Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2016/00145/И |
Дугаар | 146/ШШ2016/00138 |
Огноо | 2016-06-16 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 146/ШШ2016/00138
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 5 дугаар баг, Арвайхээр од хэсэг гудамж, 00 тоотод оршин суух Боржигон овогтой Цэрэндашийн Дамдинжавын /РД:ЙЮ65121289/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Есөнзүйл сум, 2 дугаар баг, 3-05 тоотод оршин суух Чонос овогтой Сосорбарамын Бат-Эрдэнэд /РД:ЙО82072811/ холбогдох,
7 303 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Дамдинжав нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
2015 оны 06 сард манай өөрийн эзэмшил Өвөрхангай аймгийн “Од” барилга ХХК-ийн барилгын материалын дэлгүүрээс 25 т услалтийг /1 м-210.000/ 10 хоногийн дотор мөнгийг нь өгнө гээд авсан юм. Мөн бас 160 000 төгрөгний үнэтэй визратор авсан юм. Түүнээс хойш мөнгө өгөхгүй байсан тул би 2015 оны 12 дугаар сард Есөнзүйл суманд очиж мөнгө нэхсэн би энэ сараас эхлэн хүү төлж явъя гэж хэлсэн тул гэрээ байгуулсан юм. 5 400 000 төгрөгийг 7 хувийн хүү нь сард 378 700 төгрөг сар бүр төлөхөөр тохирсон. Үүнээс хойш 5 сар болсон боловч бидэнд мөнгө болон түүний хүүг нэг ч удаа төлөөгүй тул гомдолтой байна. Иймд иргэн С.Бат-Эрдэнээс үндсэн мөнгө болох 5 400 000 төгрөг, үүн дээр 2015 оны 12 дугаар сарын 03-наас 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 6 сарын хүү болох 2 272 200 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...Нэхэмжлэгч Ц.Дамдинжав миний бие хариуцагч С.Бат-Эрдэнийн тайлбартай танилцлаа. Хариуцагч С.Бат-Эрдэнэ нь миний нэхэмжилсэн 7 303 500 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 16-ны дотор төлж барагдуулна гэсэн тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ
Хариуцагч С.Бат-Эрдэнэ нь шүүхэд гаргасан тайлбартаа:
С.Бат-Эрдэнэ миний бие нэхэмжлэгч Ц.Дамдинжавын нэхэмжилсэн 7 303 500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие нь уг мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 16-ны дотор төлж барагдуулсан байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Дамдинжав нь хариуцагч С.Бат-Эрдэнэд холбогдуулан 7 303 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Дамдинжавын нэхэмжилсэн 7 303 500 төгрөгийг хариуцагч С.Бат-Эрдэнэ нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсныг баталж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Дамдинжавын нэхэмжилсэн 7 303 500 төгрөгийг хариуцагч С.Бат-Эрдэнэ нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131 810 төгрөгөөс 65 905 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 101800995 тоот данснаас 65 905 төгрөг, хариуцагч С.Бат-Эрдэнээс 65 905 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Дамдинжавт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.САРАНТУЯА