Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 08

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Хд холбогдох эрүүгийн 1811024461027 дугаар 186/2018/0884/Э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,                                                                   

Улсын яллагч Т.Эрдэнэбат,                                                                                       

Шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нар оролцов.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 5, эхнэр 3 хүүхдийн хамт оршин суудаг, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 1995 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 507 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 523 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, Хас овогт Д.Х

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Д.Х нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо нийтийн байрны 9 тоот өрөөнд хохирогч Ө.Ц “Нийтийн байрны өрөөнд дуу чимээ гаргалаа” гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                        

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Манай байрыг З гэх залуу 2 жил гаруй хугацаагаар түрээслэж байсан. Эхлээд манай ах маргаан гаргаад байсан учир би дотогш орсон. Намайг орох үед Зг зодсон тархийг нь хагалсан цус гарсан байдалтай байсан. Дотор байсан 3 залууг та нар яаж байгаа юм бэ гэж хэлэхэд над руу архины шил бариад дайрсан. Тэгээд хоорондоо зодолдсон... гэх мэдүүлэг

Хохирогч Ө.Ц мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр би найз Б, А нарын хамт Зын Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байрлах түүний түрээсэлдэг нийтийн байранд ирсэн. Ингээд дөрвүүлээ нийлээд 2 ширхэг 0,75 граммын архи хувааж уусан юм. Бүгдээрээ нийлээд архи уугаад дуу дуулаад жаахан чимээ гаргасан юм. Тэгсэн 50 орчим насны намхан нэг эрэгтэй хүн орж ирээд нийтийн байранд ингэж дуу гаргаж болохгүй чимээгүй бай гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар одоо ингээд явах гэж байна гэж хэлээд чимээгүй байж байтал Зын хаалгыг нүдсэн бөгөөд би хаалгыг нь онгойлгосон чинь 35-40 орчим насны 180 см орчим өндөртэй нэг залуу шууд миний үүдэн шүд хэсэг рүү нэг удаа цохиход би газар унасан юм. Миний дээд үүдэн хоёр шүд хөдөлгөөнд орсон бөгөөд нэг шүд нь ёзоороороо хугараад уначихсан, нөгөө шүд нь хөдөлгөөнд орчихсон байна... гэсэн мэдүүлэг /хх-11-12/, 

Гэрч М.Б мөрдөн байцаалтын шатанд: ...Тэгтэл дахиж хаалга тогштол Ц хаалга тайлсан. Тэгтэл нэг эрэгтэй хүн орж ирээд шууд Ц-г цохиж унагаад гараад явчихсан. Шууд урдаас нь шүд рүү нь нэг л цохиод унагаасан... гэсэн мэдүүлэг /хх-15/,

 

Гэрч О.З мөрдөн байцаалтын шатанд: ...Манай байрны эзэн Х ах орж ирээд Ц-г болон А нарыг цохиод байсан гэж хэлсэн. Би тэр талаар мэдэхгүй байна... гэсэн мэдүүлэг /хх-22/,

 

                Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №10482 тоот шинжээчийн дүгнэлтэд: 

                                   

  1. Ө.Ц-н биед дээд уруулын дотор салстад цус хуралт, 2 шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

                Шинжээч эмч Т.Номинцэцэг гэсэн дүгнэлт /хх-25/

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Иргэний  үнэмлэхний лавлагаа /хх-32/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/, 1995 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-36-37/,  Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 507 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-38-39/,  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 523 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-40-41/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-42-50/, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-51/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Д.Х нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо байрлах нийтийн байрны 9 тоот өрөөнд хохирогч Ө.Ц “Нийтийн байрны өрөөнд дуу чимээ гаргалаа” гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ: Шүүгдэгч нь өөрийн гэсэн ажлын байртай учир торгуулийн ял оногдуулж өгнө. Оногдуулах ялыг хамгийн багаар тогтоож өгнө үү гэв.                               

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

 

Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                 

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.     

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Д.Х нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо байрлах нийтийн байрны 9 тоот өрөөнд хохирогч Ө.Ц “Нийтийн байрны өрөөнд дуу чимээ гаргалаа” гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь  хохирогч Ө.Ц-ийн: ...2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр би найз Б, А нарын хамт Зын Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байрлах түүний түрээсэлдэг нийтийн байранд ирсэн. Ингээд дөрвүүлээ нийлээд 2 ширхэг 0,75 граммын архи хувааж уусан юм. Бүгдээрээ нийлээд архи уугаад дуу дуулаад жаахан чимээ гаргасан юм. Тэгсэн 50 орчим насны намхан нэг эрэгтэй хүн орж ирээд нийтийн байранд ингэж дуу гаргаж болохгүй чимээгүй бай гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар одоо ингээд явах гэж байна гэж хэлээд чимээгүй байж байтал Зын хаалгыг нүдсэн бөгөөд би хаалгыг нь онгойлгосон чинь 35-40 орчим насны 180 см орчим өндөртэй нэг залуу шууд миний үүдэн шүд хэсэг рүү нэг удаа цохиход би газар унасан юм. Миний дээд үүдэн хоёр шүд хөдөлгөөнд орсон бөгөөд нэг шүд нь ёзоороороо хугараад уначихсан, нөгөө шүд нь хөдөлгөөнд орчихсон байна... гэсэн мэдүүлэг,  гэрч М.Бын: ...Тэгтэл дахиж хаалга тогштол Ц хаалга тайлсан. Тэгтэл нэг эрэгтэй хүн орж ирээд шууд Ц-г цохиж унагаад гараад явчихсан. Шууд урдаас нь шүд рүү нь нэг л цохиод унагаасан... гэсэн мэдүүлэг, гэрч О.З мөрдөн байцаалтын шатанд: ...Манай байрны эзэн Х ах орж ирээд Ц-г болон А нарыг цохиод байсан гэж хэлсэн. Би тэр талаар мэдэхгүй байна... гэсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №10482 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Д.Х нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 13-0327 тоотод байрлах нийтийн байрны 9 тоот өрөөнд хохирогч Ө.Ц “Нийтийн байрны өрөөнд дуу чимээ гаргалаа” гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.           

 

Шүүгдэгч Д.Х бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.                              

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүгдэгч Д.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                    

 

Шүүгдэгч Д.Хд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Д.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  заалтад зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.           

Хохирогч Ө.Ц нэхэмжилсэн зүйлгүй байна. 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.