Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 256

 

                        

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Г.Эрдэнэ,

Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Ю.Тогмид /ҮД:1149/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Гд холбогдох 1806 09297 0100 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Завхан аймагт 1985 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, ах, эгч нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 13-604 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 499 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан саруул гэх, Б овогт Д-ийн Г /РД:.........../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Д.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 8-605 тоотод З.Батбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ггийн өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Батбаатарын өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Их засгийн хажууд найз Төртүвшинтэй уулзаад Дарь-Эхэд найз Цогбаярын гэрт очсон. Цогбаярын гэрт очиход зүс таних Г, Алтансолонго нар байсан. Сүүлд Цогбаярын эхнэр Улаанаа ирсэн. Би очихдоо халамцуу очсон тэнд бөөндөө 1 шил архи ууцгаасан. Би Цогбаярын гэрийн хойморт суугаад юм яриад Ггийн эхнэр Алтансолонготой юм яриад байж байсан. тэгээд нэг мэдэхэд Г миний толгой руу цохиод газар унаснаа мэдээд байна, тэрнээс хойш мэдэхгүй байна. Гэнэт түргэний эмч ирчихсэн надаас баахан цус гарчихсан байсан. Намайг Г эхнэртэйгээ хардаад цохисон гэж байсан. Г гараад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх.14-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Оюунтуяагийн өгсөн: “... өөрийгөө Батбаатар гэх залуу халамцуу гаднаас орж ирсэн. Улмаар Алтансолонго нь Батбаатар луу алцаганаад, улмаар Жабахай нь хардаад маргаад эхэлсэн. Тэгэхээр нь би галд нүүрс хийхээр гараад орж ирэхэд гэрийн баруун орон дээр Батбаатар, Жабахай 2 зодолдож байсан, улмаар гэрийн баруун хаяанд Батбаатарыг Жабахай нь цохиж унагаагаад хаяанд байсан хогийн шүүрний ишээр Батбаатарын толгой руу цохиод хажуунаас нь Алтансолонго нь зодоод байсан, Батбаатартай хамт гаднаас орж ирсэн согтуу залуу салгах гээд дийлэхгүй байсан, тэгээд Алтансолонго нь нөхрийгөө татаж авч баруун орон дээр ноцолдож байгаад гэнэт Жабахай нь гараад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх.4-5/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ариунзулын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13873 дугаартай: “... З.Батбаатарын биед зулай дагзны заагт болон зүүн шанаанд шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Шүүх эмнэлэгт гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шарх сорвижиж эдгэрнэ...” гэх дүгнэлт /хх.18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Ггийн яллагдагчаар өгсөн: “... Би өндийж ирээд хогийн шүүрний бариул шиг төмөр байхаар нь би Батбаатар луу далайх шиг болсон, тэгтэл Батбаатарын толгойн тус газар нь оноод хагараад цус гараад эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх.34-35/,

Иргэний үнэмлэхийн лавалагаа /хх.27/,

Хохирогч З.Батбаатарын гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, Д.Гтэй сайн дураар эвлэрсэн гэсэн хүсэлт /хх.36/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Д.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 8-605 тоотод З.Батбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Батбаатарын өгсөн: “... Би Цогбаярын гэрийн хойморт суугаад юм яриад Ггийн эхнэр Алтансолонготой юм яриад байж байсан. тэгээд нэг мэдэхэд Г миний толгой руу цохиод газар унасанаа мэдээд байна, тэрнээс хойш мэдэхгүй байна. Гэнэт түргэний эмч ирчихсэн надаас баахан цус гарчихсан байсан. Намайг Г эхнэртэйгээ хардаад цохисон гэж байсан. Г гараад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх.14-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Оюунтуяагийн өгсөн: “... Улмаар Алтансолонго нь Батбаатар луу алцаганаад, улмаар Жабахай нь хардаад маргаад эхэлсэн. Тэгэхээр нь би галд нүүрс хийхээр гараад орж ирэхэд гэрийн баруун орон дээр Батбаатар, Жабахай 2 зодолдож байсан, улмаар гэрийн баруун хаяанд Батбаатарыг Жабахай нь цохиж унагаагаад хаяанд байсан хогийн шүүрний ишээр Батбаатарын толгой руу цохиод хажуунаас нь Алтансолонго нь зодоод байсан...” гэх мэдүүлэг /хх.4-5/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ариунзулын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13873 дугаартай: “... З.Батбаатарын биед зулай дагзны заагт болон зүүн шанаанд шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Шүүх эмнэлэгт гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Ггийн яллагдагчаар өгсөн: “... Би өндийж ирээд хогийн шүүрний бариул шиг төмөр байхаар нь би Батбаатар луу далайх шиг болсон, тэгтэл Батбаатарын толгойн тус газар нь оноод хагараад цус гараад эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх.34-35/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ггийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Гд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Д.Ггийн үйлдсэн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч З.Батбаатар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, Д.Гтэй сайн дураар эвлэрсэн гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн  улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Д.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага шүүгдэгчид хүлээлгэх үндэслэлтэй байна.            

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Ггийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Д.Гд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хохирогчийн зүй бус үйлдэлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Гд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Д-ийн Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Гд сануулсугай.

4. Хохирогч З.Батбаатар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэсэн, Д.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

   ШҮҮГЧ                                              С.ӨСӨХБАЯР