Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 310

 

                        

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Д.Гэрэлмаа,

Шүүгдэгч М.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Хд холбогдох 1806 06949 0249 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Увс аймагт 1990 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Баялаг ундраа” худалдааны төвд хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 1-22 тоотод оршин суух,  улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, овогт М-ын Х /РД:........../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

М.Х нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.Энхбаяртай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Хы өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Энхбаярын өгсөн: “... Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сансарын колонкын арын замд 100 айл чиглэлийн автобусны буудлын ойролцоо өөрийн эзэмшилийн 53-70 УНЛ улсын дугаартай Тоёота Рав-4 маркийн автомашинтай хөдөлгөөнд оролцож байтал 66-00 УНР улсын дугаартай Соната-5 маркийн автомашинтай хүн гүйцэж ирээд цонхоороо “чи муу үхсэндээ шахаад байгаа юм бэ, буугаад ир пизда минь” гэж орилоод байхаар нь би нэг их тоолгүй, чигээрээ 3 дугаар эгнээнд явж байгаад түгжрэн зогстол нөгөө машинтай хүн ард зогсоод машинаасаа буун гүйж ирээд, миний машины жолооч талын хаалга онгойлгоод, миний цамцны захаас барьж намайг боогоод, татаж буулгасан. Цамцны захаар урагдтал боосон. Миний өмсөж байсан цамцны зах урагдтал гараараа боогоод, миний цээжин хэсэгт болон хэвлий хэсэгт 2-3 удаа гараараа хүчтэй цохисон. Миний нүүр лүү гараараа түлхээд миний зүүж явсан нүдний шилийг эвдээд шидсэн...” гэх мэдүүлэг /хх.5-7/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Долгормаагийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 10178 дугаартай: “... Л.Энхбаярын биед дух, хүзүү, баруун мөр, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх.17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Хы яллагдагчаар өгсөн: “... 16 дугаар хорооллын замд машинтайгаа явж байхад урд талд 2 машин аваараа татсан зогсож байсан. Тэгээд би тойроод гарах гэтэл Рав-4 маркийн нэг машин намайг шахаад машинаараа манай машины толийг дэлгэчихсэн. Тухайн үед би огцом тоормослож зогссоны улмаас урд суудал дээр эхнэр Насанжаргалын өвөр дээр сууж явсан 2 настай Баянмөнх хүү маань урагшаа толгойгоороо салон мөргөсөн. Тэгээд миний уур хүрч цааш явж байтал Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын шатахуун түгээх станцын ойролцоо зам дээр явж байгаад зам түгжрээд нөгөө Рав-4 маркийн машин миний урд талд зогссон. Зам түгжирсэн байсан учир би машинаасаа буугаад Рав-4 маркийн машин дээр очтол жолооч талынх нь цонх онгорхой байсан. Тэгээд би жолоочид нь хандаж яаж яваад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгтэл жолооч нь миний урдаас уурлаж, чи өөрөө шахсан гэж надтай маргалдсан. Маргалдсаны улмаас би түүнийг цонхоор нь гараа оруулж заамдаж муудалцсан...” гэх мэдүүлэг /хх.40-41/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

М.Х нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.Энхбаяртай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Энхбаярын өгсөн: “... нөгөө машинтай хүн ард зогсоод, машинаасаа бууж гүйж ирээд, миний машины жолооч талын хаалга онгойлгоод, миний цамцны захаас барьж намайг боогоод татаж буулгасан. Цамцны захаар урагдтал боосон. Миний өмсөж байсан цамцны зах урагдтал гараараа боогоод, миний цээжин хэсэгт болон хэвлий хэсэгт 2-3 удаа гараараа хүчтэй цохисон. Миний нүүр лүү гараараа түлхээд, миний зүүж явсан нүдний шилийг эвдээд шидсэн...” гэх мэдүүлэг /хх.5-7/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Долгормаагийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 10178 дугаартай: “... Л.Энхбаярын биед дух, хүзүү, баруун мөр, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо... гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх.17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Хы яллагдагчаар өгсөн: “... Маргалдсаны улмаас би түүнийг цонхоор нь гараа оруулж заамдаж муудалцсан...” гэх мэдүүлэг /хх.40-41/,

Шүүхийн хэлэлцүүлэт шүүгдэгч М.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Хд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

М.Хы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Л.Энхбаяр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч М.Хыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

М.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ М.Хы үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

М.Хд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдэлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.Хд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

М.Х нь цагдан хоридсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ч овогт М-ын Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар, М.Хд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Хд сануулсугай.

5. Хохирогч Л.Энхбаяр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч М.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоридсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

   ШҮҮГЧ                                              С.ӨСӨХБАЯР