Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 101

 

 

 

 

 

 

 

 

   2019          01          28                                     101

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ядмаа ,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэвдагва,

хохирогч: О.Мөнх,

гэрч: Г.Энх,

шүүгдэгч: К.Алтаа, түүний өмгөөлөгч С.Дэмбэрэл /1444/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алтаат холбогдох эрүүгийн 2014 2600 02167 дугаартай, 3 хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны  өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, “Шинэ хими” ХХК-д менежер ажилтай, сард 700 000 төгрөгийн цалинтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, Алтаа.

 

Шүүгдэгч К.Алтаа нь 2013 оны 5, 10 дугаар саруудад Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “1000 автомашины зогсоол” дээр автомашин худалддаг иргэн О.Мөнхд “Казакстан улс руу автомашин гаргаж, өндөр үнээр зарж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Хюьндай Соната 6” маркийн автомашин 2 ширхэг, “Лексус 470”, “Хюьндай Соната 7”, “Мерседес бенз Е-класс 4DE350”, “BMW 7Series 4D 735i”, “BMW 7Series 4D 745i” маркийн тус бүр 1, нийт 7 ширхэг автомашиныг шилжүүлэн авч залилан, хохирогч О.Мөнхд 179 000 000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-К.Алтаа мэдүүлэхдээ:

Би хилс хэрэгт орсондоо гомдолтой байна. Бид анх 2013 оны 5 сард 2 ширхэг “Хюьндай Соната 6”, 1 ширхэг “Хюьндай Соната 7”, 1 ширхэг “Лексус 470” маркийн  машинтай Казакстан улс руу яваад автомашинаа бүгдийг нь зарж борлуулсан. Дараа нь хоёр дахь явалт дээрээ Мөнх-Эрдэнийн найз нөхөд, хамаатнууд нь Казакстан улс руу машин гаргахаар явсан. Мөнх анх Казакстан улс руу явахдаа Т.Ерлантай танилцаж, өөрөө машин тэргээ зарж борлуулсан юм. Гэтэл намайг Мөнх-Эрдэнийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэж байна. Анх О.Мөнхтэй Ууганболдоор дамжуулж танилцаж байсан бөгөөд тухайн үед манай дүү Асхабыл Казакстан улс руу машин гаргахад нь би жолоочоор ажиллаж туслаж байсан юм. Би О.Мөнхтэй танилцаад, дараа нь дүү Асхабылыг танилцуулсан. Асхабыл О.Мөнх хоёр Казакстан улс руу автомашин гаргаж зарах талаар ярилцаж байсан. О.Мөнх нь Япон улс руу машин захиад, автомашин нь гааль дээр орж ирэхэд тэр оруулж ирсэн автомашиныхаа гаалийн татварыг нь төлж чадахгүй байна гэхэд манай дүү Асхабыл ирээд миний дансаар мөнгө явуулаад, Мөнхэс мөнгөлөг болон хар өнгийн “Мерседес бенз” маркийн хоёр ширхэг автомашиныг бэлэн мөнгөөр нь худалдан авсан. Тэр мөнгөөр О.Мөнх гаалийн татвар болон баталгаат агуулахын төлбөрийг төлсөн. Уг хоёр автомашиныг худалдаж авахад Ууганболд гээд Мөнх-Эрдэнийн хадам ээжийн дүүгийнх нь хүүхэд хамт явсан. Казакстанд очсон хойно Асхабыл О.Мөнхд мөнгө өгсөн эсэх, хоорондоо яаж тохирсоныг би сайн мэдэхгүй. Казакстанд “Лексус 470” маркийн автомашиныг О.Мөнх Данерт зарсан. Үүний мөнгийг эхлээд дутуу аваад, 2 дахь явалт дээрээ бүрэн авсан байх. Нэг “Мерседес бенз”, хоёр “BMW” автомашиныг Г.Энх тоо ёсоор хүлээж авлаа, тооцоогүй гэж  гарын үсэг зурсан байсан. Т.Ерлан Казакстанд “Хюьндай Соната 7” маркийн автомашиныг зарсан. Нэг “Хюьндай Соната 6” автомашиныг “Ниссан патрол” машинаар сольсон байсан. Нэг “Хюьндай Соната 6” автомашины мотор нь эвдэрсэн гээд Т.Ерлан авсан гэж байсан. Сүүлд нүүрэлдүүлэн байцааж байхад О.Мөнх 1 ширхэг “Хюьндай Соната 7”, 2 ширхэг “Хюьндай Соната 6”, 2 ширхэг “BMW” нийт 5 ширхэг автомашиныг надаас нэхэж, бусад автомашинаа Т.Ерланаас авахаар болсон. Чи энэ машиныг л гаргаад өгчих гэж байсан. Нотариатаар орсон итгэмжлэл гэж яриад байгаа асуудлын хувьд он сарыг нь харах юм бол Г.Энх манай дүүгээс автомашинаа авахаас өмнө хийгдсэн байгаа. Г.Энх бүх машинаа хүлээж авлаа гэж баримт үйлдсэн. Дээрх машинуудыг Казакстан улс руу Монгол улсын хилээр анх гаргасан учраас Монгол улсын дугаартай болсон байсан. Энэ хэрэг үүсэхээс өмнө О.Мөнх Цайз захын тэнд 2-3 залуутай ирээд намайг зодоод, айлган сүрдүүлж байгаад гараар бичиг хийлгэж авч байсан. 10 автомашинууд Казакстан улс руу гарсан. Үүнээс “Лексус 470” автомашиныг зараад мөнгийг нь О.Мөнхд өгч байсан. Хэдэн төгрөгөөр зарснаа тодорхой санахгүй байна. Уг автомашиныг зарсан мөнгөнөөс тодорхой хэмжээний мөнгө үлдэж байсныг дараагийн явалт дээрээ гүйцээж өгнө гэж тохиролцоод дараагийн удаад нь бүрэн төлж барагдуулж байсан юм. Бусад автомашиныг ерөнхийдөө Т.Ерлан, О.Мөнх хоёр зарж борлуулсан. Миний мэдэхийн О.Мөнх Оросын холбооны улсын Свердловсик хотоос нэг “Ниссан Патрол” оруулж ирж байсан. Юун “Ниссан Патрол” юм бэ гэхэд “Хюьндай Соната 6” автомашинаар сольсон гэж байсан. Би Казакстанд очоод зан аашаа өөрчлөөд, тэднийг зодож, дарамтлаагүй. Очсоныхоо дараа бид нар архи ууцгааж, хоорондоо маргасан нь үнэн, О.Мөнх намайг яагаад өөрийг нь залилсан гэж үзээд байгааг би ойлгохгүй байна. Би Мөнх-Эрдэнийн машинуудыг Казакстан гаргаж, зарж өгнө гэж хэлээгүй. Зөвхөн жолоочоор ажиллаж, “Лексус 470 машиныг барьж явсан юм.  Хэрэгт байгаа итгэмжлэлүүдийг би өөрөө өөр бичиг баримтыг харж байгаад  хуурамчаар үйлдсэн боловч үүнийг ашиглаж чадаагүй. Мөнх Ерлантай танилцаад гаалийн хүнээс захиалга авч, мөнгийг нь аваад “Мерседес бенз” машиныг Ганзоригийн нэр дээр захиалуулж байсан. Би цагдаагийн байгууллагатай нийлж, Мөнх-Эрдэнийг дарамтлаагүй. Тэр надад миний машиныг тийм үнээр зар гэж итгэмжлэл хийж өгөөгүй. Яллах дүгнэлтэнд дурдагдсан 7 автомашинаас би өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан нэг ч автомашин байхгүй. Казакстан улсад очоод эдгээр хүмүүсийг айлгаж сүрдүүлээгүй, Би хэрэг хийгээгүй. Мөнхд онгоцны тийзийн үнийг төлнө гэв.     

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-О.Мөнх мэдүүлэхдээ:

Би орос, казак хэл мэдэхгүй, Казакстан улс руу автомашин гаргаж борлуулах талаар ямар ч ойлголтгүй, машин зарна гэсэн бодол ч байгаагүй. Анх К.Алтаа болон түүний дүүг таньдаггүй байсан. Би хүний нутагт очоод Т.Ерлан гэх хүнтэй танилцаад, түүнд машинаа өгөөгүй. К.Алтааын мэдүүлэг худлаа байна. Бид машиныг маань зар гэж К.Алтаат итгэмжлэл хийж өгөөгүй, харин хэдэн машинаа ах дүү нарынх нь хашаанд аргагүйн эрхэнд орхисон. Гэтэл К.Алтаа худлаа ярьж байна. Тэр амьдарч байгаа газарт маань бүртгэл хийлгээд ирье гээд бидний иргэний үнэмлэх, гадаад паспортыг хуулбарлан авч явсан бөгөөд сүүлд нь үүнийг ашиглан машиныг маань бусдад шилжүүлэх итгэмжлэлийг хуурамчаар хийсэн байсан. Эхний 4 машин Казакстанд очсоны дараа Алтаа удахгүй машин зарагдана, мөнгийг чинь өгнө гэсээр байгаад намайг 3 сар Казакстанд байлгасан. Алтаа намайг машин зарсан гэж яриад байна. Казакстан улсын бичиг баримт нь гараагүй,  Монгол номер, бичиг баримттай машиныг хэн ч авахгүй шүү дээ. Эхний 4 автомашиныг Казакстан руу авч явсны дараа дахин автомашин оруулж ирэх болсон шалтгаан нь К.Алтааын дүү нь “BMW 325i” загварын автомашин авах гэсэн юм. Та Бенз юм уу эвсэл “BMW” оруулаад, Казакстанд авч очоод зарвал ашигтай гэхээр нь би Япон улс руу автомашин захиалж, мөнгийг нь төлсөн. Гэтэл би Казакстан улсад байдаг, захиалсан автомашинууд Монголд ирээд хүлээгээд байсан тул би наашаа буцаж ирэхээс өөр аргагүй болсон. Өөрийн автомашинаа “Ниссан Патрол” автомашинаар солиогүй. К.Алтаа удахгүй машины мөнгийг чинь өгнө гэдэг байсан, бас эхнэрийн талын хамаатан тул түүнд итгэж байсан. Алтаа надад бүх машины мөнгийг өгсөн гэж худлаа хэлж байна. Тэр 40 000 ам.долларын үнэтэй “Лексус 470” автомашиныг Казакстанд авч үлдэхийн тулд урьдчилгаа гэж 16 000 ам.долларыг өгсөн. Дараа нь дүү нь Японоос захисан машинууд ирсэн байхад захиалсан машиныхаа урьдчилгаа гэж 5000 ам.доллар өгсөн. Би нийт 21 000 ам.доллар авсан. Казакстан руу оруулсан машины  бичиг баримт авахад нэг автомашиных 3 000 ам.доллар болно гэж надаас уг мөнгийг авсан. Автомашинуудыг Казакастан улс руу гаргахад К.Алтаа надад итгэл үнэмшил төрүүлсэн. Би тухайн үедээ жилд 400 гаруй автомашин Монгол улсад оруулж ирж байсан учраас 3-4 автомашин дээр юм бодоогүй. Тэгээд Казакстан улсад байхад намайг контарбанд хийсэн гэж айлгаж сүрдүүлээд байсан. Учир нь Казакстан улсад оруулсан автомашин 1 сарын хугацаанд бичиг баримтгүй байж болдог. Гэтэл миний автомашинууд 3 сар болчихсон байсан. Г.Энх бид хоёрыг Казакстанд байр түрээслэж байхад сүүлдээ К.Алтаа ирэхээ больсон. Хүний нутагт таних хүнгүй хэцүү байхдаа Т.Ерлантай танилцсан. Түүнээс онгоцны тийзний мөнгө зээлээд ирж байсан. К.Алтаа “Ууганийг эрэн сурвалжилж байна. Энэ машиныг тагнуулын даргад хахуульд өгнө гээд “Т.Камри” автомашиныг авсан боловч сүүлд түүний ах дүү нар нь унаад явж байсан. Би 4 хүүхдийнхээ эхийг хүний нутагт баривчлуулахыг хүсээгүй. Бид нар яагаад айж зугтаад байсан гэхээр бид 1 сар болоод дугаар авах ёстой байсан машин 3 сар болгочихсон учраас би татвараас зугтаасан хэрэгт орох гээд байсан. К.Алтаа автомашинуудыг Казакстан улсад заралгүй удаах нөхцөл байдлуудыг зохион байгуулсан. Бид Монгол улсаас гарахдаа хууль журмын дагуу татвар хураамжаа төлөөд гарсан. Казакстан улс руу орохдоо мөн адил хууль журмын дагуу холбогдох татвар хураамжийг төлөөд орсон. Гэхдээ Казакстан улс руу орохдоо К.Алтаа тухайн автомашинуудыг унаж яваа жолооч нарыг жуулчлалаар яваа, газар үзэхээр яваа гэж хэлээд оруулсан. Монгол улсаас Казакстаны иргэншил авсан хүн өөрийн эзэмшлийн нэг автомашиныг татваргүй оруулах эрхтэй байдаг юм билээ. Хэрвээ Казакстан улсад нэг сарын хугацаанд байсан бол би жуулчлалаар явсан, одоо буцаж явлаа гээд автомашинуудаа буцаагаад унаад ирэх боломжтой байсан. Гэтэл 3 сар болсон учраас тухайн улсын татварын хууль журмыг зөрчсөн асуудал үүссэн. Энэ автомашинуудыг Казакстан улс руу оруулаад номер авах юм бол авах хүн их байгаа гэж Алтаа хэлсэн. Би өнөөдөр К.Алтаааас мөнгөө авсан бол өдий 5 жил явах, дээр нь Казакстан улс руу хүмүүс онгоцоор явуулж, зардал гаргаад байх шаардлагагүй. Хамгийн муухай нь тэр Казакстанд байгаа хүнд намайг алаад өгөөч, замд нь дээрэмдээд өгөөч” гэж захиалга өгсөн байсан. Уг нь надаас их хэмжээний зардал гарсан боловч би 7 автомашины үнэ 179 000 000 төгрөг, дээр нь онгоцны зардал 1 600 ам.доллар нэхэмжилнэ. Дээрх мөнгөнөөс миний авсан 21 000 ам.долларыг хасч тооцохыг зөвшөөрч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч-Г.Энх мэдүүлэхдээ:

2013 онд Ган, Цэрэн, Ууган, О.Мөнх, К.Алтаа, К.Алтааын дүү бид нар 3 ширхэг Мерседес Бенз, 1 ширхэг BMW, 1 ширхэг Т.Камри унаж явсан. Пажеро автомашины хувьд К.Алтаат хамааралгүй, энэ миний машин. Түүнийг Т.Ерлан зарж борлуулж, надад мөнгийг нь өгсөн юм.  Энэ 6 автомашинаас К.Алтааын дүү Асхабыл нэг хар бензийг зарна гэж ярьж байсан. Би тухайн үед анх удаа очсон. Бид нар 1 сар гаруй явж Казакстанд очсон. Тэгээд очсон өдрөө 2-3 шил архи уусан. Гэтэл К.Алтаа Гантэй маргаж, түүнийг зодсон. Тэгээд бид тэднийхээс явж, байр түрээслэсэн. К.Алтаа “та нарыг цагдаагаас, гаалиас хайж байна. Та нар яв. Эсвэл нэг машинаа хахуульд өгчих” гэж хэлсэн тул бид Монгол руу буцсан. Энэ үед машинууд байхгүй болсон байсан. Учир нь бид оросын хилээр орохдоо номер дугаар зүүгээд орсон. Гэтэл Оросын хилээс Казакстаны хил рүү хуурамч дугаар зүүсэн автомашинууд орсон байна гээд шалгаж байна гэж К.Алтаа хэлсэн. Бид нарыг Казакстанд очихоор 7 хоногийн дотор сунгалт хийлгэдэг юм билээ. Сунгалт хийлгэхээр паспорт авсан боловч сунгалт хийж болохгүй байна, паспорт өгөхгүй байна гээд нэг машиныг хахуульд өгнө гээд авсан. Нэг хар BMW автомашиныг К.Алтааын төрсөн дүүд өгсөн. Цэнхэр өнгөтэй BMW автомашиныг  жолооч нарыг Казакстанаас гаргана гээд тагнуулын ажилтанд түлхүүрийг нь өгсөн гэсэн. Гэтэл дараа нь Алмата хотод К.Алтаа тэр цэнхэр өнгөтэй BMW автомашиныг өөрөө унаад ирсэн. Т.Ерлан “К.Алтааын ах дүү нар намайг цагдаад өгчихлөө. Чи ирээд учир явдлыг нь олоод өгөөч” гэж Казакстанаас дуудсан тул би итгэмжлэл хийлгээд Казакстанд очсон. Гэтэл миний паспортыг цагдаа нь хурааж аваад сар гаруй хугацаанд явуулахгүй, Ууган, Цэрэн нарыг монголоос дууд гэсэн. Тэгээд Цэрэныг би дуудсан. Тэр үед цагдаагийн журмын хашаанд саарал, хар өнгөтэй хоёр BMW, хар өнгөтэй Мерседес бенз автомашинууд байсан. Би О.Мөнх ахад туслах гээд тэнд очоод сар гаруй хугацаанд байцаагдаад өдөр бүр нэг хотоос нөгөө хот руу 230 гаруй км явж, хэцүү байсан учир худлаа ч хамаагүй хэлээд гэртээ харья гэж бодсон. Тэр үед цагдаа нь К.Алтааын дүү бид хоёрыг “та машинаа хүлээж авлаа” гэсэн бичиг хийгээд ир, ирэхээр чинь би машиныг чинь хүлээлгэж өгье гэсэн. Тэр үед надад орчуулагч ч байхгүй, Алтааын дүү орчуулга хийж байсан. Тэгээд Асхабылтай нотариатаар ороод бичиг хийлгээд буцаад цагдаа дээр очиход  цагдаа нь байхгүй байсан. Тэр бичигт бичсэний дагуу би 3 машин түүнээс аваагүй, зүгээр надаар авсан гэсэн бичиг хийлгүүлсэн. Казак хэлээр юу гэж бичсэнийг ч би уншиж мэдэхгүй. Би Монголдоо очиж учраа ольё гэж бодоод паспортоо аваад зугтах шахуу ирсэн. Надад ямар ч машин өгөөгүй. Т.Ерлан тагнуулынханд хахуульд өгсөн гэх саарал BMW автомашиныг авсан байсан. Сүүлд нь хэрүүл хийж байхдаа Т.Камри автомашиныг авсан гэдгийг сонссон. Тэгээд хөх өнгөтэй бензийг авсан байсан. Үлдсэн 3 автомашины нэгийг нь К.Алтааын дүүгийн даргад нь өгсөн. Шар бензийг К.Алтааын найз Мурка цагдаагийн хашаанаас миний нүдэн дээр унаад явсан. Хар BMW автомашиныг нь К.Алтааын дүү хашаанд байгаа гээд өгөөгүй.  Тухайн үед тэд хуурч байгааг нь мэдээгүй. Дараа нь хүнээс сонсож байхад анхнаасаа л биднийг Казакстаны хилээр орж ирэхээр нь дээрэмдээд өгөөч гэж хүмүүст хэлж байсан гэсэн. Надад орчуулга хийж байсан хүнийг К.Алтааын аав, дүү хоёр нь нэг үндэстэн байж Монголчуудад орчуулга хийлээ гэж загнаад надад сүүлдээ орчуулга хийх хүнгүй болсон гэв.

Мөрдөн байцаалтад гэрч-П.Цэрэн мэдүүлэхдээ:

 “...2013 оны 10 сарын орчим О.Мөнх гээд манай найз залгаад Казакстан руу машин гаргах гэсэн юм. Жолооч хэрэгтэй байна машин бариад өгөөч гэж гуйхаар нь хамт явсан. Би ВМW маркийн хар өнгийн машин бариад Баян-Өлгийн хилээр гарч байсан. Тэгэхэд л К.Алтааыг анх харж байсан. Өөр бусад машины жолооч нар Эрдэнэсүх, Мөөнөө ах, Ган-Эрдэнэ, О.Мөнх, түүний эхнэр Ууган, Ган-Эрдэнийн найз Болдоо гэдэг залуу, Г.Энх, К.Алтаа болон түүний дүү Рахмед нарын хамт явсан. Анх юу гэж ярьж тохирч, машин тэрэг авч явсныг нь мэдэхгүй байна. Тэгээд Оросын хил гарсан чинь ааш зан нь хувираад, “одооноос эхлээд та нарыг би мэдэж байна, та нар миний үгээр явах ёстой, би одоо та нарт заах ёстой” гээд эхэлсэн. Тэгээд Казакстаны Талдаргана гэдэг нэртэй хотод байх гэрт нь очоод 1 хоноод байж байтал бүүр ааш нь өөрчлөгдөөд бид нарыг загнаж, зандраад эхэлсэн. Тэгээд манай Ганааг “намайг ах гэж дуудсангүй” гэж маргалдаад, дагуулж гараад 00-н үүдэнд цохичихсон. Тэгэхээр нь бид нар гарч салгатал гэрийнхэн нь гарч ирээд “та нар олуулаа бид нарыг дээрэлхэж байна, Монголоос ирчихээд яах гээд байгаа юм бэ” гээд байхаар нь таарч тохирохгүй юм байна гээд авч ирсэн 7 машиныхаа 5-ыг нь үлдээгээд 2 машинтай гараад байр түрээслэдэг газар очиж байрласан. Тэнд очоод бид нар 7 хоноход бид нарын паспортыг бүртгүүлнэ гээд аваад явсан. Бид нар гарч орж болдоггүй байдалтай болсон. Тэгсэн чинь та нарын паспортыг бүртгүүлэх гэсэн чинь та нарыг хууль бусаар машин оруулж ирсэн гээд бичиг баримтуудыг чинь хураагаад авчихлаа. Бид нар харин Камри гэдэг машиныг чинь 25 000 доллар өгөөд хахуульдаж байж та нарын бичиг баримтыг авлаа. Одоо та нар бушуухан эндээс яв гэж хөөсөн. Тэгэхээр нь бид нар тэр хотоос Алмата руу яваад, тэндээсээ Киргиз рүү гараад, тэндээс Улаанбаатар руу зугтаж ирсэн. Уг нь бол бид нарт хууль бусаар машин оруулсан зүйл байхгүй. Бүгд хууль дүрмийн дагуу бичиг баримтаа бүрдүүлээд явж байсан. Тэгтэл бид нарыг хууль, дүрэм, хэл мэдэхгүй гэж бид нарыг аргагүй байдалд оруулсан. Казакстанд О.Мөнх, Ууган, Г.Энх 3 үлдсэн. Тэгтэл 2014 оны 02 сарын орчим О.Мөнх над руу яриад “чи хаана байгаа юм бэ” гэтэл “би Монголд Улаанбаатарт байна” гэтэл “за тийм байлгүй дээ, Казакстанд чиний бичиг баримтын хуулбартай, Цэрэн гээд чиний нэртэй хүн бичиг баримт бүрдүүлчихсэн хар өнгийн ВМW машин авах гээд яваад байна гэж байна. Чи хурдан Казакстан руу яваадхаач” гэсэн. Тэгэхээр нь би за түр байж бай миний ажил төрөл бас болохгүй байна, ажлаа зохицуулж байгаад явъя гэсэн. Тэгтэл Г.Энх юу болоод байгааг мэдэх гээд Казакстан руу явсан. Тэгээд оччихоод над руу яриад энд ёстой бөөн юм болж байна, К.Алтаа, Рахмед нар бид нарын бичиг баримтыг бүртгүүлнэ гэж явчихаад канондоод наториатаар ороод худлаа итгэмжлэл хийлгээд авчихсан. Машин авна гээд цагдаагаар яваад байна, чи өөрөө ирээд цагдаа дээр нь байцаалт өгчих юм бол машинуудыг буцаагаад өгчихнө гэж байна гэхээр нь би Казакстан руу 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр явсан. ...К.Алтааын гэр бүлийнхэн буюу Рахмед. К.Алтааын эгч нь гээд Алимаа өөр нэрийг нь мэдэхгүй их олон хүмүүс ирээд цагдаа дээр нь мэдүүлэг өгөхдөө Г.Энх бид 2-г өчигдөр ирж, 3 машинаа аваад явсан гэж мэдүүлсэн. Бид нар хүний газар байсан болохоор их айж байсан, аль болох арга эвийг нь олохыг бодож байсан. Би уг нь 5 дугаар сарын 27-ны өдөр буцаж нисэх билеттэй байсан юм. Тэгтэл тэрийг мэдчихээд цагдаа нь бичиг баримт өгөхгүй явуулахгүй гээд байсан. Тэгэхээр нь Г.Энх бид 2 худлаа хэлж байж бичиг баримтаа аваад Казакстанаас Хятад руу гараад, Хятадын хилээс Монгол руу Ховд аймгийн Булганы хилээр зугтаж орж ирсэн. Хүний газарт ална тална гэж дарамталж байсан болохоор их айж байсан. 27-ны өдөр нисэх байсан чинь цагдаа нь өрөөндөө суулгасаар байгаад оройны 19 цагт явуулсан. Тэгээд бид нарыг очиход ирж байцаалт өгөх юм бол машинуудыг чинь өгнө гэж байснаа очоод байцаалт өгсөн чинь машин өгөхгүй, одоо улсын орлого болгоно. Харин үлдсэн машиныхаа бичиг баримтыг Монголоос явуул гээд байсан. Угаасаа хээл хахууль их хөгжсөн газар юм байна лээ. Цагдаатайгаа нийлээд бид нарыг дарамталж байсан. Тэгээд би байцаалт өгчихөөд машинаа авъя гэсэн чинь өгөхгүй улсын орлого болгоно гээд байхаар нь тэгвэл би байцаалтан дээр гарын үсэг зурахгүй гэсэн чинь тэгвэл та нарыг явуулахгүй гээд байхаар нь айгаад бараг хүчээр гарын үсэг зурсан. Энэ бүх явдал болж байхад К.Алтаа Монголд байж байсан. Тэгээд К.Алтааын гэрийнхэн нь та нар Монголд К.Алтааыг барьж авч янз бүр болгодог юм бол бид нар та нарыг ална, алуулна гэж айлгаж байсан гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 88-89 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Ууган мэдүүлэхдээ:

“...К.Алтаа нь 2013 оны 4 сард манай ажил дээр ирээд О.Мөнхтэй “Казакстан руу машин аваачиж, зараад өгнө, мөнгийг нь очингуутаа бэлнээр өгнө, би олон удаа явсан. Ер нь болдог юм” гэх зэргээр ярьж байгаад 2013 оны 5 сард Лексус 470, 2 ширхэг Соната-6, Соната 7, нийт 4 машин К.Алтаа, Сүүгий гэж дууддаг манай ажилтан, нэгийг нь Батхуяг ах, үлдсэн нэгийг нь О.Мөнх өөрөө барьж явсан. Тэгээд оччихоод ирэхгүй удаад байсан. Яасан бэ гээд утсаар ярихаар бичиг баримтаа хүлээж байна, би хэл мэдэхгүй болохоор К.Алтаа байж бай гээд байна гэдэг байсан. Ирэхгүй болохоор нь би араас нь 7 сард 2 хүүхдээ аваад Казакстан руу явсан. Тэнд очиход өдөр болгон л шахуу К.Алтаа нь Алмата хот руу бичиг баримтаа хөөцөлдөж байна гээд явдаг байсан. Тэнд удаад байхаар нь 1 сар орчим болчихоод буцаад хүрээд ирсэн. Казакстанд очиход К.Алтааын ах дүү нар нь “К.Алтаа ах байхгүйд хэцүү байдаг, Хүмүүс ирээд мөнгөө нэхээд, бид нар тэр хүмүүст нь “Бид нар мэдэхгүй, тэр хүн чинь Монгол явчихсан” гэж хэлдэг байсан гэсэн. Очоод байж байхад гэрээр нь их олон хүмүүс ирдэг, тийм машин авчирна гэсэн, яасан бэ, тэр мөнгө юу болсон бэ гэх зэргийн зүйлс ярьж ирдэг байсан. Сүүлд нь бодоход К.Алтаа Казакстан руу явахаас өмнө юм уу, Казакстанд байхдаа хүмүүсээс захиалга аваад урьдчилгаа мөнгө авчихдаг байсан юм шиг байна лээ. Бид нарыг К.Алтааын хамт Монголд ирсэн байхад араас нь К.Алтааын дүү Рахмед гэдэг залуу ирээд, ахиад 7 ширхэг автомашин авч явсан. К.Алтаа, Рахмед хоёр манайд ирчихээд “дахиад автомашин авч явж заръя, энэ удаад удаахгүй мөнгийг чинь өгчихнө, одоо ийм асуудал гаргахгүй, өмнөх мөнгийг нь одоо очоод л шууд өгчихнө” гэж итгэл төрүүлж байгаад дахиад тэр 7 машиныг авч явсан. Тэгээд Баян-Өлгий гараад Оросын хил гараад л К.Алтаа, Рахмед нарын зан нь хувираад “хурдлаач ээ охидуудаа, пизданууд аа хурдан яв, та нарт одоо би заана” гэх зэргээр дарамталж эхэлсэн. Казакстанд очсоны дараа хэдэн машиныг маань үзсэн. Машинууд зарагдахаар боллоо, хэд хоногийн дараа бичиг баримт нь гарахаар мөнгө нь ороод ирнэ гэж хэлэхээр нь бид нар итгээд хүлээж эхэлсэн. Тэгтэл тэр оройноо манай дүү Ганийг К.Алтаа “ахаа гэж хүндэлсэнгүй” гэх шалтгаанаар зодсон. Ер нь анхнаасаа хил гараад бид нарыг залхааж дарамталж, сэтгэл санаагаар унагах гэж байсан гэж бодож байна. Бид нар хамт байж болохгүй юм шиг байна гээд тусдаа байр хөлсөлж байсан. Маргааш нь та нар энд удах юм шиг байна. Зарим хүмүүсээ буцааж байх уу гэхээр нь тэгье гээд 5 хүнээ буцаасан. О.Мөнх, Г.Энх бид 3 үлдсэн. Тэд нарыг явахаас өмнө бүх бичиг баримтаа канондаж аваарай, түр суух эрх буюу виз маягийн юм авахад паспортны хуулбар хэрэгтэй гээд конандуулж авсан. Сүүлд нь тэрийгээ хуурамч итгэмжпэх хийхэд ашиглачихсан байсан. Ахиад хэд хонож байхад авгайгаа яаралтай явуулах хэрэгтэй байна гэж хэлээд тэр өдөртөө намайг Монгол руу буцаасан. Намайг Монголд ирсний дараа 7 билүү 10 хоногийн дараа О.Мөнх, Г.Энх хоёр К.Алтааын бичиг баримт нь бүтэхгүй байна гээд хүрч ирсэн. К.Алтааыг ирэхээр нь “юу болсон, мөнгө төгрөг яасан бэ” гэхээр “болно шүү дээ, өгнө шүү дээ” гэх зэргээр уурлаад байдаг болсон. Дараа нь ахиад Г.Энхыг юу болоод байгааг мэдээд ир гээд Казакстан руу явуулахад ах дүү нар нь бүгдээрээ манай машинуудыг нэг нэгээр нь уначихсан явж байна, яаж байгаа юм бэ гэхэд бид нар машины чинь 40 000 гаруй доллар явуулсан. Тэгээд машинуудыг чинь унаж байна гэж хэлсэн гэсэн. Бид нарын бичиг баримтыг канондаж авсан хуулбараараа К.Алтаа нь Монголд хуурамч итгэмжлэх хийгээд Казакстан руу явуулдаг. Тэд нарыг нь ах дүү нар нь аваад өөрсдийнхөө нэр дээр машинуудыг минь шилжүүлчихсэн байсан гэжээ (хэргийн1 дүгээр хавтас, 103-105 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад  гэрч-Б.Ган мэдүүлэхдээ:

“...2013 оны 10 сарын орчим О.Мөнх ах Казакстан руу машин зарах гэсэн юм. Машин бариад яваад өгөөч гэхээр нь би Тоёота Камри гэдэг машиныг нь барьж явсан. К.Алтаа, Рахмед гэдэг ах дүү хоёртой хамт явсан. Улаанбаатараас гараад гайгүй явж байснаа Оросын хил гараад харьцаа нь загнангуй, зандрангуй болчихсон. Казакстанд очсон эхний өдрөө архи ууж байгаад ахын дүү цуг 00 оръё гэж дагуулж гараад “намайг Казакстанд ямар гэдгийг мэдэх үү чи” гээд миний хойноос татаж унагаад, нүүр нүдгүй цохиж өшиглөж зодсон. Гэрт байсан хүмүүс гарч ирээд, К.Алтааынд байж чадахгүй юм байна гээд түрээсийн байранд байж байгаад 2-3 хоноод Монгол буцсан. Одоо ямар нэгэн гэмтэл байхгүй. Зодуулсны дараа толгой л их өвддөг байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 110 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад  гэрч-Б.Болд мэдүүлэхдээ: 

“...Би Мөнх-Эрдэнийн холын хамаатан юм. 2013 оны 10 сард Казакстан руу машин авч явах гэсэн юм. Ээлжлээд машин бариад яваач эхээр нь Бенз маркийн  автомашиныг нь барьж явсан. Бас өөр машинуудыг нь сэлгэж барьж байсан. Тэгээд Баян-Өлгийн хилээр Орос руу гараад цаашаа Казакстан руу орсон. Дараа нь Казакстаны Талдикорган гэдэг хотод байх К.Алтааын гэр рүү нь явсан. Тэр хотод очсоны дараа бид нарын бичиг баримтыг хураагаад авчихсан. Очсоны дараа К.Алтаа хэрүүл маргаан хийгээд бид нарыг яв зайл гээд агсам тавиад Ганийг зодсон. Тэгэхээр нь бид нар хамт байж чадахгүй юм байна гээд өөр түрээсийн байранд 2-3 хоносон. Дараа нь бөөнөөрөө энд байж яах юм бэ, зарим хүмүүс нь буцъя гээд Мөөнөө, Ган нарын 5-уулаа буцсан. Би яг нэрүүдийг нь санахгүй байна. Тэнд О.Мөнх, Г.Энх, Ууган 3 үлдсэн. К.Алтаа нь “та нар Монголд биш, Казакстанд байна. Би энд том хүн шүү” гэх мэтээр дээрэлхэж байсан. Машин тэрэг зарж борлуулах, бичиг баримт зэрэг асуудлуудыг нь бол мэдэхгүй байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 113 дугаар хуудас)

 

Шүүх сэтгэц эмэг судлалын шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 945 тоот дүгнэлтэд:

1. К.Алтаа нь гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

2. К.Алтаа нь гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

3. К.Алтаа нь өөрийн үйлдлээ ухамсарлан ойлгож үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадвартай байна.

4. К.Алтаа нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. (1 дүгээр хавтас, 133 дугаар хуудас)

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

К.Алтаа ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (1 дүгээр хавтас, 133 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч К.Алтаа нь 2013 оны 5, 10 дугаар саруудад Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “1000 автомашины зогсоол” дээр автомашин худалддаг хохирогч О.Мөнхд “Казакстан улс руу автомашин гаргаж, өндөр үнээр зарж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Хюьндай соната 6” маркийн автомашин 2 ширхэг, “Лексус 470”, “Хюьндай соната 7”, “Мерседес бенз Е-класс 4DE350”, “BMW 7Series 4D 735i”, “BMW 7Series 4D 745i” маркийн тус бүр 1, нийт 7 ширхэг автомашиныг нь залилан авч,179 000 000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан нь хохирогч О.Мөнх, гэрч Г.Энх, Т.Ерлан, П.Цэрэн, Б.Ууган, Б.Ган, Б.Болд  нарын мэдүүлэг, хуурамчаар үйлдсэн итгэмжлэл болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, бэхжүүлсэн тул хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч К.Алтааын гэмт  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь Алтаа нь

...Би Мөнх-Эрдэнийн машинуудыг Казакстан гаргаж, зарж өгнө гэж хэлээгүй. Зөвхөн жолоочоор нь ажиллаж байсан. Яллах дүгнэлтэнд дурдсан 7 автомашиныг би өөрийн нэр дээрээ шилжүүлж аваагүй, Казакстан улсад очоод эдгээр хүмүүсийг айлгаж сүрдүүлээгүй, Би хэрэг хийгээгүй, хилс хэрэгт орж байна гэж мэдүүлсэн нь

 

хохирогч Мөнх-Эрдэнийн

Би орос, казак хэл мэдэхгүй, Казакстан улс руу автомашин гаргаж борлуулах талаар ямар ч ойлголтгүй, машин зарна гэсэн бодол ч байгаагүй. Тэр амьдарч байгаа газарт маань бүртгэл хийлгээд ирье гээд бидний иргэний үнэмлэх, гадаад паспортыг хуулбарлан авч явсан бөгөөд сүүлд нь үүнийг ашиглан машиныг маань бусдад шилжүүлэх итгэмжлэлийг хуурамчаар хийсэн байсан. Эхний 4 машин Казакстанд очсоны дараа Алтаа удахгүй машин зарагдана, мөнгийг чинь өгнө гэсээр байгаад намайг 3 сар Казакстанд байлгасан. Казакстан улсын бичиг баримт нь гараагүй,  Монгол номер, бичиг баримттай машиныг хэн ч авахгүй.

К.Алтаа удахгүй машины мөнгийг чинь өгнө гэдэг байсан, бас эхнэрийн талын хамаатан тул түүнд итгэж байсан. Автомашинуудыг Казакастан улс руу гаргаж зарах нь ашигтай гэж К.Алтаа надад итгэл үнэмшил төрүүлсэн. Казакстан улсад байхад намайг контарбанд хийсэн гэж айлгаж сүрдүүлсэн. Энэ автомашинуудыг Казакстан улсад гаргаад, номер авах юм бол авах хүн их байгаа гэж хэлсэн,

 

гэрч Энхын

Бид нар 1 сар гаруй явж Казакстанд очсон. Тэгээд очсон өдрөө 2-3 шил архи уусан. Гэтэл К.Алтаа Гантэй маргаж, түүнийг зодсон. Тэгээд бид тэднийхээс явж, байр түрээслэсэн. К.Алтаа “та нарыг цагдаагаас, гаалиас хайж байна. Та нар яв. Эсвэл нэг машинаа хахуульд өгчих” гэж хэлсэн тул бид Монгол руу буцсан. Энэ үед машинууд байхгүй болсон байсан. Учир нь бид оросын хилээр орохдоо номер дугаар зүүгээд орсон. Гэтэл Оросын хилээс Казакстаны хил рүү хуурамч дугаар зүүсэн автомашинууд орсон байна гээд шалгаж байна гэж К.Алтаа хэлсэн. Бид нарыг Казакстанд очихоор 7 хоногийн дотор сунгалт хийлгэдэг юм билээ. Сунгалт хийлгэхээр паспорт авсан боловч сунгалт хийж болохгүй байна, паспорт өгөхгүй байна гээд нэг машиныг хахуульд өгнө гээд авсан,

 

гэрч П.Цэрэнын

... Тэгээд Оросын хил гарсан чинь ааш зан нь хувираад, “одооноос эхлээд та нарыг би мэдэж байна, та нар миний үгээр явах ёстой, би одоо та нарт заах ёстой” гээд эхэлсэн. Тэгээд Казакстаны Талдаргана хотод байх гэрт нь очоод 1 хоноод байж байтал бүүр ааш нь өөрчлөгдөөд бид нарыг загнаж, зандраад эхэлсэн. Тэгээд манай Ганааг “намайг ах гэж дуудсангүй” гэж маргалдаад, дагуулж гараад 00-н үүдэнд цохичихсон. Тэгэхээр нь бид нар гарч салгатал гэрийнхэн нь гарч ирээд “та нар олуулаа бид нарыг дээрэлхэж байна, Монголоос ирчихээд яах гээд байгаа юм бэ” гээд байхаар нь таарч тохирохгүй юм байна гээд авч ирсэн 7 машиныхаа 5-ыг нь үлдээгээд 2 машинтай гараад байр түрээслэдэг газар очиж байрласан. Тэнд очоод бид нар 7 хоноход бид нарын паспортыг бүртгүүлнэ гээд аваад явсан тул бид гарч, орж болохгүй болсон. Тэгсэн “та нарын паспортыг бүртгүүлэх гэсэн чинь та нарыг хууль бусаар машин оруулж ирсэн гээд бичиг баримтуудыг чинь хураагаад авчихлаа. Бид Камри гэдэг машиныг чинь өгөөд хахуульдаж байж та нарын бичиг баримтыг авлаа. Одоо та нар бушуухан эндээс яв” гэж хөөсөн. Тэгэхээр нь бид нар тэр хотоос Алмата руу яваад, тэндээсээ Киргиз рүү гараад, тэндээс Улаанбаатар руу зугтаж ирсэн,

гэрч Б.Ууганийн  

“...К.Алтаа нь 2013 оны 4 сард манай ажил дээр ирээд О.Мөнхтэй “Казакстан руу машин аваачиж, зараад өгнө, мөнгийг нь очингуутаа бэлнээр өгнө, би олон удаа явсан. Ер нь болдог юм” гэх зэргээр ярьж байгаад 2013 оны 5 сард Лексус 470, 2 ширхэг Соната-6, Соната 7, нийт 4 машин К.Алтаа, Сүүгий гэж дууддаг манай ажилтан, нэгийг нь Батхуяг ах, үлдсэн нэгийг нь О.Мөнх өөрөө барьж явсан. Тэгээд оччихоод ирэхгүй удаад байсан. Яасан бэ гээд утсаар ярихаар бичиг баримтаа хүлээж байна, би хэл мэдэхгүй болохоор К.Алтаа байж бай гээд байна гэдэг байсан. Ирэхгүй болохоор нь би араас нь 7 сард 2 хүүхдээ аваад Казакстан руу явсан.

...Бид нарыг К.Алтааын хамт Монголд ирсэн байхад араас нь К.Алтааын дүү Рахмед гэдэг залуу ирээд, ахиад 7 ширхэг автомашин авч явсан. К.Алтаа, Рахмед хоёр манайд ирчихээд “дахиад автомашин авч явж заръя, энэ удаад удаахгүй мөнгийг чинь өгчихнө, одоо ийм асуудал гаргахгүй, өмнөх мөнгийг нь очоод л шууд өгчихнө” гэж итгэл төрүүлж, дахиад тэр 7 машиныг авч явсан. Тэгээд Баян-Өлгий гараад, Оросын хил гараад л К.Алтаа, Рахмед нарын зан нь хувираад “хурдлаач ээ охидуудаа, пизданууд аа, хурдан яв, та нарт би заана” гэх зэргээр дарамталж эхэлсэн,

 

гэрч Б.Ганийн  

...Улаанбаатараас гараад гайгүй явж байснаа Оросын хил гараад харьцаа нь загнангуй, зандрангуй болчихсон. Казакстанд очсон эхний өдрөө архи ууж байгаад ахын дүү цуг 00 оръё гэж дагуулж гараад “намайг Казакстанд ямар гэдгийг мэдэх үү чи” гээд миний хойноос татаж унагаад, нүүр нүдгүй цохиж, өшиглөж, зодсон. Гэрт байсан хүмүүс гарч ирээд, К.Алтааынд байж чадахгүй юм байна гээд түрээсийн байранд байж байгаад 2-3 хоноод Монгол буцсан гэсэн мэдүүлгээр няцаагдаж байна.

 

Дээрх байдлыг үндэслэн шүүгдэгчийг хохирогчид “Казакстан улс руу автомашин гаргаж, өндөр үнээр зарж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 7 ширхэг автомашиныг нь залилан авч, 179 000 000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

К.Алтааын дээрх гэмт хэрэг үйлдэх үед 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан ба уг хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т

“Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ,

мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.5-д  “Энэ хуулийн тусгай ангид арван жилээс дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих, онцгой тохиолдолд хорин таван жил хүртэл хугацаагаар хорих буюу цаазаар авах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг онц хүнд гэмт хэрэг гэнэ”,

72 дугаар зүйлийн 72.1.4-т “онц хүнд гэмт хэрэг үйлдсэнээс хойш хорин таван жил өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн гэж үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” гэж тус тус заажээ.

 

Энэ хэргийг шүүх хянан шийдвэрлэх үед 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2.2-т “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ,

ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ,

1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж тус тус заасан нь К.Алтааын үйлдсэн гэмт хэргийн ангилал буурч, түүнд оногдуулах ял болон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа багасаж, түүний эрх зүйн байдал дээрдэж байна.

 

Иймд К.Алтааын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах ба уг гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 5 жилийн хугацаа буюу гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

К.Алтааын гэмт үйлдлийн улмаас хохирогчид 179 000 000 төгрөгийн хохирол учирсан байна.

Түүнчлэн өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч 1 611 ам.доллароор онгоцны тийз авсан гэж нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй тул хохирогчид учирсан нийт хохирлыг (1611 ам.доллар х 1300 төгрөг =2 094 300 төгрөг) 181 094 300 төгрөг гэж тооцов. Үүнээс О.Мөнх-Эрдэнийн шүүгдэгчээс буцааж авсан 21 000 ам.долларыг хасаж тооцоход (21 000 х 1300 төгрөг = 27 300 000 төгрөг) 153 794 300 төгрөгийг К.Алтаааас гаргуулан хохирогчид олгох хууль зүйн үндэслэлтэй болно.

Шүүгдэгч К.Алтаа нь 30 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй.  

К.Алтааын 2013 онд үйлдсэн гэмт хэрэгт прокурор түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2.2-т зааснаар зүйлчлэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлаагүй тул шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх шаардлагын дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг  журамласан болно. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1. 2, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Алтааыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч К.Алтаат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  30  хоног  цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар шүүгдэгч К.Алтаааас 153 794 300 төгрөг гаргуулж, хохирогч О.Мөнхд олгосугай.

 

            5.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн түүнд хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслах сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.

6. Энэ хэргээс Т.Ерланд холбогдох эрүүгийн 180505963 дугаартай хэрэгт  хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, тусгаарласан болохыг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.Алтаат авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН