Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01271

 

2023 06 26 210/МА2023/01271

Г.Ө ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/01093 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Ө ы нэхэмжлэлтэй, Н т холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: *** тоотод байрлах, Г.Ө ы ээж Ж.Ц гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн, 30 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг 2023 оны 01 сарын 10-ны өдөр Х ХХК 49,500,000 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Учир нь, тухайн үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур байх бөгөөд анх тухайн байрыг 2011 онд 73,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Үүнээс хойш тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өсөх байтал харин ч доогуур үнэлсэн нь Үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээг хийхдээ бодитой, шударга байх зарчмыг зөрчсөн байна. Иймд дээрх үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Х ХХК-ийн тайланг судлан үзэхэд тухайн орон сууцыг үнэлэхдээ нийтийн орон сууцны зориулалттай, төмөр бетон арагт бүтэцтэй, тоосго блокон дүүргэгчтэй, цутгамал бетон хучилттай гэсэн төрөлд оруулан зах зээлийн жишиг харьцуулалтын аргаар үнэлж, үнэлэгдэж буй хөрөнгөтэй ижил төстэй хөрөнгүүдийн зах зээлийн үнэ ханшийн судалгаа, зах зээлийн үнийн мэдээллийг судалж, мөн уг хөрөнгийн ашиглалт, өнгө, үзэмж, элэгдэл, хорогдол, чанар байдалд харьцуулан үнэлсэн байна. Түүнчлэн, Ү , *** , *** зэрэг сайтуудын үнэ ханшийг сонгон жишиж, бодит үнэлгээг гаргасан байна. Тухайн орон сууц 2011 онд ашиглалтад орсон бөгөөд Х ХХК 49,500,000 төгрөгөөр үнэлснийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэх боломжгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт хөрөнгө үнэлэх талаар тодорхой тусгасан бөгөөд ингэхдээ хөрөнгийг орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэхээр хуульчилсан байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Ө ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Ө ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. *** тоотод байрлах, Г.Ө ы ээж Ж.Ц гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн, 30 метр квадрат талбай бүхий нэг өрөө орон сууцыг Х ХХК-аас 49,500,000 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн. Уг орон сууцыг анх 2011 онд 73,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан ба одоо эдийн засгийн өсөлт, инфляцийн өөрчлөлттэй уялдаж үнэлгээ нэмэгдэх нь зайлшгүй байхад 13 жилийн өмнөх үеийн үнэлгээнээс доогуур үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, эдийн засгийн тооцоололгүй үнэлгээ гаргасныг харуулж байна.

4.б. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Үнэлгээ бодитой байх, 4.5 дахь хэсэгт Хөрөнгийн үнэлгээ хийхэд үнэлгээний олон улсын стандарт, стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дүрэм, журмыг мөрдлөг болгоно гэж тус тус заасан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээ хийхдээ ямар стандарт, мөрдлөг, дүрэм, журмаар үнэлгээ хийсэн нь тодорхойгүй байна. Өнөөдрийн байдлаар *** байр орчмын үнэ ханш 80,000,000 төгрөг орчим байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Хариуцагч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс зах зээлийн үнийг хэт доогуур байна гэж үзсэн талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Мөн нэхэмжлэгч орон сууцыг 73,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэх боловч хариуцагчийн зүгээс шинжээч томилсон. Шинжээч тухайн орон нутгийн зах зээлийн ханшаар үнэлгээ тогтоосон. Зах зээлийн үнээс доогуур байна гэж үзсэн талаарх нотлох баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.     Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2.     Нэхэмжлэгч Г.Ө нь хариуцагч Н т холбогдуулан *** тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай орон сууцыг 49,500,000 төгрөгөөр үнэлсэн Х ХХК-ийн 2023 оны 01 сарын 10-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 44/

 

3.     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01442 дугаар шийдвэрээр хариуцагч Г.Ө , Ж.Ц нараас 57,692,956 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, барьцаа хөрөнгө болох *** тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Н т даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 сарын 09-ний өдрийн 1656 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 сарын 16-ны өдрийн 001/ХТ2021/00221 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх 46-47, 48-50, 51-52/

 

4.     Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэх байгууллага 2022 оны 02 сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэрт дурдагдсан орон сууцыг 2022 оны 06 сарын 02-ны өдөр битүүмжилж, 2022 оны 12 сарын 15-ны өдөр хураан авч, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2023 оны 01 сарын 05-ны өдөр шинжээчээр Х ХХК-ийн үнэлгээчин Ж.У г томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад тус тус нийцжээ. /хх 53, 61, 69, 76/

 

5.     Х ХХК-ийн шинжээч нь Сангийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээчид хуульд заасан эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулж, хууль тайлбарлаж тэмдэглэл үйлджээ. /хх 100, 77, 78/

 

6.     Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан шаардлагын үндэслэл, түүнийг нотлох баримтыг өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэж зөв дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл, ...үнэлгээчин орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн... гэх тайлбараа нэхэмжлэгч нь баримтаар нотолж чадаагүй тул анхан шатны шүүх түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

7.     Нэхэмжлэгч талын гаргасан ...үнэлгээ хууль зүйн үндэслэлгүй, эдийн засгийн тооцоололгүй, үнэлгээ хийхдээ ямар стандарт, мөрдлөг, дүрэм журмаар үнэлгээ хийсэн нь тодорхойгүй... гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Тодруулбал:

7.а.Үнэлгээчин нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Олон улсын үнэлгээний International valuation standarts стандартыг үнэлгээ хийхдээ баримталсан талаар үнэлгээний тайландаа тодорхой дурдсан байна.

7.б.Үнэлгээчин нь үл хөдлөх эд хөрөнгийн байршил, зориулалт, ашиглалтад орсон он, талбайн хэмжээ, барилгын хийц, бүтээц, инженерийн дэд бүтэц, дотор засал зэргийг харгалзан үзэж, зах зээлийн хандлага, өртгийн хандлагын арга, аргачлалыг ашиглан үнэлгээ гаргасан байна.

 

8.     Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдагдсан ...орон сууцыг 2011 онд 73,000,000 төгрөгөөр худалдан авч байсан, одоо 80,000,000 төгрөгийн үнэ ханштай байгаа... гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

9.     Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/01093 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 сарын 31-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР