Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2016/00076/И |
Дугаар | 134/ШШ2016/00096 |
Огноо | 2016-07-20 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 134/ШШ2016/00096
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймгийн Б нэхэмжлэлтэй
Хариуцагч: “У ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүргээс учирсан хохирол 10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б А.М хариуцагчийн өмгөөлөгч Э.М нарийн бичгийн дарга Э.Бат-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тус газрын дарга Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай байгууллага “У ХХК-тай Төмөр зам авто замтай огтлолцсон уулзварын камержуулалтын ажлыг хийж гүйцэтгэх тухай гэрээ байгуулж, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр урьдчилгаа 5 000 000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр үлдэгдэл 4 998 421 төгрөгийг шилжүүлсэн. Ажлыг хугацаа хэтрүүлж хийсэн тул алдангид 1 579 төгрөгийг тооцож суутгасан юм.
Ингээд “У ХХК нь гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгээд “хүлээн авна уу” гэсэн албан бичиг ирүүлсэний дагуу 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр комиссын актаар хүлээн авсан. Комисс уг ажлыг хүлээн авсаны дараа ашиглагч байгууллага болох Төмөр замын 3 дугаар анги нь суурилуулсан камерыг өөр газар шилжүүлэх шаардлага гаргасны дагуу өөр газар шилжүүлнэ гэсэн боловч одоог хүртэл уг ажлыг гүйцэтгээгүй, суурилуулсан камерыг “У ХХК нь бүгдийг нь буцаан авсан, одоо нэг ч камержуулалт байхгүй байгаа.
Гэтэл тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 2014 оны орлого бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүнд нийцлийн аудит хийх явцад 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн БТ-ШХА 2014-02 тоот гэрээгээр “Ургах наран Чойр” ХХК нь Төмөр зам авто зам огтлолцсон уулзварыг камержуулах 10 000 000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг гэрээнд заасан техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгээгүйтэй холбоотой Аудитын газраас акт төлбөр тавигдсан боловч одоог хүртэл уг төлбөр төлөгдөөгүй байна. Уг акт нь манай байгууллагад тавигдсан тул бид “У ХХК-д хүргүүлээгүй, хүргүүлэх шаардлагагүй байсан.
Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, 5.4 дэх заалтуудыг зөрчиж, төрийн өмчийг дур мэдэн авсан.
Иймд аудитын актыг үндэслэн ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн хохиролд 10 000 000 төгрөгийг “У” ХХК-иас нэхэмжилж байгаа тул уг хохирлыг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “У” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Манай компани нь Баянтал сумын Засаг даргын Тамгын газраас 2014 онд БТ-ШХА 2014-02 тоот гэрээгээр Төмөр зам авто замтай огтлолцсон уулзварын камержуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг ажлыг техникийн тодорхойлолтын дагуу хийж гүйцэтгэсэн боловч ашиглагч байгууллага уулзварын 2 талд шон байрлуулж хийх, мөн цаашлаад Дундговь аймгийн Цагаандэлгэр сум, Баянтал сумын хооронд төмөр замтай огтлолцох уулзварыг камержуулан нэг дэлгэцэнд хянахаар тохиролцон Төмөр замын нэмэлт санхүүжилтээр хийхээр болсон боловч тухайн үед зардлыг гаргаж өгөөгүйн улмаас уг ажил гацалтанд орсон. Иймд Баянтал сумын Тамгын газраас нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Т газар нь хариуцагч “У ХХК-д холбогдуулан актын төлбөр 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргасан боловч шүүх хуралдаанд ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн хохиролд 10 000 000 төгрөг гаргуулна, үүнийгээ аудитын актад үндэслэлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байна.
Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу төмөр зам авто замтай огтлолцсон уулзварын камержуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заасан.
Талуудын хооронд 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Төмөр зам, авто зам огтлолцсон гармын уулзварыг камержуулах ажлыг гүйцэтгэх БТ/ШХА-2014-02 тоот гэрээ байгуулагдаж, Орон нутаг хөгжлийн сангийн хөрөнгө болох 10 000 000 төгрөгөөр дээрх камержуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцжээ.
Нэхэмжлэгч талаас Говьсүмбэр аймгийн Аудитын албаны 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 08/01 тоот албан шаардлага, 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 02/47 тоот акт зэрэгт зааснаар “төсөвт өртөгтэй ажлыг гүйцэтгээгүй, дахин гүйцэтгүүлэх” гэснийг үндэслэн гэрээний үнийн дүн болох 10 000 000 төгрөгийг “У ХХК-иас гаргуулна, уг камер, хэрэгслүүд нь одоо байрлуулсан газартаа байхгүй, хариуцагч нь буулгаж авсан тул бид хохироод байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байх ба ямар хэмжээний хохирол учирсанаа нотлох баримтаар нотлоогүй, үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, Аудитын акт, албан шаардлага нь хохирол учирсан гэдгийг нотолсон баримт болж чадахгүй байна.
Учир нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч нь уг ажлыг гүйцэтгэж, нэхэмжлэгч нь акт үйлдэж, ажлыг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлсөн болох нь 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаартай Тоног төхөөрөмж хүлээн авсан комиссын акт, 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Баянтал сумын Төмөр зам, авто зам огтлолцсон гармын уулзварыг камержуулах ажлын БТ/ШХА-2014-02 дугаартай гэрээний дүгнэлт, 2014 оны 03 дугаар сарын 28, 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Ургах наран Чойр” ХХК-ийн нэхэмжлэх, 2014 оны 04 дүгээр сарын 01, 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Төлбөрийн хүсэлт, Хөрөнгө оруулалтын ажлын жагсаалт №2014/02, Тоног төхөөрөмжийн хяналтын хүснэгт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх ба зохигч энэ талаар маргаангүй байна.
Нэгэнт гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажлын үр дүнг актаар хүлээн авсан байхад гэрээний үнийн дүн болох 10 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар аудитын актыг үндэслэн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Харин ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хуульд заасан үндэслэлээр гаргах эрхтэй. Үүний дагуу нэхэмжлэгч нь 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 137, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 383 тоот албан бичгээр гүйцэтгэсэн ажлын дутагдлын талаар хариуцагчид мэдэгдэж байсан гэж үзэхээр байна.
Тиймээс гүйцэтгэгч нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т заасан аль нэг шаардлагыг гаргах эрхтэй.
Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэгчээр уг доголдлыг арилгуулах, шинээр гүйцэтгүүлэх, эсхүл захиалагч доголдлыг өөрөө буюу бусдаар арилгуулж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй.
Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар холбогдох баримтаа бүрдүүлэн, учирсан хохирол, зардлаа нөхөн төлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдэж, баримт 22-ыг үйлдэж баримтжуулсан ба тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Говьсүмбэр аймгийн Баянтал сумын З нэхэмжлэлтэй “У ХХК-д холбогдох 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ