Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 134/ШШ2016/00094

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “А нэхэмжлэлтэй

Хариуцагч:Ц-д холбогдох

Барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, 12 803 760 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д хариуцагч Д.Ц хариуцагчийн өмгөөлөгч Э.М, нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч “Ар ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  

Д.Ц 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай Банк бус санхүүгийн байгууллагаас 8 860 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлж авсан болно. Өнгөрсөн хугацаанд иргэн Д.Ц зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлээс төлөөгүй бөгөөд зээлээ төлөхийг олон удаа шаардуулж байсан болно. Үндсэн зээл 8 860 000 төгрөгийг зээлийн гэрээнд зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төлж дуусгах ёстой байсан.

Одоогоор Д.Ц нэмэгдүүлсэн хүү 598 960 төгрөг, үндсэн хүү 3 344 800 төгрөг, үндсэн зээл 8 860 000 төгрөг, нийт 12 803 760 төгрөг төлөх ёстой. Д.Ц байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнд барьцаалуулсан /дугаар -000219881, Ү-1902000519 иргэн Сартуул овогт Д_Ц өмчлөлийн Сүмбэр сум 3 дугаар баг, 2 дугаар байрны 8 дугаар орц 119 тоот 3 өрөө 61 м.кв хувийн орон сууц/ хөрөнгийг худалдан борлуулж 12 803 760 төгрөгийг манай ББСБ-д олгуулж хохирол барагдуулах шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь 11 518 000 төгрөгийг төлнө гэж зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Д.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  

“Ар ББСБ” ХХК нь Д.Ц надаас үндсэн зээл 8 860 000 төгрөг, үндсэн хүү 3 344 800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 598 960 төгрөг, нийт 12 803 760 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа.

Миний бие “А ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Арвижих прогресс ББСБ” ХХК-иас 8 860 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж авсан нь үнэн. Гэхдээ шаардаж буй зээлийн хүүний зарим хэсэг болон нэмэгдүүлсэн хүүний шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Үндсэн мөнгө дээр нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэнийг ойлгохгүй байна. Зээлийн хүү нь 0.5 хувиар өнөөдрийг хүртэл бодогдож байгаа тул нэмэгдүүлсэн хүүг тохиролцмоор байна. Харин үндсэн мөнгийг төлье. Нийт үндсэн зээл, хүүгийн төлбөрт  11 518 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Зохигч шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч талаас “А ББСБ” ХХК-ийн захирал Д хариуцагч талаас Д нар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгууллаа.

Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-иас 12 803 760 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 265 760 төгрөг, нэхэмжлэлийн бусад шаардлагаас татгалзаж, 11 518 000 төгрөг болсоныг хариуцагч Д.Ц хүлээн зөвшөөрч эвлэрч байна.

Эвлэрлийн гэрээгээр тохиролцсон 11 518 000 төгрөгийг хариуцагч Д.Ц нэхэмжлэгч “Ар ББСБ” ХХК-д 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр бүрэн төлж барагдуулах болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК нь Д.Ц холбогдуулан барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, 12 803 760 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

“А ББСБ” ХХК нь хариуцагч Д.Ц 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, 8 860 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, зээлдүүлсэн, хариуцагч зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, 2-119 тоот Ү-1902000519 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг тавьсан болох нь зохигчийн тайлбар, Б15/12 дугаартай зээлийн гэрээ, И15/08 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ, зээлийн хяналтын карт, 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн зээлдэгчтэй ярилцсан тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч 1 265 760 төгрөг болон барьцаа хөрөнгийг худалдан борлуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 11 518 000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Д.Ц хүлээн зөвшөөрч, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар зохигч эвлэрсэн бол улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 219 810 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц 199 238 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Уг эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“А ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Ц холбогдох барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, 12 803 760 /арван хоёр сая найман зуун гурван мянга долоон зуун жар/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт  нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлага болох 1 265 760 /нэг сая хоёр зуун жаран таван мянга долоон зуун жар/ төгрөг болон барьцаа хөрөнгийг худалдан борлуулах шаардлагаас татгалзаж, хариуцагч нь 11 518 000 /арван нэгэн сая таван зуун арван найман мянга/ төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 219 810 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,  199 238 төгрөгийг хариуцагч Д.Ц гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.НАРАНЧИМЭГ