Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 44

 

А.Б-, Б.Б-, Б.М-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч А.Очбадрал, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1467 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1298 дугаар магадлалтай, А.Б-, Б.Б-, Б.М- нарт холбогдох хэргийг А.Очбадрал, Б.Азжаргал нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 563 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 56 цагийн ялыг эдэлж, үлдсэн 224 цагийг эдлээгүй үлдэгдэлтэй, Б овогт Б-н Б-,

2. Монгол Улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 6, ***, ял шийтгүүлж байгаагүй, Ө овогт А-н Б-,

3. Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эм найруулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ***,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 563 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 176 цагийн ялыг эдэлж, үлдсэн 184 цагийг эдлээгүй үлдэгдэлтэй, Б овогт Б-н М-.

Б.Б-, А.Б- нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүлд” чуулгын урд талын автобусны буудал дээр нийтийн хэв журмыг зөрчиж, иргэн Г.М-г үл ялих зүйлээр шалтгаалан биед нь хүч хэрэглэсэн,

Мөн үед А.Б-, Б.М-, Б.Б- нар нь бүлэглэн иргэн Г.М-н толгойн тус газарт нь олон удаа гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, түлхэж унагах зэргээр биед нь халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-, А.Б-, Б.М- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, шүүгдэгч Б.Б-, А.Б- нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 520 цаг, шүүгдэгч Б.М-ыг 480 цаг, шүүгдэгч А.Б-г 400 цаг тус тус нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, А.Б- нарыг тус тус 1 жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтыг журамлан шүүгдэгч нарын ялыг нэмж нэгтгэн Б.Б-г 1 жил 2 сар 5 хоногоор, А.Б-г 1 жил 1 сар 20 хоногоор тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан шүүгдэгч Б.Б-, Б.М- нарын ялууд дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялуудыг тус тус нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Б-гийн эдэлвэл зохих хорих ялыг 1 жил 3 сар 3 хоногоор, шүүгдэгч Б.М-ын нийтэд тустай ажил хийлгэх ялыг 664 цагаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Б.М- нарын цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шүүгдэгч Б.М-ын эдэлбэл зохих нийтэд тустай ажил хийлгэх ялын нийт хэмжээг 608 цагаар тогтоож, шүүгдэгч Б.Б-, А.Б-д оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч А.Очбадралын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч А.Очбадрал, Б.Азжаргал нар хамтран гаргасан гомдолдоо “...давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг нь Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж явцдаа хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдсанаар үйлдэгддэг гэмт хэрэг. Хавтаст хэрэгт авагдсан камерийн бичлэгийг үзэхэд хохирогч Г.М-тэй А.Б- нь эхлээд маргаан үүсгэсэн байдаг.Тухайн үйл явдлыг харсан Б.Б- нь араас нь очиж хохирогчийг цохьсон байдаг ба Б.М- нь хохирогчид мөн хүч хэрэглэн биед нь халдсан байдаг. Өөрөөр хэлбэл 3 шүүгдэгч нар хохирогчид хоорондоо холбоогүй, өөр, өөр цаг хугацааны завсартайгаар хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан байдаг. Энэ нь Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчих гэмт хэргийн шинжийг агуулаагүй болох нь тодорхой харагддаг болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.М-н мэдүүлэг болон

камерийн бичлэгийг харахад шүүгдэгч Б.Б-, А.Б- нар нь бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, хүч хэрэглэн, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаагүй юм.

Учир нь А.Б- хохирогчид хүч хэрэглэн түүний биед хохирол учруулсан гэмт хэргийг үйлдээд эхэлчихсэн байх үед Б.Б- араас нь очиж үйлдлээрээ нэгдэн хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн. Шүүгдэгч нар нь анхнаасаа бүлэглэн хохирогчид хүч хэрэглэн, халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаагүй юм. Үүнээс харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж тус гэмт хэргийг үйлдсэн гэх хууль зүйн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.

Мөн шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дээр дурдсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаарх өмгөөлөгчийн дүгнэлт болон улсын яллагчийн хууль ёсны гэж үзэж шийдвэрээ гаргасан үндэслэлийн талаар дурдаагүй, няцаагаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна” гэжээ. 

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч А.Очбадрал хэлсэн саналдаа “...Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа бөгөөд А.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б-, А.Б- нар нь бүлэглэж автобусны буудал дээр нийтийн хэв журмыг зөрчиж, хохирогчийг үл ялих зүйлээр шалтаглан биед нь халдсан. Дээр нь нэмж Б.М- ирснээр бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Гол нотлох баримт болох камерийн бичлэгт шүүгдэгч Б.Б-, А.Б- нар нь автобусны буудал дээр буюу олон нийтийн газар, хохирогчийг автобусаа хүлээгээд зогсож байхад нь өдөж, хоргоох, малгайг нь авах, цамцны малгайгаар нь дарах байдлаар өдөж байгаад шууд бүлэглээд зодсон үйл баримт бичигдсэн. Шүүгдэгч Б.М-ын хувьд энэ хэрэгт оролцоогүй гэж мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч хохирогчийн мэдүүлгээр гурван шүүгдэгч үйлдлээрээ нэгдэж, бүлэглэж түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байгаа. Иймд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, А.Б- нарыг гэм буруутайд тооцож, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч А.Очбадрал, Б.Азжаргал нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн А.Б-, Б.Б-, Б.М- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзлээ.

Б.Б-, А.Б- нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал дээр нийтийн хэв журам, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, үл ялих зүйлээр шалтгаалан иргэн Г.М-д хүч хэрэглэн халдсан, мөн түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Б-, А.Б- нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийн үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн шүүгдэгч Б.Б-, А.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх Б.М-ын хэрэгт холбогдсон үйлдлийн шинж, түүний үйлдлийн эхлэл, өрнөл, төгсгөл, бусад шүүгдэгч нарын үйлдлээс тусдаа хэрэгжсэн байгаа нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй байна.

Тухайлбал, шүүгдэгч А.Б-, Б.Б- нар нэгдмэл санаа зорилгын хүрээнд бүлэглэж, хохирогч Г.М-д хүч хэрэглэн халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг эхлээд хэрэгжүүлсэн, улмаар Б.М- тэдний үйлдлийг таслан зогсоож салгасан, харин энэхүү үйл явдал дууссаны дараа тэрээр хохирогчийг тухайн газраас холдуулсан хойноо түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг дангаар үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийн зүйлчлэл болон ялыг хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч нарын хамтран гаргасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1467 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1298 дугаар магадлалд “Прокуророос шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж,

“Шүүгдэгч Б.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”,

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1 дэх заалтыг журамлан энэ тогтоолоор Б.М-д оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 128 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 528 цагаар тогтоосугай” гэсэн өөрчлөлт тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч А.Очбадрал, Б.Азжаргал нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                     ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                     ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                               С.БАТДЭЛГЭР

                                                                              Б.БАТЦЭРЭН

       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН