Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 03

 

 

 

Б.Хэнмэдэх, Б.Амарзаяа нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

    Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

            Прокурор    Б.Мөнгөншагай

            Ялтан Б.Хэнмэдэх, Б.Амарзаяа

            Ялтан Б.Амарзаяагийн өмгөөлөгч П.Адьяасүрэн

            Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан,

         Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Амарзаяагийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Хэнмэдэх, Б.Амарзаяа нарт холбогдох эрүүгийн 201615000272 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1985 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн хэлтэст Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 20-08 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бам овогт Бадрахын Хэнмэдэх /регистрийн дугаар ЙК85041511/,

           Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн 3 дугаар байр, 01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, Бор овогт Баатарын Амарзаяа /регистрийн дугаар ЙЮ87111674/

        Б.Хэнмэдэх нь согтуурсан үедээ Б.Амарзаяатай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 30-31-нд шилжих шөнийн 01 цаг 45 минутаас 01 цаг 50 минутын хоорондох хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хууль зүйн төв”-ийн хойд талын засмал замын явган хүний гарц дээр, иргэн О.Ууганбаярыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэж, “сумын заан Хэнмэдэх байна, намайг мэдэх үү, гарцаар яаж гардагийг мэдрүүлээд өгье, сумын зааны гарыг тавиулдаг ямар овоо гар вэ” гэх үгсийг хэлж, хохирогч О.Ууганбаярыг заамдан барьж, засмал зам руу чирч нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан,

             Б.Амарзаяа нь ялтай байхдаа, согтууран Б.Хэнмэдэхтэй бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 30-31-нд шилжих шөнийн 01 цаг 45 минутаас 01 цаг 50 минутын хоорондох хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хууль зүйн төв”-ийн хойд талын засмал замын явган хүний гарц дээр бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн О.Ууганбаярыг ямар ч шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь гараар 1 удаа цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

          Өвөрхангай аймгийн прокурорын газраас Б.Хэнмэдэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, Б.Амарзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

        Анхан шатны шүүх, Бадрахын Хэнмэдэхийг бүлэглэж, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Баатарын Амарзаяаг бүлэглэж, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Б.Хэнмэдэхийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар, Б.Амарзаяаг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Хэнмэдэхэд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг, Б.Амарзаяад оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Б.Хэнмэдэх, Б.Амарзаяа нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Ууганбаярт 400000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий ногоон өнгийн DVD-ийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт Б.Амарзаяагийн эзэмшлийн 800000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны адууг, Б.Хэнмэдэхийн эзэмшлийн 600000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг мөнгөн аягыг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Б.Хэнмэдэхэд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Б.Хэнмэдэхэд хяналт тавих үүргийг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалган, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Амарзаяад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих журмыг дурдан, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Хэнмэдэхэд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Амарзаяад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

          Ялтны өмгөөлөгч П.Адъяасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д Шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, 80.1.3-д заасан заалтыг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

           Шүүх зөвхөн хохирогчийн санал гомдолд тулгуурлаж нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх үндсэн хуулийн зарчмыг ноцтой зөрчиж байна. Б.Амарзаяа нь Б.Хэнмэдэхтэй нэг машинд хамт явсан болохоос биш хамтарч танхайрсан гэж ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийг буруу хэрэглэж байна. Хавтаст хэрэгт мөрдөн байцаалтаар тогтоогдсон нотлох баримтаас үзвэл, шүүгдэгч Б.Хэнмэдэх нь согтуурсан үедээ иргэн О.Ууганбаярыг илт үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэж “Сумын заан Хэнмэдэх байна, намайг мэдэх үү, гарцаар яаж гардагийг мэдрүүлээд өгье, сумын зааны гарыг тавиулдаг ямар овоо гар вэ?” гэх үгсийг хэлж хохирогч О.Ууганбаярыг заамдан барьж засмал замруу чирж нийгмийн хэв журмын ноцтой зөрчиж танхайрсан байна. Энэ үйл явдал болох үед шүүгдэгч Б.Амарзаяа нь, шүүгдэгч Б.Хэнмэдэхийг дэмжсэн, өдөөсөн ямар нэгэн үйлдэл хийсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй байхад хамтарч танхайрсан гэж дүгнэлт хийсэн нь буруу байна.

          Б.Амарзаяа нь Б.Хэнмэдэх, О.Ууганбаяр хоёрыг, “маргалдаж барилцаж авах” үед нь салгах гэж машинаас буухад, “О.Ууганбаяр, чи юу вэ?, чи хэн бэ?” гэж хэрүүл үүсгэж түүнийг куртикийг нь урснаас болж тэрээр нүүр рүү нь цохисон байна. Шүүгдэгч Б.Амарзаяа, Б.Хэнмэдэх нарын үйлдэл сэдэлтээр нэгдмэл санаа зорилгогүй тус тусдаа болж өнгөрсөнийг хохирогчтой хамт явсан гэрч Б.Пүрэвсүрэнгийн мэдүүлгээр нотлогдож байна.

           Б.Амарзаяагийн үйлдэл нь сэдэлт, санаа зорилго талаас нь үнэлж үзвэл танхайрах гэмт хэргийн субъектив талын бүрэлдэхүүн байхгүй, харин түүний үйлдэл нь хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн шинжийг илүү агуулж байх тул Б.Амарзаяагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар  зүйлчилж ял шийтгэл оногдуулах хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна.

             Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

           Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Б.Амарзаяа,  Б.Хэнмэдэх  нарт  холбогдох хэргийг зөв зүйлчилсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, ялтан Б.Амарзаяагийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай гэв.

ХЯНАВАЛ:

          Өвөрхангай аймгийн прокурорын газраас Б.Хэнмэдэхийг 2016 оны 8 дугаар сарын 30-31-нд шилжих шөнийн 01 цаг 45 минутаас 01 цаг 50 минутын хооронд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Амарзаяатай бүлэглэн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хууль зүйн төв”-ийн хойд талын засмал замын явган хүний гарц дээр, иргэн О.Ууганбаярыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэж, “сумын заан Хэнмэдэх байна, намайг мэдэх үү, гарцаар яаж гардагийг мэдрүүлээд өгье, сумын зааны гарыг тавиулдаг ямар овоо гар вэ” гэх үгсийг хэлж, хохирогч О.Ууганбаярыг заамдан барьж, засмал зам руу чирч нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар,

          Б.Амарзаяад ялтай байхдаа, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 8 дугаар сарын 30-31-нд шилжих шөнийн 01 цаг 45 минутаас 01 цаг 50 минутын хоорондох хугацаанд Б.Хэнмэдэхтэй бүлэглэн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хууль зүйн төв”-ийн хойд талын засмал замын явган хүний гарцан дээр бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн О.Ууганбаярыг ямар ч шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь гараар 1 удаа цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэж үзэн Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

          Анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 376 тоот /хх-ийн 139-р тал/ “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” шүүгчийн захирамжаар яллагдагч Б.Хэнмэдэхийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн шүүхэд шилжүүлсэн нь буруу байна.

        Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нь яллагдагчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулан түүнд прокуророос яллах дүгнэлт үйлдээгүй хэргийг үйлдсэн мэтээр дүгнэн шүүхэд шилжүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн зөрчил гэж үзнэ.

           Иймд Б.Хэнмэдэх, Б.Амарзаяа нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

       Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар Б.Амарзаяагийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

      Б.Амарзаяагийн хувийн болон ар гэрийн байдал, үйлдсэн гэмт хэргийн ангилал зэргийг харгалзан үзэн түүнд анхан шатны шүүхээс хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийдвэрлэсэн болохыг дурдав.

        Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 322 дугаар зүйлийн 322.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016  оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Хэнмэдэх, Б.Амарзаяа нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

          2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.Хэнмэдэхэд хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар Б.Амарзаяад хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батланд даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.

          3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-д зааснаар магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ,

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                   ШҮҮГЧИД                                     Т. ДАВААСҮРЭН

                                                                         М.МӨНХДАВАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХЯНАВАЛ:

Б.Хэнмэдэх нь согтуурсан үедээ Б.Амарзаяатай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 30-31-нд шилжих шөнийн 01 цаг 45 минутаас 01 цаг 50 минутын хоорондох хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хууль зүйн төв”-ийн хойд талын засмал замын явган хүний гарц дээр, иргэн О.Ууганбаярыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэж, “сумын заан Хэнмэдэх байна, намайг мэдэх үү?, гарцаар яаж гардагийг мэдрүүлээд өгье, сумын зааны гарыг тавиулдаг ямар овоо гар вэ?” гэх үгсийг хэлж, хохирогч О.Ууганбаярыг заамдан барьж, засмал зам руу чирч нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан,

Б.Амарзаяа нь ялтай байхдаа, согтуурсан үедээ мөн цаг хугацаанд мөн засмал замын явган хүний гарц дээр бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Б.Хэнмэдэхтэй үйлдлээрээ  бүлэглэн иргэн О.Ууганбаярыг ямар ч шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь гараар 1 удаа цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан,

Хохирогч О.Ууганбаярын "...Би 2016 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 01 цаг 40 минутын орчимд найз Пүүжээтэй хамт гэртээ харих гээд Хууль зүйн үйлчилгээний төвийн арын засмал замын явган хүний гарц дээр гарцаар гарч явтал баруун талаасаа зүүн тийшээ чиглэлтэй цагаан өнгийн "Истима" маркийн автомашин их хурдтай ирээд бид хоёрыг гарцаар дөнгөж гарахад ард зогсоод жолооч Хэнмэдэх гэгч нь бууж ирээд бид хоёрыг дуудсан... тэр хүн сумын заан Хэнмэдэх байна, намайг таних уу гэж хэлсэн. Бид хоёр юм дуугараагүй зогсож байтал араас ирээд намайг тэр залуу барьж авсан. Тэр залуу надад гарцаар яаж гарч байгаа юм, гарцаар яаж гардгийг мэдрүүлээд өгье гэж хэлээд намайг заамдаж аваад засмал зам руу чирсэн. Тэгэхээр нь намайг барьж авсан гарыг нь тавиулсан. Гэтэл тэр залуу сумын зааны гарыг тавиулдаг яасан овоо пизда вэ гээд дахиад намайг барьж аваад чирсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь барилцаад авсан чинь нөгөө машиных нь хажуугаас дахиад нэг хүн буугаад бид хоёр дээр ирсэн. Тэгээд тэр хүн ирээд учиргүй миний баруун талын нүд рүү цохиод авсан. Гэтэл хажуугаас манай найз салгасан... би доошоо тонгойсон чинь цус гарч байсан...манай найз бид нарыг салгасан ...Б.Хэнмэдэх, Б.Амарзаяа хоёр бол согтуу байсан. ...Манай найз бид хоёр зам хөндлөн гараад хайсан дунд явж байхад араас ирж дуудаад учиргүй барьж авсан. Тэгээд хажуугаас нөгөөх нь цохиод авсан. Бид хоёр тэр хүнтэй огт маргасан зүйл байхгүй. Машин тэргийг нь цохиж авсан зүйл огт байхгүй..." гэсэн  /хх-ийн 12-14 х/,

 

Гэрч Б.Пүрэвсүрэнгийн "...Хууль зүйн үйлчилгээний төвийн хойд талын машин замын уулзварын явган хүний гарцаар зам хөндлөн урдаасаа хойшоо гарч явсан чинь нэг машин баруунаасаа зүүн тийш чиглэлтэй явж байгаад бид хоёрыг явган хүний гарцаар гараад дөнгөж хайс руу орох гэж байхад хажууд тулж ирж зогссон. Тэгэхээр нь Ууганбаяр бид хоёр нэг их тоолгүй хайсан дундуур хойшоо явсан чинь нөгөө зогссон машины жолооч бууж ирээд сумын заан Хэнмэдэх байна. Та нар таних уу гээд бид хоёрыг нэг, нэг гараараа бариад авснаа намайг тавьсан. Тэгээд манай найз О.Ууганбаярыг замаар яаж гардаг пизданууд вэ гээд чирсэн. Тэр үед харанхуй байсан юм. Тэгээд манай найз Ууганбаяртай тэр Хэнмэдэх нь барилцаж аваад ноцолдоод байтал нөгөө машины хажуугаас нь дахиад нэг хүн гарч ирээд Ууганбаярыг цохиод авсан. Тэгэхээр нь би тэр хэдийг салгаад найзыгаа аваад явсан. Тэр үед манай найзын хөмсөгнөөс цус гарч байсан. Тэр хоёр хүн ч намайг салгасан чинь машин руугаа буцсан. Би найзыгаа аваад зам хөндлөн хойшоо гарсан. Тэр хоёр хүн бид хоёрыг зүгээр зам хөндлөн гарч байхад араас дуудсан. Тэгээд согтуугаараа сумын заан Хэнмэдэх байна, таних уу, та нар зам хөндлөн яаж гарч байгаа юм гээд замаар яаж гарахыг зааж өгнө гэх мэтээр доромжилж байгаад нэг нь манай найзыг цохиод авсан. Бид хоёр бол тэр хүнд огт гар хүрээгүй. Өөдөөс нь ч хэрэлдээгүй. Тэр хоёр залуу нилээн согтуу байсан. ... Хэнмэдэх нь манай найз Ууганбаярыг барьж байхад нь хажуугаас нь учиргүй ирээд цохиод авсан. Ямар нэгэн хэрүүл маргаан огт болоогүй. Манай найз бид хоёрыг зүв зүгээр байхад араас дуудаж барьж аваад нөгөөх нь цохиж авсан..." гэсэн /хх-ийн 24-25 х/,

 

Гэрч Г.Баярхүүгийн "...Би тэр өдөр болох 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн орчимд Хууль зүйн үйлчилгээний төвийн 2 давхарт найз Буянравжих дээр ирсэн юм. Бид хоёрыг юм яриад сууж байхад гаднаас Ууганбаяр найзтайгаа 23 цагийн орчимд орж ирсэн. Тэгээд бид нар юм ярьж сууж байгаад 01 цаг 40 минутын орчимд Буянравжихын ресторанаас гарсан. Бид нар юм ярьж сууж байхдаа 2, 2 пиво уусан. Согтуу бол байгаагүй. Ууганбаяр найзтайгаа хамт ресторанаас түрүүлээд гараад явсан. Бид гурав харин рестораныг нь цоожилчихоод араас нь гарсан. Тэгээд Хангай буудлын өмнөөс такси авах гээд зам хөндлөн гарах гэж байхад Хууль зүйн үйлчилгээний төвийн арын засмал замын явган хүний гарцан дээр нэг цагаан машин баруунаас зүүн тийш хурдтай давхиж ирээд явган хүний зам дээр зогссон. Тэр үед Ууганбаяр найзтайгаа хамт зам хөндлөн гарч явсан юм. Тэгээд тэр машинаас нэг хүн гарч ирээд зам яаж гараад байгаа юм гээд Ууганбаяр тэр хоёртой маргалдаад унасан. Гэтэл араас нь бас нэг хүн машинаас бууж ирээд Ууганбаярыг цохиод авч байгаа болтой байсан. Хэнмэдэх нь эхэлж очоод Ууганбаярыг бариад авах шиг болсон чинь араас нь Амарзаяа нь бууж очиод цохиод авч байгаа бололтой байсан. Бид гурав хол байсан болохоор яг юу болсон талаар нь хараагүй. Тэгээд удалгүй тэр хэд салсан..." гэсэн  /хх-ийн 16-17 х/,

Гэрч Э.Батцэрэнгийн “...Би Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт замын цагдаагийн тасгийн байцаагч ажилтай. Энэ ажилд 2014 оноос хойш ажиллаж байна. Хууль зүйн үйлчилгээний арын уулзвар, хуучин ХААН банкны зүүн талд гэрлэн дохио байдаг. Тэр гэрлэн дохио өдөр бүрийн 24 цаг хүртэл ажиллаад 00 цагийн орчимд байх ажилладаггүй, шар гэрэл байнга анивчуулаад орхидог юм. Энэ нь Арвайхээр сумаас тохируулдаг. Шөнө болохоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багасдаг болохоор гэрлэн дохиог шар гэрэл анивчуулж орхидог юм...” гэсэн /хх-ийн 22 х/ мэдүүлгүүд болон насанд хүрээгүй гэрч Ж.Янжин /хх-ийн 18-19 х/, гэрч П.Буянравжих /хх-ийн 15 х/,  С.Батцэнгэл /хх-ийн 26 х/,  П.Молортуяа /хх-ийн 27 х/,  П.Энхжаргал /хх-ийн 28-29 х/,  Н.Сайнбаяр /хх-ийн 30 х/,  Д.Отгонбаатар /хх-ийн 31х /, С.Эрхэмбаяр /хх-ийн 32 х/ нарын мэдүүлгүүд,

 “...1. О.Ууганбаярын биед тархины доргилт, баруун нүдний алимны доргилт, нүдний алимны салстын цус хуралт, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна.

2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 284 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34 х/, Камерийн бичлэгт үзлэг хийж, хуулбарлан авсан тэмдэглэл /хх-ийн 10 х/, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 65-69 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэн  шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Б.Амарзаяа  Б.Хэнмэдэх  нарт  холбогдох хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх хуульд заагдсан нөхцөл журмын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс тэд  нарт оногдуулсан ял, түүний эдлэх дэглэм Б.Амарзаяа  Б.Хэнмэдэх  нарын  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдалд тохирсон байх тул ялтны өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн гаргасан давж заалдсан гомдлын хүлээн авах боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1- д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016  оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, Б.Амарзаяагийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

         

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭБИЛЭГ

 

                                  ЕРӨНХИЙ  ШҮҮГЧИД                              Т. ДАВААСҮРЭН

 

                                                                                                               М.МӨНХДАВАА