| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 152/2022/000449/и |
| Дугаар | 224/ма2023/00018 |
| Огноо | 2023-09-12 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 224/ма2023/00018
| 2023 оны 09 сарын 12 өдөр | Дугаар 224/МА2023/00018 |
Б.Ч-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн
Засаг даргын Тамгын газарт холбогдох
иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 152/ШШ2023/00247 дугаар шийдвэртэй,
Б.Ч-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 403,173 төгрөг, үр дүнгийн урамшуулал 612,024 төгрөг, ур чадварын нэмэгдэл 3,894,173 төгрөг нийт 4,909,206 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Чийн нэхэмжлэлийн шаардлага: Төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 403,173 төгрөг, үр дүнгийн урамшуулал 612,024 төгрөг, ур чадварын нэмэгдэл 3,894,173 төгрөг, нийт 4,909,206 төгрөг гаргуулах.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
2.1. Миний бие 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төрийн албанд 11.3 жил ажиллаж байгаа. Гэтэл аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/52 тоот тушаалаар бусад бүх албан хаагчдын цалингийн нэмэгдлийг журмын дагуу нэмэгдүүлсэн боловч ганцхан миний төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг нэмэгдүүлэхгүй шийдвэр гаргасан байна. Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтад зааснаар 11-15 жил /121-180 сар/ ажилласан бол 10 хувь нэмэгдүүлэхээр байна.
Б.Ч миний бие Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт Нийтлэг үйлчилгээний албаны даргаар ажиллаж байтал 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн. Ингээд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 151 тоот шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 09 тоот магадлалаар ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан.
Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтад заасан ур чадварын нэмэгдлийг сар бүр олгохгүй байна. Миний хувьд дордуулсан шийдвэр гаргасан. Иймд 2022 оны 6-12 сар, 2023 оны 1-2 саруудын төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /5 хувь/, нийт 403,173 төгрөг, 2022 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулалд нийт 612,012 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2022 оны 1-12 сар, 2023 оны 1-2 саруудын ур чадварын /25 хувь/ нэмэгдэл нийт 3,894,009 төгрөг, нийт 4,909,206 төгрөгийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү” гэжээ.
3. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай.
3.1. Б.Ч-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмыг баталсан. Энэхүү журмын 02 дахь хэсэгт төрийн алба хаасан хугацаанаас хамааран албан тушаалын цалингаас бодох хувь хэмжээг тогтоож өгсөн. Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 491 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан бөгөөд үүнийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг журамласан байна. Иймээс нэхэмжлэгчийн 2022 онд ажилласан хугацааны төрийн алба хаасны нэмэгдлийг 10 хувиар тооцоолж нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Ур чадварын нэмэгдлийн тухайд хүний нөөцөөс улирлаар болон сараар хийсэн ажлын тайланг үнэлүүлж түүнийг үндэслэн олгодог. Гэтэл хүний нөөцөд Б.Чийн өгсөн ямар нэгэн тайлан болон бичгийн баримт байдаггүй. Иймд төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл нэхэмжилж байгааг зөвшөөрөх боломжгүй юм. Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журамд төрийн үйлчилгээний албан хаагчийн ажил гүйцэтгэх чадвар, ажлын арга барил, идэвх, санаачлагыг нь дэмжиж, үр бүтээлтэй ажиллуулах зорилгоор ур чадварын нэмэгдэл олгоход мөн энэ журмыг мөрдөнө. Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын төсвийн шууд захирагч шийдвэрлэхээр заасан. Гэтэл Б.Ч нь төрийн алба хаагчийн хувьд ажил үүргээ хангалтай сайн биелүүлдэггүй, хийсэн ажлын гүйцэтгэл, тайлангаа дээд шатны албан тушаалтанд танилцуулж, ажлын үр дүнгээ үнэлүүлж байгаагүй учраас ур чадварын нэмэгдэл олгохгүй байхаар хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн болно” гэжээ.
4. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 152/ШШ2022/00247 дугаар шийдвэрээр:
- Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.11,
Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын 158 дугаар зүйлийн 158.1.5-д
зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас төрийн алба хаасан
хугацааны нэмэгдэл 403,173 төгрөг, ур чадварын нэмэгдэл 3,894,009 төгрөг, нийт 4,297,182 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч-д олгож, нэхэмжлэлийн
шаардлагаас үлдэх үр дүнгийн урамшуулал 612,024 төгрөг гаргуулах тухай
шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,447 төгрөгийг төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Чид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 83,705 төгрөг гаргуулан Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулахаар шийдвэрлэсэн байна.
5. Хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 152/ШШ2023/00247 дугаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4-р хавсралтадар өрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журмыг баталсан.
Уг журмын 1.1-т: "Төрийн үйлчилгээний албан хаагчийн ажил гүйцэтгэх чадвар, ажлын арга барил, идэвх санаачилгыг нь дэмжиж, үр бүтээлтэй ажиллуулах зорилгоор ур чадварын нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөхийг заасан байна. Гэтэл нийтлэг үйлчилгээний албаны даргаар ажиллаж байх хугацаандаа Б.Ч нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай сайн биелүүлээгүй, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллахгүй байсан учраас журмын 2-т заасан эрхийн хүрээнд асуудлыг шийдвэрлэж, албан хаагч Б.Ч нь ажил гүйцэтгэх чадвар, ажлын арга барил, идэвх санаачилга гарган ажиллаагүй учраас ур чадварын нэмэгдлийг хавтгайруулан олгож болохгүй гэсэн заалтыг баримтлан ур чадварын нэмэгдэл олгохгүй байх шийдвэрийг гаргасан.
Мөн түүнчлэн Б.Ч-ийг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай сайн биелүүлсэн, ажлын арга барил, идэвх санаачилгатай ажилласан гэх байдлыг нотлох баримт байхгүй байхад шүүхээс өмнө нь олгож байсан учраас олгох ёстой гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Б.Ч-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн боловч 2 шатны шүүхийн шийдвэрийн дагуу 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ажилдаа буцаж орсон.
2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Б/06 дугаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалд “Б.Ч өмнө нь ур чадварын нэмэгдэл 25 хувиар авдаг байтал ур чадварын нэмэгдлийн 25 хувийг хасаж тушаал гаргасан” гэж үзсэн. Мөн Б.Ч-ийг ажил албан үүргийн тодорхойлолтод заасан үүргээ хангалттай сайн биелүүлээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаагүй гэж давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан байна.
Ажлын байрны ямар чиг үүргийг биелүүлээгүй, удирдлагын өгсөн ямар үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаагүй болох нь тодорхой бус байгаа юм. Ур чадварын нэмэгдлийг хавтгайруулан олгохгүй гэж гомдолд дурдсан байгааг ойлгохгүй байна, яагаад гэвэл нийтлэг үйлчилгээний 25 албан хаагчдаас 24 албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгосон атлаа, зөвхөн Б.Чид ур чадварын нэмэгдэл олгохгүй байгааг хавтгайруулан олгохгүй гэдэг үндэслэлд хамааруулж байгаа нь үндэслэлгүй байна.
Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувьд Засаг даргын Тамгын газрын дарга Г.Б 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/52 дугаар тушаал гаргахдаа Засгийн газрын тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг Б.Ч 11-15 жил буюу 121-180 сар ажилласан гэж болзол шаардлагыг хангаж байхад түүний эрх зүйн байдлыг дордуулж хасаж тооцож байгаа нь үндэслэлгүй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч Г.Б-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 152/ШШ2023/00247 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Б.Ч хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан
- 2022 оны 6,7,8 дугаар сарын төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 134.391 төгрөг,
- 2022 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал 612.024 төгрөг,
- 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны ур чадварын нэмэгдэл 2.550.093 төгрөг, нийт 3.296.508 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан,
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Ч нэхэмжлэлийн шаардлагаа :
- 2022 оны 9,10,11,12 дугаар сар, 2023 оны 1, 2 дугаар сарын төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 268.782 төгрөг,
- 2022 оны 9,10,11,12 дугаар сар 2023 оны 1, 2 сарын ур чадварын нэмэгдэл 1.343.916 төгрөг, нийт 1.612.698 төгрөг нэмж гаргуулахаар нэмэгдүүлжээ.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
4. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.11, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын 158 дугаар зүйлийн 158.1.5-д зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 403.173 төгрөг, ур чадварын нэмэгдэл 3.894.009 төгрөг, нийт 4.297.182 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үр дүнгийн урамжлуулал 612.024 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч Г.Болор-Эрдэнэ эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохыг хүссэн давж заалдах гомдол гаргажээ.
5. Нэхэмжлэгч Б.Ч-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
5.1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн нотлогдож буй байдал буюу тогтоогдсон үйл баримт, шаардлагыг хангах болсон хууль зүйн үндэслэлийн талаар тодорхой, бүрэн гүйцэт дүгнэлт хийгээгүй байна.
Тодруулбал, шүүхийн шийдвэрт: хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар ямар ямар үйл баримт тогтоогдсон, зохигчдын мэдүүлсэн үйл баримтын аль нь тогтоогдож, аль нь үгүйсгэгдсэн болохыг тус тус нотолгоонд үндэслэн дүгнээгүй.
5.2. Нэхэмжлэгч Б.Ч-ийн төрийн албанд ажилласан хугацааг ямар нотлох баримтад үндэслэн хэрхэн тооцсон нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь аль байгууллагад ямар албан тушаалд хэдий хугацаанд ажилласан, уг хугацаа нь Төрийн албаны тухай хууль болон холбогдох журамд заасны дагуу төрийн алба хаасан хугацаанд хамаарч байгаа эсэхэд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.
Шүүх нэхэмжлэгчийн төрийн албанд ажилласан хугацааг нотлох баримтад үндэслэн бодитой тогтоогоогүй атлаа, шийдвэртээ: “ Засгийн Газрын тогтоолоор 11 жил ажилласан ажилтанд төрийн албан хаасан хугацааны нэмэгдлийг 10 хувиар тооцож олгохоор тогтоосон байхад ажилласан хугацааны нэмэгдлийг 5 хувиар тооцсон нь ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан, ЗГ-ын тогтоолд нийцээгүй байх тул төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 403,173 төгрөг гаргуулж олгох нь зүйтэй” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэл болно.
Түүнчлэн нэхэмжлэгчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 403.173 төгрөг, ур чадварын нэмэгдэл 3.894.009 төгрөг олгохоор шийдвэрлэхдээ ямар нотлох баримтад үндэслэж, хэрхэн тооцоолсон зэрэг нь шүүхийн шийдвэрт тодорхой бус байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасан “шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана”, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан “ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, шүүхээс түүнийг хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэх шаардлагуудад нийцээгүй байх ба энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлд хамаарч байна.
6. Хэрэгт авагдсан, нэхэмжлэгчийн ажилласан байдал, цалин хөлстэй холбоотой баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, тухайлбал хэргийн 43-46-р талд авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа / 2022 оны 10 сарын 21-ний өдөр гаргасан/ нь хүчинтэй байх 30 хоногийн хугацаа дууссан зэргийг шүүх анхаараагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэх үндэслэл болно.
7. Анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
8. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 83.705 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 152/ШШ2023/00247 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3дахь хэсэгт зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83705/ наян гурван мянга долоон зуун тав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД Н.МӨНХЖАРГАЛ
Л.АЛТАН