Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 15

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

            Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо,

Улсын яллагч: Л.Солонго,

Хохирогчийн өмгөөлөгч: И.Оюунгэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч: С.А  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

            Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овгийн С.А д холбогдох 1828000880082 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг, .........................тоотод түр оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Сартуул овгийн С.А , регистрийн дугаар: .....................

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Сүлд овогтой С.А  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг, .................. тоотод М.А ын биед халдан зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч С.А ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч С.А  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тэр үед 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдөр манай эхнэр, М.А  2 намайг очиход дөрвөлжин шилтэй архи, пиво уугаад сууж байсан. Орой 4 цагийн үед би буцаж яваад тэр 2 уугаад үлдсэн. Би яваад нэг дарс аваад аваачиж өгсөн. Би тэр үед өөртөө жижиг 0,33 грамм ерөөл архи авч уусан. М.А  бид 2 маргалдаад гэрийнх нь гадаа гараад хоорондоо барьцалдаж аваад М.А  над руу дайрахаар нь би эргүүлээд цохьсон. Тэгэхэд М.А  нүүрээрээ газар шаагаад унасан. Тэгээд босож ирэхэд уруулаас нь цус гарсан босож ирсэн. Тухайн үед Н , Ба  хоёрыг М.А  дуудсан. Бид 2 зууралдаад байж байтал Н , Ба  2  цэнхэр 80-тай ирээд бид хоёрыг боль гэж салгаад, намайг яв гээд явуулсан. Манай эхнэр тэр үед согтуу гараад ирсэн. М.А  миний машины түлхүүр, аккумлятор хоёрыг авсан байсан. Би аккумлятороо тавиад явах гэсэн боловч надад өгөөгүй. Тэрнээс болж муудсан.  Би хойшоо Х.Г   гэж дугуй засварын ах дээр очиж “та машин бариад хүүхэд аваад өгөөч” гэж хэлчихээд буцаад алхаж байтал эхнэр машин унаад гараад ирсэн. Эхнэр зөөлөн явж байсан болохоор гүйж очоод машины буруу хаалгаар орж машиныг зогсоосон. Эхнэрийг Х.Г   ах бид 2 хойд суудал руу суулгаад чигээрээ явж хүүхдээ авах гэтэл зөрөөд хүүхэд аваад явчихсан байсан. Тэгээд эргээд эхнэрийг Гурвансайханд машинтай нь үлдээгээд Х.Г   ах бид 2 “Арвин шим” дэлгүүрийн гаднаас А.С  гэдэг найзыгаа дуудаад Х.Г   ахын дугуй засвар дээр ирэхэд урдаас М.Г , Б.Н  нар гарч ирээд намайг А.С ын машинаас чирч буулгаад 2 цагдаа дуудаад өгөөд явуулсан.

          Хохирогч М.А  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр намайг гэртээ байж байхад С.А  эхнэртэйгээ хамт ирээд эхнэр нь манайд 1 ширхэг 1,5 грамм пивотой үлдсэн. Удалгүй С.А  нэг 0.33 грамм ерөөл архи аваад ирсэн. С.А  эхнэртэйгээ муудалцаад байсан. Эхнэрээ газар унагаад үснээс нь зулгаагаад байхаар нь би “хөөе Тө болиоч гэсэн чинь миний нүүр рүү отверкоор хатгасан. Тэгэхээр нь би машины дугуй аваад далайсан чинь хашааны ард зогсоод байсан. Хадмууд чамайг дандаа сайн хэлж намайг болохоор муу хэлдэг гээд надад уурлаад байсан. Би хүүхдүүддээ хоол өгчихөөд авдарны өмнө гудас дэвсээд унтаад өгсөн байна лээ. Тэгсэн нэг хүн намайг татахаар нь эргээд харсан чинь С.А  зогсож байсан. Тэгсэн шууд нүүр рүү төмрөөр төмрөөр цохиод авахаар нь би хэсэг хугацаанд ухаан алдсан байсан. Би гэрийн үүдэнд үүдэнд ирээд хальт сэрээд мэдсэн. Миний амнаас цус ихээр гарч хоолой руу ороод байсан. Миний хөл рүү өшиглөсөн. Хөл нэг л эвгүй болсон байсан. Тэгээд би Тө ахаа болъё оо гээд хэлж байсан. Нэг мэдэхэд эмнэлэгт байсан /хх-ийн 7-8-р хуудас/

          Хохирогч М.А  мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ:”...Намайг хүн татахаар нь харсан чинь С.А  байхаар нь яасан гэсэн чинь шууд нүүр рүү хатуу зүйлээр цохьсон. Тухайн үед яг юугаар цохисныг нь мэдээгүй. С.А  намайг нүүр рүү цохисноос хойш би ухаан алдаад нэг сэргээд, эргэж ухаан алдаад байсан. Тэгж байхад С.А  чирч гулдраад зодоод байсан юм. Надад эмчилгээний зардал мөнгө огт өгөөгүй. Би эмчилгээ хийлгэсэн зардал, бас шүд хийлгэх зардлаа нэхэмжилмээр байна. Хохиролтой холбоотой баримтаа хэрэгт хавсаргасан байгаа. Би шүүхэд гаргаж өгсөн хохирлын баримтуудын нийлбэр дүн болох 2,734,998 /хоёр сая долоон зуун гучин дөрвөн мянга есөн зуун ерэн найман мянган төгрөгийг нэхэмжилж байгаа. Эдгээр нь зөвхөн энэ хэргээс болж надад учирсан өвчнийг эмчлэх, болон намайг өвчтэй байх хугацаанд эмнэлэг хооронд явсан унааны зардал бас намайг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад манай эхнэр сахиж ажлаа хийж чадаагүй хугацааны цалин, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай ганц нэг баримтаар нотолсон зүйлүүдээс бүрдэж байгаа юм /хх-ийн 160, 181-р хуудас/

          Гэрч Б.Н  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Манай нөхрийн ах Г ын эхнэр Бү манай ажил дээр ирж надтай уулзахдаа танай нөхрийг хүргэн чинь зодсон гээд хачин юм гэртээ байж байна гэж хэлсэн. Би ажлаасаа шууд гэртээ очсон чинь манайд эмнэлгийн түргэн тусламж ирчихсэн нөхрийн ах Г байж байсан. Манай нөхөр их өвчтэй бололтой баруун хөл нь хугарсан байдалтай, баруун мөр хэсэгт нь зулгарч урагдсан, уруул нь хавдаад шүд нь уначихсан, архи уусан бололтой байсан. Тэгээд эмнэлэг рүү авч явсан. Н гэдэг хүн тухайн үед С.А , М.А  нарыг муудалцаж байхад манайд очсон гэж байсан /хх-ийн 12-р хуудас/

          Гэрч М.Г  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Би 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн орой 18 цагийн үед Улаанбаатар хотоос өөртөө машин авч ирсэн байсан. Тэгээд гэртээ байж байгаад дүү М.А  руу залгаад “ирж миний машиныг үзээтэх” гэж хэлэх гээд залгасан чинь М.А  утсаа авчихаад хариу хэлэхгүй байж байгаад тасалсан. Тэгснээ 30 орчим минутын дараа М.А  над руу залгахаар нь утсаа авсан чинь эмэгтэй хүн ярьсан. Тэгсэн чинь М.А  “би гэртээ зодуулчихсан байж байна, хүрээд ир” гэж хэлэхээр нь би М.А ын гэрт очсон чинь М.А  гэрийнхээ зүүн хойд талд доошоо харчихсан унтаж байхаар нь би М.А ыг сэрээсэн чинь “миний хөл нэг л биш ээ эвгүй байна” гэж хэлсэн. Тэгээд ус ууя гэхээр нь ус өгсөн чинь шууд бөөлжсөн. Би эмнэлэг, цагдаад мэдэгдсэн. Удалгүй эмнэлгийн машин ирж авсан. Гэрт нь нэг танихгүй эмэгтэй бас нэг хүүхэд байсан. Би тэр хүүхнээс юу болсон юм бэ гэж асуусан чинь тэр хүүхэн “намайг цэцэрлэг орчихоод ирэхэд М.А  ийм болчихсон байна” гэж хэлж байсан. Тэгэхээр нь “чи тэгээд цагдаа, эмнэлэгт хэлдэггүй юмуу” гэж хэлсэн. М.А аас тэр үед асуусан чинь С.А  намайг зодсон гэж хэлж байсан /хх-ийн 13-р хуудас/

            Гэрч Н.Т  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Би 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 17 цаг болж байх үед М.А ын гэр рүү очсон. Би эхнэрээс нь дүүгийн хонхны баярын зураг авалтанд өмсгөх плать авахаар ярьсан байснаа авах гэж очсон юм. Намайг тэднийд очиход М.А , Б хүүхэдтэйгээ байж байсан. Тэр хоёр нэг шилтэй архи дундаа тавьчихсан хувааж уугаад сууж байсан. Тэгээд намайг тэднийд байж байтал Бөхнямын нөхөр С.А  гаднаас нэлээд согтуу орж ирсэн. Бид нартай ойр зуурын юм яриад сууж байснаа С.А , М.А д хандан “чи яагаад манай дүүд намайг архи уусан гэж хэлсэн юм бэ” гэсэн чинь М.А  “та архи уухаа болиод амьдралаа бодохоор юм” гэж хэлсэн. Тэгсэн С.А  чамд ямар хамаатай юм. Миний яаж явах нь чамд хамаагүй гээд уурлаад босож ирээд М.А ын нүүр рүү гараараа нэг удаа цохьсон. Тэгсэн чинь М.А  бас уурлаад С.А тэй заамдалцаад зууралдсан. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа шүү гэсэн чинь М.А  “яах юм бэ би ахыгаа дуудлаа” гээд гадаа гарсан. Тэгсэн чинь С.А  гэрийн хоолны шкапнаас нэг жижиг хутга аваад би өөрийгөө хамгаална гэж хэлээд гадаа гарсан. С.А  хутгаа бариад М.А  руу явж байхаар нь би С.А  дээр очоод “хутгаа өг яах гээд байгаа юм бэ” гэсэн чинь С.А  хутгаа надад зүгээр өгсөн. Би хутгыг нь аваад хашаанд байсан машины ард тавьсан. Тэгээд байж байтал Н  нэг танихгүй хүнтэй ирсэн. Би Н т “наад хоёроо битгий зодолдуулаарай. Зодолдох гээд байгаа шүү” гэж хэлсэн. Бөхням намайг сургуулиас 1 дүгээр ангийн хүүхэд аваад ирээч, би архи уучихсан явж чадахгүй байна гэхээр нь 17 цаг 15 минутын үед тэднийхээс гарч яваад 2 дугаар сургуулиас хүүхдийг нь аваад буцаад 18 цагийн үед М.А ынд ирсэн чинь М.А  гэртээ ганцаараа гэрийнхээ хойморт дөрвөн хөллөчихсөн миний бие өвдөөд байна. Надад хөнжил нөмөргөөтөх гээд байж байсан. Тэгэхээр нь би хөнжил авч нөмөргөж өгсөн. Одоо яах вэ гэсэн чинь утсаа өгөөд манай ах руу яриатах гэхээр нь би утсаар нь ахыг нь дуудсан. Тэгээд удалгүй ах нь ирэхээр нь би явсан. Намайг байхад Аптанзул, С.А  хоёр барилцаад С.А  М.А ын нүүр рүү нэг удаа гараараа цохьсон. Тэгээд Бөхням бид хоёр салгасан. Өөрөөр бол зодолдоогүй. /хх-ийн 14-15-р хуудас/

            Гэрч Н.Н  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Манай найз М.А  утсаар над руу залгаад “...намайг гэрт хүн дээрэлхээд байна” гэхээр нь би хамт ажилладаг Н гээд ахтайгаа яваад очсон. Тэгсэн М.А  нь зодуулсан байдалтай баруун талын хацар нь шалбарч цус гарсан бололтой гэрийнхээ гадаа С.А , М.А  хоёр муудалцсан байдалтай, С.А ийн эхнэр Бөхням гэрийн гадаа тасраад унасан хэвтэж байсан. ...М.А ын эхнэр Б.Н  Н  ахын утас руу залгаад М.А  хүнд зодуулчихсан хөл нь хугарчихсан, шүд нь унасан байна. С.А  зодсон юм шиг байна гэсэн. Намайг очиход С.А , М.А  2 хоорондоо муудалцсан байсан. М.А ын баруун хацар шалбарч цус гарсан байсан /хх-ийн 18-р хуудас/

Гэрч Т.Н  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн үед миний утас руу М.А  залгаад “С.А  гэрт ирчихээд намайг дээрэлхээд байна хүрээд ирээч” гэхээр нь би Наранбаатартай хамт яваад очсон чинь М.А ын зүүн талын шанаанаас нь цус гарчихсан Тө намайг дээрэлхээд байна” гэж хэлэхээр нь би “найз нөхөд байж зодолдож юугаа хийдэг юм бэ” гэж хэлсэн. Тө-гийн эхнэр нь гэрийн гадаа согтуу хэвтэж байхаар нь С.А тэй хамт дамжлаад машинд нь суулгаад явуулсан. Тэгээд би М.А ыг “орж унтаж амар” гэж хэлчихээд бид хоёр засвар руугаа яваад өгсөн. Тэгсэн чинь орой 23 цагийн үед М.А ын эхнэр Б.Н  утсаар залгаад “хөлийг нь хугалаад шүдийг унагасан байна. Тө тэгсэн юм уу хэн тэгсэн юм” гэж асуусан. Тэгэхээр нь би С.А , М.А  хоёр хоорондоо муудалцсан байхад нь бид хоёр салгаад Төг явуулсан гэж утсаар хэлсэн. Би өөр юм мэдэхгүй байна. Намайг очиход М.А  цээж нүцгэн зүүн талын хацар нь цус гарсан байсан С.А  нь хувцастайгаа байсан /хх-ийн 20-р хуудас/

Гэрч Х.Г   мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би Нүнжиг худалдааны төвийн зүүн талд байрлах дугуй засвар дээрээ байж байтал үдээс хойш 15 цаг өнгөрөөгөөд С.А  ирчихээд манай эхнэр, М.А  хоёр архидаж байхаар нь би М.А ыг 2-3 цохьчихлоо гэж ярьж байсан. ...С.А  М.А ынх руу явчихаад намайг ажлаас гарч ирэхэд буцаад ирж байсан. ...С.А  эргэж ирэхдээ архи үнэртүүлчихсэн байсан. Тэгэхдээ М.А  муу хулгайч авгай уруу татаад архи уугаад байхаар нь цохьчихлоо гэж ярьж байсан /хх-ийн 15-16-р хуудас/

Гэрч А.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...М.А тай манай эхнэр архи уугаад тасарчихсан, М.А  томроод байсан. Н, Ба хоёрыг дуудсан. Тэр хоёр ирээд бид хоёрыг салгаад явуулсан гэж ярьсан... /хх-ийн 164-р хуудас/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 264 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: М.А ын биед баруун шилбэ ясны хугарал, зүүн дээд 1-р шүдний хугарал, уруулын язарсан шарх, уруул, зүүн мөрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 24-р хуудас/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 264 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: Баруун шилбэ ясны хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт зүүн дээд 1-р шүдний хугарал уруулын язарсан шарх гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, уруул, зүүн мөрний зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. М.А ын баруун тахилзуур, шаант /нарийн, бүдүүн/ яс хугаралттай байна. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх-ийн 166-р хуудас/

Шүүгдэгч С.А  мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би эхнэртэйгээ гэррүүгээ явж байсан чинь эхнэр рүү манай эхнэрийн хамаатны дүүгийн нөхөр М.А  утсаар яриад хамт пиво уух уу гэж байна гэж эхнэр хэлсэн. Тэгээд бид хоёр гэрээсээ очиж 2000 төгрөг аваад дэлгүүрээс ундаа аваад мод үржүүлэхийн 3-7 тоотод байдаг М.А ын гэрт очсон. Тэгэхэд М.А  гэртээ найз Ту гэдэг хүүхэнтэй хамт байж байсан. М.А  нэлээд согтуу байсан. Би гарч яваад нэлээд удаж байгаад 14 цаг өнгөрөөгөөд очсон. Тэгсэн чинь М.А , манай эхнэр Бөхням, Туяанаа нар нэг дөрвөлжин шилтэй шар виски шиг архи хувааж ууж байсан. Тэр архинаасаа надад өгөхгүй байхаар нь би эргэж гарч яваад Х.Г   гэдэг хүнээс 30000 төгрөг аваад дэлгүүр орж хараа нэртэй архи нэг шилийг аваад гадуур машин будах будаг хөөцөлдөж явж байхдаа авсан архинаасаа талыг нь ганцаараа уугаад яваад байсан. Тэгээд эргээд М.А ынд очсон чинь манай эхнэр архи уугаад тасарчихсан, М.А  бас их согтчихсон байсан. Тэгэхээр нь би эхнэрийг одоо боль явъя гэсэн чинь явахгүй, чи чаддаг юм бол нэг пиво аваад ир гэж хэлсэн. Би явж дэлгүүрээс нэг шил дарс аваачиж өгөөд гарч явсан. Тэгж байхад манай эхнэрийг машин унаад явчихна гээд М.А  машины аккумлятор салгаж авсан. Тэгээд би явж байгаад эргэж очсон чинь М.А  надруу уурлаад намайг цамцнаас боогоод байсан. Би М.А ын баруун талын шанаа руу нь нэг удаа цохьсон. Тэгэхэд М.А  арагшаа унасан. Тэгээд босч ирэхэд М.А ын баруун шанаанаас нь цус гарчихсан байсан чинь М.А  Н  руу утсаар яриад Тө намайг зодчихлоо гээд яриад байсан. Тэгсэн чинь Н , Ба  гэдэг хоёр хүн ирсэн. М.А  машинд нь суучихаад намайг ална машинд суугаатах гээд надруу зодох гээд дайраад байсан. Би зогсож байсан чинь ардаас Ба  намайг түлхсэн. Тэгсэн чинь М.А  миний нүүр рүү өшиглөсөн. ...Манай эхнэрийн дүүгийн нөхөр нь намайг машинаас буулгаад цагдаа дуудаж өгсөн. /хх-ийн 32-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/,

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 52-70 хуудас/

Хохирогчийн эмчилгээний баримтууд /хх-ийн 94-117-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.А  нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг, Мод үржүүлэхийн 3-7 тоотод М.А ын биед халдан зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч С.А  шүүхийн хэлэлцүүлэгт:”...М.А  бид хоёр маргалдаад гэрийнх нь гадаа гараад хоорондоо барилцаж аваад М.А  над руу дайрахаар нь би эргүүлээд цохьсон. Тэгэхэд М.А  нүүрээрээ газар шаагаад унасан. ...Би М.А ыг унасан байхад нь хөл рүү нь өшиглөсөн юм. Н , Ба  2 ирсэн байхад би гадаа цохиод унасан дараа нь дэвссэн. ...Шүд хугарсан нь миний буруу” гэх тайлбар, хариултуудыг өгсөн ба хохирогчийн шүд хугарсан хөнгөрсөн, хөл хугарсан зэрэг хүндэвтэр гэмтлийг С.А  тухайн цаг хугацаанд хохирогч М.А тай зодолдох үедээ учруулсан гэдгээ хүлээн мэдүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт ...шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй нь харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заажээ.

Шүүгдэгч С.А ийн шүүх хуралдаанд өгч байгаа мэдүүлгийн зарим хэсэг нь хавтаст хэрэгт тусгагдаагүй байх тул энэ мэдүүлэг нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна гэж үзэж шүүх өөрийн дотоод итгэл үнэмшлээр шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүгдэгч С.А ийг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг нь дангаараа шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан ба шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв. Үүнд: 

 Хохирогч М.А ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч С.А ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь: Гэрч Б.Н н: ”...Манай нөхрийн ах Г ын эхнэр Бү  манай ажил дээр ирж надтай уулзахдаа танай нөхрийг хүргэн чинь зодсон гээд хачин юм гэртээ байж байна гэж хэлсэн. Би ажлаасаа шууд гэртээ очсон чинь манайд эмнэлгийн түргэн тусламж ирчихсэн ...манай нөхөр их өвчтэй бололтой баруун хөл нь хугарсан байдалтай, баруун мөр хэсэгт нь зулгарч урагдсан, уруул нь хавдаад шүд нь уначихсан байсан. ...Н  гэдэг хүн тухайн үед С.А , М.А  нарыг муудалцаж байхад манайд очсон гэж байсан /хх-ийн 12-р хуудас/, гэрч М.Г ын: ”... М.А  “би гэртээ зодуулчихсан байж байна, хүрээд ир” гэж хэлэхээр нь би М.А ын гэрт очсон чинь М.А  гэрийнхээ зүүн хойд талд доошоо харчихсан унтаж байсан. ...Би эмнэлэг, цагдаад мэдэгдсэн. ...М.А аас тэр үед асуусан чинь С.А  намайг зодсон гэж хэлж байсан /хх-ийн 13-р хуудас/, гэрч Н.Т гийн: ”...Намайг байхад М.А , С.А  хоёр барилцаад С.А  М.А ын нүүр рүү нэг удаа гараараа цохьсон... /хх-ийн 14-15-р хуудас/, гэрч Х.Г  ийн: ”... С.А  ирчихээд манай эхнэр, М.А  хоёр архидаж байхаар нь би М.А ыг 2-3 цохьчихлоо гэж ярьж байсан. ... М.А  муу хулгайч авгай уруу татаад архи уугаад байхаар нь цохьчихлоо гэж ярьж байсан /хх-ийн 15-16-р хуудас/, гэрч А.А.С буянгийн: ”...М.А тай манай эхнэр архи уугаад тасарчихсан, М.А  томроод байсан. Н , Ба  хоёрыг дуудсан. Тэр хоёр ирээд бид хоёрыг салгаад явуулсан гэж ярьсан... /хх-ийн 164-р хуудас/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байгаагийн зэрэгцээ шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.А ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 264 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: М.А ын биед баруун шилбэ ясны хугарал, зүүн дээд 1-р шүдний хугарал, уруулын язарсан шарх, уруул, зүүн мөрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... /хх-ийн 24-р хуудас/ гэснээр тус тус шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан, гэрчээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан байх тул шүүх шинжээчийн дүгнэлт болон гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.  

Иймд шүүгдэгч С.А ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хохирогч М.А  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 2.734.998 төгрөгийг шүүгдэгч С.А өөс нэхэмжилсэн ба үүнд: хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн мөнгө 507.960 төгрөг, хөлөнд мэс засал хийлгэж, хадаас хадуулсан эмчилгээний зардал 550.000 төгрөг, шатахууны зардал 141.000 төгрөг, эм тарианы зардал 67.890 төгрөг, эхнэр Б.Н н ажилгүй байсан хугацааны цалин 148.000 төгрөг, хиймэл шүд хийлгэсэн 30.000 төгрөг, шүд хийлгэх 700.000 төгрөг, шилбэний зураг авахуулах зардал 520.000 төгрөг тус тус нэхэмжилсэн болно.

Шүүгдэгч С.А  шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа хохирогчтой 1.500.000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэх боловч хохирогч, шүүгдэгч нарын өмгөөлөгчид шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ энэ талаар дурьдаагүй учир шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасны дагуу шалгаж, өөрийн дотоод итгэлээр үнэлсэн ба хохирогчийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 809.148 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчээс 1.165.850 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв. Учир нь:

Хохирогчийн нэхэмжилсэн ор хоногийн мөнгө 507.960 төгрөгийн хохирлыг шүүгдэгч С.А өөс гаргуулах нь зүйтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч түргэн тусламж дуудаж улмаар эмнэлэгт хүргэгдэн хагалгаанд орсон байдал хэргийн нөхцөл байдлаас тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч М.А ын шүд хугарсан хөнгөн гэмтлийг шүүгдэгч учруулсан талаараа шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлсэн төдийгүй шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогчийн хиймэл шүд хийлгэсэн гэх 30.000 төгрөгийн зардал, мөн шүүхийн шинжилгээ хийлгэсэн зардал 10.000 төгрөг, мэс заслын хагалгаа хийлгэсэн зардал 550.000 төгрөг, эм тарианы  зардал 67.890 төгрөгийн баримтууд нотлох баримтаар хангалттай тогтоогдсон гэж үзэж дээрх зардлууд болох 1.165.850 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч М.А д олгохоор шийдвэрлэв.

Мөн хохирогч “...цаашид авагддаггүй шүд хийлгэх шаардлагатай, хөлийн хадаас авахуулах эмчилгээ хийлгэх шаардлагатай...” гэх хохирогчийн хүсэлтийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү эмчилгээнд цаашид гарах зардлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...хүний амь нас, эрүүл мэндэд ...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заажээ. Хохирогч М.А  нь эхнэр Б.Н н ажилгүй байсан хугацааны буюу чөлөө авсан хугацааны цалин 148.000 төгрөг нэхэмжилсэн ба уг нэхэмжлэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан шууд хохиролд хамаарахгүй байх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор, нааш цааш явсан шатахууны зардал 141.000 төгрөг нэхэмжилсэн ба хэзээ, хаанаас хаа хүртэл явсан, хохирогчийг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд зарцуулсан бензиний баримт байх тул, мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Түүнчлэн толгойн томографикийн зураг авахуулах 220.000 төрөг, шилбэнд имра шинжилгээ хийлгэх зардал 300.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба тусгай мэргэжлийн шинжээч дүгнэлт гаргахдаа мэргэжлийн байгууллагын өвчтөний түүх, шинжилгээний хариу, шаардлагатай тохиолдолд өвчтөнийг биеэр үзэж дүгнэлт гаргадаг.

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 264 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дээрх гэмтэл тусгагдаагүй, мөн дээрх шинжилгээг хийх шаардлагатай гэх мэргэжлийн эмчийн дүгнэлт байхгүй байх тул шүүх энэхүү нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.А ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.А ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй ба энэ зүйл хэсэгт оногдуулах ялыг 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр заасан ба улсын яллагч 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасныг шүүх хөнгөрүүлэн дараах байдлаар шийдвэрлэв.  

Шүүгдэгчийн хувьд тогтвортой ажил хөдөлмөр эрхэлдэг, анх удаа гэмт хэрэг үйлдэж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэн торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.А д холбогдох хэрэгт хавсаргаж ирсэн рентген зураг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч М.А д буцаан олгохоор шийдвэрлэж, шүүгдэгч С.А  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус

 удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Сартуул овгийн С.А ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А д 1000 / нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч С.А  нь шүүхээс оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж байхыг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч С.А өөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 1.165.850 /нэг сая нэг зуун жаран таван мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч М.А  /Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8 дугаар баг, ................. тоотод оршин суух, регистрийн дугаар:....................../-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь шүд хийлгэх болон хөлийн хадаас авахуулах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, хохирогч М.А ын илүү нэхэмжилсэн 809.148 /найман зуун есөн мянга нэг зуун дөчин найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хавсаргаж ирсэн рентген зураг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч М.А д буцаан олгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д  зааснаар шүүгдэгч С.А  нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч С.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА