Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 117/2018/0005/З |
Дугаар | 221/МА2019/0327 |
Огноо | 2019-06-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2019/0327
Г.М-ын гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагч Г.Мнарыг оролцуулан, Дундговь аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагч Г.М-ын гаргасан давж заалдах гомдлын дагуу Г.М-ын гомдолтой, Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Цэцэгдэлгэрт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Дундговь аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр: “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1, 42 дугаар зүйлийн 2, 43 дугаар зүйлийн 1, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 37.4 дэх хэсгүүдэд тус тус заасныг баримтлан гомдол гаргагч Г.М-ын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1722000003 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гомдол гаргагч давж заалдах гомдолдоо: “...Г.М миний бие ан агнах болон буу эзэмших зөвшөөрөлтэй бөгөөд үүнийг аймгийн Цагдаагийн хэлтсээс жил болгон шинэчилж олгодог бөгөөд жил бүр татвар төлдөг. Тус байгууллага байгуулагдсанаар энэхүү зөвшөөрлийг Nх газрын байгалийн цогцолборт газраас олгодог болсон гэж хариуцагч тайлбарлаж байх боловч аймгийн Цагдаагийн газраас олгосон энэхүү зөвшөөрөл нь ямар нэгэн хууль зөрчөөгүй надад олгогдсон эрх мөн байтал энэ талаар хэргийг шалгаж байсан прокуророос ч, мөн байцаагчаас ч энэ эрхэд ямар нэгэн дүгнэлт өгсөнгүй. Хэрвээ энэ зөвшөөрөл хууль бус юм бол тухайн байгууллага 2014 оноос хойш цагдаагийн байгууллагын олгож буй дээрх зөвшөөрлийг хязгаарлах, болиулах боломж бололцоо нь байсан байх гэж бодож байна. Иймд энэ асуудалд дүгнэлт өгнө үү.
Би чулуу модоор ан агнадаг хүн биш, цагдаагийн байгууллагын зөвшөөрлөөр агнадаг гэж үзэж байна. Энэ баримтыг хэрэгт анх зөрчил шалгаж эхлэхэд байцаагчид өгсөн
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зөрчил шалгах албан тушаалтны ажлыг сайтар заасан бөгөөд эдгээр ажлыг шалгаж өгөхийг би байцаагчид өөрт нь бас байгууллагын дарга н.Баттүвшин гэдэг залууд нь хэлсээр, хүсэлтээ бичгээр гаргаж өгсөөр байтал огт шалгаагүй зөвхөн үйлдсэн чи буруутай гэж хэт нэг талыг барьж хариуцлага оногдуулж байгаад гомдолтой байна.
Мөн тухайн үед хэргийг хянаж байсан н.Батбаатар гэдэг хүнд ч би энэ саналаа хэлж шалгуулахыг хүсч байсан. Өөрөөр хэлбэл тухайн газар нутаг байгалийн тусгай хамгаалалттай газар мөн юм бол нутгийн иргэд яагаад намайг дуудаж тэнд ан хийх болов гэдгийг шалгуулахыг хүссэн ч гүйцэд шалгаж өгөөгүйд гомдолтой байна.
Мөн улсын байцаагчаас Ервонгийн ам гэх газрыг тусгай хамгаалалттай гэдгийг байнга сурталчилдаг иргэдэд мэдээлдэг гэж шүүх хуралдаанд худал тайлбарласаар байгаа мөн тухайн үед зөрчлийн хэрэгт байгаагүй тухайн газрын фото зургийг нэмж хийсэн зэргийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн албан хаагч хүн энэ мэтээр буруутанг хүн алсан дайны болгож буруутгаж байгаа нь хэтэрхий увайгүй аливаа зөрчлийг 50/50 хувьтай шалгавал би бас ойлгоно.
Багийн засаг дарга н.А нь намайг дуудсан тухайгаа 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Г.М гуайд 90744888 дугаарын утаснаас 2 хоногийн өмнө ярьж дуудсан нь үнэн” гэсэн байдаг Энэ газар нь тусгай хамгаалалттай газар юм бол багийн Засаг дарга нь яагаад мэддэггүй юм бол. Мөн “тэдгээр чонын асуудлыг шийдвэрлэж өгөөч малчид үнэхээр хэцүү байна, ард иргэдийг айх аюулаас салгаж өгөөч, 2016 оны 11 сарын дундуур аймгийн засаг дарга, МХГ-ын хамгаалалтын захиргааны дарга нарт хүсэлт уламжлан гуйж байсан ч арга хэмжээ авч өгөөгүйн улмаас ийм байдалд хүрлээ” гэсэн мэдүүлгийг шүүх анхаарч дүгнэж өгнө үү.
Улсын тусгай хамгаалалттай газар нутагт чонын тоог зохицуулах журмаар бол харин ч би багийн болон нутгийн иргэдтэй хамтраад төрийн байгууллагын хийвэл зохих ажлыг хийснээр хүний амь нас улмаар мал сүрэг чонод бариулах аюулыг зайлуулсан гэж үзэж намайг урамшуулмаар юм. Тус журмаар заагдсан байна гэж би ойлголоо.
Мөн Гурвансайхан сумын Элгэн багийн Засаг даргаас аймгийн прокурорын газарт хэргийг шалгах үеэр өгсөн /хэрэгт байгаа/ 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 234 тоот албан бичигт “Тус уулын чоно олон болж малчид иргэдийн амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргээс олноор хороож малчдын амьдралд маш их гарз хохирол учруулж байна. Энэ байдалд арга хэмжээ авч өгнө үү” гэсэн малчид иргэдийн нэр болон гарын үсэгтэй өргөдөл, багийн Засаг даргын тодорхойлолтыг холбогдох байгууллагад хүргүүлсэн ч арга хэмжээ авч өгөөгүй нь үнэн болохыг тодорхойлов гэсэн байдаг
Мөн малчдын тоо, чонод идүүлсэн малын тоог ч гаргаж өгсөн байдаг баримт ч мөн хэрэгт байгаа Тухайн үед Би н.Б даргатай нь орж уулзахад дээрх баримт ширээн дээр нь байж надад танилцуулж байсан хирнээ одоо шүүхэд огт байгаагүй гэж мэдүүлж байгаа нь ч бас худлаа юм. Иймд энэ асуудлыг мөн судалж өгнө үү.
Чонын үнэлгээг яагаад 2 дахин нугалж төлүүлж байгааг мөн ойлгохгүй хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэрт “ амьтны аймагт учирсан экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно” гэх заалт нь энэ зөрчилд хамаарахгүй, мөн экологи эдийн засагт учирсан хохирол мөн үү гэдэгт эргэлзэж байгаа .
Иймээс дээрх нөхцөлүүдийг сайтар шалгаж, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Гомдол гаргагч Г.М-аас “Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Ц-ийн 1722000003 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” гомдлыг шүүхэд гаргажээ.
Тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэж байх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд 7.3-д “Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт зарчим нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй” гэж зааснаар шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд гомдлыг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүрэг болон хэргийн оролцогчдоос ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, хүсэлт гаргах эрх хамаарахааргүй байсан бөгөөд Монгол Улсын Их Хурал 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй” гэсэн заалтыг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авч хүчингүй болгосноор шүүх гомдлоор үүссэн уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг цуглуулах боломжтой болжээ.
Үүнтэй холбогдуулж анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан үүргийнхээ дагуу хуульд нийцүүлэн хэрэгт ач холбогдол бүхий дараах нотлох баримтуудыг цуглуулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Гомдол гаргагчаас “...Их газрын чулууны байгалийн цогцолбор газарт 2 чоно агнасан” гэсэн үйл баримттай маргаагүй бөгөөд “...Нутгийн иргэд болон багийн Засаг дарга чонын тоо ихсэж, малчдын мал сүрэгт хохирол учруулж байна. Чоно агнаж өгөөч гэж хүсэлт тавьсан. Чоно агнахад нутгийн олон иргэд оролцсон...” гэж гомдлын үндэслэлээ тайлбарлан маргажээ.
Энэ тохиолдолд шүүх гомдол гаргагч Г.М ганцаараа зөрчил үйлдсэн эсэх, уг зөрчлийг үйлдэхэд нутгийн малчид оролцсон эсэхийг тодруулах, тухайлбал шаардлагатай холбогдох хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийсний эцэст хариуцагч маргаан бүхий актыг гаргасан эсэхийг шүүхээс нотлох баримт цуглуулах үүргийнхээ хүрээнд уг эргэлзээтэй байдлыг хөтөлбөргүйгээр тогтоох нь Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч гомдол гаргагч Г.М-ын гаргасан зөрчилд шийтгэл оногдуулахдаа нотлох баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулсан, оногдуулсан шийтгэл нь гаргасан зөрчилд нь тохирсон эсэхэд дүгнэлт өгөхөд ач холбогдолтой байна
Иймд анхан шатны шүүх нь хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, нотлох үүргээ хэрэгжүүлсний үндсэн дээр энэхүү маргааныг хянан шийдвэрлэх нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ