Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 226/МА2023/00011

 

 

 

 

   2023        09           21                                           226/МА2023/00011

 

 

Д.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б-, С.Б- нарт  холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Г.Болормаа, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,  

Нэхэмжлэгч Д.Г-,

Хариуцагч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ба-,

Хариуцагчийн өмгөөлөгч А.Билгүүн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 157/ШШ2023/00160 дугаар шийдвэртэй Д.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-, С.Б- нарт холбогдох “газар чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч А.Билгүүний гаргасан давж заалдах гомдлоор 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Д.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие өөрийн эзэмшлийн .......... дугаартай .......... нутагладаг. Миний өвөлжөөний газар албан ёсны гэрчилгээтэй. Уг өвөлжөөн дээр Б.Б-, С.Б- нар өнгөрсөн намар, өвлөөр зөвшөөрөлгүй буугаад одоо болтол газар чөлөөлж өгөхгүй байгаа тул газрыг албадан чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан.

Хариуцагч нар өвөлжөөн дээр буухдаа дур мэдэн буугаагүй, зөвшөөрөл авч буусан, сумын засаг даргад хэлсэн, надтай уулзсан гэж байна. Намайг хонины хашаандаа байж байхад машинтай хүн ирээд “амны ус авъя” гэхээр нь “юун хүмүүс вэ” гэхэд “тэр өвөлжөөн дээр буусан хүн байна” гээд манай өвөлжөөг заасан. “Наад өвөлжөө чинь манай өвөлжөө, хүн бууж болохгүй шүү” гэж хэлсээр байтал гэрээ барьсан байсан. Надтай уулзаж зөвшөөрөл аваагүй. Сумын засаг даргаас зөвшөөрөл авсан үгүйг нь би мэдэхгүй.

Хариуцагч нар манай бууцан дээр буучихаад бууц давхцаагүй, ............ гэж худлаа яриад байна. Би тэнд багаасаа оршин суугаагүй болохоор газар усны нэрийг нь мэдэхгүй.

Багийн засаг даргад “би энэ бууцыг өвөлжөөндөө авъя” гэж хэлэхэд “нэр усыг нь би мэдэхгүй, авах гэж буй хүмүүс нэрээ өгөөд авдаг” гэж хэлсэн. Тэгээд нэр өгөөд, өргөдлөө гаргаад 2022 оны 8 дугаар сард гэрчилгээ нь олгогдсон. Координатыг сумын мэргэжлийн хүмүүс тогтоосон. Шүүхэд хүсэлт гаргаж шинжээч томилуулсан. Газар давхцаагүй”  гэв.   

 

Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний аав Б, ээж Ц бид гурав илгээлтийн эзнээр ирж ................ гэх өвөлжөөнд 1978-1996 он хүртэл мал маллаж амьдарч байсан. Уг өвөлжөө иргэн Д.Г-ын өвөлжөөнөөс 5 км зайтай. Иймд уг газрыг иргэн өмчилж, эзэмшиж байгаа эсэх талаар лавлагаа авах зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байгаль орчин газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Н-р хянуулахад газрын мэдээллийн нэгдсэн санд эзэнгүй байсан. Ийм учраас өөрийн бага нас болон мал маллаж байсан өвөлжөөндөө суурьшихаар 2022 оны 9 сард ирж өвөлжиж байна. Миний өвөлжиж буй уг газрын координат солбицол нь 46.7882696, 110.146126, 46782719, 110.16412. Энэ солбицлын цэгийг иргэн Д.Г-ын газар эзэмшин өмчлөх эрхийн гэрчилгээтэй харьцуулан харахад 2 өөр газар харагдсан. Монгол улсын иргэн амьдрах газраа өөрөө сонгодог. Үндсэн хуулийн заалтын дагуу миний бие уг газрыг эзэмших хүсэлтээ холбогдох албан тушаалтуудад амаар хэлж, зөвлөгөө авсан. Одоогийн байдлаар Багийн иргэдийн нийтийн хурал хуралдаагүй байгаа тул уг асуудлыг шийдвэрлүүлэх боломжгүй байгаа юм” гэв.

 

Хариуцагч С.Б- хариу тайлбартаа: “Миний бие отроор ирж өвөлжөөд буцах гэж байгаа тул энэ газрын маргаан надад хамаагүй. Увс аймаг руу буцаж байгаа” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ба- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хүний амьдарч байгаа газарт бид амьдраагүй. Эднийх зүүн хойно, манайх баруун хойшоо, хоорондоо бараг 5 км зайтай. Манайх анх буухдаа Д.Г- гуай болон Засаг даргатай уулзаад бууж байсан. Бид энэхүү бууцан дээр 1978-1996 оны хооронд 20-иод жил амьдарсан. Бидний өвөг дээдсийн газар байгаа юм.  Ямар ч хүний нэр дээр бүртгэл байгаагүй. Сумын Засаг дарга хүний нэр дээр биш л бол бууж болно гэж хэлсэн. Манайх 1978-1996 оны хооронд амьдарч байсан бөгөөд аав, ээж өөд болоод бид Улаанбаатар хот орж амьдарч байгаад 2013 онд буцаж ............гэх газар амьдарч байгаад 2022 оны 9 дүгээр сард ирж буусан юм...” гэв.  

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт зааснаар .................... хаягт байрлах, нэгж талбарын ........... дугаар бүхий 10000 м.кв газарт хууль бусаар буусан хариуцагч Б.Б-, С.Б- нарын өвөлжиж, хаваржиж буй газрыг давхцсан хэсгээр албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.Б-, С.Б- нараас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-од олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч А.Билгүүн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ .......... дугаартай ............ өвөлжөөний газарт Б.Б-, С.Б- нар нь зөвшөөрөлгүй ирж буусан тул албадан чөлөөлж өгнө үү гэж тодорхойлсон бөгөөд ингэхдээ Б.Б-, С.Б- нар нь нэхэмжлэгчийн эзэмшил газрын яг аль хэсэгт, хэдэн метр квадрат газар зөвшөөрөлгүй эзэмшиж байгааг тодорхой тусгаагүй байдаг. Энэ талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад ч нэхэмжлэгч нь тодруулаагүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас авахаас татгалзах зохицуулалттай байтал шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...багийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаартай албан бичгээр ...солбилцолтой өвөлжөө, хаваржааны газар дээр Б.Б-, С.Б- нар нь хашаа хороогоо барьж өвөлжиж байгаа нь үнэн болно ...мэргэжилтэн Б.Э-н .............. нэгж талбарын дугаар бүхий өвөлжөөний зориулалттай газартай давхцаж байна... гэх дүгнэлт баримтаар нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт хариуцагч Б.Б-, С.Б- нар нь зөвшөөрөлгүй буусан, тэдний өвөлжиж хаваржиж буй газар нь нэхэмжлэгчийн өвөлжөө, хаваржааны газартай давхцсан болох нь тогтоогдож байна...” гэжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 58 дугаар зүйлд багийн засаг даргын бүрэн эрхийг хуульчилж өгсөн бөгөөд газрын асуудалтай холбоотойгоор дээрх хуулийн 58.1.13-т “... бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй хадлангийн болон тариалангийн талбай, бэлчээр, уст цэгийн хамгаалалт, ашиглалтын ажлыг зохион байгуулах..." гэж заасан эрх хэмжээг хэрэгжүүлэхээр тодорхойлсон. Дээрх хууль тогтоомжид заасны дагуу багийн засаг дарга нь хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг хариуцах, багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх, нутаг дэвсгэрийн хүн амын амьжиргааны түвшинг судалж, нийгмийн халамж, үйлчилгээг зохион байгуулах, хүн ам, өрхийн болон иргэний түр оршин суух бүртгэлийг зохих журмын дагуу бүртгэх зэрэг үйл ажиллагааг явуулах эрхтэй болохоос биш иргэд хоорондын газрын маргаантай холбоотойгоор газрын давхцал байгаа эсэх дээр дүгнэлт гаргах эрх бүхий субьект биш байхад анхан шатны шүүх Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаартай албан бичгийг хэрэгт хамааралтай, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон баримт гэж дүгнэсэн нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй гэж үзэхээр байна.

Хариуцагч Б.Б- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "Г” ХХК-ийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд тус баримт болон нэхэмжлэгчийн эзэмших эрхийн гэрчилгээнд үндэслэн Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Э нь талуудын өвөлжиж, хаваржиж байгаа газарт хэмжилт, зураглалын ажлыг хийж гүйцэтгэн "Б.Б-, С.Б- нарын өвөлжиж хаваржиж байгаа газар нь иргэн Д.Г-ын ............. нэгж талбарын дугаар бүхий өвөлжөөний зориулалттай газартай давхцаж байна" гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д "... "шинжээчийн дүгнэлт" гэж хуульд заасан шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг хангаж, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг...", 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт "...Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна..., 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт "...Шинжилгээ хийх явцад хэрэглэсэн арга, аргачлал, тэдгээрийн үр дүнг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт нь шинжээчийн дүгнэлтийн бүрэлдэхүүн хэсэг болох ба түүнийг хоёр хувь үйлдэн дүгнэлтийн хувь тус бүрд хавсаргана..." гэж тус тус заасан бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан шинжээчийн дүгнэлт гэх баримт нь дээрх хуульд заасан стандарт, шаардлагыг хангаагүй байхад шүүх нотлох баримтаар үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтээр Б.Б-, С.Б- нарын өвөлжиж, хаваржиж байгаа газар нь иргэн Д.Г-ын ............ нэгж талбарын дугаар бүхий өвөлжөөний зориулалттай газартай давхцаж байна гэсэн боловч хариуцагч Б.Б-ийн өвөлжиж, хаваржиж байгаа гэх газар нь яг аль өргөрөг, аль уртрагаараа давхцаж байгаа, тодруулбал хариуцагч Б.Б-ийн хууль бусаар эзэмшсэн гэх хариуцагчийн юу юу нь нэхэмжлэгчийн газар дээр байршиж байгаа гэх зэрэг асуудал нь хэдэн метр квадрат газар нь нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцсан, мөн бодит байдал дээр тодорхойгүй учир дутагдалтай дүгнэлт гарсан байхад анхан шатны шүүх хамааралтай гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтад үндэслэн тогтоох хэсгийн 1 дэх заалтаараа хариуцагч Б.Б-, С.Б- нарын өвөлжиж, хаваржиж буй газрыг давхцсан хэсгээр чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан баримтаар хариуцагч Б.Б-, С.Б- нарын өвөлжиж, хаваржиж буй газар нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай хэрхэн давхцсан, ямар хэмжээтэй давхцсан нь тогтоогдоогүй байхад шүүх давхцсан хэсгээр чөлөөл гэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн дээрх хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “...Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ...”, 11.2 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ..." гэж тус тус заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрээр давхцсан хэсгээр чөлөөлөх асуудлыг бодит байдал дээр хариуцагч нар нь хэрхэн биелүүлэх, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар шийдвэрийг албадан биелүүлэхэд давхцсан хэсэг нь яг хаана байгаа гэх зэрэг асуудал нь тодорхойгүйн улмаас шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч А.Билгүүний гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагч Б.Б-, С.Б- нарт холбогдуулан “эрхийн улсын бүртгэлийн ......... дугаарт бүртгэж, .......... дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон ......................хаягт байрлах, нэгж талбарын ......... дугаар бүхий 10000 м.кв өвөлжөө, хаваржааны зориулалтай газрыг чөлөөлүүлэх”-ээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.Б- болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ба- нь “........... гэх өвөлжөөнд 1978-1996 он хүртэл мал маллаж амьдарч байсан. Уг өвөлжөө иргэн Д.Г-ын өвөлжөөнөөс 5 км зайтай, газрын мэдээллийн нэгдсэн сангаас харахад эзэнгүй байсан. Миний өвөлжиж буй уг газрын координат солбицол нь 46.7882696, 110.146126, 46782719, 110.16412. Энэ солбицлын цэгийг иргэн Д.Г-ын газар эзэмшин өмчлөх эрхийн гэрчилгээтэй харьцуулан харахад 2 өөр газар харагдсан, ...Д.Г-ын өвөлжөө, хаваржааны газартай давхцаагүй...” гэж, хариуцагч С.Б- нь “...би отроор ирж өвөлжсөн тул надад энэ газрын маргаан хамааралгүй...” гэж тус тус маргажээ.

 

Анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 157/ШЗ2023/00082 дугаартай шүүгчийн захирамжаар тус нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 157/ШШ2023/00160 дугаартай шүүхийн шийдвэрээр “Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт зааснаар .................хаягт байрлах, нэгж талбарын ...........дугаар бүхий 10000 м.кв газарт хууль бусаар буусан хариуцагч Б.Б-, С.Б- нарын өвөлжиж, хаваржиж буй газрыг давхцсан хэсгээр албадан чөлөөлж” шийдвэрлэсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчим”-д талуудын дунд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг шүүхээс хянан шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлаж хэрэглэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тогтоосон хэм хэмжээг чанд мөрдөж, зөрчихгүй байх агуулгаар тодорхойлогддог юм.

Эрх зүйн маргаантай харилцааг тодорхойлсон шүүхийн дүгнэлт тухайн хэргийг агуулгаар нь хянан хэлэлцсэний үр дүнд гарах шүүхийн шийдвэрт тусгагддаг боловч уг харилцааг тогтоох ажиллагаа нь хэрэг хянан шийдвэрлэх бүхий л хугацааны турш үргэлжлэх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарт үндэслэгдэнэ.

 

Энэ утгаараа эрх зүйн маргаантай харилцааг тодорхойлох ажиллагаа зөвхөн бүрэн дүүрэн хэрэгжиж чадсан талуудын мэтгэлцээнд тулгуурлана.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын мэтгэлцэх эрх хязгаарлагдсан, зөрчигдсөн тохиолдолд, мөн талууд мэтгэлцэх эрхээ өөрсдөө хангалттай хэрэгжүүлээгүй нөхцөлд эрх зүйн маргаантай харилцаа тодорхой бус болдог.

 

Шүүхийн зүгээс талуудыг мэтгэлцэх боломжоор хангана гэдэг нь уг эрхийг зөрчсөн, хязгаарласан алдаа гаргахгүй байхаас гадна мэтгэлцэх эрхээ хэрхэн хэрэгжүүлэхийг тодорхой тайлбарлаж, ойлгуулсан байхыг шаарддаг.

 

Шүүх талуудын тайлбараас маргааны зүйлд хамаарах хэсгийг тодотгох, мэтгэлцээнийг зөв голдрилоор явуулахад чиглүүлэх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Д.Г- нь өөрийн эзэмшлийн ...........дугаартай ..............өвөлжөөний газарт Б.Б-, С.Б- нар нь зөвшөөрөлгүй ирж буусан тул албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийг шаардлага гаргасан байтал анхан шатны шүүх хариуцагч нар нь нэхэмжлэгчийн эзэмшил газрын яг аль хэсэгт, хэдэн метр квадрат газар зөвшөөрөлгүй эзэмшиж байгааг буюу нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэсэн заалтыг зөрчиж зохигчид маргасан зүйлийн талаар бүрэн мэтгэлцэж чадаагүй, маргааны бодит үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч А.Билгүүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 157/ШШ2023/00160 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгч А.Билгүүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Д.ГАНЗОРИГ

 

                              ШҮҮГЧИД                                     Г.БОЛОРМАА

                                                                                                            

                                                                                   Б.ДЭНСМАА