Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 93

 

 

 

 

 

 

 

    2019          01          23                                     93

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнхтулга,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Мөнхцэцэг,  

хохирогч: С.Далай,

хохирогч:  Б.Дорж, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Батхүү /2220/, Ц.Цэгмэд /1290/,

хохирогч М. Золын өмгөөлөгч: М.Хувцагаан /0480/,    

шүүгдэгч: Ш.Отгоо, түүний өмгөөлөгч Ч.Наранцэцэг /1007/,

шүүгдэгч: Ш.Бямбаа,

шүүгдэгч: Ж.Эрдэнэ, тэдгээрийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг /1589/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Отгоо, Бямбаа, Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 201625031347 дугаартай, 5 хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1970 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүд, ач, зээгийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, Отгоо,

Монгол улсын иргэн, 1961 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, Эрдэнэ,

Монгол улсын иргэн, 1960 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан, группэд байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, Бямбаа.

Шүүгдэгч  Ш.Отгоо нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Ж.Эрдэнэ нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч  Ш. Бямбаа нь “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ш.Отгоо мэдүүлэхдээ:

Би Цагдаагийн Ерөнхий газар олон жил үйлчлэгчээр ажилласан. Оюун эгч намайг “чи нэр дээрээ байр захиалаад өгөөч, бид мөнгийг нь төлнө, байр авсны дараа чамайг гомдоохгүй” гэж хэлсэн. Би байрны өргөдөл өгч, квотод багтаж, байрны захиалга өгөөд, гэрээ байгуулсан. Миний захиалсан байрны төлбөрийг С.Далай 67 200 000 төгрөг төлж, надаас нэг ч төгрөг гараагүй. Байр ашиглалтад ороход манай нөхөр байрны түлхүүрийг Оюун эгчид өгсөн. Оюун эгч над руу утасдаад “эгч нь байрны түлхүүр авсан шүү, баярлалаа. Бид ярилцаад чамд 500 000 төгрөг өгөхөөр болсон” гэж хэлсэн. Би “ядахдаа гэр авах мөнгө өгөх байх” гэж бодож байсан тул 500 000 төгрөг өгнө гэхээр  нь гэнэт байраа өгөхгүй байх санаа төрсөн. Байр хүлээн авсны дараа Мөнхзориг дарга “2 өрөө байраа, 3 өрөө байраар чинь солиод, зөрүү мөнгийг нь өгье” гэхэд нь би зөвшөөрч, 13 000 000 төгрөг авч, байраа сольсон. Тэгээд би сольсон 2 өрөө байраа зараад, мөнгийг нь Оюун, Далай нарт өгье гэж бодож байтал Дорж намайг “миний байрыг хүнтэй сольсон байна, байрны мөнгө төлөхгүй байна” гэж цагдаад өргөдөл өгсөн байсан. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагаас Ганхүү байцаагч намайг дуудаад “хүний мөнгөөр өөрийн нэр дээрээ байр захиалчхаад мөнгийг нь өгөхгүй байна уу” гэж асуухаар нь “надад гэр аваад өгөх байх гэж бодож байтал 500 000 төгрөг өгнө гэхээр нь захиалсан байраа Мөнхзориг даргын 2 өрөө байртай сольж, зөрүү мөнгө авсан” гэдгээ би хэлсэн. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс гараад явж байтал Төмөрбаттай тааралдаад өөрт болсон асуудлаа ярьж, “байраа зараад мөнгөө төлнө” гэж  хэлэхэд  тэр “энэ чинь асуудал биш, би ээж, аавдаа хэлж өгье, айлтгүй “ гэж надад хэлсэн. Би аав ээжтэй нь уулзаад, бүх асуудлаа хэлж, өрөө төлж барагдуулмаар байна гэсэн. Эрдэнэ өмгөөлөгч эхлээд байрыг чинь харъя гэсэн тул байраа очиж үзүүлээд, эхлээд 67 000 000 төгрөг өгчихвөл би өрнөөсөө гарах гэж гэж хэлсэн. Мөнхзоригт өгөх 13 000 000 төгрөгийг маргааш өгнө гэж Эрдэнэ эгч хэлсэн. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн үүдэнд Эрдэнэ эгч “одоо байцаагч чинь чамайг хаанаас мөнгө олоод ирэв” гэж асуухаар нь “Ш.Бямбаа гэдэг манай нагац ах надад тусалж байгаа” гэж хэлээрэй гэдэг үг зааж, намайг оруулсан. Би байцаалтад зааж өгсөн үгийг нь хэлж, Мөнхзоригт 5 000 000 төгрөг өгсөн. Эрдэнэ эгч” чиний ар талыг ах, эгч хоёр нь зохицуулна, санаа зовох зүйлгүй” гэж хэлдэг байсан. Дараа нь Ш.Бямбаа ах “байрны гэрчилгээ чинь гарах болчихлоо, хоёулаа хамтран эзэмшигчээр бүртгүүлье” гэж хэлсэн. Бямбаа ах “85 000 000 төгрөгөөр гэрээ хийхээр 850 000 төгрөг төлөх болоод байна, иймд хоёулаа 30 000 000 төгрөгөөр гэрээ хийвэл 300 000 төгрөгийн татвар төлнө, үлдсэн мөнгийг нь бэлнээр өгье” гэж хэлсэн. Тэр үед би үүнд эргэлзсэн чинь Эрдэнэ эгч “чи бид хоёрт эргэлзээд байгаа юм уу” гэж надаас асуухад би “үгүй” гэж хэлсэн. Эрдэнэ эгч “Далай танай байрны цоожны голыг солиод явсан байна, хүний юманд зөвшөөрөлгүй хүрэх нь хуультай байдаг. Ах, эгч хоёр нь цоожны голыг нь буцаагаад солиулсан шүү” гэж байсан. Би Эрдэнэ, Бямбаа нар хоёулаа хууль мэддэг хүмүүс болохоор мэдэж байгаа байх гэж бодсон. Энэ хоёр хүн надаар залилан хийлгэсэн. Би 85 000 000 төгрөгөөр байраа зарна гэж Эрдэнэ, Бямбаа нартай тохирсон боловч тэднээс 33 600 000 төгрөг л авсан. Одоо үлдэгдэл мөнгөө гаргуулж авна. Надад байрны мөнгийг өгөөгүй атлаа 85 000 000 төгрөг дээрээ нэмж 9 000 000 төгрөг зээлсэн гэж надаас гарын үсэг зуруулж авсан. Би Золаас 27 600 000 төгрөг залилж авснаа хүлээн зөвшөөрч байна. Түүнээс уучлалт гуйж, төлөх хохирлын тал мөнгийг өгч, үлдсэн 13 800 000 төгрөгийг 1 жил 6 сарын хугацаанд төлөхөөр гэрээ байгуулсан. Би захиалсан байраа Далай, Оюун нарт өгөөгүйдээ маш их харамсаж байна. Ж.Эрдэнэ, Ш.Бямбаа нар манай 3 өрөө байрыг авъя гэж өөрсдөө эхэлж гуйсан. Би 12 дугаар сарын 28-ны өдөр Ж.Эрдэнэ, Ш.Бямбаа нараас 5 000 000 төгрөг л авсан. 50 000 000 төгрөг болон 30 000 000 төгрөг аваагүй. Тэд “ах, эгч хоёртоо итгээд тэгж бичиж өгөхгүй бол байр чинь хураагдана шүү” гэж надад хэлэхээр нь би хэлсний дагуу л бичиг хийж өгч байсан. Би мөнгө аваагүй байж байраа Бямбааид шилжүүлсэндээ харамсаж байна. Эрдэнэ миний мэдүүлгийг зааж, өөрөө бичиж өгдөг байсныг нь би хуулж бичээд, түүний нь дагуу мэдүүлгээ өгдөг байсан. 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолтыг Ж.Эрдэнэ, Ш.Бямбаа нар надад тэгж бич гэж хэлж, зааж өгч бичүүлсэн. Тэд Мөнхзоригт 5 000 000 төгрөг л өгсөн.  “Чи ажлаа хийж бай, байрны гэрчилгээг чинь би хөөцөлдье” гэж Бямбаа гуай хэлж, хөөцөлдөж авсан.  Далайы хохирлыг ажил хийж байгаад төлнө. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 50 000 000 төгрөг өгөөгүй байхдаа 12 дугаар сарын 28-ны өдөр тодорхойлолт бичүүлж авсан.  

Ж.Эрдэнэ, Ш.Бямбаа нар байрны мөнгөнд надад 33 600 000 төгрөг  өгснөөс би хохирогч нарын мөнгийг төлж чадаагүй. Хэрвээ мөнгийг маань өгсөн бол  хохирлоо төлөх байсан. Би Бямбаа, Эрдэнэнцэцэг нараас мөнгө зээлээгүй,  Бямбаатой ах дүүгийн холбоо байхгүй. Би энэ 2 хүмүүст маш их гомдолтой байна. Энэ хүмүүс надаар залилангийн гэмт хэрэг үйлдүүлсэн, бас намайг залилсан. Цагдаад ингэж хэл, тэгж хэл гэж бүх мэдүүлгийг зааж өгдөг, цагдаад ганцаараа очиж болохгүй, хүнтэй уулзаж болохгүй, утасны дугаараа өгч болохгүй гэдэг. Би энэ 2 хүний өмнөөс хэрэгт орлоо. Би сүүлдээ энэ 2 хүнд залилуулж байгаагаа нөхөр, хүүхэддээ хэлж, өөр өмгөөлөгч авснаар мэдсэн. Би 2015 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр Ганхүү байцаагчаар дамжуулан Мөнхзоригт 5 000 000 төгрөг өгсөн, 2014 оны 12 дугаар сард өөрийн дансаар 2 500 000 төгрөг, Эрдэнэийн охин Төмөрсүхээс 200 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сард Төмөрбатаар хүүхдийнхээ сургалтын төлбөрт 1 800 000 төгрөгийг өөрөөр нь хийлгүүлсэн. 2016 онд Эрдэнэ өмгөөлөгчтэй явж, 3 600 000 төгрөгийг хохирогч Золын данс руу, 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Золын данс руу 2 удаа 4 000 000 төгрөг, нийт 8 000 000 төгрөгийг Эрдэнэтэй хамт явж байгаад хийсэн ба тэр мөнгийг хийж, харин баримт дээр би гарын үсэг зурсан. Мөн  2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өмгөөлөгч Наранцэцэгт өмгөөллийн хөлс гэж миний өмнөөс 1 000 000 төгрөгийг өгсөн. Би 33 600 000 төгрөг Эрдэнэ, Бямбаа нараас авсан.  Одоо тэд 85 000 000 төгрөг өгсөн, дээр нь чи 9 000 000 төгрөг зээлсэн гэж бичиж өгсөн биз дээ гээд надаар бичүүлж авчихаад, дарамтлаад байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ж.Эрдэнэ мэдүүлэхдээ:

 Намайг бусдыг хуурч, зохиомол байдал үүсгэсэн гэм буруутай гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай охин Цагдаагийн Ерөнхий газрын дарга Билэгтийн туслахаар ажиллаж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу шилжсэн байхад нь Отгоо  манай охины ажил дээр нь ирж, “манай байрыг зараад өг” гэж хэлсэн гэсэн. Тэгээд удаа дараа ирээд байхаар нь охин маань “би аавдаа хэлье, та манай аавтай уулзаад байрныхаа талаар хэлээд үз” гээд утасны дугаарыг нь өгсөн байсан. Отгоо нь манай нөхөр лүү залгаад “та миний байрыг авчихаач, эсвэл зараад өг” гэж хэлсэн байдаг. Манай нөхөр надад “охины хуучин ажлын газрын цэвэрлэгч хүүхэн байр үзээд өгөөч гээд залгаад байна. Хоёулаа хамт явъя” гэсэн. Тэгээд Отгоо 30а байрны 2 давхарт байрлах 2 өрөө байрыг үзүүлсэн. Гэтэл тэр байр нь таалагдаагүй. Дараа нь Отгоо “би өөрийнхөө байрыг үзүүлье, та хоёр хүрээд ирэх үү” гэхэд нь очиж үзэхэд 3 өрөө, гайгүй боломжийн байр байсан. Ямар учиртай, ямар маргаантай байр вэ гэж асуухад тэр “Цагдаагийн Ерөнхий газрын квотод багтсан байр, өргөдлөө өөрөө өгч, захиалагчийн гэрээг байгуулж, байрны обой, паркетан шалыг өөрөө сонгосон.   Байраа хүлээж авсны дараа гэнэтхэн Б.Дорж гэдэг хүн гарч ирээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар өргөдөл өгсөн байна. Би Дорж гэдэг хүнийг танихгүй, уулзаж байгаагүй” гэж хэлсэн. Тэгээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очиход эрүүгийн журмаар шийдвэрлэх хэрэг биш, иргэний журмаар шийдвэрлүүлэх хэрэг гээд хэргийг нь хаасан гэж байцаагч нь хэлсэн. Отгоо “би байраа зараад хүмүүсийн мөнгийг өгөх ёстой юм” гэж хэлдэг. Бид хоёрыг гэртээ байхад Отгоо утасдаад “намайг Чингэлтэй дүүргийн цагдаагаас дуудаад, 4 залуу намайг ална гээд айлгаад байна, хүрээд ирээч гэж хэлэхэд нөхөр бид хоёр яваад очсон. Очиход Чингэлтэй дүүргийн цагдаагийн зүүн хэсэгт нь Отгоо, Мөнхзориг нар зогсож байсан. Бид очоод юу болсон талаар асуухад Мөнхзориг бид хоёр руу “энэ юун хүмүүс вэ” гээд уурласан. Отгоо манай нөхрийг “та манай ах гээд Ганхүү байцаагчтай уулзчих” гэж хэлсэн. Манай нөхөр түүний хэлснээр нь Ганхүү байцаагч дээр ороод “би ах нь байна, юун маргаан болсон юм” гэж асуухад, Ганхүү байцаагч Отгоот холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаад хэрэг нь прокурорт буцаагдсан. Мөнгөний холбоотой асуудлаа иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой гэж хэлсэн. Энэ явдлын дараа Отгоо “байраа зарна” гэж хэлэхэд бид хоёр хууль ёсоор нь шалгасны дараа энэ талаар ярилцъя гэж хэлсэн. 12 дугаар сарын 12-ны өдөр Отгоо нь Чингэлтэй дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолоо авч ирээд, “энэ хэрэг дууссан учраас та одоо манай байрыг аваач” гэж хэлсэн.  Тэгээд Бямбаа, Отгоо хоёр “Цээб” ХХК дээр очиж, энэ байртай холбоотой Отгоот эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай прокурорын тогтоолоо үзүүлээд, “энэ байр нь Отгооийн байр мөн үү, би энэ байрыг худалдаж авах гэж байгаа” гэж хэлсэн байдаг. “Цээб” ХХК-ийн захирал болон менежер нь энэ байрны маргаан дууссан бол одоо үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч болно гэсэн тул уг байрыг нь худалдаж авахаар болж, байрны төлбөрийг Отгоот 3 хувааж, цувуулж төлье” гэж тохироод 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 5 000 000 төгрөг төлсөн. 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 50 000 000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр сүүлчийн 30 000 000 төгрөгийг төлнө гэж ярилцаад Отгоо нь нөхрийн хамт гэрээн дээр гарын үсэг зураад явсан. Надад зохиомол хэрэг хийх боломж байхгүй байсан.  Нөхөр бид 2  Ш.Отгооийг 2016 оны 12 дугаар сараас таньдаг болсон.   Ш.Отгоо нь манай охинтой уулзаж, манай нөхөртэй утсаар холбогдож байгаад байрыг шилжүүлсэн. Бид байрыг 85 000 000 төгрөгөөр худалдан авч, мөнгийг нь бүрэн төлж дууссан. Манай нөхөр  эрэгтэй, эмэгтэй хоёр хаш хөөрөг хийлгээд Бүгд Найрамдах Хятад ард улс руу гаргаж зараад мөнгөтэй болж, уг мөнгөөр худалдан авсан. Отгоо “би Сандаг генералтай, дотно харилцаатай. Харин энэ асуудлыг битгий олон нийтэд мэдэгдээрэй гээд тэр хүн надад  100 000 000 төгрөг өгнө. Манай охиныг сургуульд оруулж өгнө гэж хэлсэн” гэж надад ярьсан бөгөөд “мөнгө авахаараа хоёулаа нийлж дэлгүүр нээж,  бизнес хийе” гэж хэлсэн. Тэгээд надаас мөнгө зээлсэн. Би насаараа хуулийн ажил хийж байгаа. Хэн нэгнийг залилж, хуурч явж үзээгүй. Бид хүнийг залилдаг амьдралтай хүмүүс биш. Байрыг худалдан авах үед Отгоо эрүүгийн хэрэгт шалгагдаагүй байсан, 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр байрны үнэ 85 000 000 төгрөгийг төлж дуусгасан. 2016 оны 2 дугаар сарын 01-ны өдөр байр хууль зүйн дагуу нөхөр Бямбааийн өмчлөлд шилжсэн. Би хүний байрыг өөрийн нэр дээр шилжүүлээгүй, зохимол байдлыг зориудаар бий болгоогүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ш.Бямбаа мэдүүлэхдээ:

2015 оны 10 дугаар сард Отгоо эгч 3 өрөө байраа зарна гэж байна. Та энэ байрыг нь худалдаад авчихаач, манай ажил руу байн байн ирээд төвөгтэй байна” гэж манай охин надад хэлсэн. Би байрыг нь үзэж байж болно гэж хэлсэн.  Би Отгооийг урьд таньдаггүй байсан,  түүнийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байх үед танилцсан. 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн өглөө Отгоо над руу “та Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хүрээд ирээч, энд хүмүүс намайг ална гээд байна” гэж утсаар ярихаар нь яваад очсон. Отгоо “Дорж гэдэг хүн манай байр дээр гэнэт гарч ирсэн байна, би энэ хүнийг танихгүй, түүнээс мөнгө аваагүй” гэж надад хэлсэн. Тэгээд би Ганхүү байцаагч дээр орж уулзахад “хэрэг нь над дээр шалгагдаад дууссан, одоо хэрэг нь хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт байгаа” гэж хэлсэн. Отгоо  нь Мөнхзориг даргатайгаа 3 өрөө байраа, 2 өрөө байраар нь солиод 13 000 000 төгрөг авсан байсан. “Мөнхзориг мөнгө өг гэж загнаад байна” гэж Отгоо надад хэлсэн. Тэгээд Отгоо надаас 10 000 000 төгрөг зээлж, Улаанбаатар банкны замын хойд талд байрладаг нотариат ороод, зээлийн гэрээ хийж, мөнгийг нь өгсөн. 5 000 000 төгрөгийг Мөнхзоригт өгч, үлдэгдэл 5 000 000 төгрөгөөр нь Яармагт худаг, буудалтай ойрхон хашаа, байшин авч байгаа гэж надад хэлсэн. Түүнээс хойш 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Отгоо “хэрэг дууссан” гээд прокурорын тогтоол бариад ирэхээр нь бид “Цээб” ХХК дээр очсон. Би байр Отгооийнх мөн эсэхийг асуухад Цагдаагийн Ерөнхий газраас манай гүйцэтгэгч компанитай Отгоо өөрийн биеэр гэрээ хийсэн. Отгооийн өмчлөлд байрыг шилжүүлсэн талаар “Цээб” ХХК бичиг хийж өгсөн. Отгоо надад байраа 85 000 000 төгрөгөөр зарна гэсэн тул би мөнгийг нь цувуулж өгөхөөр тохиролцоод, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хэлцэл хийсэн. 2016 он гараад би Отгоот 50 000 000 төгрөг өгөөд байрны гэрчилгээг Отгоо, бид 2-ын нэр дээр гаргахаар тохирсон. Тэр манай гэрт ганцаараа ирэхэд нь би 50 000 000 төгрөгийг хар гялгар уутанд хийж өгөхөд бэлнээр авч гарсан. Дараа нь 30 000 000 төгрөг авахдаа нөхөртэйгөө хамт манайд ирээд авсан ба тохиролцсон ёсоороо 85 000 000 төгрөг авлаа гэсэн бичиг хийж өгөөд, хоёулаа  гарын үсэг зурсан. Би Отгоот наад мөнгөө хүмүүст нь өгөөрэй гэхэд Отгоо “би мөнгөө өгөхгүй, харин ч тэр хүмүүсээс авах авлагатай гэж хэлсэн. Би Отгоот байрны төлбөрийг дансаар хийе гэхэд би зээлтэй, нөхөр тэтгэврийн зээлтэй, банк хурааж авдаг гээд мөнгөө бэлнээр авна гэдэг. Тэр мөнгө хүлээж авлаа гэсэн бичиг үйлдэж, бичгээ надад өгдөг байсан. Гэрээ байгуулж, нотариатаар орж, Баянгол дүүргийн бүртгэлийн газар очиж, байрыг миний нэр дээр болгож, гэрчилгээ авсан. Би наймаа хийдэг. Байр худалдан авах бэлэн мөнгө надад байсан. Би Ш.Отгоот үг зааж өгөөгүй.  Одоо байр миний нэр дээр байдаг тул би бусдад сарын 600 000 төгрөгөөр түрээсэлсэн байгаа.  Би энэ байрыг хуулийн дагуу худалдан авсан шударга өмчлөгч. Би Отгоот гүтгүүлж байгаадаа гомдолтой байна гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-С.Далай мэдүүлэхдээ:

Би Содномпунцаг ахтай сайхан харилцаатай байсан, мөн Дорж ахтай ч  сайхан харилцаатай байдаг байсан. Манай ээж Отгоо эгчтэй холбогдоод нэр дээр нь Доржд байр захиалахаар тохиролцоод, захиалсан. Би байрны төлбөрт 6 удаа 55  000 000 төгрөгийг төлсөн ба энэ мөнгийг Дорж ахад зээлүүлсэн. Отгоо нь байрны мөнгийг бүрэн төлүүлсний дараа итгэл эвдээд байрыг өөр хүнд өгч, зөрүү авсан, сүүлдээ байрыг бүр өөр хүнд зарчихсан байгаа юм. Дорж ах надад мөнгө төлсөн. Одоо 25 000 000 төгрөгийг Дорж ахаас авах ёстой гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Дорж мэдүүлэхдээ

Би байр захиалгын квотод багтаж чадаагүй тул Оюун эгчээс “байрны квот олоод өгөөч” гэж гуйсан. Отгоо эгч зөвшөөрсөн байсан тул би байрны урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөгийг төлсөн. Байрандаа орохоор болоод барилга барьж байсан компани дээр очиж асуухад “наад байр чинь Отгоо гэдэг хүний нэр дээр байна “гэсэн. Би байрны мөнгийг манай ах, эгч нар төлнө  гэж хэлсэн. Энэ талаар “Цээб” ХХК мэдэж байгаа. Би 30 000 000 төгрөгийг Далайд буцааж өгсөн. Байраа авч чадахгүй байна. Би одоо байрандаа орох хүсэлтэй байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-М.Зол мэдүүлэхдээ:

...“манай бэр эгч Цэрэнын төрсөн эгч Отгоо “цагдаагийн ерөнхий газраас хямд байр авч өгөх гэж байна, та нар орох юм уу, би одоо байранд орж чадахгүй байна, боломжтой бол мөнгө төгрөгөө цувуулж өгөөд орвол ороорой” гэсэн. Тэгээд би талийгаач нөхөр Хашцолмонтой ярилцаад дээрх байрыг авах болсон. Нөхөр Хашцолмон бид 2 эхлээд өөрсдийн солонгос автомашиныг, 1 000 000 төгрөгийн хамт өгсөн. Тэгээд Отгоотэй 2 өрөө байрны урьдчилгаа 11 200 000 төгрөг өгнө гэж тохиролцсон. Дараа нь 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1 500 000 төгрөг, дараа нь 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 2 700 000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1 000 000 төгрөг, үлдсэн 5 000 000 төгрөгийг 3 хувааж бэлнээр өгсөн. Үүнээс хойш 2 өрөө байр солигдчихлоо нөгөө байр чинь 3 өрөө боллоо гэж хэлсэн. Би “мөнгө нэмж өгч чадахгүй” гэхэд 3 өрөө байрны төгрөг өгөхгүй бол байр авч чадахгүй байна, заавал гүйцээж өг гээд 2-3 хувааж өгсөн. Хүүхдийг чинь сургуульд оруулж өгье гээд 1 500 000 авсан ба уг мөнгийг эгч нь хийчихье, үлдсэн 7 400 000 төгрөгийг гүйцээж хий гэсэн. Мөнгө өгснөөс хойш “та нар манай ажлаар ирж болохгүй, хэл ам хийж болохгүй” гэдэг. Утсаар ярихаар уурлаад тэгээд хамгийн сүүлд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дүү Цэрэнын нэрээр 2 830 000 төгрөг, 790 000 төгрөг хийлгэсэн. Байр хариуцсан ажилтан болон хүмүүстэй уулзуулахгүй байсан. “Түлхүүрээ авах гэж байхад хэл ам хийгээд байх юм, одоо түлхүүрээ авах л дутуу шдэ” гээд байсан. Би өөрийн 27 600 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 177-181 хуудас, 2 дугаар хавтас 65-66 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Оюун мэдүүлэхдээ:

...Доржийн хувьд манай нөхөртэй ах дүү шиг дотно харьцаатай хүмүүс юм. Дорж нь “цагдаагийн ерөнхий газрын автобаазын байрнаас байр авах гээд чадсангүй, энэ байрнаас квот олж өгөөч” гэж хэлсэн. Содномпунцагт “эхнэрийнхээ нэр дээр барьж байгаа байрнаас квот аваад өгөөч” гэхэд тэгье гэсэн. Тэгэхээр нь Доржд “найдвартай квоттой хүн олчихлоо чи Далайтай яриад, мөнгөний асуудлаа тохирно биз” гэж хэлсэн. Дорж манай хүү Далайгаас мөнгө зээлж, байрныхаа мөнгийг бүрэн төлсөн. Байрны мөнгө төлж дууссаны дараа Содномпунцаг байрны түлхүүр, бичиг баримтуудыг надад авчирч өгсөн. Тэгж байтал Отгоо нь Цэвэлмаа гэж хүнтэй байраа солиод зөрүү мөнгийг авахаар тохирсон талаар мэдээд, Дорж ч ирсэн. Дорж, Далай, бид 3 Отгоотэй уулзахад “2 өрөөгөөр байраа солиод, тэр айлаас 13 000 000 төгрөг авсан” гэж хэлсэн. Тэгээд бид “яагаад хэлээгүй юм, чиний нэг ч төгрөг ороогүй ш дээ” гээд маргаан болсон. Дорж байрандаа орох гээд очиход цоожны голыг сольсон байсан. Одоо бүр орон сууцны мөнгийг ч өгөхгүй байна. Бид өөрсдөө орон сууцны зээлэнд хамрагдаж амьдардаг. Хүнд хүүгүй мөнгө зээлэх боломжтой байсан бол юу гэж банкны хүү төлж байх вэ дээ гэжээ.  (хэргийн 1 дүгээр хавтас, 51-52 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Сандаг мэдүүлэхдээ:

...“би Отгоот хэдийд ч ямар нэгэн мөнгө огт зээлүүлж байгаагүй. Отгоо надаас мөнгө зээлэх хүсэлт тавиагүй, ээж гадаад эмчилгээнд явж байгаа гэж бидний дунд яриа болоогүй. Дорж байртай болох хүсэлт тавиад манай гэр бүл Содномпунцаг, Отгоо нартай ярилцаж, Отгооийн нэр дээр байр захиалахаар тохиролцсон. Дорж, Далай нар байрны мөнгийг хоорондоо тохирч, төлбөр тооцоог нь Далай хийсэн” гэжээ.  (хэргийн 1 дүгээр хавтас, 58-59 дүгээр хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Бадрах мэдүүлэхдээ:

“автобаазын даргын цохолтын дагуу урьдчилгаа төлбөрөө төлсөн захиалагчтай манай компани гэрээ байгуулахаар тохирсон. 30б байрны 85 тоотыг Ш.Отгоо гэж хүн захиалж төлбөрөө хийсэн. Энэ мөнгийг Отгоо төлсөн үү, өөр хүн төлсөн үү гэдгийг мэдэхгүй. Гүйлгээний утга дээр Отгооээс гэж бичсэн байсан” гэжээ.  (хэргийн 1 дүгээр хавтас, 60 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Ш.Цэрэн мэдүүлэхдээ:

“2014 оны хэдэн сард байсныг санахгүй байна, манай эгч Отгоо өөрийн нөхөр Содномпунцагтай хамт ирээд “цагдаагаас байр өгөх гээд байна, би ямар байранд орж чадах биш” гэхээр нь манай нөхөр бид 2 авч чадахгүй ээ, нөхрийхөө дүүд хэлж өгье гэсэн. Тэгээд манай эгч Отгоотэй манай нөхөр Жаргалсайханы дүү Зол, нөхөр Хашцолмон нар уулзаад эд нар хоорондоо тохиролцсон юм шиг байна лээ. Тэгээд Хашцолмон, Зол 2 байранд оруулж өгөх гэж байгаа гээд хөлс болгож 1 000 000 төгрөг, өөрсдийн машиныг өгсөн. Мөнгө, машин 2-ыг манай хашаанд авчирч өгсөн. Үүнээс  хойш мөнгөө бэлнээр болон дансаар өгч авалцсан юм шиг байна лээ. 2015 оны 11 юмуу 12 сарын орчим 30%-ийг дууссан шүү, нөгөө байрны урьдчилгаа мөнгө дууссан шүү гээд байсан. Тэгээд манай эгчээс Зол, бид нар “байрандаа орох болж байна уу” гэж асуухаар “одоо дөхөж байна, одоо удахгүй орно, өнөөдөр түлхүүрээ өгөх гэж байна” гэсээр 2016 оны 7 дугаар cap хүргэсэн. Зол 2016 оны 3 дугаар сараас байрандаа орчих байх гээд манай гэрт байсаар байгаад байрандаа ч орсон юм байхгүй хэцүү байна. Миний мэдэхээр урьдчилгаа 30% буюу 21 сая орчим төгрөг болсон гэсэн. 

“Миний эгч худлаа яриад хүн хуурч, мэхлээд байдаггүй. Үйл хөдлөл, хэл яриаг нь зааж өгөөд байдаг хүн байгаа байх гэж бодож байна. Би өөрийн эгчид “мөнгийг нь өгөөч” гэхээр ямар ч байсан хохиролгүй болгоно гэж хэлээд эхнээсээ төлж байгаа гэсэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 51-52 дугаар хуудас, 2 дугаар хавтас, 103-104 хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Галиндэв мэдүүлэхдээ:

“манай бэр Цэрэнын эгч Отгоо манай охин Золыг байранд оруулж өгнө гээд л увуулж цувуулж мөнгө авсан. Дээр нь бас машинаа өгсөн, хүүхдийх нь сургалтын төлбөрийг авсан байсан. Миний мэдэж байгаагаар эхлээд 2 өрөө гэж байснаа 3 өрөө болчихсон юм. 85 тоот хаалгатай байр гэж хэлсэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 186-187 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Ш.Мөнхзориг мэдүүлэхдээ:

 .... “би цагдаагийн ерөнхий газарт ажиллаж байхдаа 2014 онд Баянгол дүүргийн 3 дугар хорооны нутаг дэвсгэрт барьж эхэлсэн орон сууцнаас 2 өрөө орон сууц захиалж, эхнэр Цэвэлмаагийн нэр дээр гэрээ байгуулж байсан. 2015 оны 7 дугаар сард орон сууц ашиглалтад орох үед байрны гадаа Отгоотэй тааралдсан. Тэгэхэд Отгоо “би 3 өрөө байр захиалсан юм. Баахан зээл авсан, мөнгийг нь төлж чадахгүй байна” гэж ярихаар нь би “манайх арай багадаад байна, 2-лаа байраа солиод, зөрүүг нь би өгье” гэсэн. Зөрүү 10 сая төгрөг, дээр нь нэмээд 3 сая төгрөг зээлнэ гэж тохиролцож, 2015 оны 7 сарын 09- ний өдөр 13 000 000 төгрөг өгч, нотариатаар батлуулж байсан. Тэгээд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ гарах болоход “Цээб” ХХК-иас дуудсан. Очиж уулзахад Отгооийн захиалсан байр дээр өөр эзэн гараад ирсэн. Энэ хэрэг цагдаад шалгагдаж, шийдвэрлэсний дараа гэрчилгээ гаргана” гэсэн. Маргаантай байр юм чинь аль, аль байрных нь гэрчилгээг гаргаж өгч болохгүй гэж бид ч хэлж байсан боловч “Цээб” ХХК нь Отгоот 3 өрөө орон сууцны гэрчилгээг гаргаад өгсөн байсан. Отгоо нь одоо өмгөөлөгч гэх Эрдэнэ, түүний нөхөр Бямбаа нарын охиныг таньдаг байсан юм байна лээ. Бямбааийн охин ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Билэгт генералын туслахаар ажиллаж байсан болохоор Отгооийг мэднэ. Би сүүлд Отгооийн захиалсан байранд очиход Бямбааийн охин амьдарч байна лээ. 2015 оны сүүлээр цагдаагийн байгууллагад энэ асуудлыг шалгуулж байхад 2015 оны 11 сард Бямбаа надад 5 сая төгрөг өгсөн. Үлдсэнийг нь сарын дотор өгнө гэсэн. Отгоо нь “миний итгэмжпэгдсэн төлөөлөгчтэй уулз” гээд юм ярихаа больсон. Бямбаа нь болохоор “машин зараад өгнө, мөнгөгүй байна” гээд мөнгөө өгөөгүй. Сүүлдээ шүүхээрээ ороод ав гэх болсон учраас би иргэний шүүхэд хандаж, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гарч, 8 750 000 төгрөг Отгооээс гаргуулахаар болсон. Шүүхийн шийдвэр гараад ч одоо хүртэл үлдсэн 8 750 000 төгрөгөө гаргуулж авч чадаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа боловч Отгоо нь хөлсний байранд ямар ч эд хөрөнгөгүй амьдарч байгаа, төлбөрийн чадваргүй гээд яаж ч чадахгүй байна гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 51-52 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Батхүү мэдүүлэхдээ:

.. нөгөө хүн нь Отгооийн байрыг авахаар боллоо засвар эхэлчихлээ гээд уулзаж байсан. Тэд хоорондоо харилцан тохирлоо гээд гэрээг сольж өгөх гэтэл цагдаагаас ярьсан байхаа, нөгөө хүн нь энэ байр маргаантай юм байна гээд больсон. Би одоо нэрийг нь санахгүй байна, эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирж уулзаад Отгоот мөнгө өгсөн ч гэлүү уг байрны мөнгө төгрөгтэй холбоотой юм ярьж байсан. Уг байрны төлбөр орж ирэхдээ Отгооээс гэсэн утгатай орж ирсэн байна. Тиймээс бид Отгоотэй харьцахаас та нарыг хэн гэж мэдэж харьцах вэ гэж хэлсэн. Манай компанийн барьж ашиглалтад оруулсан орон сууцнуудыг 2015 оны 6 дугаар сарын сүүлээр улсын комисс хүлээж авсан гэжээ. (хэргийн 3 хавтас, 38-39 дүгээр хуудас)

            Мөрдөн байцаалтад гэрч-Д.Пүрэвсүрэн мэдүүлэхдээ:

...Бямбаа гэх хүн өөрөө чулуугаа өгөөд хөөрөг хийлгэсэн. Хоёр хөөргөндөө манайхаас шүрэн толгой авч, алтан нуух хийлгэсэн бөгөөд бас өөрөө ОХУ-аас авчирсан гээд нэг хаш аягыг мөнгөлүүлж байсан. Тэгээд нэг шүрэн толгойныхоо мөнгийг нэлээн цувуулж өгч дуусгаад, аягаа авч байсан. Өөрөөр хөөрөг хийлгэж байгаагүй гэжээ.  ххЗ-40

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Ганхүү мэдүүлэхдээ:

...Отгооээс тайлбар авахад “Сандаг генерал, түүний эхнэр Оюунаа эгч нар надад чи өөрийнхөө нэр дээр байгаа байраа бид нарт өгөөд, бид байрны мөнгийг төлөөд чамайг гомдоохгүй, хохироохгүй гэсэн. Тэд байрны түлхүүр авсныхаа дараа “чамд 500 000 төгрөг өгнө, илүү өгч чадахгүй гэсэн” тул би гомдсон учраас байраа өөрөө авахаар шийдсэн. Мөнхзориг түүний эхнэртэй тохиролцоод байраа сольж, зөрүүнд нь 13 000 000 төгрөг аваад гэрээ байгуулсан. Оюунаа эгч хүүгийн хамт ирээд тэр хүний 13 000 000 төгрөгийг буцааж өгөөд, эргүүлээд байраа бид нарт өг гэсэн. Надад тийм их мөнгө байхгүй, та нар 13 000 000 төгрөгийг өгөөд, байраа буцааж ав гэхэд чамд яахаараа мөнгө өгдөг юм. Чи тэр хүний мөнгийг төлөөд байраа бид нарт өг гэсэн. Манай аавын дүүгийн хүүхэд Бямбаа надад тусалж Мөнхзоригийн мөнгөнөөс 5 000 000 төгрөг өгнө гэсэн гэж ярьсан. Тэгээд Отгоо, өөрийн ах Бямбааийн хамт ирээд 5 000 000 төгрөг Мөнхзоригт хүлээлгэн өгсөн. Ш.Отгооийн хувьд маргаантай байгаа байраа Ш.Мөнхзоригийн 2 өрөө байраар солихоор харилцан тохирч, зөрүү 13 000 000 төгрөгийг авсан байсан учраас Мөнхзоригийн мөнгийг хэзээ төлж барагдуулах вэ гэж асуусан. Дорж гэж хүн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан учраас маргаантай байр гэж үзсэн. Хөрөнгө мөнгөний маргаантай асуудлаа шийд гэж хэлсэн. Түүнээс заавал одоо төлж, барагдуул гэж шаардаагүй гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 143 дугаар хуудас)

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 5241 тоот дүгнэлтэд:

 “...нийт 4 ширхэг Хаан банкны орлогын мэдүүлэг гэсэн баримтууд дахь шинжилж буй гар бичвэрүүд нь Отгооийн гэх бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй” гэжээ.  (хэргийн 1 дүгээр хавтас, 66 дугаар хуудас)

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өрийн 2508 тоот дүгнэлтэд:

2. 2014.04.17, 2015.03.15, 2015.08.05, 2015.08.22, 2015.10.28 өдрүүдийн “Цээб” ХХК-ийн  5084191910 дугаарын дансанд орсон мөнгө тушаасан орлогын мэдүүлгүүд дээрх “Отгоо” гэсэн бичиглэлүүд С.Далайгийн гэх бичгийн хэвийн загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгээр тохирч байна,

“Отгоо” гэсэн бичиглэлүүд яллагдагч Ш.Отгоо гэх бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй байна гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 185 дугаар хуудас)

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ш.Отгоо ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 236 дугаар  хуудас

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ш.Бямбаа ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 241 дугаар  хуудас

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ж.Эрдэнэ ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 240 дугаар  хуудас

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Ш.Отгоо нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан цагдаагийн алба хаагчдын орон сууцнаас 3 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр захиалж, байр баригдсаны дараа нь уг байрыг  Н.Оюунд  өгөхөөр түүнтэй тохиролцож, 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Цээб” ХХК-тай “орон сууц захиалгаар барьж ашиглалтанд оруулах гэрээ” байгуулан, улмаар байрны төлбөр 67 735 000 төгрөгийг Б.Дорж, С.Далай нараар төлүүлсэн боловч байрыг шилжүүлэн өгөлгүй, байрны эзэмшигчийн талаар маргаантай байх үед шүүгдэгч Ж.Эрдэнэ, Ш.Бямбаа нартай бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 30б байрны 85 тоотод байрлах 73.1 м.кв талбайтай орон сууцыг Ш.Бямбааийн өмчлөлд шилжүүлж, хохирогч Б.Дорж, С.Далай нарт 67 735 000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

мөн дээрх байрыг “захиалж өгнө” гэж хохирогч М.Золыг хуурч, 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс  2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд 22 600 000 төгрөг, 5 000 000 төгрөгийн үнэтэй “Нубира” маркийн автомашиныг авч, 27 600 000  төгрөгийн хохирол учруулан залилсан,

шүүгдэгч Ж.Эрдэнэ нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 30б байрны 85 тоотод байрлах 73.1 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны эзэмшигчийн талаар маргаантай байх үед Ш.Отгоо, Ш.Бямбаа нартай бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон уг орон сууцыг Ш.Бямбааийн өмчлөлд шилжүүлж, хохирогч Б.Дорж, С.Далай нарт 67 735 000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

 шүүгдэгч Ш.Бямбаа нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 30б байрны 85 тоотод байрлах 73.1 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны эзэмшигчийн талаар маргаантай байх үед Ш.Отгоо, Ж.Эрдэнэ нартай бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, уг орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлж, хохирогч Б.Дорж, С.Далай нарт 67 735 000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч Ш.Отгооийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Далай, Б.Дорж, М.Зол, гэрч Н.Оюун,  Д.Сандаг, Б.Бадрах, Ш.Цэрэн, Ц.Галиндэв, Ш.Мөнхзориг,  Г.Ганхүү нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5241, 2508  тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн тул хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай ба нотолбол зохих байдлуудыг шалгасан байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч нарын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7  зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв боловч Ш.Отгоо, Ш.Бямбаа, Ж.Эрдэнэ нарын 2016 онд үйлдсэн гэмт үйлдэлд тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2.2-т зааснаар зүйлчлэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлаагүй байна.

 Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх шаардлагын дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг  журамлав. Энэ нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулаагүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.  

Иймд шүүгдэгч нарыг бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 30б байрны 85 тоотод байрлах 73.1 м.кв талбайтай орон сууцыг Ш.Бямбааийн өмчлөлд шилжүүлж, хохирогч Б.Дорж, С.Далай нарт 67 735 000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

Ш.Отгооийг дээрх байрыг “захиалж өгнө” гэж хохирогч М.Золыг хуурч, 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс  2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд 22 600 000 төгрөг, 5 000 000 төгрөгийн үнэтэй “Нубира” маркийн автомашиныг авч, 27 600 000  төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг  журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ял оногдуулав.

Шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Ш.Отгоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, Ш.Бямбааийн эрүүл мэндийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, Ш.Бямбаа, Ж.Эрдэнэ нар 1980 онд гэр бүл болсон, Ш.Бямбаа 80%-ийн хөдөлмөрийн чадвар алдалттай тул Ш.Бямбааид хорих ял оногдуулахгүйгээр торгох,

Ж.Эрдэнэ нь нөхрийн хамт хоёул амьдардаг тул түүнд нөхрөө асрах боломжоор хангахын тулд торгох,

 Ш.Отгоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч М.Зол, С.Далай нарт учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгааг харгалзан мөн торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Эрдэнэ нь “2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ш.Отгоот эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын 1881 тоот тогтоол гарсан байсан, 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр түүнд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэсний дараа би 7 дугаар сарын 27-ны өдөр Ш.Отгоот хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу туслалцаа үзүүлсэн, байрыг Ш.Бямбааийн өмчлөлд шилжүүлэх үед Ш.Отгоо нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаагүй, би бусдын байрыг өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй, гэм буруугүй гэж,

             Ш.Бямбаа “Энэ байр хэнийх болохыг “Цээб” ХХК-иас асууж тодруулсны дараа би Ш.Отгооээс байрыг 85 000 000 төгрөгөөр хуулийн дагуу худалдан авсан шударга өмчлөгч. Би байрны үнэ 85 000 000 төгрөгийг цувуулж өгөхөөр тохиролцоод, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хэлцэл хийсэн. Тохиролцсон ёсоороо 85 000 000 төгрөг авлаа гэсэн бичигт Ш.Отгоо, нөхөртэйгээ  хоёулаа  гарын үсэг зурсан гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” байх эрхийн дагуу мэдүүлж байна.  

Байрыг Ш.Бямбааийн өмчлөлд шилжүүлэх үед Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Доржийн нэхэмжлэлтэй Ш.Отгоот холбогдох 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц захиалгаар барьж ашиглалтад оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хэрэгт иргэний хэрэг үүсгэсэн, уг хэрэгт Бямбаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан хариуцагчийг 85 тоотод байрлах орон сууцыг захиран зарцуулахгүй, уг орон сууцанд нэвтрэн орохгүй байхыг даалгах тухай шүүхээс гарах шийвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж гарсан, уг захирамжид өөрөө гомдол  гаргасан, уг гомдлыг шүүх хянан хэлэлцээд хэвээр нь үлдээсэн, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн шүүгчийн 05742 тоот захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүүгийн “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэсэн” хүсэлтийн дагуу иргэний хэргийг эрүүгийн журмаар шийдвэрлүүлэхээр хэрэгсэхгүй болгосны дагуу уг хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгааг мэдсээр байж шүүгдэгч нар бүлэглэн иргэний эрх зүйн гэрээг ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилах гэмт хэрэг үйлджээ.  

 

            Ш.Отгоо, Ш.Бямбаа нар нь гэмт хэрэг үйлдэж, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 30б байрны 85 тоотод байрлах 73.1 м.кв талбайтай орон сууцыг худалдах тухай үл хөдлөх эд хөрөнгийн дундаа хэсгээр өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад өмчлөгчид худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан нь   Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

            Иймд уг хэлцлийн үр дагаварыг арилгаж, Ш.Отгооээс 33 600 000 төгрөг гаргуулан Ш.Бямбаа, Ж.Эрдэнэ нарт олгож, харин Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 30б байрны 85 тоотод байрлах 73.1 м.кв талбайтай орон сууцыг уг байрны үнийг төлсөн хохирогч Б.Доржд олгохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Отгоо, Бямбаа, Эрдэнэ нарыг бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Ш.Отгооийг 20 000 000 /хорин сая/ төгрөгөөр, Ш.Бямбааийг 20 000 000 /хорин сая/ төгрөгөөр, Ж.Эрдэнэийг 20 000 000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг түлхүүрийг хэрэгт хавсаргасугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 30б байрны 85 тоотод байрлах 73.1 м.кв талбайтай орон сууцыг худалдах тухай үл хөдлөх эд хөрөнгийн дундаа хэсгээр өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад өмчлөгчид худалдах, худалдан авах тухай 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ш.Отгоо, Ш.Бямбаа нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, уг байрыг хохирогч Б.Доржд олгож,

            шүүгдэгч Ш.Отгооээс 33 600 000 төгрөг гаргуулж, Ш.Бямбаа, Ш.Эрдэнэ нарт,

            13 800 000 төгрөг гаргуулан хохирогч М.Золд тус тус олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

 улсын яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Отгоо, Ш.Бямбаа, Ж.Эрдэнэ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН