Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 13

 

 

 

 

            Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

                Нэхэмжлэгч: Иргэн Харагчууд овгийн Очирсүрэнгийн Ганбатын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Оюунтүлхүүрт холбогдох,

      “Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/43 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Ганбат, хариуцагч Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Оюунтүлхүүр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь.

          Нэхэмжлэгч О.Ганбат шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би 2014 оны 07-р сарын 09-ны өдөр Увс аймгийн Нийгмийн даатгапын хэлтсийн Үйлчилгээний албаны даргын албан тушаалд түр томилогдсон бөгөөд 2014 оны 11 дүгээр сард төрийн захиргааны албан хаагчийн ТЗ-7 ангилалд төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны 2 сарын 30-ны өдрийн Б/41 дүгээр тушаалаар Нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний албаны даргын албан тушаалд томилогдсон. Уг ажилд томилогдохдоо ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гарган холбогдох байгууллагаар хянуулан Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн саналын дагуу ажилд томилогдож 2014 оны 11-р сарын 25-ны өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон юм. Улмаар Нийгмийн даатгалын хэлтэст Тэтгэвэр, тэтгэмжийн албаны даргын албан тушаалд ажиллаж байгаад Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11 сарын 28-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/43 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны Б/43 дугаар тушаал нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх тухай Төрийн албаны тухай хуулийн заалтыг үндэслээгүй, Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн дагуу явагдаагүй эрх зүйн зөрчилтэй, хууль бус, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн шийдвэр гэж би үзэж байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны Б/43 дугаар тушаал нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 22- ны өдрийн “Бүтэц, орон тоо батлах тухай” А/03 дуаар тушаалыг үндэслэж байгаа хэдий ч уг тушаалыг буруугаар ашиглан төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн хууль бус шийдвэр гэж үзэж байна. Нийгмийн даатгалын орон нутгийн байгууллагын бүтэц, орон тоог өөрчилсөн тухай шийдвэр 2012 оноос хойш 4 удаа гарч байсан боловч байгууллагын нэр, бүтэц өөрчлөгдөж, ажлын байрны тодорхойлолтод чиг үүргийн багахан өөрчлөлт хийгдэж ирсэн байдаг боповч бүтэц, орон тоо өөрчлөгдсөн гэдэг шалтгаанаар нэг ч ажилтан ажлаас чөлөөлөгдөж байгаагүй байдаг. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны А/03 дугаар тушаалаар байгууллагын бүтцийн хувьд албыг тасаг болгон өөрчилсөн ба байгууллагын орон тоо болон орон тооны ажлын байрны нэр өөрчлөхгүйгээр баталсан байдаг. Хамгийн сүүлд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нэртэй болж апба нь тасаг болсон хэдий ч Үйлчилгээний тасгийн даргын ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт ороогүй буюу ажлын байрны зорилго, чиг үүрэг өөрчлөгдөөгүй, утга агуулга нь хэвээрээ байгаа нь шууд ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. "Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 15 дахь хэсэгт "Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2,3-т заасан ... төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн..." гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ" гэж тодорхойлсон байна. Улмаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх) эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ..." гэсэн заалтын дагуу ажлаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарьн 22-ны өдрийн А/03 дугаар тушаапд "Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс /газар/-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсантай холбогдуулан ажилтан, албан хаагчдын ажлыг тэнцвэржүүлэх, ажлын давхардал гаргахгүй байхаар ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж мөрдөх, батлагдсан орон тооны дээд хязгаарын хүрээнд ажилтан, албан хаагчдын мэргэжил, мэдлэг, туршлага, ур чадварыг харгалзан ажил, албан тушаалд томилон ажиллуулах зохион байгуулалт хийхийг аймаг, нийслэл, дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, газрын дарга нарт даалгасугай." гэсэн үүрэг чиглэл өгсөн ч Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь надад сэлгэн ажиллах боломж олгохгүйгээр ажлаас чөлөөлсөн ба Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтын дагуу "цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих ..." гэсэн заалтын дагуу сэлгэн ажиллах боломжтой байсан. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох үйл ажиллагааг явуулахгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна. Миний хувьд хууль бусаар ажлаас чөлөөгдсөн гэж үзэж, Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11 сарын 28-ны өдрийн Б/43 дугаар тушаалыг Төрийн албаны Зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд хянуулахаар 2016 оны 12 сарын 02-ний өдөр өргөдөл өгсөн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй тул оны ажлын өдөр дуусч байгааг харгалзан хуулинд заасан хугацаанд шүүхийн байгууллагад хандаж байна.

          Нэхэмжлэгч О.Ганбат шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Увс аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/43 дугаартай тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нийгмийн даатгалын хэлтэс нь 2012 оноос хойш 2016 он хүртэл дөрвөн удаа бутэц орон тоо нь өөрчлөгдөж, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөж ирсэн байдаг. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь байгууллагын бүтэц, орон тоо, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн гэх шалтгаанаар намайг ажлаас чөлөөлсөн. Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлахдаа албан хаагчийн ажлын байр, ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, үүрэг нь өөрчлөгдөөгүй, өмнөх агуулга нь хэвээр байхыг ойлгоно гэж тайлбарласан. Тийм учраас намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа. Мөн Захиргааны ерөнхий хуульд зааснаар намайг ажлаас чөлөөлөөгүй гэв.

             Хариуцагч Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Оюунтүлхүүр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Засгийн газрын 2016 оны 8 сарын 3-ны өдрийн 09 дугаар "Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс ажиллана гэж заасан. Мөн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2016 оны 08 сарын 22-ний өдрийн А/03 дугаар “Бүтэц, орон тоо батлах тухай" тушаалын зургаадугаар хавсралтаар тус аймгийн Эрүүл мэнд, нийгийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаалын жагсаалтыг баталсан. Энэ тушаалаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн бүтэц, орон тоог баталж, өмнө байсан 3 албыг тасаг болгон өөрчилсөн. Нэхэмжлэл гаргагч О.Ганбат нь Нийгмийн даатгалын хэлтсийн Тэтгэвэр тэтгэмжийн албаны дарга гэсэн ажлын байранд ажиллаж байсан бөгөөд дээрх тушаалаар тус ажлын байр нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын үйлчилгээний тасаг болж өөрчлөгдсөн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслэн О.Ганбатыг бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлсөн болно. Гэхдээ Эрүүл мэнд нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/10 дугаартай "Орон нутгийн салбар нэгжийг шинэчлэн зохион байгуулах тухай" тушаалаар Нийгмийн даатгалын хэлтсийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс болгон шинэчлэн зохион байгуулж, хуучин Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтан албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр О.Ганбат нь ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд эрх үүргийн хүрээнд О.Ганбатыг нийгмийн даатгалын салбарт, ажиллаж байсныг нь хүндэтгэн үзэж, даатгуулагчийнх нь эрхийг хангах үүднээс ажилгүйдлийн тэтгэмж авах боломж олгон "Чөлөөлсүгэй" гэсэн тушаал гаргасан юм. Дан ганц төрийн албаны тухай  хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-ийг үндэслэж “Тэтгэмж олгох тухай” гэж тушаал гаргавал ажилгүйдлийн тэтгэмжээ авах боломжгүй байсан тул Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дугаар тушаалыг давхар оруулж байж ажлаас чөлөөлөх үндэслэлийг бий болгосон юм. Мөн Захиргааны Ерөнхий хуулийн дагуу 2016 оны 11 сарын 11 өдөр бүтцийн өөрчлөлт хийх тухайгаа бүх ажилтан нарт байгууллагын цуглаан дээр, нэхэмжлэгч О.Ганбатад ганцаарчлан 2016 оны 11 сарын 14-ний өдөр өрөөндөө, 2016 оны 11 сарын 28-ний өдөр өрөөндөө тус тус уулзаж ярилцан бүтцийн өөрчлөлтөнд оруулах шийдвэр гаргах гэж байгаа тухайгаа сонсгож, мэдэгдэн, шийдэж болох саналыг нь сонсох талаар харилцан ярилцсан болно.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

              Хариуцагч Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Оюунтүлхүүр шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дугаартай тушаалаар Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс болгон өөрчилж, дотор нь ажиллаж байсан гурван албыг гурван тасаг болгон өөрчилсөн. Энэ өөрчлөлттэй холбогдуулаад Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/10 дугаартай тушаалаар хуучин Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, шинээр зохион байгуулагдсан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн мэдэлд шилжүүлсэн. Бүтцийн өөрчлөлттэй холбогдуулж миний бие 2016 оны 11 дүгээр сарын 11-нд уг газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, 14 хоногийн дараа шинэ бүтцийн дагуу зохион байгуулалтын ажлыг хийсэн. Зохион байгуулалтын ажил хийхдээ хуучин Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр тэтгэмжийн алба нэртэй ажлын байрыг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын үйлчилгээний тасаг гэж өөрчилсөн. Тухайн ажлын байрны тодорхойлолт нь байгууллагын чиг үүрэгтэй уялдаж ажлын байрны тодорхойлолт гарна. Өмнөх тэтгэвэр тэтгэмжийн албаны даргын ажлын байрны тодорхойлолтод дөрвөн зорилго байсан. Нийгмийн даатгалын үйлчилгээний тасгийн даргын ажлын байрны тодорхойлолтыг хоёр үндсэн зорилготой, үүнээс урган гарсан чиг үүрэг, зорилтуудыг хэрэгжүүлэхээр тусгасан. Тухайлбал хуучин тэтгэвэр тэтгэмжийн албаны дарга хүний нөөцийг хариуцан ажиллаж байсан. Шинэ бүтцийн өөрчлөлтөөр хүний нөөцтэй холбоотой асуудал нь өөр ажлын байранд шилжсэн. Тэтгэвэр тэтгэмжийн албаны гол чиг үүрэг нь тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлыг зохион байгуулж ажилладаг. Шинээр зохион байгуулагдсан нийгмийн даатгалын үйлчилгээний тасаг нь нийгмийн даатгалын байгууллагын хувьд үйлчилгээний чиг үүргийг хэрэгжүүлэх зорилготой ажлын байрны тодорхойлолттой. Энэ чиг үүргийн хүрээнд байгууллагын түр орлон гүйцэтгэгчийн эрхийн хүрээнд шинээр зохион байгуулагдсан ажлын байран дээр сонголт хийсэн. Өмнө нь нийгмийн даатгалын салбарт олон жил ажилласан дадлага туршлага, мэдлэг чадварыг нь үнэлж сонголтоо хийсэн. О.Ганбатыг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/43 дугаартай тушаалаар бүтцийн өөрчлөлтөд оруулж ажлаас чөлөөлсөн гэв.

            Гуравдагч этгээд Ч.Даваадорж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Чулуун овогтой Даваадорж нь Улсад 29 жил ажиллаж байгаа бөгөөд нийгмийн даатгалын салбарт 9 дэх жилдээ ажиллаж байна. 2005-2009 онд Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, 2012 оноос 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл мөн тус хэлтсийн даргаар ажиллаж байгаад Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлгатай зөвшилцсөний дагуу цалин хөлс бууруулахгүйгээр тасгийн дарга хийхээр болсон бөгөөд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар Нийгмийн даатгалын үйлчилгээний тасгийн даргаар томилогдон ажиллаж байна. О.Ганбат нь шүүхэд хандан урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хэлтсийн бүтэц өөрчлөгдөж О.Ганбат байцаагчаар сэлгэн ажиллах боломжтой байсан. Миний бие төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/212 дугаар тушаалаар төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар өөр ажилд шилжин ажиллаж байгаа болно гэжээ.

           Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжчлэгч О.Ганбат нь шүүхэд хандан “Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11 сарын 28-ны өдрийн Б/43 дугаар тушаал хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан байдаг ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа “Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11 сарын 28-ны өдрийн Б/43 дугаар тушаал хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай” хэмээн өөрчилсөн байдаг. Тэгэхээр шүүх хуралдаанаар энэхүү өөрчилсөн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцсэн болно.

     Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд хамаарах маргаантай асуудлаа захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэхээр Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд хуульд заасан хугацаанд гаргасан байх бөгөөд тэрээр хуулийн хугацаанд хариу өгөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д зааснаар захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх боломжгүй гэж шүүхээс үзэж, уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахгүйгээр захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсныг дурдах нь зүйтэй.

           Маргаан бүхий захиргааны актаар[1] байгууллагын бүтэц орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгожээ.

             Нэхэмжлэгч нь “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь Төрийн албаны тухай болон Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн, надад сэлгэн ажиллах боломж олгохгүйгээр шууд чөлөөлсөн нь буруу, ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт ороогүй буюу ажлын байрны зорилго, чиг үүрэг өөрчлөгдөөгүй, утга агуулга нь хэвээрээ байхад шууд ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2016 оны 08 сарын 22-ны өдрийн А/03 дугаар тушаалыг үндэслэхдээ уг тушаалыг буруугаар ашиглан, байгууллагын бүтцийн хувьд албыг тасаг болгон өөрчилсөн ч орон тооны ажлын байр хэвээр хадгалагдан үлдсэн байтал Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-г зөрчиж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй“ гэж маргааны зүйлээ тодорхойлж байна.

        Хариуцагч нь “Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр буюу Тэтгэвэр тэтгэмжийн алба нь Нийгмийн даатгалын үйлчилгээний тасаг болж өөрчлөгдсөн, түүний ажлын байрны дөрвөн зорилгоос хоёр зорилго нь хасагдсан тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлсөн, тухайн ажлын байранд уг байгууллагад олон жил ажилласан туршлагыг нь харгалзан өөр хүнийг ажиллуулсан, нэхэмжлэгчийн хувьд ажилгүйдлийн тэтгэмжээ авах боломжгүй байсан тул Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дугаар тушаалыг давхар оруулж байж, ажлаас чөлөөлөх үндэслэлийг бий болгосон“ хэмээн тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

           Захиргааны актын хууль зүйн үндэслэлийг авч үзвэл:

      Хариуцагч буюу захиргааны байгууллага нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2016 оны А/03 дугаар тушаалыг тус тус маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгосон байна.

       Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д: “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж хуульчилжээ. Тэгвэл Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2016 оны А/03 дугаар тушаал нь “Бүтэц, орон тоо батлах тухай” тухай агуулгатай аж.

          Нэхэмжлэгч О.Ганбат нь төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн[2] Төрийн албаны тухай хуулийн 7.1.10-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч байх бөгөөд Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны Б/41 дүгээр тушаалаар[3] тус хэлтсийн Үйлчилгээний албаны даргаар томилогдон ажиллаж байсан улмаар тус хэлтсийн даргын 2016 оны Б/31 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар[4] Үйлчилгээний албаны даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, мөн тушаалын гуравдугаар хавсралтаар[5] Тэтгэвэр, тэтгэмжийн албаны даргын албан тушаалд томилогдон ажиллаж байжээ.

          Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 сарын 27-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 4 дүгээр тогтоолын[6] нэгдүгээр хавсралтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Нийгмийн даатгалын Ерөнхий газрыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газар гэж нэршлийн хувьд өөрчлөн хэрэгжүүлэгч агентлагаар ажиллахаар тогтоож өгчээ.

          Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолын[7] 4-д аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хэрэгжүүлэгч агентлаг байхаар заажээ.

            Улмаар 2016 оны 8 сарын 22-ны өдрийн “Бүтэц, орон тоо батлах тухай” А/03 дугаар тушаалыг[8] Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга гаргасан байх бөгөөд уг тушаалын тавдугаар хавсралтаар “аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн зохион байгуулалтын бүтэц”-ийг баталж, үүнд жагсаалтын №18-д Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь зохион байгуулалтын бүтцийн хувьд дарга, Нийгмийн даатгалын үйлчилгээний тасаг, Санхүү бүртгэл, хамралт, орлого, хяналтын тасаг, Эрүүл мэндийн даатгалын тасагтай байхаар тусгагджээ. Дээрх тушаалын зургаадугаар хавсралтаар[9] “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагын орон нутгийн салбар нэгжийн орон тооны дээд хязгаар”-ыг баталж, үүнд Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаалын жагсаалт нь удирдлага буюу дарга-1, Нийгмийн даатгалын үйлчилгээний тасаг-14 үүнээс тасгийн дарга-1 гэхчлэн нийт орон тоо-44 байхаар батлагджээ.

          Мөн түүнчлэн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Орон нутгийн салбар нэгжийг шинэчлэн зохион байгуулах тухай” А/10 дугаартай тушаалд[10] “...аймаг дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийг тухайн аймаг, дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс... болгон шинэчлэн зохион байгуулах”-аар шийдвэрлэжээ.

          Ийнхүү эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэртэй уялдуулан Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /хариуцагч/-ээс 2016 оны 11 сарын 28-ны өдөр “Бүтэц, орон тоо батлах тухай” Б/41 дүгээр тушаалыг[11] гаргахдаа, уг тушаалын нэгдүгээр хавсралтаар аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн бүтэц орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан шинэ бүтэц орон тоог баталсан бол тушаалын хоёрдугаар хавсралтаар ... хэлтсийн бүтэц орон тоо шинэчлэгдсэнтэй холбогдуулан хэлтсийн ажилтнуудыг 2016 оны 11 сарын 28-ны өдрөөс эхлэн ажил, албан тушаалд томилж, түүнчлэн уг тушаал гарсантай холбогдуулан 2016 оны Б/31 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүйд тооцжээ.

        Дээрх шийдвэрийн дагуу ажилтнуудыг томилохдоо нэхэмжлэгчийг ямар нэгэн ажил, албан тушаалд томилохгүйгээр түүнд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгож, ажлаас чөлөөлсөн шийдвэрийг мөн 2016 оны 11 сарын 28-ны өдөр гаргасан байна.

            Хуучин бүтэц буюу Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Тэтгэвэр, тэтгэмжийн албаны дарга гэх албан тушаал /ажлын байр/ нь шинэчлэгдэн батлагдахдаа Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын үйлчилгээний тасаг болж өөрчлөгдсөн болох нь дээр дурдсан бичгийн баримтаар харагдаж байна. Гэхдээ маргаан бүхий уг ажлын байрны шинэ[12], хуучин[13] хоёр ажлын байрны тодорхойлолтонд дүгнэлт хийж үзвэл, ажил мэргэжлийн код /1346-14/, албан тушаалын ангилал, зэрэглэл адилхан байна. Харин ажлын байрны зорилго /хариуцагч 4 зорилгоос 2 нь хасагдсан гэдэг/-д өөрчлөлт орсон, гэхдээ агуулгын хувьд хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэх боломжтой. Учир нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны дөрвөн зорилгын нэг, хоёр, дөрөв дэх зорилго нь одоогийн маргаан бүхий ажлын байрны нэг ба хоёр дахь зорилго болж шууд тусгагдсан бол гурав дахь зорилго буюу “Ажилтнуудыг идэвхжүүлэх, хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бүтээлч санал, санаачлагыг дэмжих” гэсэн нь хасагджээ.

         Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д: “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг үргэжлүүлэн ажиллуулах...” гэж хуульчилсан байна.

            Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулий зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 8 дугаар тогтоолын 15-д: “хуулийн энэ хэсэгт заасан “...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн...” гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг хэлнэ”, мөн хэсэгт заасан “...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн...” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ” хэмээн тайлбарласныг маргаантай асуудалд хамаарах чухал эх сурвалж болгон авч үзэж, хэрэгт авагдсан бичгийн баримтуудад дүгнэлт хийгээд нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал /ажлын байр/-ын нэр буюу Тэтгэвэр, тэтгэмжийн гэсэн нь Нийгмийн даатгалын үйлчилгээ гэж өөрчлөгдсөн боловч түүний /нэхэмжлэгч/ хэрэгжүүлэх чиг үүрэг өөрчлөгдөөгүй, зөвхөн нэг зорилго хасагдсан байхад, түүнчлэн маргаан бүхий ажлын байрыг цөөрүүлсэн, маргаан бүхий ажлын байрны орон тоо хасагдсан нөхцөл байдал бий болоогүй бүтцийн хувьд алба нь тасаг болж өөрчлөгдсөн байхад хариуцагч захиргааны байгууллага нь хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хууль бус байна гэж шүх үзлээ.

         Тэрчлэн төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх талаарх Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчим зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан төрийн тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг тодорхой хэмжээнд хязгаарласан шийдвэрийг захиргааны байгууллага гаргасныг шүүхээс буруутгаж, үүгээрээ маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж шүүх дүгнэлээ.

           Хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг үндэслэж байж нэг удаагийн тэтгэлэг олгосон, бүтэц орон тооны талаарх дээд газрын шийдвэрийг үндэслэж байж, нэхэмжлэгчийн даатгуулагчийнх нь хувьд эдлэх эрхийг хөндөхгүйгээр ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцлийг бүрдүүлсэн гэж тайлбарлаж байгааг шүүхээс мөн буруутгаж байна. Яагаад гэвэл, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 нь мөн зүйлийн 27.2.3-аар зохицуулагдсан харилцаа үйлчилэхгүй буюу уг заалтыг хэрэглэх боломжгүй тохиолдолд дараагийн шатны арга хэмжээ болгон авч хэрэгжүүлэх төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа байна. Нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар үндэслэлтэй, түүнийг хүлээн авах боломжтой юм.

       Хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн ажлын байрны торхойлолтод заагдсан чиг үүргүүд хэвээр хадгалагдан үлдсэн байгааг үл анхаарч, зөвхөн зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн байхад хуулийг буруу тайлбарлан төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон хасагдсан гэсэнтэй адилтган нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлсөн нь буруу гэж шүүх дүгнэснээр Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн  2016 оны 11 сарын 28-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/43 дугаар тушаал буюу маргаан бүхий захиргааны актыг бүхэлд нь хүчингүйд тооцон, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил болох аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын үйлчилгээний тасгийн даргын ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Захиргааны байгууллагаас сөрөг агуулгатай акт гаргаж буй тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу эрх нь хөндөгдөж байгаа оролцогчийг сонсох, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, мэдэгдэх гэхчлэн нарийн дэс дараалалтай, үргэлжилсэн шинжтэй ажиллагааг авч хэрэгжүүлэх байсан байна. Хариуцагчаас би өрөөндөө дуудаж ганцаарчлан уулзсан, ажилтнуудын цуглаан дээр хэлж мэдэгдсэн гэж байгаа боловч хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг яагаад гаргах болсон нөхцөл байдлыг тогтоож баримт цуглуулаагүйг тэмдэглэж, нэхэмжлэгчээс гаргасан Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэх тайлбарыг хүлээн авах боломжтой байна. Тодруубал, Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн  2016 оны 11 сарын 28-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/43 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 40 дүгээр зүйлийг үл хангаж гарчээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар[14] маргаан бүхий ажлын байр болох Нийгмийн даатгалын үйлчилгээний тасгийн даргын албан тушаалд томилогдон одоо ажиллаж байгаа Ч.Даваадоржийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан боловч тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй талаараа хүсэлтийг бичгээр гаргасныг шүүх хүлээн авч, түүний шүүхэд урьд нь гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзсэн болно.

Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэсний дагуу тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасан зарчмыг баримтлан хариуцагчийн ажиллаж буй байгууллагын санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төлүүлэх нь зүйтэй байна.

    Шүүх маргаантай асуудалд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүнд өгсөн нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбар, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, шийдвэрийн үндэслэл болсон холбогдох хууль тогтоомжийн хэм хэмжээг тайлбарлан дээр дурдсан байдлаар дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

             1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 16 дугаар зүйлийн 16.1, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Ганбатын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн  2016 оны 11 сарын 28-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/43 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгч О.Ганбатыг урьд эрхэлж байсан албан тушаал буюу Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын үйлчилгээний тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч /аймгийн ЭМНДХ-ийн санхүү/-аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Ганбатад буцаан олгосугай.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 108.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   У.БАДАМСҮРЭН