Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 101/2021/04372/И |
Дугаар | 210/МА2023/01205 |
Огноо | 2023-06-19 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2023/01205
2023 06 19 210/МА2023/01205
Д.О , Н.Г нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/02056 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.О , Н.Г нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.А д холбогдох, 36,402,800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 17,442,700 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал нэхэмжлэл, тайлбартаа: 2017 онд Ц.А нь өөрийн амьдардаг байр болох *** тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг урьдчилгаа 28,000,000 төгрөг өгөөд ипотекийн зээлийг үргэлжлүүлэн төлөөд худалдан авахыг санал болгосон. Тус саналыг хүлээн зөвшөөрч 2017 оны 03 сараас эхлэн Ц.А гийн Хаан банкны данс руу байрны төлбөрт cap бүр тогтмол мөнгө шилжүүлж байсан. 2017 онд 23,231,000 төгрөг, 2018 онд 8,820,000 төгрөг, 2019 онд 4,351,800 төгрөг тус тус шилжүүлсэн. 2020 оны 06 сард Ц.А нь *** тоот орон сууцны түлхүүрийг өөртөө авсан бөгөөд одоогоор хүн амьдраагүй, тус орон сууцны эзэмшигч нь Ц.А байгаа. Бидний дунд анхнаасаа гэрээ байгуулсан зүйл байгаагүй амаар хийсэн харилцан тохиролцоо байсан ба Ц.А орон сууцыг өөрийн эзэмшилдээ авснаар дээрх тохиролцоо дуусгавар болсон гэж үзэж байна. Орон сууцны урьдчилгаа мөнгийг Ц.А , Ц.А гийн эх н.А , ах Ц.Ч гэсэн 3 хүний данс руу хувааж шилжүүлсэн. М.М надад 30,000,000 төгрөг байна, 2 өрөө байр авах хэрэгтэй байна гэхээр нь би энэ байрыг хэлээд зээлийг нь үргэлжлүүлээд төлөхөөр тохирсон. Шүүхийн шийдвэрээр М.М ыг уг орон сууцнаас албадан гаргуулсан. Ц.А гийн хувьд мөнгийг гаргаж өгнө гэж байснаа шүүх хуралдаанд өөр байр суурьтай оролцсон. Орон сууцыг 2017 оны 04 сард хүлээж аваад 2020 оны 06 сард Ц.А шүүхийн шийдвэрээр албадан гүйцэтгүүлж авсан. Иймд Ц.А гийн данс руу шилжүүлсэн нийт 36,402,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч тал хариу тайлбартаа: Д.О, Н.Г нар орон сууцыг 85,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. 33,000,000 төгрөгийг урьдчилгаанд бэлнээр өгч, үлдэгдэл 62,000,000 төгрөгийг ипотекийн зээлийг үргэлжлүүлэн төлөхөөр амаар тохиролцож, гэрээ байгуулах шатанд урьдчилгаа төлбөр гүйцэд төлөхгүй явж байгаад өөр хүнд зараад өөрсдөө алга болсон. Энэ хугацаанд орон сууцны зээл cap бүр төлөгдөх ёстой хугацаанаас хэтрээд байхаар нь өөр хүн байсныг орон сууцнаас албадан гаргуулсан үйл явдал болсон. Учир нь орон сууц миний нэр дээр байдаг, 8 хувийн ипотекийн зээлтэй, ээж маань хамтран зээлдэгч юм. Данс руу шилжүүлсэн гэх мөнгийг би хүлээн аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлдээ: Н.Г , Д.О нар *** тоот хаягт байрлах Ц.А миний өмчлөлийн орон сууцыг зээлээр худалдаж авна гэж тохиролцон гэрээ байгуулах явцдаа үлдэгдэл төлбөрөө төлөлгүй М.М гэдэг хүнд дамжуулж худалдсан байсан. Би М.М гэдэг хүнийг огт танихгүй, түүнтэй ярилцаж тохиролцсон зүйл байхгүй. М.М миний өмчлөлийн орон сууцанд 2018 оны 08 сараас эхлэн миний зөвшөөрөлгүйгээр орж амьдарч байгааг орон сууцны үлдэгдэл төлбөрөө төлөхгүй болохоор нь очиж мэдээд шүүхэд хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж 2018 оны 07 сарын 08-ны өдөр акт үйлдэж орон сууцнаас М.М гарсан. Гэтэл М.М нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг үндэслэлээр 7,692,000 төгрөг нэхэмжилж, шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ц.А надаас 7,692,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. 2017 оны 04 сард би орон сууцыг Н.Г , Д.О нарт хүлээлгэж өгсөн бөгөөд 2020 оны 07 сарын 08-ны өдөр орон сууцаа өөрийн эзэмшилд буцаан авсан. Ингээд Н.Г , Д.О нар нийт 39 сар амьдарч, захиран зарцуулсан. Иймд Н.Г , Д.О нараас орон сууцны ипотекийн зээлийн төлбөрт (1 сарын зээлийн төлбөр 435,300 x 39 = 16,976,700) 16,976,700 төгрөг, СӨХ-ны төлбөр 466,000 төгрөг, нийт 17,442,700 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
4. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: *** тоот хаягт байрлах Ц.А гийн орон сууцыг худалдаж авахаар тохиролцсон. Ц.А гийн сөрөг нэхэмжлэлээс харахад гэрээ байгуулах явцдаа гэж бичсэн байх боловч гэрээ байгуулах ямар ч боломжгүй байгаагүй, анхнаасаа банкны ипотекийн зээлтэй байр байсан. Ц.А д байрны урьдчилгаа гэж 28,000,000 төгрөг өгөх ёстойгоос 2017 онд 23,231,000 төгрөг, 2018 онд 8,820,000 төгрөг, 2019 онд 4,351,800 төгрөгийг байрны урьдчилгаанд шилжүүлсэн. 2018 оны 07 сард М.М д байраа худалдахаар болж М.М үргэлжлүүлэн төлбөрийг төлөхөөр болж cap болгон 435,300 төгрөгийг 17 cap төлсөн буюу нийт 7,835,400 төгрөг төлсөн. М.М аас орж ирсэн мөнгийг Ц.А гийн данс руу шилжүүлдэг байсан ба энэ нь дансны хуулгаар нотлогдоно. М.М нь 2018 оноос 2019 оны 11 cap хүртэл төлбөр төлж байгаад төлөх мөнгө байхгүй байна гэж хэлээд цааш төлөөгүй. Улмаар 2020 оны 07 сард Ц.А нь М.М ыг байрнаасаа гаргасан. 2020 оны 02 сард Ц.А , Н.Г , Д.О бид 3 нүүр тулж уулзахад Ц.А ...би та хоёроос байраа авлаа, наймаа буцлаа, та хоёр надад өгсөн мөнгөө буцааж авч болно шүү... гэж хэлсэн. Ц.А гийн байрнаас 2018 оны 07 сард гарсан, ахиж амьдраагүй. Иймд 39 cap амьдарсан 16,976,700 төгрөг, СӨХ-ны төлбөр 466,000 төгрөг, нийт 25,134,700 төгрөг нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
5. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.А гаас 29,965,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.О , Н.Г нарт олгож, нэхэмжлэлээс 6,437,600 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн 17,442,700 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 73 дугаар зүйлийн 73.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 340,964 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 283,624 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.А гаас 307,776 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О , Н.Г нарт олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг буруу дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн.
6.а. Зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулах явцад нэхэмжлэгч нар орон сууцыг өөр бусад этгээдэд дамжуулж худалдсан. Шүүх ...хариуцагч шүүхийн шийдвэрийн дагуу иргэн М.М аас буцаан авсан тул орон сууцны зээлийн 1 сарын төлөлтийн хэмжээгээр тооцож, Д.О , Н.Г нараас шаардсан нь үндэслэлгүй гэж үзлээ гэсэн дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэрт хууль зүйн үндэслэлээ тодорхой заагаагүй, Д.О , Н.Г нар хариуцагч Ц.А гийн орон сууцыг өөрсдийн эзэмшилдээ авч сар бүрийн зээлийг төлж байсан мөнгөө буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй байхад дээрх байдлаар дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Н.Г , Д.О нарт орон сууцаа худалдахаар тохиролцон гэрээ байгуулж, нэхэмжлэгч нар төлбөрөө төлөх хугацаандаа орон сууцыг М.М д худалдсан. Шүүх хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэж хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө гэж тодорхойлсон атлаа хүчин төгөлдөр бус хэлцлээс учирсан хохирол шаардсан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна.
6.б. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулах шаардлагыг хангаагүй, гэрээ байгуулахгүйгээр хэлцлийн үндсэн дээр тохиролцсон харилцаа байгааг анхаараагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа хууль зүйн үндэслэлийг тодорхой заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Ц.А гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Маргаан бүхий орон сууц нэхэмжлэгч нарын нэр дээр шилжээгүй ба Ц.А гийн өмчлөлд байсан. Талууд тухайн орон сууцыг худалдах, худалдан авахаар амаар харилцан тохиролцсон хэдий ч миний бие таньдаг хүнээ орон сууцанд нь амьдруулж тодорхой хэмжээний төлөлтийг хийж байсан. Ц.А орон сууцыг тухайн хүнээс чөлөөлүүлж авсан байгаа тул гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч нь биднийг гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг төлөх ёстой байсан гэж маргадаг боловч бидний хооронд гэрээ хийгдээгүй бөгөөд гэрээ хийх боломжгүй гэдгийг анхнаасаа мэдэж байсан. 2020 оны 02 дугаар сард бид нар уулзаад орон сууц, түүний төлбөрт өгсөн мөнгийг харилцан буцаахаар тохиролцсон хэдий ч хариуцагч нь бидэнтэй холбогдоогүй. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Д.О , Н.Г нар хариуцагч Ц.А д холбогдуулан орон сууцны үнэд шилжүүлсэн 36,402,800 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хохирол 17,442,700 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ. /хх 1-2, 107, 120, 175/
3. Талууд 2017 оны 03 сард *** тоот хаягт байршилтай 49,53 м.кв талбайтай орон сууцыг худалдах-худалдан авах хэлцлийг амаар байгуулж, уг орон сууцыг Ц.А нь Д.О , Н.Г нарын эзэмшил, ашиглалтад 2017 оны 04 сард шилжүүлэн өгсөн, Д.О , Н.Г нар Ц.А гийн зөвшөөрөлгүйгээр 2018 оны 08 сард М.М ын эзэмшил, ашиглалтад дамжуулан шилжүүлсэн, улмаар Ц.А нь М.М аас 2020 оны 07 сард өөрийн эзэмшил, ашиглалтад буцаан шилжүүлэн авсан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон.
4. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж, 245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэгт ...үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авахад гэрээ болон шаардагдах баримт бичиг бүрдүүлэх, баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлийн газар бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хуулиар тавигджээ.
Иймд талуудын амаар байгуулсан гэх үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байна.
5. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу шийдвэрлэх учиртай.
Хэрэгт авагдсан Хаан банк дахь Д.О ийн эзэмшлийн *** тоот дансны хуулга, Н.Г ын эзэмшлийн *** тоот дансны хуулгаас үзвэл нэхэмжлэгч нараас 2017 оны 05 сараас 2019 оны 11 сар хүртэлх хугацаанд нийт 29,965,200 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдсон тул уг дүнг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт буцаан олгох нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийн зохицуулалтад нийцнэ. /хх 5-98/
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж хариуцагчаас нэхэмжлэгч нарт буцаан олгох мөнгөн дүнг зөв тооцоолсон байна.
6. Нэхэмжлэгч Н.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд анхан шатны шүүхэд нотлох баримт дутуу гаргаж өгсөн гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт ...анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах ... журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй гэж, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт ...давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэж тус тус зохицуулсан тул нэхэмжлэгчийн уг тайлбар ач холбогдолгүй.
7. Хариуцагч Ц.А нь хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өөрт учирсан хохирлыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй боловч ипотекийн зээлд сар бүр төлөх мөнгөн дүн болох 435,300 төгрөгөөр хохирлоо тодорхойлж шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь, ипотекийн зээл төлөх үүрэг нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч буюу Ц.А гийн хүлээх үүрэг тул уг дүнгээр хариуцагч Ц.А г хохирсон гэж үзэх боломжгүй юм.
Мөн хариуцагч Ц.А гийн шаардсан СӨХ-ны төлбөр гэх 466,000 төгрөг нь баримтаар нотлогдоогүй тул анхан шатны шүүх холбогдох сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.
Иймд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.
8. Үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байх боловч маргаанд хамааралтай эрх зүйн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.
Түүнчлэн, анхан шатны шүүх шийдвэрийнхээ удиртгал хэсэгт хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бичээгүй байгааг дурдах нь зүйтэй гэж үзэв.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/02056 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...42 дугаар зүйлийн 42.10, 243 дугаар зүйлийн 243.1-т... гэснийг ...56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт... гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...56.1, ... гэснийг ...56.2, ... гэж өөрчилж, ...73 дугаар зүйлийн 73.3, ... гэснийг хасч,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 307,776 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Д.НЯМБАЗАР