Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 1387

 

ХХХХ нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/03458 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ХХХХын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ХХХХХ"-т холбогдох,

Ажлаас чөлөөлсөн тушаал хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХХ, ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ХХХХ нь 2010 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Автозамын газрын даргын 03 тоот тушаалаар Увс аймгийн Улаангом сумын Авто замын газрын төлбөр хураагчийн ахлагчаар ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил дутагдал гаргаж байгаагүй. 2015 оны 10 дугаар сард “ХХХХ"-ын захирлаар ХХХХ томилогдож 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар тушаалаар, нэхэмжлэгчийг ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль үндэслэлгүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, энэ талаар ямар нэгэн дүгнэлт гараагүй, гомдол санал ирж байгаагүй ба үүнийг Аймгийн Засаг даргын тодорхойлолт, цагдаагийн тодорхойлолт нотолно гэж үзэж байна. Ажлаас чөлөөлсөн тушаалын 2 дахь заалтад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д заасныг үндэслэсэн байдаг боловч уг заалт нь хөдөлмөрийн харилцааг зогсооход хамааралгүй заалт юм. Мөн “ХХХХ"-ын дүрмийн 6.8.7, 6.8.8-д заасныг баримталсан байдаг бөгөөд 6.8.7-д “... тушаал гаргаж холбогдох дүрэм, журам, зааврыг баталж, биелэлтийг хангуулна” гэж, 6.8.8-д “Төрийн өмчийн хорооноос баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарт багтаан удирдах болон гүйцэтгэх ажлын байрны орон тоог батлах, ажилд томилох, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, хууль тогтоомжийн хүрээнд ажлаас чөлөөлөх” гэж заасан байдаг. Төлбөр хураах цэгийн мөрдөх журмын 3 дугаар зүйлийн 3.2, 312, 3.14 дэх хэсгүүдэд төлбөр хураагчийг томилж чөлөөлөхдөө цэгийн ахлагчтай зөвшилцөж болно гэж заасан байдаг. Иймд “ХХХХ"-ын захирлын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин буюу 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх 3 cap, 7 хоногийн цалин 2 177 906 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү. Өдрийн дундаж цалинг 29 834 төгрөгөөр тооцсон гэжээ.

Хариуцагч “ХХХХХХ", түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Увс аймгийн Улаангом сумын төлбөр хураагчийн цэгийн ахлагчаар ажиллаж байхдаа цагаан cap болон улсын баяр наадмын үеэр ажилтнуудаа 1-3 хоног амрааж, төлбөр хураах цэгээ ажиллуулдаггүй байснаар сүүлийн 3 жилийн дунджаар улсад 420 000 төгрөгийн хохирол учруулсан байна. Ажилтнуудаа ажил таслуулан, ажилласан мэтээр бичиж, цалин авдаг байсан бөгөөд энэ талаар 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хамт олны хурлын тэмдэглэлд ажилтнууд гарын үсэг зурснаар нэхэмжлэгч ажлаа хийхгүй амардаг байсан нь нотлогддог. Мөн төлбөр хураагч ХХХХ 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ажиллаагүй байхад энэ хугацаанд ажилласан мэтээр бичиж байгууллагад 230 520 төгрөгийн хохирлыг учруулсан бөгөөд энэ талаар хамт олны хурлын тэмдэглэлд дурдсан байдаг. Тухайн хурлын тэмдэглэлд ХХХ, ХХХХ нар ажилдаа ирэхгүй байгаа нь бидэнд хүндрэлтэй байна гэдэг ажилтнуудын тайлбар байдаг. Тус цэгийн ажилтнууд ажлын байранд архидан согтуурдаг, ажилд өөр хүнийг ажиллуулдаг гэдэг нь тогтоогдсон. Тайлан мэдээ ирүүлээгүй тухайд бүх төлбөр хураах цэгийн ахлагч нарт хамаатай зүйл яригдах ёстой. Увс аймгаас ийм бичиг ирсэн гэдгийг хэлэхэд “хэн тэгж байна, бүх нийтийн амралтаар амардаг юм байх гэж бодсон” гэдгээ өөрөө хэлсэн байсан. ХХХХтай холбоотой асуудал нь ХХХХтай холбогдож байгаа. 111 000 төгрөгийн өртэй байж байгаад ажил хүлээлцэх үедээ төлбөрөө төлсөн байдаг. ХХХХын цалинг ХХХХ өөрөө авдаг байсан. Тухайн үед нь хурал хийгээд баримтжуулах ёстой байж. Сэлэнгэ, Увсын төлбөр хураагч нар жилд 1-2 удаа Улаанбаатарт ирдэг. Тайлангаа факсаар ирүүлдэг байсан юм. Иймд иргэн ХХХХыг ажлаас чөлөөлөх шийдвэр хуульд нийцсэн гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримтлан "ХХХХХХ"-т холбогдох нэхэмжлэгч ХХХХын ажлаас чөлөөлсөн тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тушаалд дурдсанаар Улаангом Төлбөр хураах цэгийн үйл ажиллагаа хангалтгүй, төлбөр хураагч нар нь ажлын байрандаа согтуу байдаг, ажилдаа хариуцлагагүй хандаж хөдөлмөрийн сахилга бат байнга зөрчдөг тул арга хэмжээ авч өгөхийг шаардсан албан бичиг манайд ирүүлсэн талаар ахлагч ХХХХт мэдэгдэээгүй бөгөөд хариуцсан ажилдаа дүгнэлт хийж ажиллах талаар удаа дараа үүрэг даалгавар өгсөн баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх үүнийг авч хэлэлцээгүй. Нөгөө талаар нэхэмжлэгчийн бусад байгууллагаас ирсэн өргөдлийн дагуу ажил олгогчид өгөхөөр бэлтгэсэн тайлбар, тодорхойлолт гэж шүүх үзсэн. Гэтэл эдгээр баримтыг нэхэмжлэгч өөрт нь ямар ч мэдэгдэл ирэхгүй, үүрэг даалгавар өгч байгаа талаар мэдэгдээгүй учраас өөрөө утсаар ярьж, асууж сураглаж байгаад Увс аймгийн авто тээврийн төвийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 203 тоот Зам, тээврийн яаманд гаргасан хүсэлт, “ХХХХХ” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 тоот “ХХХХХ"-т гаргасан албан бичгийг хүнээс гуйж, утсаар зургийг нь авч хариу тайлбар болгож дээрх баримтуудыг нэг өдрийн дотор бэлдээд “ХХХХ" руу аймгийнхаа холбооны факсаар албан ёсоор явуулсан. Гэтэл факс явуулсны маргааш нь ажлаас халсан тушаал гарсан гэж утсаар мэдэгдсэн. Энэ талаар шүүх хуралдаанд тайлбарласаар байтал өгөхөөр бэлдсэн баримтууд гэж шүүх үзсэн нь нэг талд үйлчилж шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Увс аймгийн авто тээврийн төвийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 203 тоот албан бичиг нь “ХХХХХ"-т хандаагүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан “ХХХХХ” ХХК-ийн албан бичгээр тухайн өдөр 13-15 цагийн хооронд хэн гэгч этгээд, ямар шийдвэр, удирдамжийн дагуу шалгалт хийж байгаа нь тогтоогдоогүй бөгөөд хавсаргасан зураг, бичлэгийг нотлох баримтаар үнэлээгүй байж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон тайлбарласан нь шүүх өөрөө хууль зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, нотлох баримт бүрдүүлэх хуулиар тогтоосон журмыг баримтлаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч “ХХХХХ"-т холбогдуулан ажлаас чөлөөлсөн тушаал хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, баталгаажуулахыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэдэг, ажиллах хугацаандаа сүүлийн 3 жилийн дунджаар улсад 420 000 төгрөгийн хохирол, байгууллагад 230 520 төгрөгийн хохирол учруулсан тул түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэр хуульд нийцсэн гэж маргажээ.

Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгч ХХХХыг ажлаас халсан тушаал үндэслэлтэй буюу нэхэмжлэгчийг байгууллагын дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл гаргасныг нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн “Улаангом төлбөр хураах цэг ажилчдыг хурлын протокол” /хх.26/ гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, боломжгүй тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх тухай шаардлагыг хангаагүй, хэргийн 27 дахь талд авагдсан Увс аймгийн Автотээврийн төвийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 203 дугаар албан бичиг нь нотариатаар гэрчлүүлсэн байх боловч хуулбар нь уншигдахгүй байх тул эдгээр баримтыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэх боломжгүй юм.

2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийг “төлбөр авахгүйгээр автомашиныг нэвтрүүлдэг” гэж тайлбарлаж, үүнтэй холбоотойгоор “... камерын бичлэг байгаа учир бичгээр баримт гаргаагүй ...” гэж тайлбарлажээ. /хх.119/ Хэрэгт “СD” хавсарган ирүүлсэн байх боловч уг нотолгооны хэрэгслийг шүүх хуульд зааснаар бэхжүүлэх ажиллагаа хийгээгүй байгаа нь зохигчдын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д заасан нотлох баримт бүрдүүлэх эрх хангагдсан гэж үзэх боломжгүй юм.

Талууд өөрийн нэхэмжлэл, татгалзлын үндэслэлээ нотлохоор гаргаж буй баримтууд хуулиар тогтоосон шаардлага хангахгүй байгаа тохиолдолд эдгээр баримт нь нотолгооны ач холбогдлоо алдах тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаас хасах эсэх асуудлыг шийдвэрлэснээр талууд нотлох баримтыг шаардлага хангасан хэлбэрээр дахин гаргах, боломжгүй тохиолдолд шүүхийн журмаар нотлох баримтыг бүрдүүлэх, бэхжүүлэх талаар хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/03458 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ХХХХ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         А.МӨНХЗУЛ

                                                                         ШҮҮГЧ                        Д.БАЙГАЛМАА

                                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ