Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 208

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж

Нэхэмжлэгч: Дорноговь Эрдэнэ суманд 1956 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кино механикчийн мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар баг, Цагаан хөтөл гэх газарт оршин суух, хувийн мал аж ахуй эрхэлдэг, Пүрэвранжамба овогт Наваансамдангийн Сумъяагийн хүсэлтээр

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Сумъяа, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Алтансүх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Сумъяа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 25-ныг дуустал Дорноговь аймгийн Эрдэнэ сумын клубт кино механикчаар ажиллаж байсан юм. Тэр үед суманд ажиллаж байсан кино механикч нар нь аймгийн Баянговь театрт харъяалагдан ажилладаг байсан бөгөөд дээд удирдлага нь Дорноговь аймгийн Соёлын хэлтэс байсан юм. Тухайн үед кино механикч нарыг аймгийн Соёлын хэлтсээс Баянговь кино театрт ажиллуулахаар тушаал гаргаж, бид сум, сумандаа очиж кино механикчаар ажилладаг байсан юм. Ингээд 1990 оны сүүлчээр сумын клуб захиргааны мэдэлд шилжиж, тэр үеэс эхлээд кино үзэгчгүй болж, ажиллахаа больсон юм. Намайг 1990 оны сүүлд ажлаасаа гарахад Эрдэнэ сумын клубт байсан кино гаргадаг тоног төхөөрөмжийг хувьчилж авах талаар хэлж байсан боловч би аваагүй, тоног төхөөрөмж тэр чигтээ захиргааны мэдэлд очсон.  Миний бие нь тэтгэвэрт гарах насанд хүрсэн бөгөөд миний кино механикчаар ажиллаж байгаад ажлаас гарсан үеийн тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтэрт тодорхой бичилт хийгдээгүй байгаа тул тэтгэвэр тогтоолгох боломжгүй болоод байна. Иймд намайг 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 25-ныг дуустал Дорноговь аймгийн Эрдэнэ сумын клубт кино механикчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж,  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь :

Нэхэмжлэгч Н.Сумъяа нь 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 25-ныг дуустал Дорноговь аймгийн Эрдэнэ сумын клубт кино механикчаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд нэхэмжлэгч Н.Сумъяа нь 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 25-ныг дуустал Дорноговь аймгийн Эрдэнэ сумын клубт кино механикчаар ажиллаж байснаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан боловч тэрээр 1980 оны 02 сарын 09-ний өдрөөс  эхлэн 1990 оны 12 сарын 25-ныг хүртэл ажилласан болох нь нэхэмжлэгч Н.Сумъяагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан “ 1979 оны 06 сарын 10-ны өдөр нээсэн, Наваасамдангийн Сумъяа, төрсөн он 1956, 1980 оны 02 сарын 08-ны өдрийн конторын даргын 22 тоот тушаалаар аймгийн Баянговь кино театрын мэдэлд шилжүүлэв гэсэн тэмдэглэгээ бүхий нэхэмжлэгч Н.Сумъяагийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны соёлын  хэлтсийн даргын 1980 оны 09 сарын 11-ны өдрийн “ Наваансамдангийн  Сумъяаг 1980 оны 02 сарын 9-ний өдрөөс  эхлэн аймгийн Баянговь кино театрт  дагалдан кино механикчаар томилсугай” гэсэн 14 тоот тушаалын хуулбар,

-1983 оны 11 сарын 24-ний өдрийн “Дорноговь аймгийн Баянговь кино театрын 300,3 тоот дансанд кино үзвэрийн 1,500 төгрөгийг тушаав, мөнгө тушаасан Б.Сумъяа” гэсэн тэмдэглэгээ бүхий 207387 тоот мөнгө тушаасан баримтын хуулганы эх хувь,

-Баянговь кино театрын 1985 оны 12 сарын 27-ны өдрийн “ хүндэт Н.Сумъяа танаа...1985 оны жилийн бүх үзүүлэлтүүдийг хугацаанаас өмнө биелүүлж, хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасан хөдөлмөрийг үнэлэн шагнав” гэсэн баярын бичгийн эх хувь

- “Н.Сумъяаг  330 төгрөг”  гэсэн тэмдэглэгээ бүхий Баянговь кино театрын 1989 оны 12 сарын 25-ны өдрийн  урамшуулал олгох тухай 16 тоот тушаалын хуулбар, хавсралт,

нэхэмжлэгчтай хамт ажиллаж байсан гэрч М.Должинсүрэнгийн шүүхэд өгсөн “ Би 1972-1991 оныг дуустал Баянговь кино театрт монтажчинаар ажилласан юм. Н.Сумъяа нь Баянговь кино театрт 1980 оноос эхлэн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын кино механикчаар ажилд ороод 1989 оныг дуустал ажилласан, яг хэзээ  ажлаасаа гарсаныг сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг,

гэрч Д.Дуламсүрэнгийн шүүхэд өгсөн “ Би 1972-1991 оныг дуустал Баянговь кино театрт монтажчинаар ажилласан юм. Н.Сумъяа нь Баянговь кино театрт 1980 оноос эхлэн кино механикчаар ажилд ороод намайг 1990 онд ажлаасаа гарахад ажиллаад үлдсэн. Ажилдаа сайн хүүхэд байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Н.Сумъяа нь гэрч М.Должинсүрэн, Д.Дуламсүрэн нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг нотариатаар батлуулан шүүхэд нотлох баримтаар өгсөн бөгөөд дээрхээс үзэхэд  нэхэмжлэгчтэй гэрч Д.Дуламсүрэн нь 1973 оноос хамт ажилласан, М.Должинсүрэн нь 1973 оносс 1992 он  хүртэл хамт ажиллаж байсан нь тогтоогдож байна.

 Хэдийгээр нэхэмжлэгч Н.Сумъяагийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал, цалингийн баримт хэрэгт авагдаагүй боловч түүний шүүхэд нотлох баримтаар өгсөн ажилд томилогдсон талаар тэмдэглэгээ хийсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ажилд томилогдсон тушаалын хуулбар, урамшуулал авч байсан тухай тушаалын хуулбар, баярын бичиг, түүнчлэн түүнийг хэрхэн ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч нарын мэдүүлэг шүүх үнэлэх нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч Н.Сумъяаг 1980 оны 02 сарын 09-ний өдрөөс 1990 оны 12 сарын 25-ныг дуустал Дорноговь аймгийн Эрдэнэ сумын клубт кино механикчаар ажиллаж байсан тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлүүдийг дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Пүрэвранжамба овогт Наваансамдангийн Сумъяаг 1980 оны 02 сарын 09-ний өдрөөс 1990 оны 12 сарын 25-ныг дуустал Дорноговь аймгийн Эрдэнэ сумын клубт кино механикчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйл 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   А.ЦЭРЭНХАНД