Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 130

 

 

 

 

 

 

 

 

  2019          02           14                                     130

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Баттулга, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэмбаатар,

хохирогч: О.Батаа,

шүүгдэгч: Ж.Отгон, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг /2142/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Отгонт холбогдох эрүүгийн 1805 0326 41257 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн 2 дугаар шүүхийн 516 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил 05 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Отгон.

 

Шүүгдэгч Ж.Отгон нь 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 16-383 тоотод О.Батааг маргааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ж.Отгон мэдүүлэхдээ:

Би 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хөдөөнөөс ирсэн. Дэлгүүр орж жижиг шилтэй архи аваад гэртээ орж, түүнээс 50 гр уучихаад хэвтэж байтал Батаа багш гаднаас орж ирсэн. Энэ үед багшийн хувцас шороо болсон байсан ба ямар нэг шархгүй байсан. Тэр “гэртээ засвар хийж байгаа” гээд тал шил архи гаргаж ирсэн. Тэгэхэд нь би “наадахаас чинь уухгүй, минийхээс уу” гээд өөрийн ууж байсан архинаас хийж өгсөн. Энэ үед Батаа багш нилээд халамцуу байсан. Бид өмнө хүүхдүүдээ суулгана гэж ярих зэргээр хоорондоо харилцаатай байсан. Батаа багш гэнэт л ”чи баян цатгалан болсон байна” гээд нулимсан. Би “та ингэж болохгүй” гээд гэрээсээ хөөж, хашааны гадаа гарчихаад жорлон орох гээд явж байхад миний араас үг хэлээр доромжлоод байсан. Намайг жорлон орсон гэж мэдээгүй бололтой 2 давхарт байдаг манай хүүгийн гэрийн хаалгыг нүдэж байгаад шатаар бууж байхдаа унаснаас толгой нь хагарч, цус гарсан байсан.  Тэр унахдаа архиа хагалсан байсан бөгөөд түүхий эд авах цэгийн хоёр хүнийг “архи авч ир”, чи энэ хүмүүстэй нийлж, намайг зодлоо, чамайг цагдаад хэлнэ” гээд байсан. Би “та цагдаа дуудахгүй юу” гэхэд тэр явсан. Би ч гэртээ ороод унтсан. Гэтэл Батаа багш гомдол гаргасан байна гэж маргааш, нөгөөдөрөөс нь намайг цагдаагаас дуудсан. Би энэ хүний эрх чөлөөнд халдаагүй, зодоогүй. Намайг Батаа багшийг зодоогүйг гэрч нар мэднэ. Гэтэл тэднээс мэдүүлэг аваагүй байхад нас барсан байсан. Би тэр өдөр авсан архинаасаа 50-100 граммыг л уусан их согтоогүй, ухаан санаа хэвийн байсан. Би Батаа гуайтай танилцаад 10 гаран жил болсон, хөрш зэргэлдээ амьдарч байсан. Хоорондоо өш хонзон, өр авлага байхгүй. Батаа багш манайд орж ирээд эвгүй үг ярьсан. Өөрөө уначихаад босч ирэхдээ бас намайг “бөбөөчдийн хаан” гэж хэл амаар доромжлосон. Би энэ хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдаагүй. Өөрөө унаснаас биед нь гэмтэл учирсан. Би хүний эрүүл мэндэд гэмтэл учруулаагүй тул хохирол төлбөр төлөөгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-О.Батаа мэдүүлэхдээ:

Би эхлээд 2 пиво уугаад гэрт очиж, 0.33 граммын архинаас уугаад жоохон үлдсэн байсныг хаясан. Тэр өдөр би согтуу байсан ч болсон зүйлийг санаж байна. Отгонтай гэрийн нь гадаа үүдэнд таарсан, гэрт нь ороогүй. Бид юм ярьж байгаад хашаан дотор орж, би түүнийг “чи бөбөөчдийн хаан юм уу, ноён юм уу” гэж хэлснээс болж муудалцсан. Намайг гэртээ оруулаад шал мөргүүлж, дээрээс дэвссэн. Энэ үед ухаан алдсан байсан. Миний 1 шүд унаж, 2 шүд хөдөлсөн. Биеийн зүүн тал зулгарсан байсан. Цус нилээд гарсан байсан. Мөн утас болон нүдний шил хугарсан байсан. Би хүүхдээ дуудан эмнэлэг орж оёдол тавиулсан. Мөн шүүх эмнэлэгт үзүүлсэн. Нийтдээ 1 200 000 төгрөгийн зардал гарсан. Түүнээс 1 100 000 төгрөгийн баримтыг хэрэгт өгсөн. Зарим баримтаа хэрэгт өгөөгүй байсан. Би нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай байна. Надад учирсан гэмтлээс болж одоо миний бие их хямардаг, цочиж хашгирдаг, юм сонсохгүй, мартаж санадаг болж, хөдөлмөрийн чадвараа алдаад байна. Отгон намайг зодож, дэвсэж, газар мөргүүлснээс надад гэмтэл учирсан. Миний толгойг шаланд мөргүүлэх үед хагарч, цус гарсан. Би Отгонт зодуулсныхаа дараа Гэмтлийн эмнэлэгт оёдол тавиулж, цагдаагийн байгууллагад хандаж, шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би өөрөө газар унасан бол надад ийм гэмтэл учрахгүй. Тэгээд ч би өөрөө унасан бол ингэж гомдол гаргахгүй. Маргаан гарах болсон гол шалтгаан нь миний хэлсэн үгнээс болсон нь үнэн.

Би Мөнгөнгүүр эмнэлэгт эмчлүүлэх гэсэн боловч надаас 800 000 төгрөг нэхэж, үнэтэй байсан тул Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хэвтсэн. Эмчилгээ, эм, шатахууны зардал гарсан. Отгон худлаа ярьж байна. Би хашаанаас гараад буцаж орохдоо хүүхдийнх нь хаалгыг цохиогүй. Тэр намайг хүүхдийнхээ байшингийн үүдэнд зодсон. Сүүлийн үед би өөрийгөө гэнэт үхэж магадгүй гэж бодож байна. Миний бие маань муу байна. Би Батхүлэг жолооны сургуульд дүрмийн багш хийж байсан. Намайг ажил тасалсан гээд цалин хассан байсан.  Хохиролд  1 200 000 төгрөг авна гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Бат мэдүүлэхдээ:

2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байж байгаад гэрээсээ гарч юманд явах гэж байтал 17-18 цагийн орчим аав Батаа манай хашаа байрлах Сонинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Налуугийн 2 тоот хашааны чиглэлээс ирж байсан. Аав О.Батаагийн толгой, ам, шүднээс нь их цус гарсан, хувцас нь урагдсан, нуруу нь газраар чирэгдсэн бололтой зулгарсан, өөрөө манарсан байдалтай гудманд явж байхаар нь аавыг гэртээ авч ороод “юу болсон бэ” гэхэд “аав нь хүнд зодуулчихлаа. Намайг Отгон зодчихлоо, одоо аав нь яах вэ” гэхээр нь би үеэл дүү Тэмүүлэнг дуудаад аавыг Гэмтлийн эмнэлэгт авч очиж үзүүлж, толгойд нь 6 оёдол тавиулсан. Толгойг нь үзүүртэй зүйлээр цохисон байна гэж хэлсэн. Эмч “толгойд нь хагас см орсон бол энэ хүн шууд үхэх байжээ” гэж хэлсэн. Мөн хоёр шүд нь унасан, 1 шүд нь хөдөлгөөнтэй гэж гарсан. Хамгийн гол нь эмч хөнгөн гэмтэл байна гэж хэлсэн. Гэтэл аав маань шөнө унтах үедээ бөөлждөг болсон ба ажил хийхдээ их ядардаг болсон. Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлсэн чинь уг хүнд хагалгаа хийж, удаан хугацаагаар эмчлэхгүй бол унах магадлалтай гэж хэлсэн учир би шууд цагдаагийн байгууллагад хандсан. Аав их сэтгэл санаагаар унасан. Бас чанга юм дуугарахаар цочиж айдаг болоод байгаа. Манайх зээлтэй, орлого байхгүй ба аавыг их эмчилгээ хийлгэ гэж хэлсэн. Бидний хувьд эмчилгээ хийлгэх боломжгүй. Эмч аавыг гадаад явж эмчлүүлбэл сайн, Монголд бол эмчилгээ тааруу гэж хэлсэн. Аавын эрүүл мэнд, гоо сайханд их санаа зовж байна. Манайх гэр хороололд байхдаа Отгонынхаас очиж ус авдаг байсан ба бид нарын хувьд ямар нэгэн маргаан, өш хонзон, өр авлага байхгүй. Отгонын хувьд их сагсуу зантай хүн байгаа юм. Отгонтай тухайн өдөр болон уг хэрэг гарснаас хойш уулзаагүй. Тухайн өдөр ямар байсныг бол мэдэхгүй байна. Харин аав маань надтай уулзах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ дунд зэргийн, болсон зүйлээ мэдэж байсан гэжээ. (хэргийн 34 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-М.Зургаадай мэдүүлэхдээ:

Би Батааг олон жилийн өмнөөс танина. О.Батаа бид хоёр зэргэлдээ хашаанд амьдардаг. 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр О.Батаагийн гэрийн хаалга онгорхой байхаар нь би гэр рүү нь яваад орсон. Тэгсэн байшин дотроо 13 цагийн үед Батаа ганцаараа 0.33 литрийн Хараа архи тавьчихсан сууж байсан. Тэгээд надад нэг хийж өгөхөөр нь би нэг татсан. Тэгээд би Батаад хандаад “чи давардаг шүү, дахин битгий уугаарай” гэж хэлээд гараад явсан. Тэгээд эргээд гэр рүүгээ ороод гэртээ модоор юм хийсэн. Тэгээд маргааш нь над руу Батаа залгахаар нь утсаа автал “би Отгонт зодуулсан, нүүр ам авах юмгүй болсон, одоо яах вэ гэж байсан. Намайг 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр О.Батаан гэрт орж уулзахад Батаа нь хүнд зодуулсан зүйлгүй, зүв зүгээр, бага зэрэг халамцуу байсан. Өөрөөр нүүр ам, хувцас хунар нь зүгээр хүнд зодуулсан шинжгүй байсан гэжээ. (хэргийн 92 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6787 тоот дүгнэлтэд:

1. О.Батаан биед бүсэлхий, зүүн хонгонд зулгаралт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хуйх, дух, зовхинд зулгаралт, 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. О.Батаан биед учирсан бүсэлхий, зүүн хонгонд зулгаралт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хуйх, дух, зовхинд зулгаралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Харин 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна гэжээ. (хэргийн 37 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч-Г.Ханхүү мэдүүлэхдээ:

Тухайн үеийн үзлэгээр 1 шүд унасан, нэг шүд суларсан байсан. Буйл, завьж, уруулд ямар нэгэн гэмтлийн өөрчлөлт байгаагүй тул үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байсан. Бүсэлхий, зүүн хонгонд зулгаралт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хуйх, дух, зовхинд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зулайн хуйханд учирсан шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл нь унах үед үүсэхгүй. Харин бусад гэмтэл нь унах үед үүсэх боломжтой.

 О.Батаан бүсэлхий, зүүн хонгонд зулгаралт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал бүхий гэмтлүүд нь дан дангаараа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Хуйх, дух, зовхинд зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал бүхий гэмтлүүд нь хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. Харин бусад гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байсан гэжээ. (хэргийн 69, 79 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ж.Отгон нь 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн 2 дугаар шүүхийн 516 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил 05 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэжээ. (хэргийн 56 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ж.Отгон нь 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 16 дугаар гудамжны 383 тоотод хохирогч О.Батааг зодож, эрүүл мэндэд нь бүсэлхий, зүүн хонгонд зулгаралт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хуйх, дух, зовхинд зулгаралт, 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч О.Батаа, гэрч Б.Бат, шинжээч Г.Ханхүү нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6787 тоот дүгнэлт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуудас зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.  

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхэд 354 700 төгрөгийн зардал гарсан нь “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзүүлсэн 20 000 төгрөг, 3 дугаар төв эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн 15 000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8 000 төгрөг, “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзүүлсэн 120 000 төгрөг, шархны боолт хийлгэсэн 10 000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд эмчилгээ хийлгэсэн 100 000 төгрөг, хиймэл шүд хийлгэсэн 35 000 төгрөг, эм авсан 27 500 төгрөг, 9200 төгрөг төлсөн зэрэг баримтаар нотлогдож байна. Харин шатахуун, гар утасны нэгж, гар утас худалдаж авсан, Батхүлэг ХХК-ийн ажил тасалсантай холбоотой цалин хассан зэрэг нь хохиогчид учирсан хөнгөн хохиролтой шууд холбоотой эсэх нь тодорхойгүй тул үүнийг хангаж шийдвэрлэх боломжгүй тул О.Батаа нь энэ талаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Отгоныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Отгоныг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Отгон нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ж.Отгон цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Ж.Отгонаас 354 700 төгрөг гаргуулж, хохирогч О.Батаад олгосугай.

 

6. О.Батаа нь өөрт учирсан энэ гэмтлийн улмаас цаашид эмчилгээ хийлгэсэн, мөн  шатахуун, гар утасны нэгж, гар утас худалдаж авсан, Батхүлэг ХХК-ийн ажил тасалсантай холбоотой цалин хассантай холбоотой хохирлоо  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Отгонт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН