Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2021/0141

 

“С ...” ХХН-ийн

нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Нийгмийн

даатгалын хэлтэст холбогдох

захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Д.Мөнхтуяа

Танхимын тэргүүн:   Ч.Тунгалаг

Шүүгчид:                   Х.Батсүрэн

  П.Соёл-Эрдэнэ        

Илтгэгч шүүгч:          Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 440 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 475 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, Э.Э нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 254 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч “С ...” ХХН-өөс хариуцагч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “С ...” ХХН-д ажиллаж байгаа 38 ажиллагсад даатгуулагчийг Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн чөлөөлөлт, хөнгөлөлтөд хамруулахаас татгалзсан Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, 38 ажиллагсад даатгуулагчдыг 2020 оны 8, 9 дүгээр сарын даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан даатгуулагчийн төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд нөхөн хамруулах, мөн 2020 оны 10, 11, 12 дугаар саруудад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5 хувиар төлж, 2021 оны 1-6 дугаар саруудад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 8,5 хувиар тус тус төлж, 2020 оны 10, 11, 12 дугаар сар, 2021 оны 1-6 сард тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд үргэлжлүүлэн хамруулахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2. Хэргийн нөхцөл байдал: Өмгөөллийн “И ...” ХХН-д ажиллаж байсан ажиллагсад нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд болох “С ...” ХХН-д 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс шилжин ажиллаж эхэлсэн. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1/887 дугаар албан бичгээр “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс хойш бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага ... тул тус байгууллагын ажилчид үргэлжлүүлэн чөлөөлөлт эдлэх боломжгүй болохыг” мэдэгджээ.

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 440 дүгээр шийдвэрээр “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, сайн дураар даатгуулсан даатгуулагч энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэж зааснаар “С ...” ХХН нь уг хуулийн үйлчлэлд хамаарах боломжгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 475 дугаар магадлалаар “уг хуулийн хязгаарлалт дээрх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн “хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага”, “сайн дураар даатгуулсан даатгуулагч”-д хамаарахаар байх бөгөөд харин шинээр байгуулагдсан буюу 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн хуулийн этгээдийн ажиллагсдад мөн адил хамаарна гэж үзэх үндэслэлгүй бөгөөд ингэж тайлбарлах нь уг хуулийн зорилго болон холбогдох зохицуулалтад нийцэхгүй”, “нэхэмжлэгч “С ...” нөхөрлөлийн ажиллагсад тус бүрийн нөхцөл байдлыг бүрэн тодруулж, нийгмийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах нь зүйтэй” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас магадлалыг эс зөвшөөрч 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 254 дүгээр тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ. Үүнд:

6.1. ““С ...” ХХН нь 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдөр шинээр үүсгэн байгуулагдсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага мөн бөгөөд үүнтэйгээ нэхэмжлэгч тал маргаагүй тул Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн үйлчлэлд багтаж нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөхгүй аж ахуйн нэгж байгууллага гэдгээ өөрсдөө батлаад байхад хуулийг буруу тайлбарлаж байгаа нь уг магадлал хууль бус гэдгийг нотолж байна. Тухайлбал:

- Магадлалын хянавал гэсэн хэсэгт “хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “С ...” ХХНөхөрлөл нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр үүсгэн байгуулагдаж, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн үйл баримт тогтоогдох бөгөөд үүнтэй талууд маргаагүй” гэж “С ...” ХХН нь шинээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага мөн гэдгийг нотолсон байна.

6.2. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг олгох тухай хуулийн 5 дугаар зүйлд “2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, сайн дураар даатгуулсан даатгуулагч энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй” гэж заажээ.

- Аж ахуйн нэгж, байгууллага нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлэн гэдэг нь сар бүр тухайн байгууллага нь энэ сард ийм ийм хүмүүст төдөн төгрөгийн цалин олгоод энэ цалингаас ийм шимтгэл тооцсон гэдгийг тооцоолж гаргаж ирүүлдэг тайланг ирүүлж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж, байгууллага нь энэ асуудлыг хариуцдаг болохоос биш энд ажиллаж байгаа хүмүүст энэ тооцоолол тайлан хамаарахгүй юм. Гэтэл уг магадлалыг гаргахдаа аж ахуйн нэгж, байгууллага шинээр шимтгэл төлөгч болно гэдэг нь ажилтнууддаа хамаагүй ажилтнууд нь чөлөөлөгдөөд аж ахуйн нэгж нь чөлөөлөгдөхгүй гэж шийдвэр гаргаж байгаа нь аж ахуйн нэгж, байгууллага чөлөөлөгдөхгүй ажилтан нь чөлөөлөгдөнө гэсэн нь ойлгомжгүй хууль бус шийдвэр болж байна.

6.3. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг олгох тухай хуулийг Монгол Улс даяар хэрэгжүүлэхдээ хэрвээ 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн компанид шинээр 100, 200, 1000 ажилтан авч ажиллуулсан ч нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд хамруулж байгаа. Харин энэ хуулийн 5 дугаар зүйлд зааснаар 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс хойш шинээр нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд хамруулахгүй гэж нэг мөр ойлгон хэрэгжүүлж, 1 ажилтантай байсан ч чөлөөлөлт эдлүүлэхгүйгээр уг хуулийг хэрэгжүүлж дууссан байна.

6.4 Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 475 тоот магадлалыг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

7. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг үгүйсгэж, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан талаар тайлбар гаргажээ.

ХЯНАВАЛ:

8. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээв.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

9. Нэхэмжлэгчээс “... өмгөөллийн “И ...” ХХН-д ажиллах хугацаандаа 2020 оны 4, 5, 6, 7 дугаар саруудад даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс тус нөхөрлөлд ажиллаж эхлээд байгаа ... 38 даатгуулагчийг 2020 оны 8, 9 дүгээр сард даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан даатгуулагчийн төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлээс үргэлжлүүлэн чөлөөлж өгнө үү” гэх хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гаргажээ.

10. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1/887 дугаар албан бичгээр “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс хойш бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага ... тул тус байгууллагын ажилчид үргэлжлүүлэн чөлөөлөлт эдлэх боломжгүй болохыг” нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.

11. Нэхэмжлэгч “С ...” ХХН нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр үүсгэн байгуулагдаж, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргаж, бүртгүүлсэн. Өмгөөллийн “И ...” ХХН-д ажиллаж байсан нэр бүхий ажиллагсад 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс нэхэмжлэгч “С ...” ХХН-д ажиллаж эхэлжээ. Эдгээр ажиллагсад “И ...” ХХН-д ажиллаж байхдаа Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөж байжээ.

Энэ хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэх, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:

12. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах аж ахуйн нэгжээс уг хуулийн үйлчлэлд хамаарахгүй аж ахуйн нэгж, байгууллагад шилжин ажиллаж байгаа ажилтан даатгуулагчид уг хууль үйлчлэх эсэх, ажил олгогч болон даатгуулагчийг тус тусад нь субъектээр авч үзэх эсэх тухай байна.

13. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлсэн дараах хуулийн этгээдэд ажиллаж байгаа даатгуулагчаас бусад даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан ажил олгогч болон даатгуулагч /Монгол Улсын иргэн/-ийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцно” гэж заажээ.

14. Хуулийн дээрх зорилгод даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан I) ажил олгогч болон II) даатгуулагчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөхөөр нөхцөл заасан байна.

15. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд уг хуулийн үйлчлэлд хамаарахгүй этгээдийг “2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн хувийн хэвшлийн I) аж ахуйн нэгж, байгууллага, II) сайн дураар даатгуулсан даатгуулагч” байхаар заажээ.

16. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагчийн хувьд ялгаж хуульчилсан бөгөөд энэхүү нийгмийн даатгалын шимтгэлээс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага буюу ажил олгогч чөлөөлөгдөхгүй.

17. Харин уг хязгаарлалтад орсон аж ахуйн нэгж байгууллага буюу ажил олгогчид ажиллаж байгаа эсэхээс үл хамаарч даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл чөлөөлөгдөхөөр байна. Хуулийн үйлчлэлд хамаарахгүй этгээдийг тодорхойлохдоо “даатгуулагчийг” заагаагүй байна.

18. Үүнээс үзвэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь ажил олгогчийн хувьд үүсгэн байгуулагдсанаас хойших хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Харин тус хуулийн этгээдэд ажиллагсад нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д заасан хувь хэмжээгээр бус Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 1, 21, 22 дугаар зүйлүүдэд заасан ажилласан хугацаанд хамаарах нийгмийн даатгал шимтгэл төлөхөөс тодорхой хувиар чөлөөлөгдөхөөр байна.

19. Энэ талаар давж заалдах шатны шүүх “... уг хуулийн хязгаарлалт ... хуулийн этгээдийн ажиллагсдад мөн адил хамаарна гэж үзэх үндэслэлгүй бөгөөд ингэж тайлбарлах нь уг хуулийн зорилго болон холбогдох зохицуулалтад нийцэхгүй, ... нөхөрлөлийн ажиллагсад тус бүрийн нөхцөл байдлыг бүрэн тодруулж, нийгмийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах нь зүйтэй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

20. Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 475 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                                Х.БАТСҮРЭН

                                                                                 П.СОЁЛ-ЭРДЭНЭ

      Ц.ЦОГТ