Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 246

 

                        

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

          Улсын яллагч Ц.Гантулгабат,

          Хохирогч Д.Булгантамир,

Шүүгдэгч Ө.М, түүний өмгөөлөгч А.Ганбат /ҮД:0656/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Мд холбогдох 1806 08354 0097 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн оюутан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хорооллын 21 дүгээр байрны 05 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 706 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгж буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг ялуудыг тус тусад нь эдлүүлэх, торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэхээр тус тус тогтоон, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан, бие эрүүл, ухаан саруул гэх, Ш овогт Өы М /РД:.........../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ө.М нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хотхоны гадна иргэн Д.Булгантамиртай маргалдаж зодолдсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Мгийн өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Булгантамирын өгсөн: “... Би түрүүлж шүүгдэгчийг цохиогүй. Шүүгдэгч миний биед хүрэх шиг болоход хамраас цус гарсан. Би эргэж очоод шүүгдэгчийг цохисон.  Шүүгдэгч надад 465,000 төгрөг өгсөн. Миний хуйх зүсэгдсэн байсан тул лазер эмчилгээ хийлгэсэн. Харин хамрын сорви арилахгүй гэж гоо заслын эмч хэлсэн. “Мериакл” эмнэлэгт үзүүлсэн тухай эмчийн бичиг байгаа. Би цаашид эмчилгээ хийлгэх учир шүүгдэгчээс 3,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Булгантамирын өгсөн: “... М бид хоёр машинаараа уралдах уу гэж ярьж байтал гэнэт над руу агсараад машинаас бууя гэцгээгээд бүгд буусан. Тэгтэл М над руу ойртоод нүүрэнд хүрэх шиг болтол халуу оргиод хамарнаас цус гарах шиг болсон. Хүчтэй цохиогүй. Яагаад хамарнаас цус гарчихаваа гэж бодоо салфеткаар арчихад хамарны нуруу зүсэгдээд цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх.14-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Нямсүрэнгийн өгсөн: “... Ууж байтал Булгантамир, М нар хоорондоо муудалцаад байсан. Тэгсэнээ машинаас буугаад хоорондоо зодолдсон... Тэгээд би Мг татаж аваад Алтанбагана Булгантамирыг татаж аваад хоёр тийш салгаад аваад явсан. Нэг нэгнээ цохиод байсан. Яг биеийн хаашаа цохьсоныг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх.23-25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Алтанбаганын өгсөн: “... Булгантамир, М хоёр машин дотор хэрэлдээд байсан... Тэгээд тэр хоёр машинаас буугаад барилцаж аваад зодолдоод байхаар нь Нямсүрэн бид хоёр бууж салгасан... машинаас буугаад бид хоёр очиход Булгантамирын нүүр цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх.26-28/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн Т.Чимэд-Очирын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12459 дугаартай: “... Д.Булгантамирын биед духанд зулгаралт, хамрын нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх.34/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Мгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Бид харилцан зодолдсон. Нээх сүртэй зүйл байгаагүй. Машин тэрэг ярьж байгаад "Уралдах уу, уралдъя” гээд би “Чи ямар баярхуу болчихсон юм. Зангаараа байгаач” гэх мэт зүйлсээс болоод хэрэлдэж муудалцаад ийм зүйл болсон. Ер аль аль нь уучихсан байсан. Согтуу архи ууснаас боллоо... Би хэргээ хүлээн зөвшөөрч байна. Түргэн шуурхай шийдүүлнэ. Найзаасаа уучлалт гуйж 450,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх.20-22, 42-43/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ө.М нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хотхоны гадна иргэн Д.Булгантамиртай маргалдаж зодолдсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Булгантамирын өгсөн: “... Тэгтэл М над руу ойртоод нүүрэнд хүрэх шиг болтол халуу оргиод хамарнаас цус гарах шиг болсон. Яагаад хамарнаас цус гарчихав аа гэж бодоод салфеткаар арчихад хамарны нуруу зүсэгдээд цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх.14-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Нямсүрэнгийн өгсөн: “... Тэгсэнээ машинаас буугаад хоорондоо зодолдсон... Нэг нэгнээ цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх.23-25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Алтанбаганын өгсөн: “... Тэгээд тэр хоёр машинаас буугаад барилцаж аваад зодолдоод байхаар нь Нямсүрэн бид хоёр бууж салгасан... машинаас буугаад бид хоёр очиход Булгантамирын нүүр цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх.26-28/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12459 дугаартай: “... Д.Булгантамирын биед духанд зулгаралт, хамрын нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо... гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.34/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Мгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Бид харилцан зодолдсон... Би хэргээ хүлээн зөвшөөр байна...” гэх мэдүүлэг /хх.20-22, 42-43/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Булгантамирын өгсөн: “... Би түрүүлж шүүгдэгчийг цохиогүй. Шүүгдэгч миний биед хүрэх шиг болоход хамраас цус гарсан. Би эргэж очоод шүүгдэгчийг цохисон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Мгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Ө.М хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Ө.Мгийн үйлдсэн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ө.М нь хохиролд 465,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Д.Булгантамирын цаашид гарах эмчилгээний зардалын 3,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтгүй учир хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

Хохирогч Д.Булгантамир нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ө.Мгаас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ө.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ө.Мгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч  болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 706 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгж буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг ялуудыг тус тусад нь эдлүүлэх, торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэхээр тус тус тогтоон, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байх бөгөөд ялтан торгох ялыг биелүүлжээ.

          Харин Ө.М нь шүүхээс түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус зөрчин согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг санаатай үйлдсэн байх тул урьд нь шүүхээс тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгчид ял оногдуулах үндэслэлтэй байна.

          Ө.Мд оногдуулсан торгох болон хорих ялыг тус тусад нь эдлүүлэх, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоон, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Шүүгдэгч Ө.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ө.М урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ш овогт Ө-ы Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 706 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ө.Мд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгосугай.

3. Шүүгдэгч Ө.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Ө.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Ө.Мд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Ө.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Ө.М нь хохиролд 465,000 төгрөг нөхөн төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хохирогч Д.Булгантамир нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ө.Мгаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ө.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

   ШҮҮГЧ                                              С.ӨСӨХБАЯР