Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0037/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                        М.Долгоржав,

Улсын яллагч                                                     Я.Сансар,

Шүүгдэгч                                                             Ж.Л нарыг оролцуулан

 

Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улаан сахиус овогт Ж.Л холбогдох 1839005630012 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 1979 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг Далангийн 11-06 тоотод оршин суух  хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй Улаан сахиус овогт Ж.Л /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Л нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар багийн нутагт “Приус-11” маркын 42-30 УНЕ улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Ж.Ү эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Л нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар багийн нутагт “Приус-11” маркын 42-30 УНЕ улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж иргэн Ж.Үэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч Ж.Ү мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 05-ны орой 21 цагийн орчим Улаанбаатар хотоос манай нутгийн Л гэх хүний приус-11 маркын хар өнгийн автомашинд суугаад гарсан. Ингээд явж байгаад Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт явж байгаад зам тээврийн осолд орсон. Тухайн үед Л өөрөө машинаа барьж явсан. Осол болох үед би машин дотор ард талын суудлын голд суугаад явж байсан... түжигнэх чимээ гарахаар нь сэртэл машин маань онхолдсон 4 дугай нь дээшээ харсан байсан... 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотруу Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн үзүүлэхэд миний 2 нуруу хугарсан гэмтэл гарсан. Гэмтлийн эмнэлэгт 23 хоног хэвтэж эмчлүүлсэн. Улаанбаатар хотод хагалгаанд орсон бүх зардлыг Л гаргасан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16 хуудас/   

2. Гэрч М.О мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2018 оны 11 дүгээр сарын 05-ны 21 цаг өнгөрөөгөөд Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн төв орох гэж гарсан. Би хөрш айлын эгч Л гэх хүний машинд суугаад гарсан. Хотын төвөөс би барьж Налайх хүртэл бариад Налайхаас Лхамхүү эгч өөрөө машинаа бариад явсан. Ингээд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт орж ирээд явж байгаад шөнийн 02 цагийн орчимд зам тээврийн осолд орсон. Осол болох үед би жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Надад гомдол санал байхгүй, гэмтлийн зэрэг тогтоолгоогүй.. гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/

3. Гэрч Б.аттулгын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Л эгч Налайхаас машинаа өөрөө бариад явсан. Улаанбаатар хотоос Налайх хүртэл Одбаяр барьж явсан. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт явж байгаад зам тээврийн осолд орсон. Осол болох үед би унтаж явсан. Замаас гараад далан руу бууж байхад сэрсэн. Надад гомдол санал байхгүй, гэмтлийн зэрэг тогтоолгоогүй..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 23-24 хуудас/

4. Гэрч П.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 05-ны 21 цагийн орчимд Улаанбаатар хотоос Л машинд суугаад Сүхбаатар аймаг руу явсан. Лхамхүүгийн машинд манай эхнэр Үржинсүрэн, Од мөн нэг танихгүй залуу, Лхамхүү, мөн би 5 хүн сууж явсан. Л машин приус-11 маркын машин байсан. Тэгээд 02 цагийн орчимд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт явж байхад тойрог эргэхэд Л нь сандраад тормосоо биш хаазаа гишгэх шиг болсон. Тэгээд машин замаас унаад 2-3 удаа бүтэн эргэсэн ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25 хуудас/

Шинжээчийн 2019 он 005 дугаартай... Ө.Ү биед сээрний 11-р нугалмын их биеийн дээд гадаргуунд шахагдсан, хоёр талын латераль масс, арын сэртэнг хөндлөн тэнхлэгийн дагуу дайрсан нийлмэл хугарал, сээрний 12-р нугалмын их биеийн дээд гадаргуунд шахагдсан хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийн 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 47-48 хуудас/

Замын цагдаагийн тасгийн шинжээчийн “...Тээврийн хэрэгсэлийн жолооч Ж.Л нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Ж.Л нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино... 12.3 Жолооч хөдөлгөөний аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Жолооч хөдөлгөөний аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй байна.... гэх дүгнэлт /хх-ийн 27-29 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Ж.Л авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Ү эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Ө.Ү нь  гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-17 хуудас/ гэсэн тул шүүгдэгч Ж.Л бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлуудыг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүдэгч Улаан сахиус овогт Ж.Л автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Л 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох   ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Ж.Л оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сард 100.000 төгрөг төлөхөөр буюу 6 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ж.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Л авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ                      Д.ГАНЗОРИГ