Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/01189

 

2023 06 14 210/МА2023/01189

 

 

М.О гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 07-ны өдрийн 184/ШШ2023/01421 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.О гийн нэхэмжлэлтэй, хариуцагч С ТБАГУТҮГ-т холбогдох, 2018 оны 10 сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 сарын 02-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор 32,281,096 төгрөг, ээлжийн амралтын цалин 2,672,080 төгрөг, нийт 34,953,176 төгрөгийг гаргуулах, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2014 оны 10 сарын 16-ны өдрөөс эхлэн тус дүүргийн 2-р хорооны хөдөлмөр, халамжийн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Гэтэл 2016 оны 09 сарын 30-ны өдрийн *** тоот тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0258 дугаар шийдвэрээр *** хэлтсийн 2-р хороо хариуцсан мэргэжилтний ажлын байранд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу сонгон шалгаруулалт явуулж, уг ажлын байранд үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшний үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага илүү хангаж байгаа ажилтныг сонгон шалгаруулж, дахин шинэ акт гаргахыг уг хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэсэн. *** газрын даргын 2018 оны 08 сарын 29-ний өдрийн *** тоот тушаалаар ажлын хэсэг байгуулж 2018 оны 11 сарын 21-ний өдөр ажлын хэсгээс ажлын байрны шаардлагыг Ц.Х гэх иргэн илүү хангаж байна гээд дүгнэлт гаргасан. Дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч шүүхэд хандсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 12-ны өдрийн 0527 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж 2022 оны 06 сарын 02-ны өдрөөс эхлэн ажилдаа эгүүлэн томилогдсон. Миний бие 2018 оны 08 сарын 08-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдох хууль зүйн үндэслэлтэй байсан атал 2018 оны 11 сарын 21-ний өдрийн хууль бус дүгнэлтийн улмаас ахин шүүхэд хандан өнөөдрийг хүртэл ажилгүй байж эрх зөрчигдсөн. Иймд 2018 оны 10 сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 сарын 02-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор 32,281,096 төгрөг, ээлжийн амралтын цалин 2,672,080 төгрөгийг тус тус гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/00258 дугаар шийдвэрээр маргаан бүхий ажлын байранд сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргахыг даалгаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2016 оны 09 сарын 30-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2018 оны 04 сарын 20-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 11,598,585 олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий асуудлаар дахин шинэ акт гаргаагүй бол *** дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцох, нэхэмжлэгчийн *** ий албан тушаалд эгүүлэн томилуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн. Хариуцагчаас дээрх шүүхийн шийдвэрийн дагуу М.О д ажилгүй байсан хугацааны олговор 11,598,585 төгрөгийг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийж, шүүхээс тогтоосон хугацаанд сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулснаар дээрх шүүхийн шийдвэрийн хэрэгжилт хангагдсан юм. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэлд *** хэлтсийн 2-р хороо хариуцсан Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байранд тавигдах шаардлагыг Ц.Х , М.О нарын хэн нь илүү сайн хангаж байгааг сонгон шалгаруулах эрхийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар уг албан тушаалд томилох эрх бүхий этгээдэд олгосон. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 12-ны өдрийн 128/ШШ2021/0527 шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 сарын 27-ны өдрийн магадлалаар *** хэлтсийн даргын 2018 оны 08 сарын 29-ний өдрийн *** дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2018 оны 11 сарын 21-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагчийн сонгон шалгаруулалт явуулж, дүгнэлт гаргасан шийдвэрийг хүчингүй болгосноос бус М.О ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй юм. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчид гэм хор учирсан нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийг хангах нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийг хангахад хариуцагчийн гэм буруугаас гадна нэхэмжлэгчид хохирол учирсан нь нотлогдсон байх шаардлагатай юм. Гэтэл хариуцагч *** хэлтсийн гэм буруу болон нэхэмжлэгч М.О д хохирол учирсан гэх байдал бүрэн нотлогдож, тогтоогддоггүй. Учир нь, хариуцагч байгууллагаас гаргасан М.О г ажлаас чөлөөлсөн 2016 оны 09 сарын 30-ны өдрийн *** тоот тушаалыг хууль бус шийдвэр болохыг шүүхээс тогтоогоогүй, хавтаст хэрэгт энэ талаар авагдсан баримтгүй, түүнчлэн уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Дээрх шийдвэрүүдэд ажилтныг ажилд нь эргүүлэн тогтоох талаар заагаагүй бөгөөд 2022 оны 06 сарын 02-ны өдрийн хариуцагчийн *** дугаар тушаалаар М.О г ажилд томилж, цалин олгосон нь хариуцагч байгууллагын өмнө гаргасан ажлаас чөлөөлсөн шийдвэр болон түүнийг хянасан шүүхийн шийдвэртэй шалтгаант холбоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1, Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны/-ийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *** хэлтсээс ажилгүй байсан хугацааны олговорт 23,799,306 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.О д олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч С т даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажилгүй байсан хугацааны олговор, ээлжийн амралтын цалинд холбогдох 11,153,870 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс 276,947 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаа тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө нотлох үүргийг хэрэгжүүлдэг. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь 2023 оны 03 сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өөрчилсөн бөгөөд ингэхдээ маргаан бүхий актыг гаргасан хамтран хариуцагч Б.М аас татгалзаж, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хууль бус шийдвэр гаргаж үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн буруутай албан тушаалтан /байгууллага/-аас ажилгүй байсан хугацааны цалин орлогоо Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжилж байгаагаа дурдаж, 2023 оны 04 сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ дэмжиж байгаагаа илэрхийлсэн байдаг.

4.б.Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаас үзвэл нэхэмжлэгчид гэм хор учруулсан төрийн албан хаагч тодорхой байх, төрийн албан хаагчийн үйлдлийн /эс үйлдэл/ улмаас тэрхүү гэм хор учирсан нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийг хангах нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийг хангахад хариуцагчийн гэм буруугаас гадна нэхэмжлэгчид хохирол учирсан нь нотлогдсон байх шаардлагатай юм. Гэтэл нэхэмжлэгч М.О нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, хариуцагч байгууллага эсхүл албан хаагчийн гэм бурууг тогтоосон баримт, шийдвэр гараагүй, ямар төрийн албан хаагчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирсон талаараа нэхэмжлэлдээ огт тодорхойлж, дурдаагүй байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

4.в.Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтаар бус Иргэний хуулийн гэм хорын эрх зүйн зохицуулалтыг үндэслэж хохирол шаардаж байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн өөрийн тодорхойлсон нэхэмжлэлийн үндэслэлийг өөрчлөн шийдвэрлэж буй нь хууль хэрэглээний алдаа гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэж байна.

4.г.Мөн М.О гийн ажилгүй байсан хугацааны олговор болох 32,281,096 төгрөг, ээлжийн амралтын цалин 2,672,080 төгрөгийг тус тус гаргуулж, уг цалин хөлснөөс суутгагдах нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл нь Хөдөлмөрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор үүссэн маргаан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д заасан маргаанд хамаарна. Энэ тохиолдолд урьдчилан шийдвэрлүүлэх журмыг баримтлах ёстой юм. М.О нь уг маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах ёстой атал шууд шүүхэд хандсан тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байсан.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2016 оны 09 сарын 30-ны өдөр ажлаасаа халагдсан. Түүнээс хойш Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн 5 шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрүүдийг үндэслээд дараа дараагийн шатны байгууллагад хандсан. Шүүхийн шийдвэр хуульд заасны дагуу үндэслэлтэй гарсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2.   Нэхэмжлэгч М.О нь хариуцагч С ТБАГУТҮГ-т холбогдуулан 2018 оны 10 сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 сарын 02-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор 32,281,096 төгрөг, ээлжийн амралтын цалин 2,672,080 төгрөг, нийт 34,953,176 төгрөгийг гаргуулах, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-3, 52, 75-77, 219-221, 246-249/

 

3.   Анхан шатны шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.а.*** хэлтсийн даргын 2016 оны 09 сарын 30-ны өдрийн *** тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар М.О г 2-р хороо хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн; /1хх 148/

3.б.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/00258 дугаар шийдвэрээр *** хэлтсийн даргаас шинэ акт гаргах хүртэл *** хэлтсийн даргын 2016 оны 09 сарын 30-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай *** тоот тушаалыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2016 оны 09 сарын 30-ны өдрөөс шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2018 оны 04 сарын 20-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 11,598,585 төгрөгийг М.О д олгож, *** ий албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, *** хэлтсийн даргаас захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон гурав хүртэл сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд *** хэлтсийн даргын 2016 оны 09 сарын 30-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай *** тоот тушаалыг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 09-ний өдрийн 221/МА2018/00396 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн; /1хх 143-154, 155-161/

3.в.*** хэлтсийн даргын 2018 оны 08 сарын 29-ний өдрийн *** тоот тушаалаар Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажлын хүрээнд 2-р хороонд ажиллаж байсан М.О , Ц.Х нарын хооронд сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулсны дагуу ажлын хэсэг 2018 оны 11 сарын 21-ний өдөр хуралдаж ...Ц.Х ыг ерөнхий болон тусгай шаардлага илүү хангаж байна гэсэн дүгнэлт гаргасан; /1хх 167/

3.г.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 12-ны өдрийн 128/ШШ2021/00527 дугаар шийдвэрээр *** хэлтсийн даргын 2018 оны 08 сарын 29-ний өдрийн *** тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2018 оны 11 сарын 21-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 сарын 27-ны өдрийн 562 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн; /1хх 162-169, 170-174/

3.д.*** хэлтсийн даргын 2022 оны 06 сарын 02-ны өдрийн *** тоот М.О г ажилд томилох тухай тушаалаар М.О г Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан 2-р хорооны мэргэжилтнээр томилсон. /1хх 237/

 

4.   Зохигчид дээрх үйл баримтын тухайд маргаагүй, мөн дээрх шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

 

5.   Хянавал хэсгийн 3-т дурдсан үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн, шүүхээс ажил олгогч байгууллагад алдаагаа өөрөө засах боломжийг олгож ажлаас чөлөөлсөн тушаалыг хугацаатай түдгэлзүүлсэн, уг хугацаанд хариуцагч байгууллага сонгон шалгаруулалт явуулж дүгнэлт гаргасан боловч шүүх дүгнэлтийг хүчингүй болгосон, улмаар хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг ажилд томилсон байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 2016 оны 09 сарын 30-ны өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан, уг эрхийн зөрчил 2022 оны 06 сарын 02-ны өдөр хүртэл үргэлжилсэн байна.

Иймд нэхэмжлэгч нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... ажил олгогч нөхөн олгоно гэж, мөн 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж тус тус заасны дагуу ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

6.   Нэхэмжлэгчийн эрхийн зөрчил 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед анх үүссэн, мөн хариуцагч байгууллага 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах орон тооны бус байнгын комиссыг байгуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул зохигчдын хооронд үүссэн маргааныг анхан шатны шүүх шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Иймд ...шүүх урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглээгүй... гэх агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Түүнчлэн, ажилгүй байсан хугацааны олговор, ээлжийн амралтын цалинтай холбоотой маргаан нь хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй буюу Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэгдэх маргаан байх тул ...нэхэмжлэгч Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байхад шүүх Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн нь буруу... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг мөн хангах үндэслэлгүй.

 

7.   Хариуцагч байгууллага ...шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоогоогүй, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй... гэж маргаж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх ...хуульд заасан журмын дагуу шалгаруулалт явуулаагүй хариуцагчийн үйлдэл хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн... гэж дүгнэн 2016 оны 09 сарын 30-ны өдрөөс 2018 оны 04 сарын 20-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор 11,598,585 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн, улмаар нэхэмжлэгчийн эрхийн зөрчил 2022 оны 06 сарын 02-ны өдөр арилсан байх тул хариуцагчийн дээрх татгалзал үндэслэлгүй. /1хх 152-153/

Түүнчлэн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх ...эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах баталгаагаар Ц.Х ыг хангаж, нэхэмжлэгч М.О тай сонгон шалгаруулалт явуулсан нь үндэслэлгүй болжээ... гэж дүгнэн *** хэлтсийн даргын 2018 оны 08 сарын 29-ний өдрийн *** тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2018 оны 11 сарын 21-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул хариуцагч байгууллагыг шүүхийн шийдвэрийг биелүүлж, алдаагаа өөрөө зассан гэж үзэхгүй, хариуцагч талын холбогдох давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. /1хх 168/

 

8.   Иймд хариуцагч байгууллагаас ажилгүй байсан 2018 оны 10 сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны олговор 23,799,306 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн анхан шатны шийдэл 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгийг зохицуулалтад тус тус нийцжээ.

Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны олговрыг зөв тооцсон, нэхэмжлэлийн шаардлагаас 11,153,870 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

9.   Ажилгүй байсан хугацааны олговор 23,799,306 төгрөг гаргуулан шийдвэрлэсэнтэй холбоотойгоор холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай тус тус нийцнэ.

 

10.   Нэхэмжлэгч нь хариуцагч Б.М т холбогдох шаардлагаасаа татгалзсан тул Б.М ын гаргасан хариу тайлбарыг шүүхийн шийдвэрт тусгаагүйг буруутгах боломжгүй.

 

11.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 07-ны өдрийн 184/ШШ2023/01421 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА 

Д.НЯМБАЗАР