Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал би

Нэхэмжлэгч: Замын-Үүд сумын 1 дүгээр баг Нийгмийн даатгалын тасгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сумын 1 дүгээр баг “Хан шонхор” ХХК-д холбогдох,

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 17 016346 төгрөг төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Замын-Үүд сумын Нийгмийн даатгалын тасаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан шонхор ХХК нь 2014 оны 04-р сараас эхлэн нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан. Энэ хугацаанд нийгмийн даатгалын сангийн дансанд цаг хугацаанд нь төлөлгүй байнга хоцорч одоог хүртэл барагдуулаагүй болно. Энэ үйлдэл нь Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 16-р зүйлийн 16.1 “ажил олгогч даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олох бүрдээ энэ хуулийн 15-р зүйлийн 1-дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж тухайн сард багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” Мөн нийгмийн даатгалын тухай хуулийн 17-р зүйлийн 1.1 “ хөдөлмөрийн хөлсний сан түүнтэй адилтгах орлого болон түүнд ноогдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх” гэсэн заалтыг зөрчсөн тул Хан шонхор ххк -аар 17 016346 /Арван долоон сая арван зургаан мянга гурван зуун дөчин зургаан/төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Замын-Үүд сумын 1-р баг Нийгмийн даатгалын тасгийн дарга О.Анхилмаагаас 2016.06.23-ны өдөр “Хан шонхор” ХХК-ниас 2014 оны 04 сараас хойшхи хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэхээр 17 016 346 төгрөгийн нэхэмжлэлийг гаргасан байна. “Хан шонхор” ХХК-нийн Гүйцэтгэх захирлаар О.Дуламсүрэн томилогдон гэрээний дагуу 2014 оны 1 сараас 2016 оны 6 сар хүртэл хугацаанд тус компанийн бүхий л үйл ажиллагаа, орлого болон зардлыг хариуцан ажиллуулж байсан бөгөөд дээрх хугацаанд компани болон ажилчдын нэр дээр их хэмжээний өр төлбөр үүсгэж, “Хан шонхор- 1, 2” зочид буудлын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан тул О.Дуламсүрэнгийн зүгээс гэрээгээ цуцлах санал гаргаж “Хан шонхор” ХХК-нийн удирдлагыг буцааж авсан болно. Бид 2016 оны 6 сараас “Хан шонхор” ХХК-нийхаа үйл ажиллагааг хэвийн байдалд оруулж сэргээхийн тулд өөрсдийн зүгээс зах зээлийн хямралтай энэ хүнд үед боломжоороо хичээн ажиллаж байна. “Хан шонхор” ХХК нь Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт тавин 2016.05.30 байдлаар тооцоо нийлж 16953 354 төгрөгийн өртэй гарсныг харилцан батласан.

Нэгэнт хоёр талаас тооцоо нийлэн нийгмийн даатгалд төлөх өрийг тодорхойлон харилцан баталсан байхад түүнийг хэрхэн төлөх талаар хугацаатай хуваарь гарган хамтран ажиллахын оронд Нийгмийн даатгалын тасгийн дарга О.Анхилмаа бидэнд мэдэгдэж албан шаардлага ирүүлэхгүйгээр шууд шүүхэд нэхэмжлэл гаргасанд бид гайхаж байна. “Хан шонхор” ХХК-нийн хувьд энэхүү нийгмийн даатгалын өрийг бүгдийг нь нэг дор төлөх санхүүгийн боломжгүй байгаа бөгөөд төлбөр төлөх хуваарь гарган сар сараар өрийг төлөөд явж байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Замын-Үүд сумын Нийгмийн даатгалын тасаг нь хариуцагч “Хан шонхор” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 17 016346 төгрөг төлүүлэхээр тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Хан шонхор ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 17 016346 төгрөг төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1-т зааснаар нэхэмжлэгч Нийгмийн даатгалын тасгаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 17 016346 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  Хан шонхор ХХК нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Хан шонхор ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 243 032 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Хан шонхор ХХК нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ   Л.БАТЖАРГАЛ