Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2019/0336

 

Р.В.А-ы нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, Ч.Ө нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0256 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Р.В.А-ы нэхэмжлэлтэй, Гадаадын иргэн, харьяатын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0256 дугаар шийдвэрээр: “Гадаадын иргэн эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.11-д заасныг баримтлан Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/60 дугаар тушаалын Р.В.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Р.В.А-ы хувьд Оросын Холбооны Улсад төрөөгүй, оршин сууж байгаагүй, аль нэг улсаас виз авч Монгол Улсын хилээр орж ирээгүй. Монгол Улсад нэвтрэн орж ирэхдээ хамгийн сүүлд дамжин орж ирсэн улсад нь шилжүүлэн өгөх боломжгүй. Учир нь 19 дугаар зууны сүүлээр Хиагтаар хилийн зурвас татах үед Монголын талд суурьшсан түүний авга болон нагацын талын бүхий л төрөл төрөгсөд хамаатан садан Монгол Улсад амьдардаг.

   Р.В.А нь биеийн эрүүл мэндийн хувьд зүүн шилбэ ясны архаг идээт үрэвсэл өвчний оноштой учир эмнэлгийн байнгын хяналтад байдаг.

  1966 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейн баталсан “Иргэний ба Улс төрийн эрхийн Олон улсын Пакт"-д Монгол Улсын Их хурлаас 1976 оны 03 дугаар сарын 23-ны өдөр соёрхон баталснаар олон талт гэрээнд нэгдэн орсон. Энэхүү пактын 14 дүгээр зүйлийн 7 дахь заалт “үйлдсэн гэмт хэрэгтээ тухайн улсын хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн буюу цагаатгагдсан хэнийг ч тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэх ёсгүй" гэснийг зөрчиж байна.

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Хүний эрхийн Үндэсний комиссоор дүгнэлт гаргуулаагүй нь энэ хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэхэд хүргэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд бичгээр гаргасан гомдлын шаардлагаа “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэж тодорхойлсон боловч шүүх хуралдаан дээр “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэж өөрчилсөн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Р.В.оос “Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/60 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Р.В.А нь Монгол Улсад төрсөн. 3 үеэрээ Монгол Улсад амьдарч байгаа. ...эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авах эрхээр хангаагүй шийдвэрлэснээс түүний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Гадаадын иргэн, харьяатын газрын даргын тушаал нь Иргэний ба Улс төрийн эрхийн Олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 14.7-д “Үйлдсэн гэмт хэрэгтээ тухайн улсын хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн буюу цагаатгагдсан хэнийг ч тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэх ёсгүй” гэж заасныг зөрчсөн” хэмээн тайлбарлан маргажээ.

Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/60 дугаар тушаалаар Засгийн газрын 2010 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.11.2 дахь заалт, гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг тус тус үндэслэн Монгол Улсын шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан Оросын Холбооны Улсын иргэн Р.В.А-ыг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дотор Монгол Улсаас албадан гаргахаар шийдвэрлэсэн байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлд “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах”, 37.1-д “Гадаадын иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал дараахь үндэслэлээр Монгол Улсаас албадан гаргана”, 37.1.11-д “шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн...бол”, Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журмын 3 дугаар зүйлийн 3.11-д “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулсан болон хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт шүүхээр ял шийтгэгдсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн... тохиолдолд дор дурдсан хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй”, 3.11.2-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид 2-оос дээш жил 8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон гэмт хэрэгт 3 жил” гэж зохицуулснаас үзэхэд шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан бол Монгол Улсаас албадан гаргахаар хуульчилжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, шүүхээр 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч[1] суллагдсанаар Монгол Улсаас албадан гаргах хуульд заасан нөхцөл үүссэн болох нь тогтоогдож байна.

Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч Р.В.А-ыг эрүүгийн хэрэгт ял шийтгэхдээ түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байж болзошгүй гэдэг үндэслэлээр гадаадын иргэний асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг буруутгах үндэслэлгүй” талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, маргаан бүхий үйл баримтад хэрэглэгдэх холбогдох хууль тогтоомжийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Гадаадын иргэн, харьяатын газрын даргын “Монгол Улсаас албадан гаргах тухай” тушаал нь Иргэний болон Улс төрийн эрхийн тухай Олон улсын Пактын 14 дүгээр зүйлийн 7-д “Үйлдсэн гэмт хэрэгтээ тухайн улсын хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн буюу цагаатгагдсан хэнийг ч тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэх ёсгүй” гэснийг зөрчсөн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд Пактын тухайн зохицуулалт нь эрүүгийн гэмт хэрэгт нь холбогдох хуулийн дагуу нэгэнт шийтгэл оногдуулсан бол уг гэмт хэрэгт нь холбогдуулан дахин шүүж, шийтгэж болохгүй тухай ойлголт юм.

Харин Гадаадын иргэн, харьяатын газрын даргын “Монгол Улсаас албадан гаргах тухай” А/60 дугаар тушаалаар нэхэмжлэгч Р.В.А-ыг үйлдсэн гэмт хэрэгтээ тухайн улсын хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн байхад тухайн гэмт хэргээр нь дахин шүүж, шийтгэл оногдуулах тухай ойлголт биш бөгөөд нэхэмжлэгч нь уг гэмт хэрэгтээ Монгол Улсын хуулийн дагуу шийтгүүлсэн нь Монгол Улсаас албадан гаргах урьтач нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0256 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

                                ШҮҮГЧ                                                                     Н.ХОНИНХҮҮ

                               ШҮҮГЧ                                                                    Д.БААТАРХҮҮ

 

 


[1] Хавтаст хэргийн 37 дугаар тал