Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2016/00060/И |
Дугаар | 134/ШШ2016/00098 |
Огноо | 2016-07-21 |
Маргааны төрөл | Бэлэглэл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 134/ШШ2016/00098
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М.Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Я холбогдох
Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Н нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.П итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Хас банк” ХХК-ийн Чойр салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г гэрч Э.У нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2010 онд байр авахад мөнгө дутсан бөгөөд зээл авах гэтэл зээлтэй хүнд зээл өгөхгүй гэсэн. Ингээд хариуцагч Г.Я нь надад аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх 1 хувийн хүүтэй зээлд хамрагдах гэж байгаа, миний барьцаа хөрөнгө хүрэхгүй байна. Та гурван жилийн хугацаатай орон сууцныхаа гэрчилгээг өгөөч гэхээр нь Г.Я итгээд орон сууцныхаа гэрчилгээг өгөөд явуулсан. Гэтэл хүний байр болохгүй гэнээ заавал өөрийн нэр дээр байгаа орон сууцны гэрчилгээг барьцаанд тавих ёстой гээд байна, хоёулаа бэлэглэлийн гэрээ байгуулаад та орон сууцаа миний нэр дээр түр шилжүүлээд өгөөч гэхээр би Г.Я* заавраар орон сууцныхаа гэрчилгээг түүний нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн юм. Ингээд бид 10 000 000 төгрөгийн зээл аваад Г.Я 5 500 000 төгрөг, би 4 500 000 төгрөгийг авсан.
Бид хоёрын тохиролцоо ёсоор 2010 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд орон сууцаа Г.Я нэр дээр шилжүүлэх байсан. Миний бие тохиролцсон хугацаа болоход буюу 2013 оны 06 дугаар сар өнгөрөхөөр орон сууцныхаа гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх шаардлагыг Г.Я тавьсан хэдий ч дахиад нэг жил надад орон сууцныхаа гэрчилгээг хэрэглүүлээч гэхээр нь би зөвшөөрсөн юм. Ингээд 2014 оны зун миний бие Сүмбэр сум, 3 дугаар баг, 4 дүгээр байрны 122 тоот орон сууцны өмчлөгчийг өөрчлүүлж, өөрийн нэр дээр шилжүүлэхийг Г.Я шаардахад нөхрийн бие муу, эм тарианд их мөнгө зарцуулдаг, орон сууцны чинь гэрчилгээг өгнө өө айлтгүй гэхэд нь би одоо л орон сууцныхаа гэрчилгээг авмаар байна, энэ орон сууцыг би том хүү Ууганбаатарт авсан, хүү гэрлэсэн байрандаа орох гээд байна гэхэд ямар нэг арга хэрэглэсээр миний орон сууцны гэрчилгээг өнөөдрийг болтол өгөхгүй байгаа.
Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш орон сууц Д.П нэр дээр шилжсэн, банкинд барьцаалагдсан гэж мэдсэн. Бодит байдал дээр Д.П худалдаж аваагүй, одоо тэр байранд миний хүү Ууганбаатар амьдардаг, ус, дулаан, цахилгааны төлбөрөө тэр өөрөө төлдөг юм
Бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн тул уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагч Г.Я шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие 2014 онд М.Н ярьж тохиролцож 4 дүгээр байрны 122 тоот байрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, 10 000 000 төгрөгийн барьцаанд тавьж, 5, 5 саяар тэнцүү хувааж хэрэглэсэн нь үнэн. Энэ зээл дууссаны дараа жил буюу 2015 онд М.Н эгчээс би байрыг гуйж, 1 жил зээлийн төлбөрт барьцаалаад буцааж өгье гэж тохиролцсон боловч 2014, 2015 онд миний нөхөр Амаржаргал нь зүрхний шигдээс өвчнөөр өвдөж, улмаар харвалт өгч, тал биед нь саажилт үүсэж, өнөөдрийг хүртэл 2 жил тасралтгүй эмчилгээнд явсаар байгаа тул надад гаднаас орж ирэх өрхийн орлого байхгүй, бизнесээ эрхлэх ямар ч боломжгүй болсон болохоор байрыг суллаж өгч чадаагүй нь үнэн.
М.Н эгч өөрөө над дээр ирж барьцаа чинь хүрэхгүй бол хамтран зээл хувааж авъя гэсэн. Ярьж байгаад л шилжүүлсэн тул надад энэ хүний байрыг цаашид ашиглах зорилгогүй, амьдралын гачигдлаар л суллаж өгч амжаагүй юм. Иймд М.Нарангэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.П итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.П нь 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Г.Я Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, 4 дүгээр байрны 122 тоотод байрлах орон сууцыг 35 000 000 төгрөгөөр худалдаж авсан ба барьцаанд тавьж банкнаас зээл авсан. Тухайн үед уг орон сууцыг худалдаж авахад Г.Я нэр дээр бүртгэлтэй байсан. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой аливаа хэлцэл нь Улсын бүртгэлд бүртгүүлсэнээр хүчин төгөлдөр болдог. Одоо Улсын бүртгэлд уг орон сууцны өмчлөгчөөр Д.П нь бүртгэлтэй байгаа. Түүний өмчлөх эрхэд халдаагүй байгаа тул бие даасан шаардлага гаргаагүй, улсын бүртгэл хууль бус гэсэн баримт хэрэгт авагдаагүй тул хүчин төгөлдөр гэж үзнэ. Иймд хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х ХХК-ийн Чойр салбар шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М.Н нэхэмжлэлтэй Г.Я холбогдох бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт тус банк нь маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийн барьцаалагчийн хувьд гуравдагч этгээдээр оролцож энэхүү тайлбарыг гаргаж байна.
Банк нь Д.П 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж орон сууц худалдан авах зориулалттай зээл олгосон бөгөөд зээлдэгч нь тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон мөн өдөр 1120010732 дугаар барьцааны гэрээгээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, 4-8-122 тоот, үл хөдлөх эд хөрөнгийн 000219167 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-1902000546 дугаартай, 48м.кв орон сууцыг барьцаалуулсан. Талуудын хооронд зээлийн болон барьцааны хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан ба зээлдэгч Д.Пүрэвчулуу нь зээлийн гэрээний үүргийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж байгаа, уг гэрээний үүрэг дуусгавар болоогүй үргэлжилж байгаа. Барьцаагаар хангагдах шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 2034 онд дуусгавар болохоор гэрээгээр тохирсон.
Зохигч талуудын хооронд үүссэн бэлэглэлийн гэрээний маргааны хувьд хөрөнгийн өмчлөх эрх дараа дараагийн шударга өмчлөгчид шилжсэн, барьцааны эрх үүссэн зэрэг нөхцөл байдалд хүчин төгөлдөр бусад тооцуулах, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийг буцаан шилжүүлэх боломжтой эсэх зэрэг нь эргэлзээтэй, эрх зүйн тодорхойгүй үр дагавар дагуулж болзошгүй байна. Банк уг үл хөдлөх хөрөнгийн хувьд өмчлөх эрх нь дээрх байдлаар нэг этгээдээс нөгөөд шилжсэн, хожим нь ийнхүү маргаан үүснэ гэдгийг мэдээгүй, мөн мэдэх, урьдчилан тааварлах боломжгүй байсан.
Иймээс Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр ипотекийн эрх тус банкинд үүссэн, түүгээр хангагдах гэрээний үүрэг дуусгавар болоогүй байгаа зэргийг харгалзан үзэж, барьцаалагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэв.
Зохигч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Г.Я холбогдуулан 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй байна.
Гэсэн хэдий ч маргаан бүхий Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, 4-122 тоотод байршилтай орон сууц нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.П өмчлөлд 2014 онд худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжсэн болох нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 282 тоот албан бичгээр тогтоогдож байна.
Үүнээс өмнө буюу 2010 онд М.Н нь өөрийн эзэмшлийн Сүмбэр сум, 3 дугаар баг, 4-8-122 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1902000456 дугаар бүхий 48 м.кв, 3 өрөө орон сууцыг Г.Я өмчлөлд бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, 2010 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Бэлэглэлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000102248 дугаартай гэрчилгээ зэрэг хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Г.Я тохиролцож, орон сууцаа түүний нэр дээр шилжүүлээд, 10 сая төгрөгийн зээл авч, Г.Я 5 500 000, би 4 500 000 төгрөгөөр хувааж авсан. 3 жилийн дараа орон сууцыг миний нэр дээр буцааж шилжүүлэхээр тохирсон. Харин бэлэглэх хүсэл зориг байгаагүй” гэж,
хариуцагч нь “М.На тохиролцож, 4 дүгээр байрны 122 тоот байрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч 10 000 000 төгрөгийн барьцаанд тавьж, 5, 5 саяар тэнцүү хувааж хэрэглэсэн, одоо бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус тайлбарлаж байна.
Энэхүү бэлэглэлийн гэрээг байгуулахдаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг үнэ төлбөргүй шилжүүлэх хүсэл зориг гэрээний оролцогч талын хэн алинд нь байгаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон тул гэрээг дүр үзүүлсэн хуурамч, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна.
Иймд уг хэлцэл нь хийсэн үеэсээ зорилгодоо нийцээгүй, хууль зөрчсөн, дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.
Дээрх бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “...хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх ...үүрэгтэй боловч маргаан бүхий орон сууц нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.П өмчлөлд хэлцлийн үндсэн дээр шилжсэн, уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж, түүнд өмчлөх эрх үүссэн ба тэрээр Хас банкны барьцаанд тавьсан болох нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Пүрэвчулуугийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “уг орон сууцыг хэлцлийн үндсэн дээр 35 000 000 төгрөгөөр Г.Я худалдаж авсан, өөр хүний өмчлөлийн байр гэж мэдээгүй, улсын бүртгэлд Г.Я нэр дээр бүртгэгдсэн байсан” гэсэн тайлбар, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 282 тоот албан бичиг, Х Чойр салбарын “Зээл олгох зөвшөөрөл”, 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 172б тоот Чойр салбарын зээлийн хорооны хурлын тогтоол, 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1120010732 дугаартай зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 1370 дугаартай барьцаалбар зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдлоо.
Нөгөөтэйгүүр Г.Я Д.П нарын хооронд байгуулсан орон сууц худалдсан гэрээ, Хас банкны зээлийн болон барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр байна.
Хүчин төгөлдөр бус болсон гэрээний үр дагаврыг шүүх шийдвэрлэх ёстой ба дээрх нөхцөл байдлын улмаас орон сууц буцаан өгөгдөх боломжгүй болсон тул нэхэмжлэгч нь уг байрны үнийг буруутай этгээдээс гаргуулахад уг шийдвэр саад болохгүй юм. Харин Г.Я нь бэлэглэлийн гэрээ байгуулж, үүний дагуу мөнгө өгөөгүй тул түүнд энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэнээс буцааж өгөх зүйл алга байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас дээрх хураамжийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэж, баримт 22-ыг үйлдэж баримтжуулсан ба тэрээр шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар М.Н Г.Я нарын хооронд байгуулагдсан 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, тоотод байрлах орон сууцыг буцааж өгөх боломжгүй болсон тул М.Н нь орон сууцны үнийг Г.Я гаргуулах эрхтэйг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 174 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ