Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 248

 

                        

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч М.Үүрийнтуяа,

Насанд хүрээгүй хохирогч Ч.Цийн хууль ёсны төлөөлөгч Б.Баяртогтох,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гад холбогдох 1806 10040 0155 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянхангай суманд 1999 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувираа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг 1-8 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Б овогт Б-ийн Г /РД:.........../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Г нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Цийн нүүрэн тус газар нь цохиж зодон улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гын өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Ч.Цийн хууль ёсны төлөөлөгч Б.Баяртогтохын өгсөн: “... Уянга нь дээд сургуулийн оюутан, манай хүү 12 дугаар сургуулийн сурагч юм. Энэ хоёр фэйсбүүкээр танилцаад үерхэж эхлэх гэж байсан юм байна лээ. Манай хүү рүү Уянга нь орон дотроо хэвтсэн байдалтай зургаа явуулсан байсан. Эрэгтэй хүүхэд учир “100 дахь хоног дээр чиний хүслийг чинь биелүүлнэ” гэж хэлсэн байсан. Шүүгдэгч манай хүүхдийг зураг явуулсан гэж худлаа гүтгэж, нэр хүндийг гутаан доромжилж байгаад гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Ч.Цийн өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр миний дугаар руу өмнө нь үерхэж байсан Уянга гэх охины ах нь залгаад ... өнөөдөр уулзах уу гэсэн. Тэгээд бид 2 КТМС дээр уулзахаар болсон би 17.30 цагийн үед очиход Уянгаагийн ах нь ирээд чи Цогтоо мөн үү гэхэд би мөн гэсэн. Тэгтэл ийшээ явна гээд намайг дагуулж явж байгаад гэнэт Уяангаагийн ах нь миний баруун нүд рүү хэд хэдэн удаа гараараа цохисон. Би тэр үед ухаан самуураад унасан. Намайг газар унасан байхад миний хавирга бөөр орчим 2-3 удаа өшиглөсөн. Миний биед учирсан гэмтэлийг Уянгаагийн ах гэх залуу гараараа миний нүүр pүү хэд хэдэн удаа цохисноос болоод үүссэн... Би одоогоор нүдний шилээ 65.000 төгрөгөөр хийлгэсэн. Одоо эмнэлэгт үзүүлсэн баримт нь 700.000 төгрөгийн баримт байгаа...” гэх мэдүүлэг /хх.11-12/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Долгормаагийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 365 дугаартай: “... Ч.Цийн биед баруун нүдний ухархайн доод хананы хугарал, баруун доод зовхи, зүүн хацар, дээд уруул, хэлэнд цус хуралт, урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.71/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Гын яллагдагчаар өгсөн: “... 17 цагийн үед би найз Зэлмүүн, Мөнх-Од, Пүрвээ нарын хамт түүнийг хүлээж байхад хохирогч гэх залуу ирсэн. КТМС-ын гадаа тааралдаад төв хаалганы хажууд дагуулж явж байхдаа түүний нүүр рүү нэг удаа цохиход доошоо тонгойхоор нь шанаа руу нь өвдөглөөд доошоо суухаар нь нуруу руу нь жийхэд цүнх нь таарсан... Надтай хамт явсан найзууд хохирогчтой хэрэлдэн маргалдаж түүнийг цохиогүй... Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч гэх залуу миний дүүг доромжлоогүй бол ийм асуудал болохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.36-37/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Г нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Цийн нүүрэн тус газар нь цохиж зодон улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Ч.Цийн өгсөн: “... Тэгтэл ийшээ явна гээд намайг дагуулж явж байгаад гэнэт Уяангаагийн ах нь миний баруун нүд рүү хэд хэдэн удаа гараараа цохисон. Би тэр үед ухаан самуураад унасан. Намайг газар унасан байхад миний хавирга бөөр орчим 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.11-12/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Долгормаагийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 365 дугаартай: “... Ч.Цийн биед баруун нүдний ухархайн доод хананы хугарал, баруун доод зовхи, зүүн хацар, дээд уруул, хэлэнд цус хуралт, урагдал гэмтэл тогтоогдлоо... гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.71/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Гын яллагдагчаар өгсөн: “... КТМС-ын гадаа тааралдаад төв хаалганы хажууд дагуулж явж байхдаа түүний нүүр рүү нэг удаа цохиход доошоо тонгойхоор нь шанаа руу нь өвдөглөөд доошоо суухаар нь нуруу руу нь жийхэд цүнх нь таарсан...” гэх мэдүүлэг /хх.36-37/,

Шүүгдэгч Б.Гын нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Гад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Б.Гын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Насанд хүрээгүй хохирогч Ч.Цэ нь эмчилгээний зардал 833,860 төгрөг, бариачийн төлбөр 110,000 төгрөг, унааны зардал 212,000 төгрөг, нийт 1,173,460 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтгүй бариач, унааны зардалыг хэлэлцэхгүй орхиж, Б.Г нь хохиролд 200,000 төгрөг нөхөн төлсөн учир эмчилгээний зардалын 633,860 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Насанд хүрээгүй хохирогч Ч.Цэ нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Гаас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Гын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгчид 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Б.Гад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Гад оногдуулсан 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Б-ийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гад 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Гад сануулсугай.

4. Б.Г нь хохиролд 200,000 төгрөг нөхөн төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Гаас 633,860 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Ч.Цэд олгосугай.

6. Насанд хүрээгүй хохирогч Ч.Цэ нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Гаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

   ШҮҮГЧ                                              С.ӨСӨХБАЯР