Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 146/ШШ2016/00137

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 1 дүгээр баг, “Горхин дэнж” гэх газар оршин суух Наст овогтой Дашийн Цэрэндолгорын /РД:ЙБ66100404/ хүсэлттэй,

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгож, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Цэрэндолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Цэрэндолгор нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 1982 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр гарч аав, ээж дээрээ 1987 он хүртэл мал малласан. 1987 онд хүнтэй сууж аав, ээжээсээ тусдаа гарч 1990 он хүртэл Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Шүүхээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Цэрэндолгор нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгож ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад нэхэмжлэгч нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Д.Цэрэндолгор нь 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 118 дугаартай архивын лавлагааны хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Цоохор овогтой Цэрэндоржийн Пүлжиндорж “... Би 1978 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Намайг ажиллаж байхад Д.Цэрэндолгор нь 1982 оны 11 дүгээр сараас эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар 1990 оныг дуустал ажиллаж байсан. Бид 2 нэг дор хамт ажиллаж байсан ...” гэж, мөн Рэнчиннямбууд  овогтой Гимнайн Дондогсэрчин нь “...Д.Цэрэндолгор нь 1982 оны 11 дүгээр сараас эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам”  нэгдэлийн 2-р бригадад малчнаар ажилласан. Д.Цэрэндолгор нь 1990 оныг дуустал ажилласан...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.  

Дээрх нотлох баримтуудаар Д.Цэрэндолгор нь 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал  Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Д.Цэрэндолгорын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                              

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Наст овогтой Дашийн Цэрэндолгорыг 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Цэрэндолгорын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох  тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

              

                                            ДАРГАЛАГЧ                                            Б.САРАНТУЯА