Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0039/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                 М.Долгоржав,

Улсын яллагч                                               Я.Сансар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Л.Цогзолмаа,

Шүүгдэгч                                                       А.Г нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А.Г холбогдох 1939000370025  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн  суманд 1998 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 21 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорохой ажилгүй, ам бүл 4, ээж, ах, дүүгийн хамт,  Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй Б овогт А.Г /РД: СР98051011/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Гантулга нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Баянбулаг Арвижих” ХХК-ийн баарны гадна хоёр хүн буюу иргэн Г.М, Н.Б нарыг заазуураар нүүрэн тус газар нь зүсэж буюу хоёр хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Баянбулаг Арвижих” ХХК-ийн баарны гадна иргэн Г.М, Н.Б нарыг заазуураар нүүрэн тус газар нь зүсэж хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл..../хх-ийн 8-10 хуудас/

2. Эд мөрийн баримтаар хураан авах тухай тэмдэглэл, зөвшөөрөл .../хх-ийн 11-16 дугаар хуудас/

3. Хохирогч Н.Б мөрдөн байцаалтад өгсөн: ...Өчигдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр найзууд болох М, Ц, У нарын хамтаар Г ажиллуулдаг караокед ороод архи ууцгаасан. Тэгээд ...М бид хоёр түрүүлээд гараад шатаар буусан. М миний урд алхаж явахад караокед нөгөө ширээнд сууж байсан Г гэх залуу ганцаараа шатны хажууханд зогсож байсан. М тэрний хажууд ирснээ заазуурдуулчихлаа гээд доошоо суугаад өгсөн. Би юу болов гээд гүйгээд очтол миний нүүр рүү цохиод авах шиг болсон. Г гэх залуу гүйгээд урагшаа явсан. Тэгээд М нүүрнээс их хэмжээний цус гараад байхаар нь үүдэнд асаалттай байсан нутгийн ахын машиныг унаад эмнэлэгт ирсэн. Эмнэлэгт ирэхэд миний нүд орчмоос мөн цус гараад байхаар нь үзүүлтэл зүсүүлсэн байсан... нүдний зовхи доошоо хацар орчимд зүсэгдсэн. Эмнэлэгт очиж оёдол тавиулсан, одоогоор лугшиж өвдөж байна ....гэх мэдүүлэг /хх-ийн 20-23 дугаар хуудас/

4. Хохирогч Г.М мөрдөн байцаалтад өгсөн: ....би 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр найзууд болох У, Ц нарын хамт бааранд орсон. Тухайн үед ойролцоогоор 23 цаг болж байсан. Тэгээд бид хэд бааранд ороод 8 ширхэг шилтэй пиво захиалаад ууж суунгаа юм ярьцгаасан юм. Тэгээд бид хэдийг сууж байхад манай сумын Б гэх ах гаднаас бааранд орж ирээд бид хэдтэй нийлээд суусан юм. Тэгээд байж байхад гаднаас 3 залуу бааранд орж ирээд баарны баруун хойд буланд суусан, тэгээд баарны хаах цаг болж байхад баарны баруун хойд буланд сууж байсан 3 залуу хоорондоо муудалцаж, маргалдаад зодолдсон. Тэгэхээр нь манай найз Ц нь уг 3 залууд хандан та нар яагаад маргалдаж муудалцаад байгаа юм бэ, гарцгаа гээд гурвууланг нь баарнаас гаргасан, тэгэхэд уг 3 залуу удалгүй бааранд буцаж ороод ирсэн. Тэгээд баарны хаах цаг болохоор нь бид хэд баарнаас гарахдаа уг 3 залууг бас хамт аваад гарсан. Тэгээд баарны гадаа гарахад бааран дотор байсан 3 залуугийн нэг нь болох Гантулга гэх залуу намайг дуудсан. Тэгэхээр нь би Г гэх залууд хандан чи яасан бэ, харьж унт л даа гэж хэлсэн. Тэгэхэд Г. гэх залуу намайг ахиж дуудаад ах нааш ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би Г дээр очоод чи яах гээд байгаа юм бэ, одоо харьж унт гээд Г гэх залуугийн нүүр лүү нь 1 удаа гараараа цохисон. Тэгээд эргэх гэтэл Г нь миний нүүрийг нэг юмаар зүсэх шиг болсон бөгөөд удалгүй миний нүүрнээс цус гараад эхэлсэн... Б ах Г бид хоёрын дундуур орж ирээд бид хоёрыг холдуулах гэж байгаад Гантулгад заазуураар нүүрэндээ зүсүүлсэн байсан. Би Б ахыг нүүрэндээ зүсүүлсэн болохыг сумынхаа эрүүл мэндийн төв дээр ирснийхээ дараа л мэдсэн... гэх мэдүүлэг ..../хх-ийн 27-30 дугаар хуудас/

5. Гэрч Г.О мөрдөн байцаалтад өгсөн: ...Г үүдэнд ирчихсэн намайг Мдуудаад өг гээд байсан. Би дуудаж өгөөгүй, тэр чигээрээ яваад найзындаа очсон... намайг гадаа гарах үед Г караокеноос гараад 1 давхар руу буудаг шатан дээр зогсож байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/

6. Гэрч Н.Ц мөрдөн байцаалтад өгсөн: ...нөгөө ширээнд сууж байсан нутгийн ах нар эмнэлэг явсан гэхээр нь араас нь очоод асуутал эмнэлэгийн гадаа уг ах нартай хамт явсан Ш гэж эгч Г гэж залуу чинь хутгаар зүсчихсэн байна гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар  хуудас/  

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 51 дугаартай:

-Г.М биед зулайн хуйх, дух, баруун хацарт шарх бүхий гэмтлүүд тогтооглоо.... Дээрх гэмтэл нь... ир үзүүртэй зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... гэх дүгнэлт.../хх-ийн 51 дугаар хуудас/

 Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 54 дугаартай:

-Н.Б биед баруун хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, алимны салстад цус хуралт бүхий гэмтлүүд тогтооглоо.... Дээрх гэмтэл нь ир үзүүртэй, хатуу мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... гэх дүгнэлт.../хх-ийн 55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч А.Г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.М, Н.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь А.Г эмчилгээний зардлаа бүрэн авсан, хохирол болон гомдол саналгүй /хх-ийн 75 тал/ гэсэн тул А.Гантулгыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                    

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Т овогт А.Г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газарт өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин, хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон саарал өнгийн алаг бариултай жижиг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Г авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

ДАРГАЛАГЧ                                       Д.ГАНЗОРИГ