн өмнөөс төлөхдөө С ХХК-д биш иргэн Д.А д бэлнээр өгсөн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлд тооцох хууль зүйн хувьд боломжгүй гэж үзэж байна.
4.г. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээлэл нь ямар нэгэн эрэмбэгүйгээр нотлох баримтад тооцогдох агуулгатай байдаг. Гэтэл шүүхээс зөвхөн ганц гэрчийн мэдүүлэгт ач холбогдол өгч нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй байна.
4.д. Хариуцагчийн хүсэлтээр 2 этгээдийг гэрчээр асуусан. Эхний гэрч болох С ХХК-ийн нягтлан бодогч Ч.С ын зүгээс компани хэрхэн Ц.Э д зээл олгосон үйл баримтыг гэрчилж, мөн компанийн касс болон дансаар Ц.Э гаас зээлийн эргэн төлөлтөд нэг төгрөг ч орж ирээгүй болохыг гэрчилдэг. Дараагийн гэрч болох М.М зөвхөн хариуцагч Ц.Э гийн заавраар шүүхэд ирсэн. Нэхэмжлэгч талаас ...та зээлийг хэрэглэсэн хүн нь үү... гэж асуухад Ц.Э гийн зүгээс түүнд ярих зөвшөөрөл ч өгөхгүй байсан зэргээс харахад уг гэрчийн мэдүүлэг эргэлзээтэй болсон. М.М нь зээлийн харилцаанд ямар ч хамааралгүй этгээд бөгөөд Ц.Э гаас юу сонссоноо л гэрчилдэг. Гэтэл шүүх М.М ийн мэдүүлэгт үндэслэн уг гэрчээс мэдүүлсэн үг бүхнийг хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт мэтээр тайлбарлаж, Ц.Э гаас 62,426,900 төгрөгийн зээл төлөгдсөн мэтээр дүгнэж, С ХХК-ийн нягтлан бодогч Ч.С ын мэдүүлгийг үгүйсгэж, няцаасан үндэслэлээ тодорхой дурдаж дүгнээгүй нь хуульд нийцэхгүй байна.
4.е. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг нэг талыг барьж, хэргийг шударгаар шийдвэрлэж чадаагүй. Хариуцагчийн зүгээс өмгөөлөгчөө солих, эдгээр нэр дурдсан гадаадын иргэдийг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргах, хаягийн лавлагаа авахуулах, шүүгчээс олон удаа татгалзах, өөрсдөд нь эх хувиар байгаа санхүүгийн баримтаа заавал банкнаас гаргуулан авах хүсэлт гаргах зэргээр хэргийг бүтэн жил гаруйн хугацаанд удаашруулж, хойшлуулж шүүхийг болон нэхэмжлэгчийг залхаан цээрлүүлж байсан. Энэхүү дарамттай байдал нь шүүгчид болон шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.Э зээл аваагүй, миний дансыг ашигласан гэж, нэхэмжлэгч С ХХК хариуцагчийг зээл авсан гэж тус тус тайлбар гаргадаг. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зээлийг өөр хүн авсан, С ХХК-д эгүүлэн төлсөн нь тодорхой харагддаг. Д.А гаас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргасан. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн, хариуцагч талаас гэрчийг шүүхэд дуудан ирүүлэх оршин суух хаягийг өөрсдийн боломжоор тодруулж өгсөн. Гэвч Д.А гаас гэрчийн мэдүүлэг авах боломж байгаагүй. Хэрэв Д.А шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн бол яагаад компанийн ажилтны данснаас 23,000 ам.доллар шилжүүлсэн, Б.Э зээлийн харилцаанд орсон эсэх, хүү, алданги тохиролцсон эсэх асуудал маш тодорхой болох байсан. Шүүх ямар үндэслэлээр дүгнэж шийдвэрлэсэн талаар гаргасан давж заалдах гомдолтой санал нэг байна. Хариуцагч Б.Э гийн дансыг ашигласан болохоос ямар нэгэн зээлийн харилцаа үүсээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Ц.Э д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,000 ам.доллар буюу 79,327,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-2, 21-22/
3. Хэрэгт авагдсан Худалдаа, хөгжлийн банкны Депозит дансны хуулга, Орлогын ордер зэрэг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлбэл:
3.а. С ХХК-аас 2019 оны 09 сарын 13-ны өдөр 23,000 ам.долларыг Ч.С ын данс руу шилжүүлсэн; /1хх 28/
3.б. Улмаар, Ч.С нь мөн өдөр 23,000 ам.долларыг Ц.Э гийн данс руу С ХХК-аас түр зээл гэсэн утгатайгаар шилжүүлсэн үйл баримт тус тус тогтоогдсон. /1хх 8/
4. Тухайн үед С ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан гэх Ч.С нь шүүхэд ...С-гийн долларын данснаас 23,000 ам.доллар аваад Ц.Э гэх хүний Хааны данс руу шилжүүлсэн... гэсэн гэрчийн мэдүүлэг өгсөн тул уг 23,000 ам.долларыг нэхэмжлэгч С ХХК-д хамааралтай мөнгөн хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй. /1хх 163-164/
5. Хариуцагч Ц.Э нь дээрх мөнгөн хөрөнгийг өөрийн дансаар хүлээн авсан үйл баримтад маргадаггүй, харин ...нэхэмжлэгч компанитай зээлийн гэрээний харилцаанд ороогүй, Бахрейн улсын иргэн М дансаар нь дамжуулж 23,000 ам.долларыг шилжүүлэн авсан, дараа нь нэхэмжлэгч компанийн захирал Д.А д 18,100 ам.долларыг буцаан төлсөн... гэж маргасан байна. /1хх 21-22, 239-240/
6. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох тухай, 43 дугаар зүйлийн 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хэлцэл хийсэн гэж үзэх тухай тус тус зохицуулжээ.
Хэргийн баримтаар С ХХК болон Ц.Э нарын хооронд зээл өгөх, зээл авах хүсэл зориг байсан гэж үзэх, мөн зээлийн дүн, буцаан төлөх хугацааг хэлэлцэн тохиролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал ...Ц.Э гийн хүсэлтэд үндэслэн зээлийн гэрээний харилцаа үүссэн... гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолж чадаагүй.
Иймд ...нэхэмжлэгч нь зээл олгож, хариуцагч нь хүлээн авсан болох нь хөдөлшгүй нотлох баримтаар нотлогдсон... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
7. Харин хэрэгт авагдсан А.К аас 2022 оны 03 сарын 31-ний өдөр Д.А д 40,552,000 төгрөг шилжүүлсэн тухай Голомт банкны Төлбөрийн баримт, гэрч М.М ийн шүүхэд өгсөн ...Б.А нь 23,000 ам.долларыг 7 хоногийн хугацаатай зээлье гэж анх хэлсэн. Пакистаны Али мөнгө зээлснээс хойш 7 хоногийн дараа мөнгө маань хаана байгааг асуугаад өгөөч гэхээр нь би Б.А гаас асуухад тэрээр Катар явсан байсан. ...Пакистаны Али болон Б.А нар надтай ах, дүү шиг сайн найзууд. ...Ц.Э гийн хувьд шударга бус, тэрээр зөвхөн дансаа ашиглуулсан. ...Д.А нь С ХХК-ийн захирал. ...Анх Б.А нь Д.А гаас зээлье гэсэн. Гэхдээ компанийн дансаа ашигласан юм байна... гэсэн мэдүүлэг зэргийг харьцуулан үнэлбэл, хариуцагч талын гаргасан ...нэхэмжлэгч компаниас миний бие зээл авах хүсэлт гаргаж байгаагүй ба өөрийн нэр дээр ямар нэгэн зээл авахаар тохиролцсон зүйл байхгүй, миний нөхөр байсан Бахрейн улсын иргэн М нь миний дансаар дамжуулан 23,000 ам.долларыг авсан, М гийн өмнөөс түүний найз А.К нь 14,100 ам.долларыг С ХХК-ийн захирал Д.А д өгсөн... гэсэн тайлбарыг илүү үндэслэлтэй гэж үзэхээр байна. /1хх 108-109, 182-185/
Иймд ...анхан шатны шүүх зөвхөн гэрчийн мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
8. Нэхэмжлэгч С ХХК болон хариуцагч Ц.Э нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байх тул хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардсан мөнгөн хөрөнгийг төлөх үүргийг хүлээхгүй. Гэсэн хэдий ч хариуцагч тал анхан шатны шүүх хуралдаанд ...зээл аваагүй боловч 4,900 ам.долларыг төлөхийг зөвшөөрнө... гэсэн агуулгатай тайлбарыг гаргасан байх тул анхан шатны шүүх хариуцагчаас 4,900 ам.доллар буюу 16,900,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй. /1хх 239-240/
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн мөнгөн дүнг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцжээ.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...28,000,000 төгрөг төлбөл Д.А тай холбоотой хэсгийг би өөрөө зохицуулъя гэхэд хариуцагч тал үгүй гэсэн. ...Гүйцэтгэх захирал надад 28,000,000 төгрөг гэж хэлсэн... гэсэн тайлбарыг 2023 оны 02 сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болохыг дурдах нь зүйтэй. /1хх 181/
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 19-ний өдрийн 101/ШШ2023/01988 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 554,858 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.НЯМБАЗАР