Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 291

 

                        

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Г.Эрдэнэ,

Шүүгдэгч Х.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Эд холбогдох 1806 07341 0201 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дорнод аймагт 1985 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эмэгтэй, 34 настай, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 26-573 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Д овогт Х-ийн Э /РД: ........../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Х.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 26-573 тоотод Х.Болор-Эрдэнэтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Эын өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Болор-Эрдэнийн өгсөн: “... Би 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цагийн үед Туулын 95199992 дугаар луу утасдаж MNBC-гийн кабелаа авъя гэхэд Туул за та Монел гэсэн автобусанд суугаад Цэлмэг дэлгүүр буугаад манайд хүрээд ир гээд надад гэрээ зааж өгөөд би 15:00 цагийн үед Туулын гэрт очсон... Нөхөртэй нь хамт бид 3 авсан архиа ууж байтал Туул над руу агсарч дайраад миний толгой, нүүр лүү гараараа цохисон. Тэгтэл гаднаас Туулын хамаатан гэх 2 эмэгтэй орж ирээд надад та яагаад агсам тавиад байгаа юм бэ гээд 1 эмэгтэй нь миний дээр дарж хэвтээд, Туул миний толгой руу удаа дараа цохиж, миний хөмсөгийг сэтэлж, хамар, шанаа нүүрний хэсэг рүү цохисон...” гэх мэдүүлэг /хх.9-10/,

“... Миний зүүн талын хөмсөг задарсан, хамар хөндүүртэй цохиулсаны дараа цус гарсан. Үснээс зулгаасан учраас үс унасан байсан. Энэ гэмтэлийг миний биед Туул учруулсан юм. Хөмсөгийг юугаар цохьсоныг бол мэдэхгүй байна, ямар ч байсан Туул намайг цохьсон, би гэрээс нь гараад гудамжны дэлгүүрт ороод тэр хүний утаснаас цагдаа дуудаад цагдаагийн байгууллага дээр ирээд гомдол гаргаж мэдүүлэг өгсөн, түргэний эмч ирж оёдол тавьж өгсөн. Түүнээс би өөрөө унаж өөрийнхөө хөмсөгийг сэтэлсэн асуудал огт байхгүй...” гэх мэдүүлэг /хх.24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Болорцэцэгийн өгсөн: “... 2018 оны 09 сарын 06-ны өдөр оройхон 1 эмэгтэйг 1 эрэгтэй хүн дагуулчихсан орж ирээд тэр эрэгтэй, “энэ эмэгтэй гадна уйлаад сууж байх юм, цагдаа дуудах гэсэн юм, хүнд зодуулчихсан юм шиг байна, миний утас цэнэг нь дуусчихсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь дэлгүүрийн утаснаас цагдаа дуудуулсан... тэр эмэгтэйн хөмсөг нь шалбараад цус гараад цус нь урсаад амныхаа тэр хавьд хатчихсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх.25-26/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Бадралын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10943 дугаартай: “... Х.Болор-Эрдэнийн биед зүүн хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд өнгөц няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Ц.Бадралын өгсөн: “... Х.Болор-Эрдэнийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зүүн хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт нь дангаараа гэмтэлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Харин зөөлөн эдийн няцрал, уруулд өнгөц няцарсан шарх гэмтэл нь дангаараа гэмтэлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх.34-35/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Эын яллагдагчаар өгсөн: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.40-41/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Х.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргиип 5 дугаар хороо, Монелын 26-573 тоотод Х.Болор-Эрдэнэтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Болор-Эрдэнийн өгсөн: “... Нөхөртэй нь хамт бид 3 авсан архиа ууж байтал Туул над руу агсарч дайраад миний толгой, нүүр рүү гараараа цохисон. Тэгтэл гаднаас Туулын хамаатан гэх 2 эмэгтэй орж ирээд надад та яагаад агсам тавиад байгаа юм бэ гээд 1 эмэгтэй нь миний дээр дарж хэвтээд, Туул миний толгой руу удаа дараа цохиж, миний хөмсөгийг сэтэлж, хамар, шанаа нүүрний хэсэг рүү цохисон...” гэх мэдүүлэг /хх.9-10/,

"... Миний зүүн талын хөмсөг задарсан, хамар хөндүүртэй цохиулсаны дараа цус гарсан. Үснээс зулгаасан учраас үс унасан байсан. Энэ гэмтэлийг миний биед Туул учруулсан юм. Хөмсөгийг юугаар цохьсоныг бол мэдэхгүй байна, ямар ч байсан Туул намайг цохьсон...” гэх мэдүүлэг /хх.24/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Болорцэцэгийн өгсөн: “... 2018 оны 09 сарын 06-ны өдөр оройхон 1 эмэгтэйг 1 эрэгтэй хүн дагуулчихсан орж ирээд тэр эрэгтэй “энэ эмэгтэй гадна уйлаад сууж байх юм, цагдаа дуудах гэсэн юм, хүнд зодуулчихсан юм шиг байна, миний утас цэнэг нь дуусчихсан” гэж хэлсэн... тэр эмэгтэйн хөмсөг нь шалбараад цус гараад цус нь урсаад амныхаа тэр хавьд хатчихсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх.25-26/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Бадралын 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 10943 дугаартай: “... Х.Болор-Эрдэнийн биед зүүн хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд өнгөц няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо... гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /хх.13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Эын яллагдагчаар өгсөн: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.40-41/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Х.Эын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Х.Болор-Эрдэнэ нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Х.Эыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Х.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Х.Эын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Х.Эд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Х.Эд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Х.Э нь цагдан хоридсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д овогт Х-ийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар, Х.Эд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Х.Эд сануулсугай.

5. Хохирогч Х.Болор-Эрдэнэ нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Х.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоридсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

   ШҮҮГЧ                                              С.ӨСӨХБАЯР