Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01206

 

 

2023 06 19 210/МА2023/01206

Б.Б ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/01019 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б ын нэхэмжлэлтэй, хариуцагч У.Б д холбогдох, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие *** тоот хаягт орших 185 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм. 2017 оны 08 сард У.Б дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан авах, 2017 оны 12 сарын 30-ны дотор төлбөр тооцоог бүрэн төлж дуусгахаар тохиролцсон ч хугацаандаа төлөөгүй. Хугацаа сунгаж 2018 оны 02 сард багтаан төлөхөөр болсон боловч өнөөдрийг хүртэл төлбөр тооцоо хийлгүй намайг хохироож байна. Үл хөдлөх хөрөнгийн төлбөр тооцоог бүрэн төлж дуусгаснаар худалдах худалдан авах гэрээг албан ёсоор хийж гэрчилгээг У.Б гийн нэр дээр гаргахаар тохиролцсон байсан. У.Б төлбөрөө төлөлгүйгээр миний хөрөнгийг хууль бусаар эзэмшиж ашигласаар байна. Иймд У.Б г тус орон сууцнаас албадан гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2017 оны 08 сард үл хөдлөх эд хөрөнгийг 2 автозогсоолын хамт 500,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар амаар тохиролцож уг үл хөдлөх хөрөнгийн түлхүүрийг хүлээн авч байранд орсон. Ингээд 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг худалдан авч 150,000,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсан. Засвар хийсэн мөнгөө худалдан авах үнээс хасч тооцно гэдэг байр сууриар явсан. 2017 оноос хойш тодорхой хэмжээний мөнгө өгч байсан. Нэхэмжлэгчийн зүгээс би өөрийнхөө дансаар мөнгөө авахгүй, нэрлэсэн данс руу төлбөрийг хийгээд яваарай гээд тодорхой данснуудыг өгч байсан. Мөн байрны 190,000,000 төгрөгийн төлбөрийг шилжүүлэх гэсэн боловч дансаар ямар нэгэн мөнгө төгрөг авахгүй, бэлэн өгөөрэй гэхээр нь манай эхнэрийн хамаатан, дээр нь хариуцлагатай алба хашиж байсан гэж бодоод 190,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэжээ.

 

3.   Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: 2017 оны 08 сард *** тоот хаягт байрлалтай 185 м.кв талбай бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг 2 авто зогсоолын хамт Б.Б аас 500,000,000 төгрөгт худалдан авахаар амаар тохиролцсон. Уг хэлцлийг бичгээр байгуулж нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх талаар У.Б гийн зүгээс удаа дараа шаардахад бид садан төрөл тул гэрээ байгуулаад байх шаардлага байхгүй гээд хойш тавиад, гэрээ хийхгүй яваад байсан. Нэхэмжлэгч дотор засал огт хийгээгүй, харин гадна заслыг 6 айлын орон сууцыг барьсан компани гүйцэтгэсэн. Уг орон сууцанд эхнэр Ч.Д Т ХХК-тай 2017 оны 10 сарын 09-ны өдөр интерьерийн эскиз болон ажлын зураг төсөл боловсруулах *** дугаар гэрээг 4,700,000 төгрөгөөр байгуулж, интерьерийн эскиз зураг төслөө боловсруулж авсан. Т ХХК-ийн интерьерийн эскиз болон ажлын зураг төслийн дагуу хийж гүйцэтгэх, ажлын хөлсийг энэхүү гэрээний 4.1.1-д зааснаар 65,000,000 төгрөг байхаар тохирч, А.Адъяа нь зураг төслийн дагуу чанартай хийж гүйцэтгэн хугацаанд нь орон сууцыг бидэнд хүлээлгэн өгсөн. Интерьерийн эскиз болон ажлын зураг төсөл боловсруулахад 4,700,000 төгрөг, засварын ажилд 65,000,000 төгрөг, барилгын материал болон бусад зардалд падаанаар 114,687,400 төгрөг, нийт 184,387,400 төгрөгийг тухайн орон сууцыг бүрэн болгож хүн амьдрах нөхцөл бүрдүүлэхэд зарцуулсан. Б.Б нь урьд улс төрийн албан тушаал хашдаг байсан. Б.Б нь С ХХК-ийн байранд байрлах оффист 2017 оны 10 сараас 2020 оныг дуустал ирж бэлнээр болон дансаар 190,000,000 төгрөг авсан. Үүнээс охин Б.Б ийн дансаар 19,950,000 төгрөг, бэлнээр 170,050,000 төгрөгийг авсан. Бэлнээр авсан мөнгөнд баримт шаардахад хийж өгдөггүй, тооцоо нийлье гэхээр цааргалаад хамаатан садан тул бичиг хийх шаардлагагүй гээд мөнгө аваад явдаг байсан. Б.Б нь 2011 оны 08 сарын 04-ний өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. 2012 оны Улсын их хурлын сонгуулийн үеэр Б.Б ын төрсөн ах Б.Б нь У.Б гээс Б.Б ын сонгуулийн ажилд мөнгө хэрэгтэй байна гээд 50,000,000 төгрөг авсан бөгөөд уг мөнгөө энэхүү орон сууцны төлбөрт оруулан тооцохоор болсон. 2 автомашины зогсоолыг Б.Б өгөөгүй тул нийт 50,000,000 төгрөгт тооцож үл хөдлөх хөрөнгийн үндсэн үнээс хасаж тооцно. У.Б гийн хувьд одоогийн байдлаар орон сууцны үлдэгдэл 25,612,600 төгрөг өгөх ёстой. Иймд *** тоот хаягт байрлалтай 185 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр У.Б г тогтоож өгнө үү гэжээ.

 

4.   Нэхэмжлэгч хариу тайлбартаа: У.Б нь үл хөдлөх хөрөнгийн үнийг 2018 оны 07 сар хүртэлх хугацаанд хуваан төлөх санал гаргасан. Миний бие хариуцагч У.Б д үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 2017 оны 12 сард багтаан бүрэн төлбөл 500,000,000, харин 2018 оны 07 сар хүртэл хуваан төлбөл 600,000,000 төгрөгөөр өгч болно гэхэд У.Б ...за тэгвэл 2017 ондоо багтаан тооцоогоо дуусгаад 500,000,000 төгрөгөөр авъя... гэж амаар тохиролцсон. Гэвч удаа дараа хугацаа сунгасаар энэхүү гэрээ байгуулагдах боломжгүй болсон. Харин хариуцагч У.Б анхнаасаа огт мөнгө төлөхгүй байх, цаашлаад элдэв арга саам хийж хөрөнгийг хууль бусаар ашиглах санаа зорилготой байсан нь энэхүү сөрөг нэхэмжлэлээс харагдаж байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн засварын үнийг хасч 315,612,600 төгрөгөөр зарах тухай нэг ч удаа ярилцаагүй, ийм нэг ч гэрээг амаар болон бичгээр байгуулаагүй. Уг орон сууцанд засвар хийх ямар ч хүсэлт надад ирээгүй, миний бие ямар ч зөвшөөрөл олгоогүй. У.Б илт худал шаардлагынхаа нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

5.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У.Б гийн хууль бус эзэмшлээс *** тоот хаягт байрлах 185 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б т олгож, хариуцагч У.Б гийн гаргасан өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Б гээс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б т олгож шийдвэрлэжээ.

 

6.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

6.а.Нэхэмжлэгчийн зүгээс маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг У.Б д худалдахаар тохиролцсон гэдгээ анх нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд энэ талаар маргаагүй. 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг хариуцагч У.Б иж бүрэн тансаг зэрэглэлийн засвар хийж амьдрах болсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Шүүх сөрөг нэхэмжлэлийг нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар үнэлж дүгнээгүй бөгөөд зөвхөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Б.Б ын нэр дээр байна гэдэг үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

6.б.Талууд анхнаасаа тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авахаар тохиролцож Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл байгуулсан. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар уг хүсэл зоригийн илэрхийлэл дээр аль аль нь маргаагүй. Б.Б нь хариуцагч У.Б гийн хадам ах тул Б.Б ын хүсэлтийн дагуу бэлнээр болон шилжүүл гэсэн данс руу нь мөнгө шилжүүлж, уг мөнгө шилжүүлсэн болон бэлнээр өгсөн дүнгээр баримт шаардахад, түүнчлэн уг үл хөдлөх хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулахыг шаардахад Б.Б нь бид хамаатан садан гэдэг шалтгаанаар баримт болон гэрээ байгуулаагүй нь хариуцагч У.Б гийн тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. У.Б нь уг байранд тансаг зэрэглэлийн засвар хийсэн нь фото зургаг, интерьерийн зураг төслөөр тогтоогддог. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгөөгүй Б.Б ын үйлдэл нь Иргэний хулийн 182 дугаар зүйлд зааснаар У.Б гийн тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэх эрх зөрчигдсөний дээр мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг олж авах эрх зөрчигдсөн.

6.в.Сөрөг нэхэмжлэлийн тухайд уг үл хөрөнгийн үнэд зураг төсөлд 4,700,000 төгрөг, засварын ажилд 65,000,000 төгрөг, барилгын материал бусад зардалд 114,687,400 төгрөг, бэлнээр 190,000,000 төгрөг, Б.Б ын охин Б.Б ийн дансаар 19,950,000 төгрөг, Б.Б ыг УИХ-н сонгуульд нэр дэвшихэд нь 50,000,000 төгрөг, 2 авто зогсоол өгнө гээд өгөөгүй тул тус бүрийн үнэ 25,000,000 төгрөг нийт 474,387,400 төгрөгийг Б.Б т өгсөн, одоо 25,612,600 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тодорхойлсон. Гэвч хэрэгт авагдсан баримтаар зураг төслийн 4,700,000 төгрөг, засварын 65,000,0000 төгрөг, барилгын материал бусад зардалд 114,687,400 төгрөг, Б.Б ийн харилцах дансаар 19,500,000 төгрөг буюу У.Б гийн дансны хуулгаар нийт 79,450,000 төгрөг, С ББСБ ХХК-аас 25,000,000 төгрөгийг авч Б.Б т өгсөн, У.Б гийн эхнэр Ч.Д 2,500,000 төгрөг өгсөн гэж үзэхэд нийт 291,337,400 төгрөг өгсөн, 208,662,600 төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд 2 автомашины зогсоолын үнэ болох 50,000,000 төгрөгийг хасч тооцоход У.Б нь Б.Б т одоогоор 158,662,600 төгрөг өгөөгүй гэж дүгнэх боломжтой юм.

6.г.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт маргааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах хэлцлийг амаар байгуулсан талаар маргаагүй боловч тус гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй гэжээ. Дээр дурдсанаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байх учиртайн дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгөөгүй Б.Б ын үйлдэлд У.Б буруугүй юм. Хэдийгээр уг үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуулж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох боловч У.Б гийн зүгээс гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахыг удаа дараа хүсч, Б.Б т илэрхийлж байсан нь тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэх бүрэн боломжтой.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор гаргаж өгсөн баримтыг үнэлээгүй, зөвхөн Б.Б т үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байна гэдэг үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалд нийцээгүй тул үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

7.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Давж заалдах гомдол үндэслэлгүй. Талууд 2018 оны 02 сард багтаан орон сууцны төлбөрийг шийдсэн тохиолдолд худалдахаар амаар тохиролцоод хариуцагч орон сууцад нүүж орсон. Гэтэл хариуцагч нь орон сууцны төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд бичгээр буюу хуульд заасан үндэслэл журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Тэд төрөл садангийн хүмүүс бөгөөд Ковид-19 цар тахлын жилүүд өнгөрч өнөөдрийг хүрсэн хэдий ч хариуцагч орон сууцнаас гараагүй тул албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэх, өөрчлөх, дуусгавар болох нөхцөлийг Иргэний хуулийн 110 дугаар зүйлд тодорхойлсон ба үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр энэ эрх үүсдэг. Ингээгүй тохиолдолд уг хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Маргааны зүйл болсон орон сууцны өмчлөх эрх Б.Б т байгаа бөгөөд хэргийн баримтуудаар У.Б тухайн орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хариуцагч нь орон сууцны төлбөрийг төлсөн гэж маргадаг боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй. Хариуцагч нэхэмжлэгчийн охин Б.Б ийн дансаар 19,950,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтын талаар нэхэмжлэгч маргаагүй. Харин бусад төлбөр төлөгдсөн үйл баримтад маргаантай тул хариуцагчийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага үндэслэлгүй. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд 4 гэрчийн мэдүүлэг тусгагдсан бөгөөд тэд Б.Б т хэзээ, хаана, хэдэн төгрөг өгсөн болохоо санадаггүй, гэрчилж байгаа үйл баримтаа нотолж чадаагүй, харин У.Б гийн ярьсан зүйлийг ярьсан гэдгээ шүүх хуралдаанд нотолсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч У.Б д холбогдуулан *** тоот хаягт байршилтай 185 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ. /хх 1, 16, 24-25, 154-156/

 

3.   Б.Б , У.Б нар 2017 оны 08 сард маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 500,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар амаар хэлцэл хийсэн, уг үнийн дүн бүрэн төлөгдөөгүй болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдсон.

 

4.   Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж, 245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэгт ...үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авахад гэрээ болон шаардагдах баримт бичиг бүрдүүлэх, баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлийн газар бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хуулиар тавигджээ.

Иймд талуудын амаар байгуулсан гэх үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байна.

 

5.   Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаагаар *** тоот хаягт байршилтай 185 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нэхэмжлэгч Б.Б болох нь тогтоогдож байна. /хх 4, 5/

Нэг талаас хүчин төгөлдөр бус худалдах-худалдан авах хэлцэл хариуцагч У.Б д өмчлөгчөөр тогтоолгох шаардах эрхийг олгохгүй, нөгөө талаас хариуцагч У.Б үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй үйл баримт тогтоогдсон тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй, улмаар хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

6.   Иймд нэхэмжлэгч Б.Б Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө шаардах эрхтэй, үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв.

 

7.   Хариуцагч У.Б маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэд шилжүүлсэн гэх мөнгөн хөрөнгө, засвар үйлчилгээ хийхэд гарсан гэх зардлаа нэхэмжлэгч Б.Б аас шаардахад энэхүү магадлал саад болохгүй.

 

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/01019 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Д.НЯМБАЗАР