Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
Хэргийн индекс | 137/2016/0201/И |
Дугаар | 205 |
Огноо | 2016-07-06 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1-р баг, 135-р байрны 55 тоотод оршин суух, Замын-Үүд Шилжүүлэн ачих ангид ачаа вагон хүлээлцэгч ажилтай, Уяач овогт Гансүхийн Одончимэг /РД: ЕО84092461/-ийн нэхэмжлэлтэй,
Боржигон овогт Ганболдын Уранбатыг эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоолгохыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пүрэвсүрэн, нэхэмжлэгч Г.Одончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Одончимэг шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ганболд овогтой Уранбатаас хүүхдийн тэтгэмж гаргуулах тухай талаар шүүхийн нэхэмжлэл гаргасан боловч 135-р байрны 55 тоотод оршин сууддаггүй гэдэг үндэслэлээр шүүхээс татгалзсан хариу ирсэн. Иймд Ганболд овогтой Уранбатыг /МЧ 81022113/ эрэн сурвалжилж өгнө үү. Жич: Г.Уранбат нь гадаад руу удаан хугацаагаар гаргах гэж байгаа тул яаралтай шийдэж өгнө үү. Уранбат нь Замын-Үүдэд вагон үзэгч ажилтай байсан, одоогоор Солонгос улс руу явна гээд 1 жилийн чөлөө авсан байна. Ээж нь өмгөөлөгч ажилтай юм. Уранбатын оршин суух хаягийг тогтоож, хүүхдийн тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байгаа юм гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Г.Одончимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.Одончимэг нь Г.Уранбатад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч, хариуцагч Ш.Уранбат нь оршин суух хаягтаа байхгүй үндэслэлээр тус шүүхийн 2016 оны 07 дугаар 01-ний өдрийн 666 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Боржигон овогт Ганболдын Уранбат нь оршин суух хаягтай байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Боржигон овогт Ганболдын Уранбатын регистрийн дугаар МЧ81022113, Замын-Үүдэд вагон үзэгч ажилтай байсан, ээж Хүчнямхүүгийн Даваасүрэн Улаанбаатар хот Амгалан Уус-15-д оршин суудаг өмгөөлөгч ажилтай болно.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан ЗШийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Ганболдын Уранбатыг эрэн сурвалжилсугай.
2. Ганболдын Уранбатыг эрэн сурвалжилж түүний оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.БОЛОРМАА