Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01198

 

 

2023 06 19 210/МА2023/01198 

С.Б ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/01185 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч С.Б ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н т холбогдох,

2022 оны 09 сарын 05-ны өдрийн *** дугаар Тогтоол хүчингүй болгох тухай тогтоол болон 2023 оны 10 сарын 17-ны өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, мөн 2022 оны 09 сарын 30-ны өдрийн хоёрдахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй,

*** тоот хаягт байршилтай 165,1 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай гуравдагч этгээд П.Ц ий бие даасан шаардлагатай,

иргэний хэргийг нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн тус тус гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, түүний өмгөөлөгч Г.Л, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Ц-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01555 дугаар шийдвэрээр С.Б ээс 240,133,559 төгрөгийг гаргуулж Д ХХК-д олгож, мөн барьцаа хөрөнгө буюу *** тоотод байрлах 165,1 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуульд заасан ажиллагааг явуулж, хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгож, албадан дуудлага худалдааг 2021 оны 10 сарын 01-ний өдөр явуулсан боловч худалдан борлогдоогүй. Энэ үед С.Б хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 сарын 22-ны өдрийн захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Тус иргэний хэргийн 2021 оны 11 сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд С.Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцоогүйгээс нэхэмжлэлийг буцааж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийн үйлчлэл дуусгавар болсон. Ийнхүү 2021 оны 11 сарын 16-ны өдөр төлбөр авагч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З нь С.Б ийн нэхэмжлэлийг буцаасан тул үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан боловч худалдан борлогдоогүй байсан. Төлбөр төлөгч болон төлбөр авагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар хоёр дахь албадан дуудлага худалдааны талаар 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй боловч ямар нэгэн гомдол гаргаагүй тухайн ажиллагаа хүчин төгөлдөр болсон. Энэхүү ажиллагааг хожим хүчин төгөлдөр бус болсон гэж талуудын хэн аль нь маргаан гаргалаа гэхэд гомдол гаргах хугацаа хэтэрснээс гадна уг асуудлаар эцсийн шийдвэрийг шүүх гаргах зохицуулалттай. Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.М 2022 оны 09 сарын 05-ны өдөр *** дугаар тогтоолоор аль хэдийн хүчин төгөлдөр болсон хууль ёсны ажиллагааг буюу 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгосноор нөгөө талд илт давуу байдал олгосон. Ийнхүү дахин хоёр дахь албадан дуудлага худалдааг зарлаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэг талд ашигтай байдлаар зохион байгуулж, төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн үйл ажиллагаа болсон. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасны дагуу зөрүү төлбөр авах төлбөр төлөгчийн эрхийг зөрчөөд байна. Тодруулбал, өмнөх 2 удаагийн дуудлага худалдаагаар барьцаа хөрөнгө худалдан борлогдоогүй учир 2022 оны 08 сарын 26-ны өдөр хөрөнгө санал болгох албан тоотыг төлбөр авагч Д ХХК-д хүргүүлсэн бөгөөд төлбөр авагчийн хувьд хөрөнгийн үнэлгээ 777,762,986 төгрөгөөс шүүхийн шийдвэрийн дагуу авах 240,133,559 төгрөгийг суутган зөрүү 550,000,000 орчим төгрөгийг төлбөр төлөгчид хуулийн дагуу төлөх асуудал үүсч, урьдын дуудлага худалдааг ямар нэгэн аргаар хүчингүй болгуулах арга, хэрэгсэл хайж, үндэслэлгүй гомдол гаргах хугацаа хэтэрсэн гомдлууд гаргаж байсан. Барьцаа хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 12 сарын 24-ний өдөр зохион байгуулсанд төлбөр төлөгч мэдмэгцээ гомдол гаргасан ба тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор ажиллагааг түдгэлзүүлэх байсан ч дуудлага худалдааг зохион байгуулж хууль зөрчсөн болох нь тогтоогдсон. Тухайн үед гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч хүлээн авахаас татгалзсан бөгөөд үүнээс болж төлбөр төлөгч өөрөө уг дуудлага худалдаанд оролцох эрхээ хэрэгжүүлж чадаагүй. Түүнчлэн, дуудлага худалдаанд төлбөр авагч Д ХХК оролцож, худалдан авсан гэж мэдэгдэж байсан боловч тухайн дуудлага худалдаанд оролцсон 2 этгээдийн мэдээллийг бидэнд өгөөгүй. Иймд хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж 2022 оны 10 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн байхад 2022 оны 10 сарын 17-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол гаргаж, энэ тухайгаа төлбөр төлөгчид огт мэдэгдэхгүйгээр, түүний эрхийг зөрчсөн байна. Иймд 2 дахь албадан дуудлага худалдааг хэт нэг талыг баримтлан төлбөр авагчид давуу байдал олгохоор зохион байгуулж, өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол үйлдсэнийг эс зөвшөөрч байх тул уг тогтоолыг мөн хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01555 дугаар шийдвэрээр хариуцагч С.Б ээс 238,781,701 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,351,858 төгрөгийг тус тус гаргуулж Д ХХК-д олгож, мөн хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох С.Б ийн өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, *** тоотод байрлах, 165,1 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 09 сард үүссэн. Үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 11 сарын 04-ний өдөр битүүмжилж, 2021 оны 03 сарын 30-ны өдөр хураан авсан. Мөн шинжээчийн дүгнэлтээр үл хөдлөх эд хөрөнгийг 777,762,986 төгрөгөөр үнэлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар анхны дуудлага худалдаагаар үнэлгээний 777,762,986 төгрөгийн 70 хувь болох 544,434,090 төгрөгөөр үнийг тогтоон оруулахад ямар нэгэн үнийн санал ирээгүй. Төлбөр төлөгч нь үнэлгээний талаар гомдол шүүхэд гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн бөгөөд шүүгчийн захирамжаар С.Б ийн нэхэмжлэлийг буцаасны дараа 2021 оны 12 сарын 24-ний өдөр шинжээчийн тогтоосон 777,762,986 төгрөгийн 50 хувь болох 388,881,493 төгрөгөөр оруулж, нийтэд зарлахад үнийн санал ирээгүй. Улмаар шүүхийн шийдвэр гарч, С.Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон ба тухайн шийдвэр 2022 оны 07 сарын 06-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Үүний дараа 2022 оны 08 сарын 26-ны өдрийн *** тоот тогтоолоор төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгосон. Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 09 сарын 05-ны өдрийн *** тоот тогтоолоор 2021 оны 12 сарын 24-ний өдрийн *** дүгээр тогтоолыг хүчингүй болгосон. Ингээд дахин хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол гарсан ба тухайн тогтоол мэдэгдлийг төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А д мэдэгдэж, мөн С.Б ийн гэрийн хаягаар очиж наан үлдээсэн. Мөн С.Б ийн тус шүүхэд гаргасан гомдлыг үндэслэн одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байгаа. Шүүхийн шийдвэрийг С.Б сайн дураар биелүүлдэггүй, тэрээр биелүүлэх хангалттай хугацаа байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Гуравдагч этгээд П.Ц бие даасан шаардлага, тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 09 сарын 30-ны өдөр зохион байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааны гуравдугаарт зарлагдсан *** тоотод байрлах 165,1 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны дуудлага худалдаанд 2022 оны 09 сарын 27-ны өдөр дэнчингийн мөнгө болох 38,888,149 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Голомт банкны *** тоот дансанд тушааж 2022 оны 09 сарын 30-ны өдөр оролцон ялж, дуудлага худалдааны тэмдэглэлд гарын үсэг зурсан. Улмаар шийдвэр гүйцэтгэгч Ц.Б ийн шаардсаны дагуу 2022 оны 10 сарын 14-ний өдөр тухайн орон сууцны төлбөр болох 401,500,000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Голомт банкны *** тоот дансанд тушааж, 2022 оны 10 сарын 24-ний өдөр өмчлөх эрх шилжүүлэх тогтоолтой танилцаж гарын үсэг зурсан. Гэтэл 2022 оны 10 сарын 24-ний өдөр Ц.Б над руу утасдаад Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлчихлээ. Учир нь байрны эзэн С.Б нь дуудлага худалдааг хууль бусаар явагдсан гэж үзээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна гэсэн. Улмаар 2022 оны 10 сарын 24-ний өдөр дэнчингийн мөнгийг үлдээгээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үлдэгдэл үнийн дүнг миний харилцах данс руу шилжүүлчихсэн байсан. 2022 оны 10 сарын 25-ны өдөр Ц.Б ээс асуухад Байрны эзэн С.Б нь дуудлага худалдааг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор манай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 сарын 05-ны өдрийн *** дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан тул таны төлсөн дэнчингийн мөнгийг үлдээгээд бусад мөнгийг шилжүүлчихсэн. Шүүхийн асуудал дуусахаар та наад мөнгөө Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд буцаан шилжүүлээд байраа авч болно. Тэгэхгүй бол байрны бүх мөнгийг шүүхийн ажиллагааны явцад битүүмжилчих гээд байна гэж тайлбарласан. Миний хувьд дэнчингийн мөнгийг хугацаанд нь төлсөн, хуульд зааснаар үнэ хаялцуулах ажиллагаанд оролцож 2022 оны 09 сарын 30-ны өдөр дуудлага худалдааны тэмдэглэлд гарын үсэг зурсан тул П.Ц болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. 2022 оны 10 сарын 14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 401,500,000 төгрөгийг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Иймд П.Ц д тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж, өмчлөгчөөр тогтоож өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

4.   Гуравдагч этгээд Д ХХК хариу тайлбартаа: 2020 оны 07 сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шийдвэр гарснаас хойш төлбөр төлөгч иргэн С.Б нь дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд удаа дараа саад хийж, оршин суугаа байранд нь хөндлөнгийн гэрчүүдтэй 3 удаа 2020 оны 10 сарын 30-ны өдөр, 2021 оны 01 сарын 28-ны өдөр, 2021 оны 03 сарын 24-ний өдрүүдэд очиход хаалгаа тайлахгүй, гэртээ оруулахгүй зэргээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулж байсан. С.Б нь шийдвэр гүйцэтгэгч болон хөндлөнгийн гэрчүүд рүү орилж хашгиран, хэл амаар доромжилж, хүнлэг бусаар, ёс зүйгүй, бүдүүлэг байдлаар харьцсанд хөндлөнгийн гэрчийн зүгээс маш их гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг видео камераар бичлэг хийж баримтжуулсан. С.Б ийн дээрх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2.1-д заасны дагуу хариуцлага хүлээлгэж, торгуулийн арга хэмжээ авсан. 2021 оны 08 сарын 16-ны өдөр Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хөндлөнгийн шинжээчээр С ХХК битүүмжилсэн хөрөнгөд үнэлгээ хийж, үнэлгээний тайлангаа шийдвэр гүйцэтгэгч Ц.Б т 2021 оны 08 сарын 27-ны өдөр явуулсан байдаг. Үнэлгээчин хөрөнгийг 777,762,986 төгрөгөөр тогтоосон. Энэхүү үнэлгээг нэхэмжлэгч С.Б үл зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар анхны албадан дуудлага худалдааны дараа шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэгч С.Б ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа Улсын дээд шүүхээс С.Б ийн гомдлыг хүлээн авч хэлэлцүүлэхээс татгалзсан шийдвэр 2022 оны 07 сард гаргасан. Гэтэл гэнэт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.М 2022 оны 08 сарын 26-ны өдөр *** тоот албан бичгээр төлбөр авагчид хандаж Хөрөнгө санал болгох тухай гэсэн гарчигтай албан бичгээр барьцаа хөрөнгийн үнэлгээ 777,762,986 төгрөгөөс төлбөрийн дүнгээ хасаад үлдэгдэл дүнгээр худалдаж авах хуанлийн 5 хоногийн хугацаатай шаардлага өгсөн. Тухайн албан тоотын дагуу шийдвэр гүйцэтгэгч Ц.Б тэй очиж уулзахад "Хоёр дахь дуудлага худалдаа хуулийн дагуу 2021 оны 12 сард болчихсон, хэн ч оролцоогүй гэсэн тайлбар өгөхөд үнэхээр цочирдож хүлээн авсан. Учир нь төлбөр авагчид тухайн хоёр дахь дуудлага худалдааны талаар огт мэдэгдээгүй. Төлбөр авагчийн зүгээс Д.М ын албан тоот болон Ц.Б ийн хууль бус үйлдэл (Шүүхийн шийдвэрийг зөрчсөн), Ц.Б ийн төлбөр төлөгч талд давуу байдал үүсгэсэн, авлига авсан байж болзошгүй асуудлаар Авлигатай тэмцэх газарт арга буюу хандаж гомдол гаргасан. Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дотоод хяналт орж, Ц.Б ийн хууль бус үйлдлийг залруулж төлбөр авагчийн хүсэлт, гомдлын дагуу С.Б ийн барьцаа хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг 2022 оны 09 сарын 30-ны өдөр зохион байгуулснаар тухайн хөрөнгө 401,500,000 төгрөгөөр борлогдсон байдаг. С.Б хуулиар олгогдсон эрхээсээ татгалзаж шүүхэд дуудлага худалдааг хүчингүй болгуулах гомдол гаргасан. 2022 оны 10 сарын 24-ний өдөр дуудлага худалдааны ялагч П.Ц нь өмчлөх эрх шилжүүлэх тогтоолд гарын үсэг зурсан. 2022 оны 10 сарын 24-ний өдөр Ц.Б нь С.Б ийн гаргасан гомдлыг нэн даруй хангаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тогтоол үйлдсэн. С.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ умартаж, төлбөр төлөхөөс санаатайгаар зугтааж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зориудаар саад учруулж, өөрийн явцуу эрх ашгаар хандаж байгаа нь төлбөр авагч Д ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгааг дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14, 44 дүгээр зүйлийн 44.3, 66 дугаар зүйлийн 66.3, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н т холбогдох Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 сарын 05-ны өдрийн *** дугаар тогтоол, тус газрын 2023 оны 10 сарын 17-ны өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар хариуцагч Н т холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгож, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах тухай иргэн П.Ц ий бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Ц ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,235,650 төгрөгийг Хан-Уул дүүргийн Төрийн сангийн *** тоот данснаас буцаан гаргуулж П.Ц д олгож шийдвэрлэжээ.

 

6.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдлыг дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

6.а.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хоёр дахь албадан дуудлага худалдаа-г 2022 оны 09 сарын 30-ны өдөр явуулахаар товлосон бөгөөд энэ тухай дуудлага худалдаа болохын өмнөх өдөр буюу 2022 оны 09 сарын 29-ний өдөр төлбөр төлөгч тал мэдэгдсэн. Энэ талаар Д.М тай уулзаж, гомдол гаргахад гомдлыг хүлээн авахаас татгалзаж, тэр дор нь бичгээр хариу өгсөн. Хариу өгөх үед буюу 2022 оны 09 сарын 29-ний өдөр С.Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А д дуудлага худалдааны талаар мэдэгдлийг өгч, гарын үсэг зуруулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй гэж тодорхой заасан. Гэтэл өмнөх дуудлага худалдааг хүчингүй болгосон 2022 оны 09 сарын 05-ны өдрийн тогтоолыг 29-ний өдөр анх мэдэгдсэн. Улмаар хоёр дахь албадан дуудлага худалдаанд төлбөр төлөгч орох боломжгүй нөхцөл байдалд оруулсан. Үүнийг хавтаст хэрэгт буй С.Б ийн төлөөлөгч А.А ийн уг мэдэгдлийг хүлээн авч, гарын үсэг зурсан гэх баримтын огноо нь тодорхойгүй байгаагаас харж болно. Мөн дээрх мэдэгдлийг С.Б ийн гэрийн хаалганд наасан гэдэг боловч энэ талаар төлбөр төлөгч огт мэдээгүй. Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мэдэгдлийг хугацааг нь тулгаж мэдэгдсэн бөгөөд нотлох баримт болох шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл нь нэг талын баримт учир үүнийг дараа нь нөхөж үйлдэх боломжтой гэж үзэж байна.

6.б.Төлбөр авагч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З нь хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 12 сард багтаан зохион байгуулж өгөх хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийн дагуу 2021 оны 12 сарын 24-ний өдөр барьцаа хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан ч худалдан борлогдоогүй. Төлбөр авагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар хоёр дахь албадан дуудлага худалдааны талаар 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй боловч ямар нэгэн гомдол гаргаагүй тул тухайн ажиллагаа хүчин төгөлдөр болсон. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт Энэ хуульд өөрөөр заагаагүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр, үйл ажиллагаанд энэ хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гаргасан гомдлыг гомдол гаргагчид буцааж, гомдол гаргаагүйд тооцно" гэж заасан байтал ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.М 2022 онд хугацаа хэтэрсэн гомдлыг хүлээн авч, өөрийн байгууллагын хууль ёсны ажиллагааг буюу 2021 оны 12 сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгосноор нөгөө талд давуу байдал буюу эдийн засгийн ашигтай байдал бий болгосон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7.   Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Ц нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/01185 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн атал бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг тусдаа шийдвэрлүүлэхээр хүлээн авахаас татгалзсан. П.Ц ий бие даасан шаардлага нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас тусдаа өөр асуудал биш юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б гуравдагч этгээд П.Ц ий шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Иймд нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Ц ий шаардлагыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

8.   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д ХХК нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: 2021 оны 11 сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд С.Б шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гаргасан үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хүлээн авахаас татгалзсан. Тус захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн өмнөх шийдвэр хүчин төгөлдөр үйлчилсэн. Хэргийн 12-р талд 2022 оны 09 сарын 15-ны өдөр нэхэмжлэгч талд дуудлага худалдааны тов мэдэгдсэн баримт, мөн хэргийн 19-р талд 2022 оны 09 сарын 29-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариу мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А д шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтэд хариу өгсөн. Харин нэхэмжлэгч тал 2022 оны 09 сарын 29-ний өдөр дуудлага худалдааг хүчингүй болгох тухай тогтоолтой танилцсан гэдэг нь үндэслэлгүй. Д ХХК нь 2021 оны 12 сарын 24-ний өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааны талаар 2022 оны 08 сарын 26-ны өдрийн хөрөнгө санал болгох тухай мэдэгдлийг хүлээн авснаар анх мэдсэн. Тэр даруй шийдвэр гүйцэтгэгч Ц.Б ийн хууль бус үйлдлийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хянаж, шийдвэр гүйцэтгэгч Ц.Б ийн 2021 оны 12 сарын 24-ний өдрийн хоёр дахь дуудлага худалдаа хууль зөрчсөн болохыг тогтоож, 2022 оны 09 сарын 30-ны өдөр дахин зохион байгуулсан. Энэхүү дуудлага худалдаанд Д ХХК-ийн хамаарал бүхий этгээд оролцоогүй гэжээ.

 

9.   Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Ц давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

9.а.П.Ц нь дуудлага худалдааны дэнчингийн төлбөрийг хугацаанд төлсөн. Үнэ хаялцуулах ажиллагаанд оролцож 2022 оны 09 сарын 30-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдааны тэмдэглэлд гарын үсэг зурсан. Ингэснээр П.Ц болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Дуудлага худалдаанд ялагч болсон иргэн П.Ц нь 14 хоногийн дотор буюу 2022 оны 10 сарын 14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 401,500,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Ийнхүү гэрээний үүргээ бүрэн гүйцэд биелүүлсэн учраас *** тоот 165.1 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг худалдан худалдан авах гэрээ байгуулж, иргэн П.Ц ийг тухайн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх шилжүүлэх тогтоолыг хуулийн дагуу гүйцэтгэхийг хариуцагчид даалгах тухай бие даасан шаардлага гаргасныг шүүх хүлээж авч, нэхэмжлэгч болон хариуцагч нарт гардуулж, холбогдох тайлбаруудыг авсан байдаг. Нэхэмжлэгч нь тодорхой үндэслэлгүйгээр бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй бол хариуцагч нь бие даасан шаардлагыг хангуулах нь зүйтэй гэж хүлээн зөвшөөрсөн.

9.б.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэргийн 18, 19, 28-р талд авагдсан нотлох баримтууд нь Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.17, 197.20, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ялсан орон сууцныхаа өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх эрх хууль ёсны дагуу үүссэн. Хариуцагчийн зүгээс бие даасан шаардлагыг дэмжсэн. Гэтэл шүүх дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан гэж шийдвэрлэсэн боловч бие даасан шаардлагыг хангахгүй орхисон нь зөвхөн хариуцагч талын эрх, ашиг сонирхолд нийцүүлсэн хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж иргэн П.Ц ий бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

10.   Нэхэмжлэгч тал бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Тухайн дуудлага худалдаанд 2 хүн оролцсоны нэг нь П.Ц байсан бөгөөд дуудлага худалдааны ялагч болсон. Дуудлага худалдааны талаар талуудад хангалттай мэдээлэл өгөөгүй. Тухайн хөрөнгө 1,000,000,000 төгрөгийн үнэлгээтэй боловч шинжээч 700,000,000 төгрөгөөр үнэлсэн. П.Ц хямд үл хөдлөх хөрөнгө дуудлага худалдаагаар худалдан авах гэж улайраад байна уу, эсвэл Д ХХК нь П.Ц ээр авахуулсан уу гэдэгт эргэлзээ төрж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн бол хэдийд ч ажиллагааг дуусгавар болох хуулийн зохицуулалттай. Одоогийн байдлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн хэвээр байгаа. Бие даасан шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

11.   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д ХХК бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Ц ий давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Төлбөр авагчийн зүгээс хууль ёсыг шаардаж, тууштай ажилласны үр дүнд шүүхийн шийдвэрийг зөрчиж, хууль бусаар зохион байгуулсан 2021 оны 12 сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, хуулийн дагуу 2022 оны 09 сарын 30-ны өдөр дуудлага худалдааг дахин зохион байгуулсан. Тухайн дуудлага худалдаанд иргэн П.Ц хуулийн дагуу бүртгүүлж, дэнчинг байршуулан дуудлага худалдаанд оролцон ялсан. Дуудлага худалдааны тэмдэглэлд гарын үсэг зурж, *** тоот орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тухай нотлох баримтууд хэрэгт авагдсан. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Ц ий шаардлагыг хариуцагч тал мөн дэмжиж оролцсон. Нэхэмжлэгч тал үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй холбоотой 1 жил 6 сар орчим, дуудлага худалдаатай холбоотой асуудлаар 10 сар орчим тус тус үндэслэлгүйгээр маргаан үүсгэж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь төлбөр төлөхөөс зайлсхийх, төгрөгийн ханшийн уналтаас өөрт давуу байдал олох зорилготой гэж үзэж байна. Нэхэмжлэгч өнгөрсөн 5 жилийн хугацаанд төлбөр төлөх бодитой үйлдэл огт хийгээгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Н т холбогдуулан 2022 оны 09 сарын 05-ны өдрийн *** дугаар Тогтоол хүчингүй болгох тухай тогтоол болон 2023 оны 10 сарын 17-ны өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, мөн 2022 оны 09 сарын 30-ны өдрийн хоёрдахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /1хх 1-2, 2хх 74-75, 94-95, 102-116/

Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бол бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тус тус хариуцагч талын байр суурийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. /1хх 40-41, 54-56, 2хх 102-116/

 

3.   Гуравдагч этгээд П.Ц *** тоот хаягт байршилтай 165,1 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай бие даасан шаардлага гаргажээ. /2хх 25, 102-116/

Дээрх бие даасан шаардлагыг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан бол хариуцагч зөвшөөрч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд дэмжсэн байна. /2хх 40-41, 42, 102-116/

 

4.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01555 дугаар шийдвэрээр хариуцагч С.Б ээс 238,781,701 төгрөг болон 1,351,858 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгож, хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд түүний өмчлөлийн *** тоот хаягт байршилтай 165,1 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Н т даалгаж шийдвэрлэжээ. /1хх 17-20/

Хариуцагч байгууллага 2020 оны 09 сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, дээрх хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. /1хх 64/

 

5.   Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүхийн шийдвэрт дурдсан орон сууцыг 2020 оны 11 сарын 04-ний өдөр битүүмжилж, 2021 оны 08 сарын 09-ний өдөр хураан авч, төлбөр төлөгч, төлбөр авагч талууд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй үндэслэлээр 2021 оны 08 сарын 17-ны өдөр С ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч орон сууцыг 777,762,986 төгрөгөөр үнэлсэн байна. /1хх 70-72, 91-93, 96, 97, 98, 104-132/

 

6.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/00651 дугаар шийдвэрээр Н т холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай С.Б ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 сарын 16-ны өдрийн 210/МА2022/00935 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. /1хх 241-246, 247-251, 2хх 1/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

 

7.   Дээр дурдсан Н т холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай С.Б ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг шүүх явуулж байх хугацаанд зохион байгуулсан хоёрдахь албадан дуудлага худалдааг Н өөрөө хүчингүй болгож, алдаагаа залруулсныг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. /1хх 21/ Тодруулбал:

7.а.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 сарын 22-ны өдрийн 183/ШЗ2021/12655 дугаар захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01555 дугаар шийдвэртэй иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. /1хх 44/

7.б.Улмаар мөн шүүхийн шүүгчийн 2021 оны 11 сарын 01-ний өдрийн 183/ШЗ2021/13231 дугаар захирамжаар Н т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай С.Б ийн нэхэмжлэлийг буцааж, энэ захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэсэн байна. /1хх 45/

7.в.Дээрх Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч С.Б гомдол гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2021 оны 11 сарын 25-ны өдрийн 183/ШТ2021/00356 дугаар тогтоолоор захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн байна. /1хх 46-48, 49-51/

 

8.   Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн, уг түдгэлзүүлсэн шалтгаан арилаагүй байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 12 сарын 24-ний өдөр зохион байгуулсан хоёрдахь албадан дуудлага худалдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол түдгэлзэх зохицуулалтад нийцэхгүй юм.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 сарын 05-ны өдрийн *** дугаар Тогтоол хүчингүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, улмаар ...2021 оны 12 сарын 24-ний өдрийн хоёрдахь албадан дуудлага худалдаа хүчинтэй, уг хоёрдахь албадан дуудлага худалдааг хариуцагч байгууллага үндэслэлгүйгээр хүчингүй болгосон... гэх нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгчийн холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

9.   Анхан шатны шүүх 2022 оны 09 сарын 30-ны өдрийн хоёрдахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь мөн хууль зүйн үндэслэлтэй болжээ.

9.а.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 12 сарын 24-ний өдрийн хоёрдахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хоёрдахь албадан дуудлага худалдааг зохион байгуулах ажиллагаанаас эхлэн үргэлжлэн явагдах учиртай.

9.б.Үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 09 сарын 13-ны өдрийн *** дугаар Хоёрдахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргаж, *** тоот хаягт байршилтай 165,1 м.кв талбайтай орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ 777,762,986 төгрөгийн 50 хувь болох 388,881,493 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, 2022 оны 09 сарын 30-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн зохицуулалтад тус тус нийцжээ. /2хх 5/

9.в. 2022 оны 09 сарын 30-ны өдрийн хоёрдахь албадан дуудлага худалдаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Ц 401,500,000 төгрөг гэсэн үнийн санал өгснөөр ялагч болсон байна. /2хх 9-20/

9.г.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Ц нь 2022 оны 09 сарын 27-ны өдөр 38,888,149 төгрөгийн дэнчинг төлж, 2022 оны 10 сарын 14-ний өдөр дуудлага худалдааны үнэ болох 401,500,000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд тушаасан байна. /2хх 29/

 

10.   Хэргийн баримтаар 2022 оны 09 сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан хоёрдахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, 2022 оны 09 сарын 30-ны өдрийн хоёрдахь албадан дуудлага худалдаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, дуудлага худалдааны ялагч тодорсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа гуравдагч этгээд П.Ц ий бие даасан шаардлагыг шийдвэрлэлгүй орхиж, хүлээн авахаас татгалзсан нь үндэслэл муутай болжээ.

Анхан шатны шүүх гуравдагч этгээд П.Ц ий бие даасан шаардлагыг зохигч талуудад гардуулж, хариу тайлбар авч, мэтгэлцүүлсэн байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Анхан шатны шүүх хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул гуравдагч этгээд П.Ц ий бие даасан шаардлагыг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй.

 

11.   Хоёрдахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мэдэгдлийг төлбөр авагч болон төлбөр төлөгч талд тус тус танилцуулсан байх ба тэдгээрийн төлөөлөгч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /2хх 5, 6, 7-8/

Хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 сарын 29-ний өдрийн Хариу мэдэгдэх хуудас-аар төлбөр төлөгч С.Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А д ...таны хүсэлтэнд дурдсанаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл тогтоогдохгүй байгаа... талаар хариу өгсөн байх тул ...хоёрдахь албадан дуудлага худалдаанд төлбөр төлөгч орох боломжгүй нөхцөл байдалд оруулсан... гэх нэхэмжлэгчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй. /1хх 11-12/

12.   Өмнө дурдсанчлан, 2022 оны 09 сарын 30-ны өдрийн хоёрдахь албадан дуудлага худалдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, дуудлага худалдааны ялагч тодорсон байх тул 2023 оны 10 сарын 17-ны өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

13.   Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хуулийн зохицуулалтыг зөв баримтлаагүй, мөн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

 

14.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/01185 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14, 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 66 дугаар зүйлийн 66.3, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг тус тус баримтлан... гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар... гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Ц ийг *** тоот хаягт байршилтай 165,1 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг шилжүүлэхийг нэхэмжлэгч С.Б , хариуцагч Н т тус тус даалгасугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 210,600 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс төлсөн 70,200 төгрөг болон 2,165,450 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.Б ээс 70,200 төгрөг, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Б эд буцаан олгож, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 2,095,250 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Б эд олгосугай гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.Б ээс урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Ц ээс урьдчилан төлсөн 70,200 төгрөг болон 2,165,450 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР