Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 01

 

 

О.Эрдэнэбилэгт  хорих ялыг

 биечлэн эдлүүлсэн тухай

 

             Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                   

                                     Прокурор                Д.Ганцэцэг

                                     Ялтан   О.Эрдэнэбилэг

         Ялтны өмгөөлөгч    С.Батмөнх-Очир

         Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан

 

            Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргалын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар захирамжийг эс зөвшөөрч ялтан О.Эрдэнэбилэгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох хорих ялыг биечлэн эдлүүлсэн тухай материалыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, мөн оны 12 дугаар сарын 02–ны өдөр хянан шийдвэрлэх хугацааг сунган шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

              Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Тарагт суманд 1962 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, халх, 54 настай, бүрэн дунд боловсролтой, авто засварчин, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эх, дүү, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг Өнөр хэсэг 6-19 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1/22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 15 жил 1 сарын хугацаагаар  хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгүүлэн, уг ялаа эдлэж байгаад Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 56 дугаар шүүгчийн захирамжаар 2 жил 10 cap 12 хоногийн хугацаагаар хорих ял эдлэхээс хугацааны өмнө  тэнсэн суллагдан, мөн хугацаагаар  хянан харгалзагдаж байсан Харчин овогт Очирын Эрдэнэбилэг /Регистрийн дугаар ЙЮ62012971/

               Цагдаагийн газрын захиргааны хяналтанд байгаа О.Эрдэнэбилэг нь хяналтад байх хугацаандаа Монгол улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийг 2 удаа зөрчин тус бүр 5000 төгрөгийн арга хэмжээ авагдсан байх тул Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.8-д зааснаар арга хэмжээ авахуулахаар О.Эрдэнэбилэгт холбогдох материалыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхэд  шилжүүлжээ

              Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар захирамжаар: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.8-д зааснаар ялтан Очирын Эрдэнэбилэгийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 56 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, үлдсэн ял болох 2 жил 10 cap 12 хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар О.Эрдэнэбилэгт оногдуулсан 2 жил 10 cap 12 хоногийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, ялтан О.Эрдэнэбилэг нь бусдад төлөх телбөргүй, баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар ялтан О.Эрдэнэбилэгийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 336 дугаар зүйлийн 336.2-т зааснаар шүүгчийн захирамжид ердийн журмаар давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан захирамжилжээ.

Ялтан О.Эрдэнэбилэг гаргасан давж заалдах гомдолдоо:

            Миний бие Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1/22 дугаар шийтгэх тогтоолоор холбогдсон хэрэгтээ 15 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 4 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 56 дугаар захирамжаар хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж, хянан хяргалзах хугацааг 2 жил 10 сар 12 хоногоор бодож тогтоосон юм.

               Би урд алдсан алдаандаа дүгнэлт хийж, 80 гарсан хөгшин настай ээжийгээ асарч өөрөө нийгэмд ажил хийж, зүтгэх зорилготой, амьдрахгүй бол болохгүй гэдгээ ухаарч ажил хайж, таньж мэдэх хүмүүст захьсан боловч ял шийтгэгдсэн, нас 50 гарсан гэсэн  шалтгаанаар ажил олдоогүй. Ах, дүү нарынхаа тусламжаар Приус маркын авто машин зээлээр авч Өвөрхангай, Улаанбаатарын чиглэлд хувиараа хүн тээвэрлэхээр болж, анх удаа хүнс барааны захын Улаанбаатар хот явдаг авто машины зогсоолд 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зогсоод ганц, нэг хүн суулгаад байж байтал хувиараа хүн тээвэрлэдэг залуучууд намайг гадуурхаж Шагай гэгч залуу миний суулгасан хүмүүсийг машинаас чирч, гударч наад машин чинь явахгүй бид л явдаг гэж хэрүүл маргаан үүсгэсэн. Тэдгээр залуучууд цагдаа ирэхэд бүгд алга болсон байсан. Харин цагдаа намайг 5000 төгрөгөөр торгосон. Би архи, дарс ууж агсан согтуу тавьж, нийгмийн хэв журмыг зөрчсөн зөрчил гаргасан биш гэж бодоод 5000 төгрөгөөр торгуулиад яв гэхээр нь явсан. Энэ 5000 төгрөгийн торгуулиас болоод 2 жил 10 сарын хорих ялыг биечлэн эдлэнэ гэж бодоогүй. Мөн 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын хүн тээврийн үйлчилгээний Дорагоны өмнө авто зогсоол дээр зогсоод зорчигч хайж байх зуураа хүмүүс тамхи татдаг байшингийн буланд өөрийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, хэнэггүй зангаасаа болж тамхи татаж байгаад цагдаад торгуульсан нь үнэн. Энэ бол миний буруу. Цагдаагийн зарим албан хаагчид материал бүрдүүлэхдээ хянаж харгалзаж байгаа хүний биеэ авч яваа байдал амьдралын зорилго, алдсан алдаандаа дүгнэлт хийж шинээр амьдрал зохиох гэсэн хүсэл эрмэлзлийг минь огт хайхарч үзэлгүй хөнгөмсгөөр хандсанд гомдолтой байна. Миний бие хорихоос гарч ирснээс хойш огт архи, дарс хэрэглээгүй бөгөөд нийгмийн хэв журам зөрчсөн үйлдэл огт гаргаагүй. Үнэхээр болж бүтэхгүй үйлдэл гаргаж байсан бол би буруугаа хүлээж шийтгэлийг хүлээн зөвшөөрөх байсан. Цагдаагийн байгууллага захиргааны материал бүрдүүлж хянаж харгалзахдаа бодит байдалд зөв үнэлэлт дүгнэлт хийхгүй, хийсвэр хөнгөн хандсанд гомдолтой байна ...гэжээ.

                  Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Ганцэцэг гаргасан дүгнэлтдээ:

            О.Эрдэнэбилэг нь хорих ял эдлэж байгаад хугацаанаас өмнө суллагдаж хянан харгалзагдаж байхдаа  захиргааны зөрчил гарган торгуулийн арга хэмжээ авагдсан байгаа. Анхан шатны шүүх үндэслэл   бүхий захирамж гаргасан.

Иймд тус шүүхийн  шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар захирамжийг хэвээр үлдээн, ялтан О.Эрдэнэбилэгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна...гэв.

 

              Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч С.Батмөнх-Очир  гаргасан тайлбартаа:

         О.Эрдэнэбилэгийн давж заалдсан гомдлыг дэмжиж байна. О.Эрдэнэбилэг нь ялимгүй зөрчил гарган захирааны арга хэмжээ авагдсан байдаг. Захиргааны зөрчил гаргасан гэж гаргасан цагдаагийн  лавлагааг нотлох баримт гэж үзэхэд хангалтгүй. Ямар захиргааны зөрчил гаргасан талаар нотлох баримтыг бүрдүүлсний үндсэн дээр О.Эрдэнэбилэгт холбогдох асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй

              Иймд  Анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна... гэв.

 

ХЯНАВАЛ

           Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

          О.Эрдэнэбилэгт холбогдох материалын 26 дугаар хуудсанд авагдсан, торгуулийн хуудсаар торгох шийтгэл ногдуулсан зөрчлийн бүртгэлд О.Эрдэнэбилэгийг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цагт архидан согтуурч олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэсэн, 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр олон нийтийг үл хүндэтгэсэн үндэслэлээр тус бүр 5000 төгрөгөөр торгуульж захиргааны арга хэмжээ авагдсан нь эргэлзээтэй /дурдсан хуудсанд бүртгэлийн лавлагаанд О.Эрдэнэбилэгийн  хорих ял эдлэж байсан  хугацаанд буюу 2010 оны  12 дугаар сарын 15-ны өдөр, 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус тус эрүүлжүүлэгдсэн  гэсэн/ байхад О.Эрдэнэбилэгийг захиргааны зөрчил гарган арга хэмжээ авагдсан гэж үзэн түүнийг хугацааны өмнө тэнсэн сулласан шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, О.Эрдэнэбилэгийн эдлээгүй үлдсэн ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болсон үзэх боломжгүй байна.

          Иймд доор дурдсан нотлох баримтыг бүрдүүлсний эцэст О.Эрдэнэбилэгийн хугацааны өмнө тэнсэн сулласан хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэх асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэн түүнд холбогдох материалыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Үүнд:

             О.Эрдэнэбилэг нь хорих ялыг эдлэж байгаад Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 56 дугаар шүүгчийн захирамжаар 2 жил 10 cap 12 хоногийн хугацаагаар хорих ял эдлэхээс хугацааны өмнө  тэнсэн суллагдахдаа  жирийн дэглэмтэй хорих ангид дэглэм бууран ял эдлэж байсан гэж байгаа тул дэглэмийг  буруулсан шүүгчийн захирамж болон Д.Эрдэнэбилэгийг 2016 оны 4 болон 8-р саруудад захиргааны зөрчилд холбогдсон арга хэмжээ авагдсан гэх шийтгэвэр болон торгуулийн хуудсуудыг эх хувиар нь гаргуулан авч материалд хавсаргах нь зүйтэй байна.

Цаашид энэ төрлийн материалыг прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэж байх нь зүйтэйг дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгон О.Эрдэнэбилэгт холбогдох материалыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт буцаасугай.

2. О.Эрдэнэбилэгт урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон  түүнийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

3. О.Эрдэнэбилэг нь 64 хоног цагдан хоригдсонг дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-д хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхгүй болно.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                    ШҮҮГЧИД                                   Т.ДАВААСҮРЭН

                                                                                         М.МӨНХДАВАА