Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2021/0036/З |
Дугаар | 001/ХТ2021/0137 |
Огноо | 2021-11-15 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2021/0137
“Ф ...” ХХК-ийн
гомдолтой, Хан-Уул дүүргийн Татварын
хэлтсийн татварын улсын байцаагч
Д.О, Д.С нарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: П.Соёл-Эрдэнэ
Шүүгчид: Х.Батсүрэн
М.Батсуурь
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2021/0198 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 257 дугаар магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 136 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг хариуцагч Д.С-ийг оролцуулан гомдол гаргагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдлын шаардлага: “Ф ...” ХХК-иас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.О, Д.С нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шийтгэлийн хуудасны 1 дэх хэсгийн 120,000,000 төгрөгийн ногдол ашгаас хувь хүний орлогын албан татвар суутган авч төсөвт төлөөгүй гэх зөрчлийг хүчингүй болгох, уг зөрчилд холбогдох 12,000,000 төгрөгийн нөхөн татвар, 3,600,000 төгрөгийн торгууль, 780,000 төгрөгийн алданги, нийт 16,380,000 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах гомдлыг гаргасан.
2. Хэргийн нөхцөл байдал: “Ф ...” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” ХЭ-17/24 дүгээр тогтоолоор “... хувьцаа эзэмшигч болох Ц овогтой Э өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж 80,000,000 төгрөг, мөн “Ф ...” ХХК-ийн 2016 оны үйл ажиллагааны хуримтлагдсан ашиг 120,000,000 төгрөгөөр хувьцааны тоо ширхэг 200 байсныг 250, хувь нийлүүлсэн хөрөнгө 800,000,000 төгрөг байгааг 1,000,000,000 төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан байна.
Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шийтгэлийн хуудсаар: 2016 онд 120,000,000 төгрөгийн ногдол ашгаас хувь хүний орлогийн албан татвар сутган авч төсөвт төлөөгүй зөрчилд 12,000,000 төгрөгийн нөхөн төлүүлэх татвар, уг татварын 30 хувьтай тэнцэх 3,600,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2021/0198 дугаар шийдвэрээр: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.6, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.6-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “Ф ...” ХХК-ийн гомдолтой Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.О, Д.С нарт холбогдох Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шийтгэлийн хуудасны 1 дэх хэсгийн 120,000,000 төгрөгийн ногдол ашгаас хувь хүний орлогын албан татвар суутган авч төсөвт төлөөгүй гэх зөрчлийг хүчингүй болгох, уг зөрчилд холбогдох 12,000,000 төгрөгийн нөхөн татвар, 3,600,000 төгрөгийн торгууль, 780,000 төгрөгийн алданги, нийт 16,380,000 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 257 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 4 дүгээр зүйлийн 4.1.6 ...” гэснийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ. Үүнд:
5.1. Нэг. 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шийтгэлийн хуудсаар 2016 онд 120,000,000 төгрөгийн ногдол ашгаас хувь хүний орлогын албан татвар суутган авч төсөвт төлөөгүй зөрчилд ногдуулсан 12,000,000 төгрөгийн нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх 3,600,000 төгрөгийн торгох шийтгэл, 780,000 төгрөгийн алданги, нийт 16,380,000 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгох.
5.2. Хоёр. Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “... компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ” гэж зааснаас үзэхэд хувьцаа нь хөрөнгө биш эрх гэдэг нь харагдаж байна. Шүүх “... хувьцаа нь Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан тухайн хуулийн этгээдийн хөрөнгө байх тул ...” гэх эрх зүйн дүгнэлтээс харахад хувьцаа нь компанийн хөрөнгө юм бол хувьцаа эзэмшигчид ашгаас олгосон хувьцаа мөн адил компанийн хөрөнгө болно. Энэ тохиолдолд компани өөрийн хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй тул зөрчил үүсэхгүй, үүнд ногдох хууль зүйн хариуцлага байхгүй гэсэн үг юм.
ХЯНАВАЛ:
6. Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
7. “Ф ...” ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй нэг бүрийн 4,000,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200 ширхэг хувьцаатай, нийт хөрөнгө 800,000,000 төгрөг байсныг тус компанийн хувьцаа эзэмшигчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ХЭ-17/24 дүгээр тогтоолоор “хувьцаа эзэмшигч Ц.Э өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж 80,000,000 төгрөг, мөн “Ф ...” ББСБ-ын 2016 оны үйл ажиллагааны хуримтлагдсан ашиг 120,000,000 төгрөг буюу нийт 200,000,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр” шийдвэрлэж, нэг бүрийн 4,000,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 250 ширхэг хувьцаатай, нийт хөрөнгө 1,000,000,000 төгрөг болгож нэмэгдүүлжээ.
8. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шийтгэлийн хуудасны 1 дэх заалтаар “2016 онд 120,000,000.00 төгрөгийн ногдол ашгаас хувь хүний орлогын албан татвар суутган авч төсөвт төлөөгүй” зөрчил гаргасан гэж үзэж шийтгэл оногдуулжээ.
9. “Ф ...” ХХК-аас дээрх зөрчлийг хүчингүй болгуулах уг зөрчилд холбогдох 12,000,000 төгрөгийн нөхөн татвар, 3,600,000 төгрөгийн торгууль, 780,000 төгрөгийн алданги нийт 16,380,000 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулахаар маргасан байна.
10. Энэ хэргийн тухайд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:
- Хуримтлагдсан ашгаар компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлж, хувьцаа эзэмшигчид олгосон мөнгөн хөрөнгийг татвар ногдох ногдол ашгийн орлого гэж үзэх эсэх тухай байна.
11. Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Тухайн компаниас хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлсэн буюу гаргасан нийт давуу эрхийн болон энгийн хувьцааны нэрлэсэн үнийн дүнг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө ...” гэж заасан бөгөөд анх тус компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө нэг бүр нь 4,000,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 200 ширхэг хувьцааны үнийн дүнтэй буюу 800,000,000 төгрөгтэй тэнцэж байжээ.
12. Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн дор дурдсан хэлбэрээр өөрчилж болно”, 31.2.2-т “хувьцаа нэмж гаргах замаар өсгөх” гэж тус тус заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр хуримтлагдсан ашгийг хувьцаа болгох замаар хувьцааны тоо ширхгийг нэмэгдүүлж компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өсгөжээ.
13. Хувь хүний орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д ““суутгагч” гэж албан татвар төлөгчийн орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг” ойлгохоор заасан бол 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар албан татвар төлөгчийн татварын жилд олсон хөрөнгийн орлогод албан татвар ногдуулахаар, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д зааснаар “ногдол ашгийн орлого” нь хөрөнгийн орлогод хамаарахаар байх бөгөөд 13.4-д “Энэ хуулийн 13.1.3-т заасан ногдол ашгийн орлогод хувь нийлүүлсэн хуулийн этгээдээс ашиг хуваах, хувь хүртээх хэлбэрээр авсан мөнгөн болон мөнгөн бус орлого, түүний хүү хамаарна” заажээ.
14. “Ф ...” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ХЭ-17/24 дүгээр тогтоолоор хуримтлагдсан ашгаар хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэхээс өмнө уг мөнгөн хөрөнгө нь компанийн өөрийн хөрөнгөд[1] хамаарч байсан бол дараа нь компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд хамаарахаар болсон байна.
15. Өөрөөр хэлбэл, компанийн хуримтлагдсан ашиг 120,000,000 төгрөгөөр буурсан буюу өөрийн хөрөнгийн хэмжээ буурч, энэ хэмжээгээр компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдсэнээр /нэмж гаргасан хувьцааны тоогоор/ хувьцаа эзэмшигчийн хөрөнгө өсчээ. Энэхүү хөрөнгийг хэний өмч гэж үзэх, ямар зориулалтаар хэн захиран зарцуулах эрхтэй байх зэрэг нь өөрчлөгдсөн байна.
16. Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ” гэж заасан ойлголтод хамаарах компанийн хуримтлагдсан ашиг 120,000,000 төгрөгөөр буюу мөнгөн хэлбэрээр буурсан, харин хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан хувь нийлүүлсэн хөрөнгө уг мөнгөн дүнгийн хэмжээгээр өссөн байх тул “Ф ...” ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөнгөн хэлбэрээр ногдол ашгийн орлого хүртсэн байна.
14. Иймд Хувь хүний орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн дагуу “Ф ...” ХХК нь хувьцаа эзэмшигч Ц.Э-д олгосон “ногдол ашгийн орлогод” албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх суутгагчийн үүргийг хүлээхээр байна.
18. Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.6-д зааснаар “бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх” үүргийг хүлээсэн татвар суутган төлөгч хуулийн этгээд нь ногдол ашгийн орлогыг хувьцаа болгон шилжүүлсэн үнийн дүнгээр тооцож татвар суутган, төсөвт төлөх үүрэгтэй.
19. Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүх гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.
Зөрчилд ногдуулсан торгуулийн тухайд:
20. Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 74 дүгээр зүйлийн Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3-д зааснаар нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах замаар татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль оногдуулахаар байна.
21. Энэ тохиолдолд “Ф ...” ХХК биш түүний хувьцаа эзэмшигч нь орлого олж буй татвар төлөгч, харин “Ф ...” ХХК нь энэ харилцаанд суутгагчийн эрх зүйн байдалтай оролцогч байх тул гомдол гаргагч хуулийн этгээдэд энэхүү зохицуулалтын дагуу нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх 3,600,000 төгрөгийн торгууль ногдуулах үндэслэлгүй. Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д зааснаар суутгагчаар зөвхөн төсөвт төлөөгүй татварыг нөхөн төлүүлэхээр байна.
22. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд шийтгэлийн хуудсаар тогтоосон төлбөрөөс торгуульд хамаарах хэсгийг хассан өөрчлөлт оруулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2021/0198 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 257 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хувь хүний орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 8 дугаар зүйлийн 8.1, 13 дугаар зүйлийн 13.1.3, 13.4, Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.6, 29 дүгээр зүйлийн 29.1.5, 74 дүгээр зүйлийн 74.1.3-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “Ф ...” ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийг 3,600,000 төгрөгөөр багасгасугай” гэж өөрчилж, гомдол гаргагч “Ф ...” ХХК-ийн хяналтын гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчийн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
Х.БАТСҮРЭН
Д.МӨНХТУЯА
Ц.ЦОГТ
[1] Г.Давааням, Хувьцаат компанийн эрх зүйн үндсэн ойлголт, 1.хэвлэл, х.186 (2021)