Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 224/ма2023/00019

 

 

 

 

 

 

 

 

2023       09          12                                       224/МА2023/00019

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй, Ж.Б,

Б.Б нарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, шүүгч Л.Алтан, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 152/ШШ2023/00288 дугаар шийдвэртэй,

Б.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Б, Б.Б нарт холбогдох, хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, хариуцагч Б.Б-гээс үндэслэлгүйгээр газар, хашаа ашигласны төлбөр 1,200,000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Ж.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Д.Бунжаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: хариуцагч Б.Б, Ж.Б нарын  хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, хариуцагч Б.Б-гээс үндэслэлгүйгээр газар, хашаа ашигласны төлбөр 1.200.000 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Б.Б миний бие Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, Тээврийн гудамж, 712 тоотод байрлалтай 823 м.кв хэмжээтэй гэр, орон сууцны зориулалт бүхий хашааг иргэн Г.Ааас 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан бөгөөд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/297 дугаар захирамжийн дагуу 000092503 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ бичүүлж, маргаан бүхий газрыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу хууль ёсоор эзэмших эрхтэй болсон.

Гэвч миний бие өнөөдрийг хүртэл өөрийн худалдаж авсан, хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газраа хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж чадахгүйд хүрээд байна. Учир нь маргаан бүхий газрын өмнөх эзэмшигч болох Ж.Б нь тус газрыг эзэмшиж байхдаа банкинд барьцаалж, зээл авсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул эрх бүхий этгээдийн зүгээс барьцааны зүйл болох газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дуудлага худалдаа зохион байгуулахад Капитал банкны эрх хүлээн авагч Г.А оролцож, дуудлага худалдааны ялагч болж тус газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авсан байдаг.

Одоо миний хууль ёсоор эзэмшиж байгаа газар буюу хашаанд Б.Б гэх этгээд гэр барин амьдарч байгаа бөгөөд энэ газар минийх тул чөлөөлж өгнө үү гэж удаа дараа хандахад Ж.Б-ын газар дээр, түүний зөвшөөрснөөр амьдарч байгаа учраас чөлөөлж өгөхгүй гэдэг тайлбар гаргаж газар эзэмшигч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Мөн тус газар дээр Ж.Б-ын өмчлөлийн 60 гаруй тооны модон сав буюу поошик, газрын бүрдэл хэсэг болсон өмчлөх эрхийн гэрчилгээгүй 2 амбаарт Ж.Б-ын өмчлөлийн эд зүйлс хадгалагдаж байна. Иргэний хуулийн 92.1 дүгээр зүйлд Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасан байх тул иргэн Б.Б, Ж. Б нарт хашаанаас нүүж, өөрийн өмчлөлийн эд зүйлээ авч миний эзэмшлийн Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, Тээврийн 712 тоотод байрлах гэр, хашааны зориулалт бүхий 823 м талбай бүхий газартай хашааг чөлөөлж өгөхийг даалгаж өгнө үү.

Миний бие 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан өдрөөс хойш өөрийн эзэмшлийн газраа хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас бодитоор эзэмшиж, ашиглаж чадаагүй бөгөөд Б.Б нь Ж.Б тухайн газрыг эзэмших эрхгүй, миний бие хууль ёсоор тухайн газрыг эзэмших эрхтэй гэдгийг мэдсээр байж тухайн хашаанд өнөөдрийг хүртэл амьдарсаар байгаа тул миний бие Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Б-гээс тухайн хашаанд 2 жил үндэслэлгүйгээр амьдарсны төлбөрт сарын 50,000 төгрөгөөр тооцож 1,200,000 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

3. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай.

4. Хариуцагч Ж.Б-ын татгалзлын үндэслэл: “Б.Б нэхэмжлэлийн шаардлагадаа миний бие Ж.Б-аас 823 м.кв хэмжээтэй гэр орон сууцны зориулалт бүхий 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан өдрөөс хойш 2 жил гаруй хугацаанд эзэмшиж, ашиглаж чадаагүйн улмаас иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Б-гээс тухайн хашаанд 2 жил үндэслэлгүйгээр амьдарсны төлбөрт 50,000 төгрөгөөр тооцож 1,200,000 төгрөг нэхэмжилсэн. Мөн дээрх 823 м.кв талбай бүхий газартай хашааг чөлөөлж өгөхийг даалгаж өгнө үү гэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

4 жилийн хугацаанд 3 шатны шүүхээр маргаан үүсгэж өдий хүртэл явсан. Миний маргаан дуусаагүй гэж үзэж Б.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариу тайлбар гаргаж байна. Энэ маргааны нөхцөл байдлын улмаас миний бие хохирсон, надад хуулиар олгосон эрх зүйн байдлыг Капитал банкны захирал Г.А, Улаангом сумын Засаг дарга Ц.П, нар хуйвалдаж миний Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, Тээврийн гудамж, 712 тоотод байрлах гэр, хашааны зориулалт бүхий 823 м.кв талбай бүхий газартай хашааг үнэгүйдүүлж 5,000,000 төгрөгөөр Б.Б-д зарсныг хүлээн зөвшөөрөхгүй ирсэн билээ. Ж.Б миний бие Капитал банканд хэдийгээр 11,000,000 төгрөгийн зээлтэй байсан ч хууль номынхоо хүрээнд үнэлүүлэх буюу шүүхэд хандсан байхад зориудаар Улаангом сумын 9 дүгээр багийн 6-21 тоотод байршилтай 840 м.кв эзэмших эрхийн гэрчилгээтэй, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарах хашаа, амбаар зэргийн хэмжээг багасгаж хашааны үнийг бууруулж, байршлыг өөрчилж, банкны захирал Г.А Засаг дарга Ц.П-аар 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/233 дугаартай захирамжийг улсын баярын өмнө гаргуулж авсан нь миний газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн хуульд заасан дээрх баримт бичиг байхгүй байхад Улаангом сумын Засаг дарга нь эзэмших эрхийг дур мэдэн Г.А-т шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.4-т заасныг зөрчиж үйл ажиллагаа явуулж ирсэн нь илт байгаа учраас бидний маргаан өдий хүртэл үргэлжилж яваа билээ.

2020 оны байдлаар манай хашаатай зэргэлдээ айл манайхаас хэмжээний хувьд бага адилхан газар хашааг тухайн үед 12,000,000 төгрөгөөр худалдсан байдаг. Тэгвэл банкны захирал Г.А өөрийнхөө ашиг сонирхлыг бодож Б.Б-д 5,000,000 төгрөгөөр худалдсан. Төрийн үйлчилгээний банкны эрх ашгийг бодсон бол миний хашааг 11,000,000 төгрөгийн барьцаанд авч миний зээл хангалттай хаагдах байсан.

Би Б.Б-д хашаа зараагүй, миний хашаа хорооны маргаан 2020 оноос 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл үргэлжилсэн гэдгийг Монгол улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 13 тоот тогтоолоор нотлогдож байгаа тул 1,200,000 төгрөг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй гэж хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд би Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэжээ.

5. Хариуцагч Б.Б-гийн татгалзлын үндэслэл: “Миний бие Б.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Ж.Б нь энэхүү хашааг харж хамгаал гэж буулгасан. Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, тээврийн гудамж, 712 тоотод түр оршин суугч Б.Б би Б.Б-ын 2 жил үндэслэлгүйгээр амьдарсны төлбөрт 50,000 төгрөгөөр тооцож 1,200,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ж.Б манайхыг энэ хашааг чөлөөлж нүү гэсэн цагт нүүнэ” гэжээ.

6. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 152/ШШ2023/00288 дугаар шийдвэрээр:

- Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын Увс аймгийн Улаангом сумын 10-р багт байрлах, нэгж талбарын 8516013544, гэрчилгээний 000092503 дугаар бүхий, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн, 823 м.кв газрыг хариуцагч Ж.Б, Б.Б нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

- Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Бгээс 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Б, Б.Б нараас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгохоор шийдвэрлэсэн байна.

7. Хариуцагч Ж.Б давж заалдсан гомдолдоо: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 152/ШШ2023/00288 дугаар шийдвэртэй танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй тул энэхүү гомдлыг гаргаж байна.

Миний бие Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт байрлах 823 мкв талбайтай газрыг анхнаасаа хууль бусаар эзэмшээгүй, харин ч удаан хугацаагаар хууль ёсоор эзэмшиж ирсэн байхад шийдвэрт хууль бусаар эзэмшлээс чөлөөлсүгэй гэж заасныг хүлээн зөвшөөрөхгүй.

 Ж.Б намайг нэхэмжлэгч гэх Б.Б-ын өмчлөх эрхийг зөрчсөн ямар бодитой үйлдэл гаргасан болохыг шүүхийн шийдвэрт дүгнээгүй атлаа хууль бусаар эзэмшиж байгаа гэж бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж, хуулийн дээрх заалтыг буруу хэрэглэсэн.

Эцэст нь миний бие бусдын эзэмшлийн газрыг дур мэдэн эзэмшээгүй, дээрх газрыг анхнаасаа хууль ёсоор эзэмшиж ирсэн байхад анхан шатны шүүх нотлох баримтад буруу дүгнэлт хийж, надад газар албадан чөлөөлөх үүрэг хүлээлгэсэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. .

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

8. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Бунжаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгч Б.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар шүүхэд хариу тайлбар гаргасан. Гэтэл анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 152/ШШ2023/00288 дугаар шийдвэрт нэхэмжлэгч Б.Б нь “Ж.Б Б.Б нарт холбогдуулж хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, хариуцагч Б.Б-гээс үндэслэлгүйгээр газар, хашаа ашигласны төлбөр 1,200,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл шүүхэд гаргасан байхад хариуцагч Б.Б-гээс үндэслэлгүйгээр газар хашаа ашигласны төлбөр 1,200,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Миний үйлчлүүлэгч Ж.Б нь анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 152/ШШ2023/00288 дугаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гомдол гаргасан. Ж.Б, Б.Б нарын маргаан 3 жил гаруй үргэлжилж байна. Ж.Б нь Капитал банканд 11,000,000 төгрөгийн зээлтэй байсан бөгөөд үүргийн гүйцэтгэл хангуулахаар Ж.Бын өөрийн эзэмшлийн 840 к/м газрыг Капитал банк ХХК-ийн захирал Г.А нь тухайн үеийн сумын Засаг дарга Ц.Пүрэвжавтай албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж хуйвалдан Капитал банк ХХК-ийн захирал Г.Аын нэр дээр шилжүүлсэн байдаг. Ж.Бын эзэмшлийн газар нь 840 м/кв байсныг 823 м/кв болгож, байршлыг нь өөрчилж үнэгүйдүүлж, тухайн газрыг 5,000,000 төгрөгөөр худалдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Ж.Бын хувьд “анхнаасаа Капитал банк ХХК-ийн зээлийн барьцаанд байсан миний газрыг үүргийн гүйцэтгэл хангуулахаар авсан бол би уг банкинд ямар нэгэн өр төлбөргүй үлдэх ёстой байсан. Зэргэлдээ байрших хашааг 15,000,000 төгрөгөөр зарсан байхад миний хашааг үнэгүйдүүлж м/кв багасгаж зарсанд гомдолтой байна” гэж давж заалдах журмаар гомдол гаргасан.  Ж.Б нь бусдын эзэмшлийн газрыг дур мэдэн эзэмшээгүй бөгөөд анхнаасаа хууль ёсны  эзэмшилтэй байхад анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Ж.Бын давж заалдах журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч Ж.Бын давж заалдсан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 20-ний өдрийн 152/ШШ2023/00288 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ж.Б, Б.Б нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, хариуцагч Б.Бгээс үндэслэлгүйгээр газар, хашаа ашигласны төлбөр 1.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Хариуцагч Ж.Б, Б.Б нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 Хариуцагч Ж.Б татгалзлын үндэслэлээ: “Капитал банкны захирал Г.А, Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав нар хуйвалдаж миний өмчлөлийн газар, хашааг үнэгүйдүүлэн зарж, миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар шилжүүлэн авсан” гэж,

 хариуцагч Б.Б : “ Ж.Б нь энэхүү хашааг харж хамгаал гэж манайхыг буулгасан тул Ж.Б манайхыг энэ хашааг чөлөөлж нүү гэсэн үед нүүнэ” гэж тус тус тайлбарлажээ.  

 4.Анхан шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 152/ШШ2023/0282 дугаар шийдвэрээр:  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Бын Увс аймгийн Улаангом сумын 10-р багт байрлах, нэгж талбарын 8516013544, гэрчилгээний 000092503 дугаар бүхий, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн, 823 м.кв газрыг хариуцагч Ж.Б, Б.Б нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Бгээс 1.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч, хариуцагч Ж.Б анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргажээ.

          5. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн  шаардлагад нийцсэн гэж дүгнэв.

          5.1. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд маргаан бүхий Увс аймаг, Улаангом сумын 10 дугаар баг, Тээврийн хорооны 712 тоотод байрлалтай 8516013544 дугаартай, 823 м.кв талбайтай газрыг нэхэмжлэгч Б.Б нь Улаангом сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/297 дугаар захирамжийг үндэслэн 15 жилийн хугацаагаар гэр, орон сууцны хашааны зориулалтаар эзэмшиж байгаа нь газар эзэмших эрхийн 000092503 дугаартай гэрчилгээ, кадастрын зураг зэргээр нотлогдсон байна.

5.2. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т: Өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т  “өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

         5.3. Нэхэмжлэгч Б.Бын эзэмшлийн газрыг хариуцагч Б.Б, Ж.Б нар хууль бусаар эзэмшиж байгаа нь зохигчдын тайлбараар нотлогдсон байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б нь бусдын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй байна.

        5.4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Бын Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн Тээврийн хорооны 712 тоотод байрлах, нэгж талбарын 8516013544, гэрчилгээний 000092503 дугаар бүхий, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн, 823 м.кв газрыг хариуцагч Ж.Б, Б.Б нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

         6. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Бд холбогдуулан өөрийн эзэмшлийн хашаанд 2 жил хууль бусаар амьдарсны төлбөрт нэг сарын 50.000 төгрөгөөр тооцож, нийт 1.200.000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч  шаардлагаа нотлохоор шүүхэд ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

          7. Хариуцагч Ж.Б  давж заалдах шатны шүүхэд: “ миний бие бусдын эзэмшлийн газрыг дур мэдэн эзэмшээгүй, дээрх газрыг анхнаасаа хууль ёсоор эзэмшиж ирсэн байхад анхан шатны шүүх нотлох баримтад буруу дүгнэлт хийж, надад газар албадан чөлөөлөх үүрэг хүлээлгэсэн шийдвэр гаргасанд гомдолтой байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэх агуулга бүхий гомдол гаргасан ба уг давж заалдсан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

         7.1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т:  “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”,  мөн хуулийн 3.1.7-т:  “газар эзэмших эрхийн гэрчилгээ “ гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг тус тус ойлгоно гэж,

          мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т: “ газрыг энэ хуульд заасан зориулалт, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж тус тус заасан ба дээрх  хуулийн зохицуулалтын  дагуу иргэний газар эзэмших эрх нь хуульд заасан журмын дагуу олгогдсон эрхийн гэрчилгээгээр тодорхойлогдохоор байна.

          Маргаан бүхий Увс аймаг, Улаангом сумын 10 дугаар баг, Тээврийн хорооны 712 тоотод байрлалтай, 823 м.кв талбайтай газрын хууль ёсны  эзэмшигч нь  нэхэмжлэгч Б.Б болох нь газар эзэмших эрхийн 000092503 дугаартай гэрчилгээ, кадастрын зураг зэргээр нотлогдсон байх тул уг газрын хууль ёсны эзэмшигч нь нэхэмжлэгч Б.Б гэж үзэх үндэслэлтэй.

   7.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч нь өөрийн татгалзал, тайлбарын үндэслэлээ нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй .

Нэхэмжлэгч Б.Бын  шүүхэд гаргаж ирүүлсэн, Увс аймаг, Улаангом сумын 10 дугаар баг, Тээврийн хорооны 712 тоотод байрлалтай 8516013544 дугаартай, 823 м.кв талбайтай газрыг эзэмших эрхийн 000092503 дугаартай гэрчилгээг хариуцагч Ж.Б, Б.Б нар шүүхэд нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

 Хариуцагч Б.Б нь Ж.Бын зөвшөөрлөөр уг газар дээр гэрээ барьж амьдарч  байгаа талаар тайлбарлаж байгаа боловч хэдий ч Ж.Б уг газрыг хууль ёсоор, эсхүл хуульд заасны дагуу эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл хэрэгт тогтоогдоогүй,  хариуцагч тал энэ талаар нотлох баримт гаргаж нотлоогүй байх тул хариуцагч нарыг уг газрыг хууль ёсоор эзэмшиж байна гэж үзэх үндэслэлгүй болно.

             8. Хэдийгээр энэхүү маргаан бүхий газрыг  урьд нь Ж.Б эзэмшиж байсан байх боловч тэрээр уг эзэмшлийн газар болон хашаагаа банкны зээлийн барьцаанд барьцаалан зээл авч, улмаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны зүйл болох газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, Ж.Бын газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд уг газар эзэмших эрх шилжүүлсэн ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан болох нь хэрэгт авагдсан Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр тогтоогдсон, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

            9. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотолж буй  баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан байх ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

10. Дээрх үндэслэлүүдээр Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 288 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

           11. Хариуцагч Ж.Бын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 152/ШШ2023/00288 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Бын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Л.АЛТАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН