Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 02

 

 

 

О.Гэрэлсайханд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

         Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

                                     Прокурор    Б.Мөнгөншагай

                                     Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан,

        Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргалын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 363 дугаар захирамжинд улсын яллагч Б.Мөнгөншагайгийн бичсэн эсэргүүцлээр, О.Гэрэлсайханд холбогдох эрүүгийн 201615000188 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1965 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто механик инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айл гудамжны 32а байрны 20 тоотод оршин суух, “Баярс Гоулд” ХХК-нд автын механикч ажилтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Сайхан овогт Осорын Гэрэлсайхан /Регистрийн дугаар ЙЮ65030616/,

           Шүүгдэгч О.Гэрэлсайхан нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагийн үед Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баярс Гоулд” ХХК-ий уурхайн ажилчдын амрах байрны гаднах автомашины зогсоол дээр иргэн Г.Гансүхтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараар цохиж, бие махбодид нь тархины доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

            Мөн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагийн үед Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баярс Гоулд” ХХК-ий уурхайн ажилчдын амрах байрны гаднах автомашины зогсоол дээр иргэн Г.Гансүхтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн маргалдаж, улмаар түүний унаж явсан 55-22 УБҮ улсын дугаартай Лэнд Круйзер-80 маркийн автомашины урд талын улсын дугаарыг өшиглөн хугалж, урд салхины шилийг гараар 2 удаа цохиж хагалан гэмтээж, 139.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  

        Анхан шатны шүүх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2-т зааснаар О.Гэрэлсайханд холбогдох 201615000188 тоот эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Өвөрхангай аймгийн Прокурорын газарт  буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-1 ширхэгийг шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт прокурорт шилжүүлэн, хэргийг прокурорт очтол  О.Гэрэлсайханд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр заан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар уг захирамжийг прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.  

           Улсын яллагч Б.Мөнгөншагайгийн бичсэн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12 тоот эсэргүүцэлд:

              Шүүгдэгч О.Гэрэлсайхан нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагийн үед Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баярс Гоулд” ХХК-ий уурхайн ажилчдын амрах байрны гаднах автомашины зогсоол дээр иргэн Г.Гансүхтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараар цохиж, бие махбодид нь тархины доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж, иргэн Г.Гансүхийн унаж явсан 55-22 УБҮ улсын дугаартай Лэнд Круйзер-80 маркийн автомашины урд талын улсын дугаарыг өшиглөн хугалж, урд салхины шилийг гараар 2 удаа цохиж хагалан гэмтээж, 139.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан уян диск дээрх бичлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 193 тоот дүгнэлт, хохирогч Г.Гансүх, гэрч Г.Баатарзагар, П.Алтанцэцэг, С.Нармандах, Д.Шийлэгбат нарын мэдүүлэг, шүүгдэгч О.Гэрэлсайханы мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

         Шүүгдэгч О.Гэрэлсайхан нь хохирогч Г.Гансүхийн бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь хохирогч Г.Гансүх, гэрч Г.Баатарзагар нарын эх сурвалжаа зааж мэдүүлсэн мэдүүлгүүд болон тэдний мэдүүлгийг нотолсон хохирогч Г.Гансүхийн биед үзлэг хийсэн эмч П.Алтанцэцэгийн мэдүүлэг, эд мөрийн баримт болох уян диск дээр бичигдсэн хохирогч Г.Гансүхийн “...сайхан зодууллаа” гэж хэлж буй бичлэг зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдсон.

       Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Баярсайхан “...Би гэртээ байсан. ...тухайн үед нэг гараад харахад манай эхнэрийн гарыг нь тэр ирсэн Г.Гансүх гэх өндөр залуу мушгиад түлхээд машиныхаа хаалгыг хааж байгаа нь харагдсан. Гэрэлсайхан тухайн үед жолоочийн эсрэг талд зогсож байсан. Би буцаад гэр рүү гээ орсон. Тэнд намайг харахад зодоон цохион болоогүй” гэж,

      Гэрч С.Нарантуяа “...Гэрэлсайхан Гансүхийн унаж явсан машины шилийг хагалсан эсэхийг би ерөөсөө мэдэхгүй. Жолоочийн урд талын салхины шил жоохон цуурхай харагдаж байсан. Бичлэг хийгээд байхад нь урдуур хойгуур нь явахад харагдаад байсан. Намайг гэр рүү явсан хойно цохьсон юм болов уу, би тэрийг ерөөсөө мэдэхгүй байна” гэж,

          Гэрч Э.Пүрэвдорж “...Ланд 80 маркийн автомашинтай хүмүүс манай уурхайн гадаа ирчихээд нэг залуу нь машинаасаа буугаад гар утсаараа бичлэг хийгээд байсан. Тэгээд Гэрэлсайхан өмнөөс нь очоод уулзаад зогсоод байгаа бололтой харагдсан. Би тухайн үед гэр дотор байсан. Намайг харж байх үед хоорондоо зодолдож барилцаж авсан зүйл болоогүй. ...Би сайн мэдэхгүй байна. ...Намайг гэрээс нэг гарах үед л ирчихсэн байгаа харагдсан. Сүүлд нь яваад өгсөн бололтой байсан” гэж,

          Гэрч Д.Шийлэгбат “...2016 оны 06 сарын эхэн үед би уурхайн гэртээ сууж байтал саарал өнгийн Ланд-80 маркийн машин ирээд хэсэг зогсож байснаа хөдлөөд сүлжээн дээр очоод зогсож байгаад эргэж ирээд утсаа гаргаж ирчихээд бичлэг хийгээд байгаа юм уу утсаар яриад байгаа юм уу утсаа оролдоод суугаад байсан. Тэгээд өмнөөс нь Гэрэлсайхан ах очоод уулзах гэхэд нь машины хаалгаа онгойлгож өгөхгүй байгаа бололтой байсан. Тэгээд Гэрэлсайхан ах очоод машиных нь жолоочийн талын цонхыг тогшоод байгаа харагдсан” гэж тус тус мэдүүлсэн.

         Дээрх мэдүүлгүүдээс гэрч О.Баярсайхан нь үйл явлыг бүрэн харалгүй гэр лүү гээ орсон, гэрч С.Нарантуяа нь мөн үйл явдлыг бүрэн гүйцэд хараагүй, үйл явдал болж байх хугацаанд гэр лүү гээ явж орсон, гэрч Э.Пүрэвдорж нь гэртээ байсан, зөвхөн машинтай хүмүүс ирсэн ба тэдэнтэй Гэрэлсайхан очиж уулзаж байхыг л харсан, үйл явдлыг бүрэн гүйцэд хараагүй, гэрч Д.Шийлэгбат нь зөвхөн өөрийн харсан зүйлээ л мэдүүлсэн ба үйл явдлыг бүрэн гүйцэд хараагүй болохоо шүүхийн хэлэлцүүлэгт ч мөн мэдүүлсэн.

       Гэвч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрч О.Баярсайхан, С.Нарантуяа, Э.Пүрэвдорж нар нь Гэрэлсайхан Гансүхийг цохиж зодоогүй гэж мэдүүлсэн хэдийч эдгээр гэрчүүд нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, өөрөөр хэлбэл шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтэй нь холбогдуулж улсын яллагчаас “үйл явдлыг эхнээс нь дуустал харсан уу” гэсэн асуултыг мэдүүлэг өгсөн гэрч бүрт тавихад, үйл явдлыг эхлэхээс дуустал бүрэн хараагүй болохоо мэдүүлж, өмнөх мэдүүлгээсээ зөрүүгүй мэдүүлгийг өгсөн.

           Эдгээр нөхцөл байдалд шүүх үнэлэлт дүгнэлт өгөлгүй, мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан гэрч, хохирогч нарын мэдүүлгийг эх сурвалжаа зааж чадаагүй гэрч нарын мэдүүлгээс зөрүүтэй байна гэсэн дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй, гэрч нарын мэдүүлгүүд зөрүүгүй байх тул хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийх шаардлагагүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

        Иймд Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасны дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 363 дугаар захирамжийг эс зөвшөөрч улсын яллагчийн эсэргүүцэл бичив.

       Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор оролцох хүсэлтээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1-т зааснаар гаргаж байна... гэжээ.

             Шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Мөнгөншагай гаргасан дүгнэлтдээ:

         Эсэргүүцлээ дэмжиж байна. О.Гэрэлсайханд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийг хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байх тул анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 363 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгон О.Гэрэлсайханд холбогдох хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах саналтай байна... гэв

ХЯНАВАЛ:

          Шүүгдэгч О.Гэрэлсайхан нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагийн үед Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баярс Гоулд” ХХК-ий уурхайн ажилчдын амрах байрны гаднах автомашины зогсоол дээр иргэн Г.Гансүхийг уг газраас хөөж явуулах,  утсаар бичлэг хийлээ гэх хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараар цохиж, бие махбодид нь тархины доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн иргэн Г.Гансүхийн  унаж явсан 55-22 УБҮ улсын дугаартай Лэнд Круйзер-80 маркийн автомашины урд талын улсын дугаарыг өшиглөн хугалж, хагралт цууралттай байсан урд салхины шилийг гараар 2 удаа цохиж хагаралт цууралтыг нэмэгдүүлэн гэмтээж, 139.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

        Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

        О.Гэрэлсайханд холбогдох хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн, О.Гэрэлсайханыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэх, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, О.Гэрэлсайханд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Прокурорын газарт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

           Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2 ,  322 дугаар зүйлийн 322.1-д хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 363 дугаар захирамжийг хүчингүй болгон, хэргийг шүүхэд шилжүүлсэн шатнаас дахин шийдвэрлүүлэхээр О.Гэрэлсайханд холбогдох эрүүгийн 201615000188 тоот хэргийг мөн шүүхэд буцаасугай.

            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т зааснаар хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргэгдэн очтол О.Гэрэлсайханд урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-д хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

                                    

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                                         ШҮҮГЧИД                                  Т.ДАВААСҮРЭН 

                                                                                                             М.МӨНХДАВАА