Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 216/МА2023/00007

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 216/МА2023/00007

 

 

   Ж.О нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

         Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, Ерөнхий шүүгч Н.Батчимэг, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн нээлттэй хийсэн хуралдаанаар,

               Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2023/00164 дугаар шийдвэртэй,

                 Нэхэмжлэгч Ж.О,

                 Хариуцагч  “УД” ОНӨААТҮГазар, Л.Э нарт холбогдох

      Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 12,341,780 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ж.О гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.О, түүний өмгөөлөгч Ц.Сайнбат, хариуцагч Л.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Зүтгэл /цахимаар/, гуравдагч этгээд У.Б-Э, нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

  1. Нэхэмжлэл түүний үндэслэл, шаардлага:

      Нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч УД ОНӨААТҮГазар болон Л.Э нарт холбогдуулан гэм хорын хохиролд 12,341,780 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

       1.1. Шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч Ж.О би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар баг - дүгээр байрны - тоотын хууль ёсны өмчлөгч билээ. Миний бие тус байрыг Л.Э гэх хүнд 2020 оны 04 дүгээр сараас эхлэн түрээслүүлсэн. Тус байранд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өглөө 06 цагийн үед ус алдаж, доод айлуудад ус нэвчин хохирол учруулсан байдаг. Тухайн үед УД ОНӨААТҮГазрын ажилтан У.Б-Э дуудлагын дагуу очиж шалгахад Л.Э эзгүй байсан тул подволын хэсэгт усыг хаасан гэж гэрчийн мэдүүлэг өгсөн. Подволын хэсэгт усыг хаасан гэсэн боловч 09 цагийн үед хаалгыг эвдэж ороход ус гоожсон хэвээрээ байсан. Шинжээч Э.Амарсайханы дүгнэлтэнд усыг орцоор нь эсхүл байраар нь хаах шугам байх ёстой. Тус хаалтыг хаачихсан байвал 5 минутын хугацаанд усыг зогсоох боломжтой, ямар ч ус алдахгүйгээр зогсоох боломжтой. Тухайн хаалтыг хаагаагүйн улмаас тэр шугамаар 20 тн ус алдсан байх боломжтой гэсэн дүгнэлт бий. Өөрөөр хэлбэл, УД ОНӨААТҮГазрын ажилтан У.Б-Э тус байрны хаалтыг бүрэн хаасан бол ус алдалт багасах боломжтой байсан бөгөөд доод айлуудад үүссэн хохирлын хэмжээ мөн багасах байсан. Мэргэжлийн байгууллага болох УД ОНӨААТҮГазар нь хаалтыг бүрэн хаагаагүй хайхрамжгүй үйлдэл гаргасан гэм буруутай гэж үзэж байна. Мөн түрээслэгч Л.Э нь ус алдах үед байрыг эзэмшиж, ашиглаж байсан. Байрны засвар үйлчилгээний талаар тухай бүр надад мэдэгдэж, харилцан тохиролцсоны дагуу засвар үйлчилгээг хийлгэн, засварын зардлыг түрээсийн төлбөрөөс хасаж төлдөг байсан. Тухайлбал, 2020 оны 04 дүгээр сард 120,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 27-нд 320,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 27-нд 930,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-нд 50,000 төгрөг нийт 1,420,000 төгрөгийг засварын ажилд суутган, түрээсийн төлбөрөөс хасаж, төлбөр тооцоо хийсэн байдаг. Паарны хий авагч хугарч, ус алдсан байдалд дан ганц өмчлөгч миний бие буруугүй. Түрээслэгч Л.Э засвар үйлчилгээг хариуцдаг байсан төдийгүй, байрны түлхүүрийн нэг хувийг надад өгөөгүйгээс тус байранд шууд нэвтэрч орох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Түүнээс үүдэж бусад этгээдэд учирсан хохирлын хэмжээ нэмэгдсэн. Иймээс Л.Э нь гэм хорын хохиролд гэм буруутай гэж үзэж байна. Ус алдсаны улмаас миний бие шүүхийн шийдвэрээр 4 дүгээр байрны 116 тоотын өмчлөгч Д.М 3,292,600 төгрөг, 125 тоотын өмчлөгч Д.О 3,897,880 төгрөг, 113 тоотын өмчлөгч Н.Ц 5,151,300 төгрөг нийт 12,341,780 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд тус мөнгөн дүнгээр надад хохирол учирсан билээ. Иймд ус их хэмжээгээр алдсан явдалд УД ОНӨААТҮГазар болон Л.Э нар нь гэм буруутай тул бусдад учруулсан хохирлыг гарсан зардлыг хамтран хариуцах нь зүйтэй юм. Надад учирсан хохирол 12,341,780 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хуваан гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн татгалзал, түүний тайлбарын агуулга:

      Хариуцагч УД ОНӨААТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б-Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр татгалзаж байна. Нэгдүгээрт манай байгууллага нь хэрэглэгчдэд дулаан үйлдвэрлэж түгээдэг. Энэ үйл ажиллагаа Эрчим хүчний тухай хуулиар зохицуулагдсан байгаа. Хуульд зааснаар хангагч байгууллага гэж Эрчим хүчний зохицуулалттай эсвэл зохицуулалтгүй хангалт эрхлэх зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг хэлнэ. Хэрэглэгч гэж Эрчим хүчээр хангах гэрээг эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан. Тэгэхээр хангагч буюу УД, хэрэглэгч буюу Ж.О нарын хооронд үүссэн харилцаа. Хэрэглэгч өөрөө баталгаажуулалтын тоног төхөөрөмжийг бүрэн хариуцна гэж заасан. Хэрэглэгч өөрөө үүргээ хэрэгжүүлсэн бол гэм хохирлын асуудал үүсэхгүй байсан. Тухайн өдөр У.Б-Э гэж хүн дуудлагаар очсоныхоо төлөө энэ байгууллага төлбөрийн асуудалд унана гэж байхгүй. 06 цаг 45 минутад очиход энэ хүний ажиллах нөхцөл боломжийг хангаагүй. Ж.О нь хэрэглэгчийн эрх, үүргээ хангалтгүй биелүүлсэн. Цоожтой хаалганы цаана байгаа гэмтлийг илрүүлээгүй, үүнийг таслан зогсоогоогүйн улмаас өнөөдрийн шүүх хуралд бид нар хариуцагчаар оролцож байна. Шинжээч Амарсайханы дүгнэлт байдаг. Халаах хэрэгсэл буюу паарны гэмтэл нь хий авагчийг зориулалтын бусаар хийснээс үүдэлтэй. Энэ айл засвар үйлчилгээг тогтмол хийгээгүй байна. Засвар үйлчилгээ тогтмол хийж байсан бол ийм байдал үүсэхгүй. Шинжээчийн дүгнэлтэд шугам сүлжээний засвар үйлчилгээг жил бүр халаалтын улирал дууссанаас хойш, халаалтын улирал эхлэхээс өмнө барилга байгууламжийн өмчлөгч хийх шаардлагатай. Барилгын тухай хуульд зааснаар өмчлөгч, эзэмшигч эрх, үүргээ хэрэгжүүлээгүй. Манай байгууллага холбогдох дараах арга хэмжээ авсан. Тухайн байранд нэвтрэх боломжгүй байх тул доод талын хаалтыг хааж аюулыг багасгасан. Өөрөөр хэлвэл, тухайн аюулыг дуудлагаар ирж үүрэг гүйцэтгэсэн. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 86 дугаартай шүүхийн шийдвэрээр Д.М Ж.О холбогдуулж нэхэмжлэл гаргаад шүүхийн шийдвэрийн дагуу Ж.О 3 292 600 төгрөгийг гаргуулж, М олгохоор шийдсэн. Мөн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 155 дугаартай шүүхийн шийдвэрээр О, Ц нарын хохирлын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан байна. Гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу Ж.О нь хүлээн зөвшөөрөөд хохирлыг төлсөн. Шүүхийн шийдвэр одоо хүртэл хүчинтэй байгаа. Манайхтай байгуулсан гэрээнд нэхэмжлэгч Ж.О өөрөө гарын үсэг зурсан байдаг. Хуулийн дагуу нэхэмжлэгч дээрх эрх, үүргийг эдэлж оролцоно. Энэ гэрээнд хамтран хариуцагчтай холбоотой үг, үсэг огт байхгүй. Энэ байрны жинхэнэ өмчлөгч буюу Ж.О хариуцлагын асуудал яригдана. Гэрээнд хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээний засвар үйлчилгээг хийгээгүйн улмаас бусдад учирсан хохирлыг өөрөө бүрэн хариуцна гэж заасан байна. Л.Э биш Ж.О өөрөө бүх хариуцлагыг хүлээнэ гэж гарын үсэг зурсан. Манай ажилтан дуудлагаар очиж, ажил үүргээ бүрэн хэрэгжүүлсэн. Сантехникийн слесарь У.Б-Э холбоотой асуудал манай байгууллага дээр огт яригдаагүй гэв.

  1.  Хариуцагчийн татгалзал, түүний тайлбарын агуулга:

      Хариуцагч Л.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Зүтгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн шууд буруутай үйлдэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч түлхүүр өгсөн, өгөөгүй талаар ярьж байна. Түлхүүр байхгүйгээс болоод гэм хорын асуудал гарсан гэж ярьж байна. Гэм хор учрахад объектын нээлт, хаалт муу байснаас нөлөөлсөн гэж үзэж байна. Түрээслэгч тухайн байрны нээлт, хаалтыг засуулах үүрэг байсан уу? үгүй юу гэдгээс шалтгаалж гэм хорын хохирлыг төлөх эсэх нь шалтгаална. Нэхэмжлэгч болон өмгөөлөгч нь ярихдаа хэлцэл хийгдсэн, амаар гэрээ байгуулагдсан гэж яриад байна. Хэлцэл хийгдсэн эсэх нь эргэлзээтэй. Хэрвээ хэлцэл хийгдсэн гэж үзвэл хэлцлээр орон сууц хөлслөх гэрээ хийгдсэн үү? Хэлцэл өөрөө ямар нөхцөлд үүсэх вэ? хэлцлийг яаж хийх вэ? гээд ярих зүйл их гарна. Иргэний хуульд заасан тодорхой харилцаа үүссэн гэж үзвэл зайлшгүй бичгээр хийгдсэн гэж үзнэ. Хэлцэл хийгдсэн бол хэлцэлд тусгасан зүйлийг гэрээнд тусгах ёстой. Хэлцэлд ямар нэгэн засвар үйлчилгээг тусгаагүй. Засвар үйлчилгээг тусгасан бол өөр асуудал байсан. Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар бол сар бүр төлбөрөөс засварын мөнгө суутгаад авдаг байсан гэж ярьж байна. Суутгуулсан мөнгөөрөө засвар хийсэн байх ёстой гэлээ. Гэрээ байгуулаад аливаа доголдол гарвал чи хүлээнэ гэж тохиролцоогүй. Тогтоогдохгүй буюу нотлогдохгүй нөхцөл байдлыг амаар ярьж байна. Хамтран хариуцагчийн яриад байгаа өмнөх шүүхийн шийдвэр дээр тайлбар хийхгүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул дахин ярих шаардлагагүй. Нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа хоёр өөр байдлаар шаардаад байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заасан. Тэгэхээр өмчлөгч нь хамтран хариуцагч болохгүй юм уу? бусдад учруулсан гэм хорын хохирлыг төлсөн гэж үзээд бусад этгээдийг хамтран хариуцагчаар татаад нэхэмжлэл гаргасан. Таны буруутай үйлдэл байхад яагаад хамтран хариуцагчаар татсан юм бэ? Мөн гэрээнээс үүссэн харилцаа гээд гэрээ байгаа юм шиг шаардаад байна. Гэрээ байгуулаад гэрээнд Л.Э энэ шугамыг засна гээд оруулсан бол бид нар гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлнэ. Гэрээ байгуулаагүй байж үүрэг хариуцлага ярих боломжгүй. Иймд, эхнээсээ нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байсан тул шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

            4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд У.Б-Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 02 дугаар сарын 22-ны шөнө 24 цагийн ээлжтэй байсан. Өглөө 06 цаг өнгөрч байхад манай диспетчер над руу залгасан. Би зуухан дээр байж байгаад гэртээ орж ирээд аяга цай уух гэж байхад утсаар дуудлага хэлсэн. Гэрээсээ гараад 4 дүгээр байр руу дуудлагаар очиход 3,4 давхарын айлууд ус алдаад байна гээд хаалгаа онгойлгосон байсан. Би гүйгээд 5 давхарт гартал айлын хаалга цоожтой байсан. Доошоо очиж халуун, хүйтэн ус, дулааны шугамыг бүгдийг нь хаасан. 5 давхарын айл гэртээ аваарын хаалттай байх ёстой. Өөрсдөө байсан бол тэр хаалтыг хаагаад усыг 100 хувь зогсоох боломж байсан. Гэвч эзэнгүй байсан учраас хаанаас ус алдсаныг мэдэх боломжгүй байсан тул подвольд орж бүх хаалтыг хаасан. 9 цагт ороход ус гоожиж байсан гэсэнд хариулт өгөхөд подвольд хаалт нь барихгүйгээс 10, 20 хувьтай гоожиж байхыг би мэдэх, шалгах боломжгүй байсан. Би энэ байгууллагад олон жил ажиллаж байгаа, сантехникийн слесарь хийдэг. Манай аймагт СӨХ гэж байхгүй. Манай байгууллага дулааны төв шугам, байрнуудын гадаах шугамыг зуух хүртэл хариуцах ёстой. СӨХ гэж байхгүй учраас манайх хариуцаж байгаа. СӨХ-ны ажлыг манайх давхар хийгээд өчнөөн жил явж байгаа гэв.

    5. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Орон сууц хөлслөх гэрээний үндсэн нөхцөл нь эд хөрөнгийн доголдлын гэм хорыг хөлслүүлэгч хариуцахаар заасан байна. Хөлслөгч орон сууцны засвар үйлчилгээг хариуцахаар тохирсон гэж байгаа боловч яг юуг хэрхэн хийхээр тохирсон нь нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1-д зааснаар хариуцагч Л.Э гэм хорын хохирлоос чөлөөлөгдөх үндэслэлтэй. УД ОНӨААТҮГазар үүргээ хэрэгжүүлээгүй нөхцөл байдал нотлох баримтын хэмжээнд тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Гэм буруугийн үндэслэл хариуцагч нарт тогтоогдохгүй байна гэжээ.

        6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 228 дугаар зүйлийн 228.1, 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар Ж.О нэхэмжлэлтэй хариуцагч УД ОНӨААТҮГазар болон Л.Э нарт холбогдох гэм хорын хохиролд 12,341,780 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 212,418 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж, ... гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

  1.  Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Сайнбат давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан байдаг. 2023 оны 06 сарын 21-ний өдрийн 134/ШШ2023/00164 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж давж заалдах гомдол гаргасан.

     Нэгдүгээр асуудал хариуцагч “УД” ОНӨААТҮГазрын ажилтан У.Б-Э нь подволын хаалтыг бүрэн хаагаагүй гэм буруутай үйлдлийн улмаас миний өмчлөлийн орон сууцнаас их хэмжээний ус алдаж доод айлуудад учирсан хохирлын хэмжээ нэмэгдсэн тул ажил олгогчоос гэм хорын хохирлыг гаргуулах тухайд:

    Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, гэрчүүдийн мэдүүлгүүдээс харахад ус алдахад ажилтан У.Б-Э шууд гэм буруутай үйлдэл тогтоогдсонгүй. СД-ний бичлэг болон гэрчийн мэдүүлгүүдийг үндэслэн У.Б-Э нь үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэлгүй шууд санаатай эсвэл илтэд болгоомжгүй үйлдлээс үүдэн их хэмжээний ус алдаж, хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн гэж үзэж буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, ус алдах үед тухайн айл эзгүй байснаас үүдэн дулааны болон халуун, хүйтэн усны аль шугамаас алдсаныг тодорхойлох боломжгүй нөхцөл байдал байсан байна гэж бодит байдалд бүрэн дүгнэлт өгсөнгүй.

       “УД” ОНӨААТҮГ нь “Найрамдал хотхон”-ны СӨХ-ийн үйл ажиллагааг хариуцаж ирсэн бөгөөд гуравдагч этгээд У.Б-Э шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа ч мөн манай байгууллага шугам сүлжээтэй холбоотой СӨХ-ийн үйл ажиллагааг хариуцдаг гэж тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл, Найрамдал хотхоны 4 дүгээр байрны дундын өмчлөлийн хэсэгт байрлах “сууцны байшингийн халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт болон түүний засвар үйлчилгээг” “УД” ОНӨААТҮГ хариуцаж байсан бөгөөд хуульд зааснаар тухайн байгууллага нь жилд 2-оос доошгүй удаа урьдчилсан сэргийлэх үзлэг явуулж, дүгнэлт гаргасан байх ёстой байна. Гэтэл “УД” ОНӨААТҮГ-ын ажилтан У.Б-Э нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө “..эзэнгүй байсан учраас хаанаас ус алдсаныг мэдэх боломжгүй байсан тул подвольд орж бүх хаалтыг хаасан. Хаалт нь бүрэн барьж байсан эсэхийг би мэдэх, шалгах боломжгүй байсан” гэж мэдүүлснийг анхан шатны шүүх шууд хүлээн авсан нь үндэслэлгүй. Найрамдал хотхоны шугам сүлжээтэй холбоотой асуудлыг хариуцдаг “УД” ОНӨААТҮГ-ын ажилтаны хувьд У.Б-Э тухайн подволийн хаалтад хэзээ үзлэг хийсэн, хэзээ сольсон, хаалт хэвийн ажиллаж байгаа эсэхийг нягтлах бүрэн боломжтой буюу холбогдох мэдээллийг авах эрх бүхий этгээд юм. Айл эзгүй байсан нь У.Б-Э бүх хаалтыг хаасан гэх боловч хаалт хаагдсан эсэхийг нягтлаагүй үйлдлийг нь зөвтгөх үндэслэл болох учиргүй.  

       Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-д  “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлж, нотлох үүрэгтэйгээс гадна хариуцагч ч мөн адил хариу тайлбараа нотлох үүрэг хүлээдэг. 

     2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн инженер Э.Амарсайханы гаргасан “Шинжээчийн дүгнэлт”-ийн 6-д “Тухайн ус алдсан халаах хэрэгсэлд хаалт байх ёстой ба тухайн хаалт байгаагүй. Мөн барилга байгууламжид эзэнгүй байсан тохиолдолд төв хаалтыг боломжит богино хугацаанд хаах шаардлагатай бөгөөд хаалт бүрэн хаагдсан тохиолдолд 5 дугаар давхрын айлд шугамын ус буухгүй тул ус алдалт бүрэн зогсох боломжтой ...”УД” ОНӨААТҮГ-н ажилтны хариуцлагыг мэргэжлийн хүний үүднээс хариуцлага алдсан гэж үзэж болох боловч хуулийн хүрээнд Барилга байгууламж эзэмшигч, өмчлөгчийн буруу гэж дүгнэж байна” гэж дүгнэсэн байдаг.

       Дараагийн асуудал хариуцагч Л.Э нь орон сууц хөлслөх гэрээний үүргээ биелүүлээгүй буюу засвар үйлчилгээг хариуцахаар тохирсон, байрны түлхүүрийн нэг хувийг надад өгөөгүйгээс ус алдсан даруйд нэвтэрч орж чадаагүйгээс гэм хорын хохирол нэмэгдсэн тул гэм хорын хохирлыг гаргуулах тухайд:

    Анхан шатны шүүх байрны түлхүүрийн нэг хувийг хөлслүүлэгчид өгөөгүйгээс ус алдсан даруйд нэвтрэх боломжгүй нөхцөл байдал үүсч улмаар бусдад учруулсан хохирлыг хэмжээ нэмэгдсэн асуудалд дүгнэлт өгөөгүй шийдвэрлэсэн байна. Орон сууц хөлслүүлэх гэрээний дагуу засвар үйлчилгээг хариуцаж байсан бөгөөд шаардлагатай засвар үйлчилгээг өөрөө хийгээд түрээсийн төлбөрөөс хасаж төлдөг байсан. Миний зүгээс засвар үйлчилгээ хийх шаардлагатай байна гэхэд нь хийлгэхгүй гэж огт хэлж байгаагүй. Мөн түүнчлэн гэрийн цоожны голыг сольж, түлхүүрийн нэг хувийг надад өгөөгүй, манай эд хөрөнгө байгаа учраас таньд өгөх шаардлагагүй гэж хэлсэн. Уг үйлдлийн улмаас ус алдсан даруйд нэвтрэн орох боломжгүй нөхцөл байдал үүсч, доод давхрын айлуудад учирсан хохирол нэмэгдэхэд хүрсэн. Өөрөөр хэлбэл Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Барилга байгууламжийн ашиглалтын явцад өмчлөгч, эзэмшигч дараахь үүргийг хүлээнэ: гээд 46.1.9-д “барилгын даацын хийц, бүтээц болон дотор, гадна инженерийн шугам сүлжээнд байнгын хяналт тавих” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй буюу 129 тоотыг орон сууц хөлслөх гэрээний дагуу эзэмшиж байсан С.Э нь хяналт тавих боломжгүй үедээ буюу эзгүй үедээ хяналт тавих үүрэг бүхий өмчлөгчид гэрийн түлхүүрийг өгөөгүйн улмаас ус алдсан дуудлага өгсөн даруйд 129 тоот руу нэвтэрч чадаагүй буюу хаалга эвдэж орох хүртэл буюу 9 цаг 9 минут хүртэл ус алдах нөхцөл байдлыг үүсгэж, бусдад учруулсан гэм хорыг хохирлыг нэмэгдүүлсэн гэж үзэж байна.

    Дээрх үндэслэлээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 21-ний өдрийн 134/ШШ2023/00164 дугаар шийдвэрийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан гэв.

        8. Нэхэмжлэгч Ж.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Э, Ц.Б-Э нар иргэний үүргээ ухамсарлах ёстой гэж үзэж байна. Байр түрээслээд явахдаа бусдыг хохироогоод явж болохгүй, хариуцлагатай байх нь зөв гэв.

        9. Хариуцагч Л.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Зүтгэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолтой танилцлаа. Нэхэмжлэгч тал хэрвээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд зааснаар давж заалдах гомдол гаргаж байгаа бол хуульд заасан үндэслэл журмынхаа дагуу гомдол гаргах ёстой байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр, түүний үндэслэл хоёрын хоорондын шалтгаант холбоог ярих байх гэж хүлээж байтал анхан шатны шүүхэд ярьж байсан нэхэмжлэлийн шаардлагыг л өмгөөлөгч ярьж байна. Өөрөөр хэлбэл давж заалдах гомдол нь ойлгомжгүй байна гэж үзэж байна. Тэгэхээр надад хэлэх зүйл байхгүй байна. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг үнэлээд шийдвэр гаргасан. Хэрвээ хуулийн тус зүйл заалтуудыг үндэслэлгүй гэж үзэж байгаа бол өөрөө гомдлынхоо агуулгыг тодорхой гаргах ёстой. Тэгэхээр нэхэмжлэгч тал гомдлынхоо шаардлагын үндэслэлийг тодорхой гаргаж чадсангүй гэж үзэж байна гэв.

 

      10. Гуравдагч этгээд У.Б-Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг тухайн үед подволын хаалт дутуу хаасан гэж байна. Тэр хаалт тухайн орцны айлуудын шугамыг хаасан хаалт байдаг. Таван айлын хаалт тус бүр доор подволд хамаардаг. Би сөх гээд ярьчихсан нь миний буруу болоод байна. Гадаа байгаа шугам бол манай “У-Д” ОНӨААТҮГ хамаардаг. 5 давхарт нэг хаалт, айлуудад нэг хаалт, подволд нэг хаалт тус бүр байдаг. Би тухайн үед дуудлагаар очсон нь үнэн. Намайг очиход таван давхарын айл эзгүй, 3, 4 давхарын айлд бороо орж байгаа мэт ус гоожиж байсан. Би тэгээд орцоор нь хаалтыг нь хаасан. Тэр айлын хаалгыг эвдээд орсон талаар би дараа нь мэдсэн, тухайн үед мэдээгүй. Би хаалтыг хааж ажил үүргээ гүйцэтгэсэн. Би олон жил ажилласан, энэ удаагийнх шиг ингэж их хэмжээний хохирол учирч байгаагүй гэв.

                                              ХЯНАВАЛ:

      1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

       2. Нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч У-Д ОНӨААТҮГазар болон Л.Э нарт холбогдуулан Гэм хорын хохиролд 12.341.780 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах  тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

      3. Хариуцагч У-Д ОНӨААТҮГазар нь хэрэглэгч хууль, гэрээнд заасан үүргээ биелүүлсэн бол ус алдахгүй, хохирол учрахгүй байсан. Бид нар дуудлагаар очсоныхоо төлөө хариуцлага хүлээхгүй, хаалга цоожтой байсан тул ажиллах нөхцөл бололцоогоор хангаагүй гэж, харицагч Л.Э нь орон сууц хөлслөх гэрээ бичгээр хийгдээгүй, засвар үйлчилгээг хийнэ гэсэн нэг бүрчилсэн тохиролцоо байгаагүй тул гэм хорыг хариуцахгүй  гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.

         4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдсан гомдолдоо ... Ус-Ду ОНӨААТҮГ-ын ажилтан У.Б-Э нь ... эзэнгүй байсан учраас хаанаас ус алдсаныг мэдэх боломжгүй байсан тул подвольд орж  бүх хаалтыг хаасан. Хаалт нь бүрэн барьж байсан эсэхийг би мэдэх, шалгах боломжгүй байсан гэж мэдүүлснийг анхан шатны шүүх шууд хүлээн авсан нь үндэслэлгүй. ...Айл эзгүй байсан тул У.Б-Э бүх хаалтыг хаасан гэх боловч хаалт хаагдсан эсэхийг нягтлаагүй үйлдлийг нь зөвтгөх үндэслэл болохгүй. ... гэрчүүдийн мэдүүлэгээс үзэхэд Б-Э бүх хаалтыг хаагаагүй болох нь илэрхий байгаа. ...бүх хаалт хаагдсан гэснээс хойш 2 цаг 24 минут ус алдсаны улмаас 1-3 давхарын айлд хохирол нэмж учирсан байхад анхан шатны шүүхээс хэт нэг талыг барьж үндэслэлгүй дүгнэлт гаргасан. ...129 тоотыг орон сууц хөлслөх гэрээний дагуу эзэмшиж байсан Л.Э нь хяналт тавих боломжгүй үедээ буюу эзгүй үедээ өмчлөгчид гэрийн түлхүүрийг өгөөгүйн улмаас ус алдсан дуудлага өгсөн даруйд 129 тоот руу нэвтэрч чадаагүй буюу хаалга эвдэж орох хүртэл ус алдах нөхцөл байдлыг үүсгэж, бусдад учруулсан гэм хорын хохирлыг нэмэгдүүлсэн. ...Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.9-д заасан үүргээ эзэмшигч хэрэгжүүлээгүй. ...шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү “ гэх агуулгыг  дурджээ.

         5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан “ ...тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр ... тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх” журмыг зөрчсөнөөс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

      6. Анхан шатны шүүх хариуцагч нэхэмжлэгч Ж.О, хариуцагч Л.Э нарын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь буруу биш боловч “... хариуцагч буюу хөлслөгч эд хөрөнгө хөлслөх гэрээний туршид засвар үйлчилгээг тогтмол хийх, ... дулааны шугамын бүрэн бүтэн байдлыг хариуцахаар тохирсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, ... орон сууцыг гэрээнд заасан нөхцөл зориулалтаар ашигласны үр дүнд тухайн эд хөрөнгө муудсан нь хөлслөгчид хариуцлага үүсгэх үндэслэл болохгүй ...” гэж тус тус дүгнэж хариуцагч Л.Э холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т нийцээгүй.

    Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэгч буюу хөлслүүлэгчийг Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1, 288.1.3-д заасан үүргээ биелүүлээгүй буюу доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн, эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийгээгүй гэж дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

        Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.1-т зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. 

      Улмаар Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т зааснаар орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ тохиолдолд талууд тухайн орон сууцны хувьд тоо, хэмжээ, чанарын талаар хэрхэн тохиролцсон нь эд хөрөнгийн доголдлыг тодорхойлох үндэслэл болно.

    Харин Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2-т зааснаар гэрээнд эд хөрөнгийн шинж чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар зохигчид орон сууц хөлслөх гэрээг анх байгуулахдаа чанарын талаар хэрхэн тохиролцсон нь тогтоогдоогүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй, доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзсэн нь дээрх хуулиудад нийцээгүй.

  Өөрөөр хэлбэл гэрээ ёсоор хөлслөгчийн сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх үүрэгт тухайн сууцны тодорхой бүрдэл хэсгүүд тухайлбал дулааны шугамын бүрэн бүтэн байдал буюу үүнийг доголдолд хамаарах эсэх нь талуудын тохиролцоо гэрээгээр тодорхойлогдоно.

     Гэтэл зохигчид орон сууц хөлслөх гэрээг анх 2020 оны 4 сард байгуулсан байх ба энэ хугацаанаас хойш ус алдсан үйл баримт болсон цаг хугацаа буюу 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт 1 жил 11 сарын хугацаа өнгөрсөн байх ба хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд талууд анх гэрээ байгуулахдаа шаардлагатай засвар үйлчилгээг хөлслөгчийн зөвшөөрлөөр хөлслүүлэгч хийсэн, ингэхдээ дулааны шугамыг тухайн үед мэргэжлийн байгууллагаар засварлуулсан тухай үйл баримт тогтоогдсноос үзэхэд нэхэмжлэгчийг доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

      Нөгөө талаас Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3-т  хөлслөгч буюу хариуцагч Л.Э нь хөлслөн авсан эд хөрөнгөд доголдол илэрсэн буюу гэнэтийн нөхцөл байдал бий болсноор эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах зайлшгүй арга хэмжээ авах шаардлага гарсан бол энэ тухай хөлслүүлэгчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй ба хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч энэ үүргээ биелүүлсэн боловч нэхэмжлэгч хүлээж аваагүйгээс хөлсөлсөн орон сууцны дулааны шугам эвдэрч бусдад гэм хор учирсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйг анхан шатны шүүх анхаараагүй.

    Түүнчлэн Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 291.1-т заасан “ ... гэрээнд заасан зориулалтаар ашигласны үр дүнд тухайн эд хөрөнгө муудсан ...” гэдгийг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл нь орон сууц бөгөөд энэ тохиолдолд эд хөрөнгө муудах гэдгийг тухайн орон сууцны дулааны шугамд эвдрэл гэмтэл үүссэн нөхцөл байдлыг хамааруулсан нь ойлгомжгүй буюу тухайн сууцыг орон сууцны тодруулбал ахуйн зориулалтаар ашигласан эсэх талаар зохигчид маргаагүй, гагцхүү ашиглалтын явцад орон сууцны дулааны шугам эвдэрсэн нөхцөл байдал үүссэн.

      Харин дээрх бүгдийг дүгнэн үзвэл нэг талаас нэхэмжлэгч буюу хөлслүүлэгч Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д заасан доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйн гадна нөгөө талаас хариуцагч буюу хөлслөгч нь хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.6-д заасан хүлээн авсан эд хөрөнгөд доголдол илэрсэн ... эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах зайлшгүй арга хэмжээ авах шаардлага гарсан бол энэ тухай хөлслүүлэгчид нэн даруй мэдэгдэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

       7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл нь бусдын эрх, амь нас, сэтгэцэд, нэр төр алдах хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан тохиолдолд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байдаг.

      Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг.

        Өөрөөр хэлбэл гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эд хөрөнгөд гэм хор учирсан байх буюу үйлдэл /эс үйлдэхүй/ болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх, зөрчил үйлдэгч гэм буруутай байхыг хуулиар тогтоосон байна.

    Ийнхүү гэм хорын хариуцлага хүлээлгэхэд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/ болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байхыг хуулиар тогтоосон тул хэрэв хариуцагч хууль зөрчсөнөөс гэм хор учраагүй болох буюу гэм буруугүй болох нь тогтоогдвол шалтгаант холбоо үгүйсгэгдэж, улмаар гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөнө.

         Тэгэхээр нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирол нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас болсон нь тогтоогдсон тохиолдолд хариуцлага хүлээх шалтгаант холбоотой буюу хариуцагч нь  нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.

     Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас үзэхэд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 4 дүгээр байрны 129 тоот орон сууцны дулааны шугамнаас ус алдаж, бусад оршин суугчдад учирсан хохирлыг өмнө хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр эд хөрөнгийн өмчлөгч буюу нэхэмжлэгч Ж.О бүхэлд нь хариуцуулсан байх бөгөөд  үүнийг Ж.О нь өөрт ийнхүү энэ хэмжээгээр гэм хорын хохирол учирсанд орон сууцыг эзэмшигч болон бусад мэргэжлийн байгууллага буруутай гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн нь түүнийг шүүхэд мэдүүлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүйн гадна маргааны үйл баримт өөр байгааг анхан шатны шүүх анхаараагүй.

    Иймээс хариуцагч Л.Э нь орон сууцны эзэмшигч болохынхоо хувьд Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасан Барилга байгууламжийн ашиглалтын явцад өмчлөгч, эзэмшигч дараах үүргийг хүлээнэ. 46.1.9-д барилгын даацын хийц, бүтэц болон дотор, гадна инженерийн шугам сүлжээнд байнгын хяналт тавих  үүргийг өмчлөгчийн нэгэн адил хүлээх бөгөөд уг орон сууцыг сүүлийн 1 жил 11 сарын хугацаанд эзэмшиж байсан атлаа дулаан, халаалтын шугамд эвдрэл гэмтэл үүсэх эрсдэлт нөхцөл байгаа эсэхийг хянаагүй, улмаар ийнхүү дулааны шугамын эвдрэл гэмтэл үүсч болзошгүй талаар өмчлөгчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүйгээр өмчлөгч болон бусад мэргэжлийн байгууллага  ус алдсан даруйд гэмтлийг засах буюу ус алдалтыг зогсоох боломжийг хязгаарласны улмаас гэм хорын хохирол нэмэгдэхэд зохих хэмжээгээр гэм буруутай, шалтгаант холбоотой байна.

       8. Нэхэмжлэгч Ж.О нь энэхүү гэм хорын хохирол учирахад мэргэжлийн байгууллага буюу У-Д ОНӨААТУГазар буруутай буюу тухайн байгууллагын ажилтан дуудлагаар ирж ажиллахдаа усны хаалтыг зохих ёсоор хаагаагүйгээс хохирлын хэмжээ нэмэгдсэн гэж үзэж хариуцагч “УД” ОНӨААТҮГазарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

     Анхан шатны шүүх “...ус алдах үед тухайн айл эзгүй байснаас үүдэн дулааны болон халуун, хүйтэн усны аль шугамнаас алдсаныг тодорхойлох боломжгүй нөхцөл байдал байсан, ... дуудлагаар очсон сантехникийн слесарь У.Б-Э нь тухайн орцны бүх айлын дулаан, халуун, хүйтэн усыг бүхэлд нь хаах, эсвэл бүх байраар нь хаах, подволийн хаалт эвдрэл гэмтэлтэй байсныг мэдэх боломжтой эсэх, улмаар эвдрэлтэй тохиолдолд ямар арга хэмжээ авах, хаалтыг хааж ус бүрэн зогссон эсэхийг ямар байдлаар нягтлан шалгах зэрэг ажилтан, ажил олгогч нарын хооронд байгууллагдсан хөдөлмөрийн харилцаатай холбоотой эрх, үүргийг тодорхойлсон ач холбогдол бүхий баримтууд байхгүй ... “ гэж дүгнэн ус алдахад ажилтан У.Б-Э шууд гэм буруутай үйлдэл тогтоогдсонгүй гэж үзжээ.

  Нэхэмжлэгч шаардлагадаа хариуцагчийг “УД” ОНӨААТҮГазар гэж заасан бөгөөд хариуцагч байгууллага гэм хор учирахад өөрийгөө буюу тухайн үед дуудлагаар ажилласан ажилтан буруугүй гэж үзсэн тохиолдолд холбогдох нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй байсан болохыг анхан шатны шүүх зөв дүгнээгүй, нэхэмжлэгчийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т нийцээгүй байна.

    Харин хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд буюу зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр /гэрч Э.Эрдэнэболор “... Бат-Эрдэнэ орж ирээд би энэ паарыг гэж бодоогүй, нөгөө талын паарыг нь гэж бодоод хаачихсан гэж хэлсэн ...” гэж, гэрч Т.Нацагдорж “... УД-ийн 2 хүн орж ирээд буруу шугамыг нь хаасан байна, энэ шугам нь байсан байна ш дээ гэж хоорондоо ярьж байгаад гараад явсан ...” гэж тус тус мэдүүлсэн/ хариуцагч байгууллагын ажилтан үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх нь эргэлзээтэй болох нь тогтоогдсон, улмаар шинжээчийн дүгнэлтэнд  “ .... барилга байгууламжид эзэнгүй байсан тохиолдолд төв хаалтыг боломжит богино хугацаанд хаах шаардлагатай бөгөөд хаалт бүрэн хаагдсан тохиолдолд 5 дугаар давхарын айлд шугамын ус буухгүй тул ус алдалт бүрэн зогсох боломжтой ... , У-Д ОНӨААТҮГ-н ажилтны хариуцлагыг мэргэжлийн хүний үүднээс хариуцлага алдсан гэж үзэж  болох боловч ... “ гэсэн зэргээс дүгнэхэд хариуцагч У-Д ОНӨААТУГазар нь сүлжээг ашиглах, засвар үйлчилгээг хийх, өргөтгөх, хэрэглэгчийн хэрэглээг хангах, үйлчилгээний түвшинг хангах зэрэг Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.5, 16.3.6, 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул гэм хор учирах, гэм хорын хохирол нэмэгдэхэд хариуцагч “УД” ОНӨААТҮГазрыг гэм буруутай гэж үзнэ.

    Өөрөөр хэлбэл хариуцагч “УД” ОНӨААТҮГазар нь дуудлагаар очиж ажиллахдаа төв хаалтыг бүрэн хаасан бол ус алдалт зогсох боломж байсан, ийнхүү зогсоох нь дээрх хуульд заасны дагуу болон хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд зааснаар мэргэжлийн байгууллагын үүрэгт хамааралтай ба улмаар энэхүү үйлдэл нь гэм хорын хохирлын хэр хэмжээнд нөлөөлсөн болох нь  хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

 

        9. Нэхэмжлэгч Ж.О нь эд хөрөнгийн өмчлөгч болохынхоо хувьд болон хэрэглэгчийн хувьд буюу хариуцагч У-Д ОНӨААТУГазартай байгуулсан “Дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах” гэрээний 3.8, 3.9-д зааснаар “Өөрийн эзэмшлийн заагаар тогтоосон шугам, тоног төхөөрөмж, бүрэн бүтэн, аюулгүй байдалд, засвар үйлчилгээний зардлыг хариуцах”, “Өөрийн эзэмшлийн дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээний ээлжит их болон урсгал засварыг хангагчийн төв шугамын засвартай уялдуулан чанартай хийх, засвар үйлчилгээ хийгдээгүй шугам сүлжээ, тоног төхөөрөмжид гарсан эвдрэл, гэмтэл, гарсан хохирлыг хэрэглэгч бүрэн хариуцах”, мөн Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д зааснаар “өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” үүрэгтэй бөгөөд энэ утгаараа түүнд учирсан гэм хорын хохирлыг хариуцагч нарт бүрэн хариуцуулж түүнийг чөлөөлөх үндэслэлгүй болно.

      Энэ нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т зааснаар гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол гэм хорыг хамтран хариуцах ба өөрөөр хэлбэл гэм буруугийн хэр хэмжээгээр хариуцах нь энэхүү хуульд нийцнэ.

         10. Иймээс зохигчдын гэм буруугийн хэмжээг харгалзан нийт гэм хорын хохиролд нэхэмжилсэн 12.341.780 төгрөгнөөс 10 хувь болох 1.234.178 төгрөгийг хариуцагч У-Д ОНӨААТУГазраас, 30 хувь болох 3,702,534 төгрөгийг хариуцагч Л.Э тус тус гаргуулж,  нэхэмжлэлээс 7.405.068 төгрөгийг  хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

      11. Түүнчлэн хариуцагч нараас гэм хорын хохирол гаргуулж буй тул улсын тэмдэгтийн хураамжид зохих  өөрчлөлт оруулах  нь зүйтэй болно.

         12. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хуульд нийцээгүй гэж үзэж давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэлээ  болгосонгүй.

         13.  Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар тэмдэгтийн хураамжид төлсөн 212.418 төгрөгийг буцаан олгох нь хуульд нийцнэ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

         1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2023/00164 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч У-Д ОНӨААТУГазраас 1.234.178 төгрөг, хариуцагч Л.Э 3.702.534 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.О олгож, нэхэмжлэлээс үлдэх 7.405.068 төгрөгийн хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

         Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 212.418 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч У-Д ОНӨААТУГазраас 34.170 төгрөг, хариуцагч Л.Э 74.191 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ж.О олгосугай.гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212.418 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.        

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгсүгэй.

 

                            

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          О.ОДНЯМАА

                ШҮҮГЧ                                                Н.БАТЧИМЭГ

                ШҮҮГЧ                                                Н.БОЛОРМАА