Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 146/ШШ2016/00134

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум,  1 дүгээр баг, “Улаан-Ам” гэх газар оршин суух Өлзий овогтой Сүхбатын Аюушжавын /РД:ЙБ67062209/ хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулангоо оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Аюушжав нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

С.Аюушжав миний бие 1983 оны 01 сарын 01-нээс 1992 оны 05 дугаар сарыг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд саальчнаар ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэйн улмаас ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд намайг 1983 оны 01 сарын 01-нээс 1997 оны 05 дугаар сарыг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... Миний бие нь Бат-Өлзий суманд оршин суудаг бөгөөд цаг агаарын байдлаас болж очиж чадахгүй байгаа тул намайг эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Аюушжав нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

С.Аюушжав нь 1983 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам”  нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2079 дугаар архивын лавлагааны хуулбар, 1991 онд нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүүхдүүдийн иргэний үнэмлэхийн хуулбарууд, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Шарууд овогтой Цэндээгийн Адъяабанди нь “...Би 1974 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад С.Аюушжав нь 1983 оны хавар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчин, саальчнаар аав ээжийн хамт мал маллаж эхэлсэн. Улмаар 1985 онд нөхөрт гарч тусдаа гэр бүл болж үргэжлүүлэн малчнаар 1992 оны 5 сарын дуустал тасралтгүй Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд ажилласан...” гэж мөн Золбоот овогтой Даваацэрэнгийн Дондог-Аюур “...Би 1981 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад С.Аюушжав нь 1983 оны хавар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж эхэлсэн. С.Аюушжав нь 1992 оны 5 сарын дуустал малчнаар тасралтгүй ажилласан...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.

С.Аюушжав нь 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам”  нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх боловч дээрх хугацаанд ажиллаж байсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 1983 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам”  нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 101 дугаар тодорхойлолт баримтаар С.Аюушжавыг ажиллаж байсныг батлах тушаал, баримт гараагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т “Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч С.Аюушжавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Мөн хүсэлт гаргагч С.Аюушжав нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                              

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Өлзий овогтой Сүхбатын Аюушжавыг 1983 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Аюушжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

              

                           ДАРГАЛАГЧ                                            Б.САРАНТУЯА