Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 26

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0041/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                 М.Долгоржав,

Улсын яллагч                                               Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч                                                       Б.Г нарыг оролцуулан  

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Галуу овогт Б.Г-д холбогдох 1939000000010 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт  Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4  дүгээр баг, Хэрлэн хороололын А58-28 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Галуу овогт Б.Г /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/  

Шүүгдэгч  Б.Г нь  2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Эзэнт гүрэн” зочид буудалд Д.Э маргалдаж зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Б.Г нь  2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Эзэнт гүрэн” зочид буудалд Д.Э маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч Д.Э мөрдөн байцаалтанд өгсөн....Тэгээд ууж сууж байгаад Ган-Эрдэнэтэй 10 жилийнхээ талаар ярьж сууж байгаад үг сөргөөцөлдөөд жоохон маргалдсан чинь Ган-Эрдэнэ орон дээр миний өөдөөс харж сууж байснаа хамар руу цохисон. Тэгээд миний хамарнаас цус гараад зууралдаад авсан чинь хамт байсан хэд бид хоёрыг салгасан....гэх мэдүүлэг....../ХХ-ийн 7-8 дугаар хуудас/

2. Гэрч Н.Ш мөрдөн байцаалтанд өгсөн .....2018 оны 12 дугаар сарын 27-ны өглөө 09 цагийн үед намайг манай найзууд болох М, Б нар Эзэнт гүрэнд байна хүрээд ир гээд байхаар нь би 11 цагийн үед эхнэрээ Эвт худалдааны төв дээр буулгачихаад тэр хэд дээр очсон. Тэгээд Эзэнт гүрний 4 давхарт 402 тоот өрөөнд ороход А, Б, М гурав пиво уугаад сууж байсан. Тэгээд би тэр хэдтэй ойр зуурын юм яриад хамт пиво уугаад суусан. Тэгээд үдээс хойш бид хэд дээр 10 жилийн найзууд болох Мөнхзул, Эрдэнэтөгс, Ган-Эрдэнэ нар ар араасаа цувраад орж ирээд сууж байсан. Би ч архи нилээн уусан болохоор муудаад орон дээр хэвтээд өгсөн. Тэгээд нэг харсан Ган-Эрдэнэ, Эрдэнэтөгс хоёр бие биенээ заамдчихсан зууралдаад байж байсан. Тэгэхээр нь тэнд байсан хүмүүс тэр хоёрыг салгасан байх. Тэгээд нэг мэдсэн цагдаа ирчихсэн байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/

3. Шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай.....Д.Э биед хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, дух, баруун чихний дэлбэн, зүүн шуу, шилбэ, баруун тохой, шилбэнд цус хуралт, хамрын нуруу, баруун хөмсөг, чамархай, баруун, зүүн тохойд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.....дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгиийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....гэх дүгнэлт..../ХХ-ийн 46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч  Д.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-42 хуудас/ талаар хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Б.Г-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч  Галуу овогт Б.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь түүнд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сард 200.000 /хоёр зуу/ төгрөг төлөхөөр буюу 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

 

5. Энэ хэрэгт эдийн мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Г авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               

 

 

ДАРГАЛАГЧ                                       Д.ГАНЗОРИГ