Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 166

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж ын Т,  

Хариуцагч:  Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороо, 

Гуравдагч этгээд: Ц ийн Б-Э, 

Гуравдагч этгээд: П ийн М, 

Нэхэмжлэлийн шаардлага: “2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн 13 дугаар тойргийн 1972, 1973, 1974 дүгээр хэсэгт явагдсан сонгуулийн санал хураалтын нэгтгэлийн дүнг хүчингүй болгуулах, дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаар тогтоолын 13 дугаар тойрогт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Т , нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А , гуравдагч этгээд Ц.Б-Э , гуравдагч этгээд П.М ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...

1. Миний бие нь 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болох Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Бүгд Найрамдах Намаас нэр дэвшсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн 13 дугаар тойргийн иргэдтэй, айл бүрээр орж уулзан мөрийн хөтөлбөрөө танилцуулж байсан учир иргэд бидний амьдралд ойрхон мөрийн хөтөлбөрийг маш сайн дэмжиж байсан. 

2. Тус сонгуулийн үйл ажиллагаанд ажиглагч оруулах боломжийг хязгаарласан. Бид Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны ажилтан болох М.А т удаа дараа хүсэлт тавьсан боловч хуулийн хугацаа өнгөрсөн гэх нэрийдлээр ажиглагчийн үнэмлэх олгоогүй.

3. Тухайн үед миний бие нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн Сонгуулийн хороонд тус тус өргөдөл гаргасан боловч одоог хүртэл асуудлыг шийдвэрлэж өгөөгүй. 

Нэр дэвшигчийг үл тоомсорлон тохуурхаж “Та одоо яах гээд байгаа юм, нэгэнт тогтоол шийдвэр гарчихсан байхад танд ямар ач холбогдолтой юм бэ, танд ямар ашигтай юм бэ” гэх мэтээр авирлаж аашилж, нэр дэвшигчид сонгуулийн талаархи мэдээ мэдээллээр хангахаас татгалзаж, материал өгөхгүй чирэгдүүлж хүндрэл учруулж байсан. Санаатайгаар цаг хугацаагаар саатуулж, зүй бус харьцаж байсан. 

4. Ажиглагчгүйн улмаас сөрөг хүчний хараа хяналт байхгүй, хөндлөнгийн гэрч, оролцоо байхгүй зэрэг нь сонгуулийн нэгтгэлийн дүнд гажуудал орох шалтгаан болсон гэж үзэж байна. 

Энэ бүхэн сонгуулийн нэгтгэлийн дүнгийн хүснэгтээс илт тод харагдаж байгаа. Жич: Саналын нэгтгэлийн дүнг өмнө нь хавсаргасан байгаа. 

5. Хоёр талаас нэг нэг нэр дэвшигч ялалт байгуулсан байгаа нь магадгүй сонгогчдын саналын хувь хүрэхгүй дахин сонгууль, нэмэлт сонгууль явагдах байсныг санаатайгаар хувь тэнцүүлж сонгуулийг хүчин төгөлдөр мэт болгосон нь уг сонгууль хууль бус болсон гэх үндэслэлтэй байна. Учир нь Сонгуулийн Ерөнхий хорооноос авсан зурган файлын бичлэгтэй зөрж байна. 

6. Мөн сонгуулийн нэгтгэлийн дүнгийн хүснэгтийн дугаарлалт өөрөө бүхнийг илчилж өгч байна. Хүснэгтийн сүүлчийн гурван нэр дэвшигчийн дугаарлалт ижил байгаа нь сонгуулийн дүн солигдсон байх магадлал өндөр байна. 

Мөн хүснэгтийн дүнгийн тоо, хувь бүгд хоорондоо зөрчилдөж байна. Энэ бүгдээс үзэхэд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 13 дугаар тойргийн 1972, 1973, 1974 дүгээр хэсгүүдийн сонгуулийн үйл ажиллагаа нь сонгуулийн хуулийн заалтууд болон бусад хуулиудыг зөрчиж байгаа. Мөн Улсын Их Хурлын 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргасан 25 дугаар тогтоол буюу түүний хавсралтаар баталсан ёс зүйн дүрэм, журмыг зөрчиж байна. 

Иймд Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн дүнг гажуудуулахад хүргэсэн санал авах ажлыг зохион байгуулах журмыг зөрчсөн учраас дээрхи хэсгүүдийн саналын нэгтгэлийн дүнг хүчингүй болгуулах, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 16 дугаар тогтоолын 13 дугаар хороонд нэр дэвшигчидтэй холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Ж.Т ын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргэж байна. Үүнд:

1. Саналын дүнгийн нэгтгэлийг Сонгуулийн ерөнхий хорооны гаргасан тогтоолын хавсралтын хүснэгтийн дагуу гаргасан. Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн нийт сонгогчдын тоо, санал өгсөн сонгогчдын тоо буюу санал авах төхөөрөмжөөс гарсан биллийг үндэслэн нэр дэвшигчдэд өгсөн саналын тоог харьцуулан нэгтгэлийг гаргасан. 

Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн газар гаргана. Ж.Т д өгсөн санал, сонгогчдын тоо санал авах төхөөрөмжөөс буюу хүний оролцоогүйгээр автоматаар гардаг. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-д зааснаар төхөөрөмжөөр тоологддог. 

2. Нэр дэвшигчдийг сонгогдсонд тооцсон тогтоолыг хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэл байхгүй. 

3. Ж.Т нь ажиглагч оролцуулах хүсэлтээ Сонгуулийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1, 107.8, 107.9-д заасан хугацаанд ирүүлээгүй тул сонгуулийн хороо үнэмлэх олгоогүй болно. Ж.Т аас ажиглагч оруулах талаар санал огт ирүүлээгүй. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд П.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

Миний бие П ийн М нь Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 13 дугаар тойрогт дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд А намаас нэр дэвшин өрсөлдсөн. 

Иргэн Ж.Т ын танай шүүхэд гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 

Миний бие болоод бусад нэр дэвшигч нь Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу холбогдох нөхцөл шаардлагыг ханган дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд өрсөлдсөн. Ийнхүү өрсөлдөхдөө Сонгуулийн тухай хуулийн 107.8-д заасны дагуу санал авах өдрөөс гурваас доошгүй өдрийн өмнө хуульд заасан бичиг баримтыг бүрдүүлэн ажиглагч нарыг Сонгуулийн хэсгийн хороо, санал авах байрны албан тушаалтанд хүргүүлсэн. 

Нэр дэвшигч нарт ижил тэгш боломж олгож ажиглагч нараа томилох, бүртгүүлэх, сонгуулийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу, аливаа зөрчилгүй явагдаж байгаа эсэхийг ажиглан, хяналт тавих боломжийг олгосон. 

Дээрх Ж.Т гэх иргэний гомдолд дурьдсанаас үзвэл Сонгуулийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.9-д заасан ажиглагч оролцуулах тухай хүсэлтээ хуульд заасан хугацаанаас хожимдуулсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэж харагдахаар байна. Энэ тохиолдолд тухайн Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авч явуулсан болов уу гэж бодож байна. 

Сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа хуулийн ямар нэг зөрчилгүй явагдсан нь хөндлөнгийн ажиглагч нарын тэмдэглэл, бичлэгээр баталгаажсан бөгөөд иргэн Ж.Т ын эрх ашиг зөрчигдсөн эсэхийг миний хувьд мэдэхгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Б-Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Ж.Т ын зүгээс 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болсон орон нутгийн сонгуулийн дүнтэй холбоотой нэхэмжлэлийг гаргасан байх ба хариуцагчаар Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороог татсан байна.  Нэхэмжлэлийн шаардлагад тус сонгуулийн дүнгээр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болсон Ц.Б-Э , П.М нарын хууль ёсны эрх ашигт нөлөөлнө” хэмээн тайлбар гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг танилцуулсантай холбоотой тайлбар гаргах нь: 

Цэдэв овогтой Б-Э миний бие 2016 оны Орон нутгийн сонгуульд Сүхбаатар дүүргийн 13 дугаар тойрогт М А наас нэр дэвшин өрсөлдсөн ба хүчин төгөлдөр үйлчилж буй Сонгуулийн тухай хуулийн хүрээнд ухуулга сурталчилгаа хийсэн. Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны нэгтгэл дүнгээр 1294 сонгогчийн санал аван дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болсон. 

Тооллогын дүн автоматжуулсан машины биллийг Сонгуулийн хорооноос авч үзэхийг нэхэмжлэгч Ж.Т д зөвлөж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Ж.Т нь “2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн 13 дугаар тойргийн 1972, 1973, 1974 дүгээр хэсэгт явагдсан сонгуулийн санал хураалтын дүнгийн нэгтгэлийг хүчингүй болгуулах, дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаар тогтоолын сонгуулийн 13 дугаар тойрогт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болсон Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 13 дугаар тойргийн 1972, 1973, 1974 дүгээр хэсэгт явагдсан сонгуулийн санал хураалтын дүнгийн нэгтгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “сонгуулийн үйл ажиллагаанд ажиглагч оруулах боломжийг хязгаарласан, сонгогчдын саналын хувь хүрэхгүй, нэмэлт сонгууль явагдах байсныг санаатайгаар хувь тэнцүүлж, сонгуулийг хүчин төгөлдөр мэт болгосон тул уг сонгууль хууль бус болсон” гэж тайлбарласан байна. 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбар, баримт бичгийн үзлэгээр илэрсэн нөхцөл байдал зэргийг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Хуулиар тогтоосон хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль явагдаж, 13 дугаар тойргийн 1972, 1973, 1974 дүгээр хэсэгт Ч.Б /МАН/, Ц.Б-Э /МАН/, П.М /АН/, Д.Б /БНН/, Ж.Т /БНН/ нар өрсөлдөж, П.М 1793 хүний саналаар буюу 58,3 хувиар, Ц.Б-Э 1294 хүний саналаар буюу 42,1 хувийн саналаар Дүүргийн Иргэдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон байна. 

Дээрх сонгуулийн хэсгүүдэд Иргэний бүртгэл мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэлийн нэрсийн жагсаалтаар нийт 6078 сонгогчоос 3077 сонгуулийн байранд болон зөөврийн хайрцгаар саналаа өгч, сонгогчдын 50,8 хувь хамрагдсанаар сонгууль хүчин төгөлдөр болсон бөгөөд 4712 саналыг нэр дэвшигчдэд өгч, 13 саналын хуудас хүчингүй болсон байна. 

Сонгуулийн 13 дугаар тойргийн 1972 дугаар хэсэгт 1972, 2363, 1973 дугаар хэсэгт 1973, 2364, 1974 дүгээр хэсэгт 1974, 2365 дугаар бүхий санал тоолох төхөөрөмжүүдийг тус тус суурилуулсан ба төхөөрөмжөөс хэвлэсэн санал хураалтын дүн нь маргаан бүхий саналын дүнгийн нэгтгэлтэй таарч байгаа бөгөөд энэ нь Сонгуулийн Ерөнхий хорооны 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 36 тоот албан бичгээр ирүүлсэн саналын хуудасны зурган файл, Нийслэлийн архивын газарт хийсэн баримт бичгийн үзлэгийн 1973, 1974 дүгээр хэсгийн саналын хуудсыг сонголтоор тоолсон дүнгээр нотлогдож, Сонгуулийн тухай хуулийн 97 дүгээр зүйлийн 97.4-д заасан “Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна” гэсэн шаардлагыг хангасан гэж үзлээ. 

Нэхэмжлэгч зарим санал тоолох төхөөрөмжийн биллийг харахад 23 цагт сонгуулийн ажиллагааг хаасан нь эргэлзээ төрүүлж байгаа, мөн нэр дэвшигчдийн саналын хувь нь маргаантай гэж тайлбарлаж байгаа ч “санал тоолох төхөөрөмжийн цаг нь тохируулга алдагдсанаас болж цаг буруу гарах магадлалтай, өөрөөр хэлбэл сонгууль бэлэн болсон цаг 07 цаг байвал хаалтын цаг нь 22 цаг байдаг, харин зарим төхөөрөмжийн сонгууль эхлэхэд бэлэн болсон цаг 08 цаг байхад хаалтын цаг нь 23 цаг байгаа нь тухайн төхөөрөмжийн цагийг тохируулаагүйтэй холбоотой, гэхдээ сонгууль хуульд заасан цагтаа эхлээд дуусах цагт дууссан нь эргэлзээгүй, орон даяар бүх сонгуулийн санал тоолох төхөөрөмжөөс дүнг татаж авдаг” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн мэргэжилтний тайлбар, хэсгийн хороодын сонгуулийн үйл ажиллагааг нээсэн хаасан тухай хуралдааны тэмдэглэл, тайлан зэргээр нотлогдож байна. 

Мөн дэр дэвшигчдийн саналын эзлэх хувийн тухайд: тухайн тойрог нь 2 мандаттай тойрог бөгөөд нэр дэвшигчдийн авсан саналыг сонгогчдын тоонд харьцуулах журмаар эзлэх хувийг тооцсон байна. Жишээ нь: 3077 сонгогч нийт 4712 саналыг нэр дэвшигчдэд хуваан өгсөн бөгөөд П.М 1793х100%:3077=58.27%, Ц.Б-Э 1294х100%:3077=42.05%, Ж.Т 222х100%:3077=7.2% гэх мэтчилэн тооцоолж гаргажээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн “нэр дэвшигчдийн авсан саналын эзлэх хувийг нэмээд үзэхэд 100%-иас хэтэрч байгаа нь илэрхий алдаатай бодсон” гэх тайлбар нь 2 мандаттай сонгуулийн тойрог дээр үндэслэлгүй юм. 

Түүнчлэн нэхэмжлэгч “дүнгийн нэгтгэлийн хүснэгтний баганы дугаарлалт алдаатай учир нэр дэвшигчдийн авсан санал зөрсөн байх магадлалтай, бас хэсэг тус бүрийн санал хураалтын дүнгийн хуудас нь маргаан бүхий дүнгийн нэгтгэлийн хуудасны тоонууд нь хоорондоо зөрч байгаа” гэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч баганы дугаарлалтыг хуулбарлаж тавихдаа засалгүй хэвлэсэн техникийн алдаа гаргасан буруугаа хүлээж байна, харин хэсэг тус бүрийн дүнг нэгтгэхдээ ялимгүй тооны зөрүү гаргасан байхыг үгүйсгэхгүй, гэхдээ бүх нэр дэвшигчдийн саналын тоо бол төхөөрөмжөөс автоматаар гарчихдаг, эзлэх хувийг тусгай эксел программ дээр тооцоолж гаргадаг учир сонгуулийн хэсгийн ажилтнууд санаатайгаар будилуулсан зүйл байхгүй” гэж тайлбарласныг дурьдаж байна. 

Нэхэмжлэгч Ж.Т өөрийн нэр дэвшсэн намаас ажиглагч оролцуулах боломжоор Сонгуулийн хороо хангаагүй гэх боловч Сонгуулийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.8-д заасан хугацаанд ажиглагч оруулах хүсэлтээ, холбогдох баримтын хамт хүргүүлээгүй болох нь өөрийнх нь тайлбар, хэсгийн хороодын ажиглагч нарыг бүртгэсэн бүртгэл, Нийслэлийн архивын газарт хүлээлгэн өгсөн архивын баримтуудад түүний хүсэлт авагдаагүй зэргээр нотлогдож байгаа бөгөөд хариуцагч байгууллагыг үүнд буруутгах боломжгүй байна. 

Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д зааснаар Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр хамгийн олон санал авсан П.М /АН/, Ц.Б-Э /МАН/ нарын нэр дэвшигчдийг сонгогдсонд тооцон, тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороо 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаар тогтоолоор баталсан нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 13 дугаар тойргийн 1972, 1973, 1974 дүгээр хэсгийн сонгууль явуулах үйл ажиллагаа хууль, журамд заасны дагуу явагдаж, нэр дэвшигчдийн эрх тэгш байдлыг хангасан, нэхэмжлэгч Ж.Т ын сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн асуудал илрээгүй учир Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7, 97 дүгээр зүйлийн 97.4, 107 дугаар зүйлийн 107.8, 161 дүгээр зүйлийн 161.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ж.Т ын “2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн 13 дугаар тойргийн 1972, 1973, 1974 дүгээр хэсэгт явагдсан сонгуулийн санал хураалтын нэгтгэлийн дүнг хүчингүй болгуулах, дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаар тогтоолын 13 дугаар тойрогт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7, 97 дүгээр зүйлийн 97.4, 107 дугаар зүйлийн 107.8, 161 дүгээр зүйлийн 161.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Т ын “2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн 13 дугаар тойргийн 1972, 1973, 1974 дүгээр хэсэгт явагдсан сонгуулийн санал хураалтын дүнгийн нэгтгэлийг хүчингүй болгуулах, дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаар тогтоолын 13 дугаар тойрогт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Т нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ОЮУМАА