Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 1574

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

Улсын яллагч Э.Оюунтунгалаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэр /ҮД:1338/,

Шүүгдэгч Х.И, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Байгалмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ид холбогдох 1806 06395 1522 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1954 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 64 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, холбооны техникч мэргэжилтэй, өвчиний группт байдаг, ам бүл 4, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 20-399 тоотод оршин суух, Халхын голын ялалтын ойн медаль, Социалист хөдөлмөрийн 5, 6 дугаар таван жилийн гавшгайч тэмдэгийн шагналтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадваргүй, Б овогт Х-ийн И /РД:........../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Х.И нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын байрны 2 давхарын 206 тоот өрөөнд иргэн Б.Амартүвшинг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Иы өгсөн: “... Намайг юм асуухад хохирогч хариулахгүй уурлаад байсан. Мөн намайг багалзуурдаад байсан учир би хутгалчихсан юм...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Амартүвшингийн өгсөн: “... Учрал гэх ажилтан наад хүн чинь Бадам- Очирыг цохичихлоо гэхээр нь би тэр хүнд хандан “та өөрийн охин шигээ хүүхдийг цохиж уйлуулаад гэж хэлээд би “та хойшоо байж бай” гэж 2 гараараа мөр лүү нь түлхэхэд тухайн хүн миний зүүн бөөрний урдаас гараараа цохиод татаад авсан. Би тэгэхэд хутгалагдсанаа мэдээд “намайг хутгалчихлаа өрөөнөөс гаргаарай” гэж хэлээд түрүүлээд өрөөнөөс гараад миний араас Учрал гарсан...” гэх мэдүүлэг /хх.29/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Туяагийн өгсөн: “... Бадам-Очир уйлаад та яахаараа хүнийг зоддог юм гээд уйлаад байхаар нь хаалгыг нь онгойлгоод харсан чинь сүүлд орсон өвгөнтэй Бадам-Очир маргалдаад хэрэлдээд зогсож байсан бөгөөд гаднаас тамгын дарга Амартүвшин ороод ирэхээр нь бусад тэрүүгээр байсан хүмүүс гарч яваад тамгын дарга Амартүвшин, Бадам-Очир, өвгөн 3 үлдээд хаалгаа дотроос нь хаачихсан. Ингээд дотор юм яриад байх шиг байсан бөгөөд нэг их сүрхий маргаж байгаа чимээ сонсогдоогүй. Ингээд төд удалгүй тамгын дарга Амартүвшин баруун хэвлий хэсгээ гараараа дарчихсан түргэн гялс дуудаадах гээд өрөөнөөс гарч ирээд 201 тоот өрөө рүү орсон...” гэх мэдүүлэг /хх.38/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Цэрэннадмидын өгсөн: “Би 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газарт угтагчаар ажиллаж байтал 10 цаг өнгөрч байхад эрэгтэй, малгайтай, малгай дээрээ картон цаасан дээр юм бичээд наачихсан, энгэр хэсэгтээ том картон цаасан дээр юм биччихсэн, 55-56 орчим насны хүн орж ирээд дээшээ гарах гэсэн, тэгэхээр нь та хаачих гэж байгаа юм бэ гэж асуутал дүүргийн даргатай чинь уулзъя гэж хэлсэн, тэгэхээр нь 2 давхарт 206 тоот зүүн тийш эргээд байгаа гэж хэлсэн чинь тэр хүн дээшээ гарсан...” гэх мэдүүлэг /хх.40/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Бадам-Очирын өгсөн: “... Дарга энэ хүн чамайг цохисон юм уу гээд түүний гарын булчин хэсгээс барьсан чинь тэр хүн өмнөөс нь яадаг юм, цагдаа дууд гээд учир нь ойлгогдохгүй юм яриад байсан... тэгээд дарга нөгөө хүнийг гараас нь бариад та яагаад эмэгтэй хүнийг цохиж байгаа юм бэ гэсэн чинь даргын зүүн талын хэвлий хэсэг рүү нэг удаа цохих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх.46/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 9461 дугаартай “... Б.Амартүвшингийн биед хэвлийн зүүн хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.52/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 687 дугаартай “Х.И нь сэтгэцийн хувьд “Үлдэц шизофрения, үлдэц дэмийрэл өвчтэй байна. Уг сэтгэцийн өвчин нь 1981 оноос эхэлсэн бөгөөд олдмол өвчин болно. Х.И нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. Х.И нь хэрэг хариуцах чадваргүй байна. Х.И нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдэлийг ухамсарлан жолоодох чадваргүй байсан байна. Х.Ид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай” гэх дүгнэлт /хх.60-68/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 907 дугаартай “2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 687 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Х.Иы сэтгэцийн эмгэг нь өөрт болон бусдад аюул учруулах боломжтой байна. Х.Ид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай байна” гэх нэмэлт дүгнэлт /хх.131-140/,

Урьд ял шийтгэгдсэн эсхийг шалгах хуудас /хх.100/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Х.И нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын байрны 2 давхарын 206 тоот өрөөнд иргэн Б.Амартүвшинг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Амартүвшингийн өгсөн: “... та хойшоо байж бай гэж 2 гараараа мөр лүү нь түлхэхэд тухайн хүн миний зүүн бөөрний урдаас гараараа цохиод татаад авсан. Би тэгэхэд хутгалагдсанаа мэдээд ...” гэх мэдүүлэг /хх.29/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Туяагийн өгсөн: “... Ингээд төд удалгүй тамгын дарга Амартүвшин баруун хэвлий хэсгээ гараараа дарчихсан түргэн гялс дуудаадах гээд өрөөнөөс гарч ирээд 201 тоот өрөө рүү орсон...” гэх мэдүүлэг /хх.38/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Цэрэннадмидын өгсөн: “... 55-56 орчим насны хүн орж ирээд дээшээ гарах гэсэн, тэгэхээр нь та хаачих гэж байгаа юм бэ гэж асуутал дүүргийн даргатай чинь уулзъя гэж хэлсэн, тэгэхээр нь 2 давхарт 206 тоот зүүн тийш эргээд байгаа гэж хэлсэн чинь тэр хүн дээшээ гарсан...” гэх мэдүүлэг /хх.40/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Бадам-Очирын өгсөн: “... тэгээд дарга нөгөө хүнийг гараас нь бариад та яагаад эмэгтэй хүнийг цохиж байгаа юм бэ гэсэн чинь даргын зүүн талын хэвлий хэсэг рүү нэг удаа цохих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх.46/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 9461 дугаартай дүгнэлт /хх.52/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Х.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Хохирогч Б.Амартүвшин нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир Х.Иыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Х.И нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Гэвч Х.И нь сэтгэцийн хувьд үлдэц шизофрения, үлдэц дэмийрэл өвчтэй, үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадваргүй, гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдэлийг ухамсарлан жолоодох чадваргүй байсан, уг сэтгэцийн эмгэг нь өөрт болон бусдад аюул учруулах боломжтой учир түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 687 дугаартай дүгнэлт /хх.60-68/ болон 907 дугаартай нэмэлт дүгнэлт /хх.131-140/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчид Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх шийдвэрлэнэ.

Энэ хэрэгт Х.И нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн ногоон өнгийн хуванцар бариултай, 18.5 см урттай хутга, 11 см урт бариултай, ажиллах хэсэг нь 10 см урттай хайч, цэнхэр өнгийн фламастер, цэнхэр өнгийн бариултай отвертка, сонин, дэвтэр, “агаа хүмүүсээ гарга, найз шавь багш нараа цэргүүдээ ч” гэж бичсэн хатуу цаас тус бүр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Х-ийн Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Х.Ид Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Хохирогч Б.Амартүвшин нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, энэ хэрэгт Х.И нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн ногоон өнгийн хуванцар бариултай, 18.5 см урттай хутга, 11 см урт бариултай, ажиллах хэсэг нь 10 см урттай хайч, цэнхэр өнгийн фламастер, цэнхэр өнгийн бариултай отвертка, сонин, дэвтэр, “агаа хүмүүсээ гарга, найз шавь багш нараа цэргүүдээ ч” гэж бичсэн хатуу цаас тус бүр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР