Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 146/ШШ2016/00147

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хүсэлттэй 

Иргэн Батбилэгийн Болормааг эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөртогоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид шүүхэд гаргасан хүсэлт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөртогоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон 2 дугаар багийн иргэн Батбилэгийн Болормаа нь 1986 онд төрсөн 30 настай /хүнд хэлбэрийн оюуны хомсдол/ өвчний улмаас өөрийн үйл ажиллагааны учир холбогдолыг ойлгох буюу өөрийгөө зөв удирдаж чадахгүй хүний асрамжинд байдаг. Монгол улсын сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.8.1-т зааснаар Улсын дээд шүүх эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг УБСЕГ-т 5 дугаар сарын 5-ны өдрийн дотор хүргүүлэхээр заасан тул энэхүү заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-т заасны дагуу эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг ИТХ-ийн тэргүүлэгчид, эрүүл мэндийн байгууллага шүүхэд гаргана гэж заасныг үндэслэн эрх зүйн чадамжгүй гэж үзэх үндэслэл бүхий Батбилэгийн Болормааг эрх зүйн чадамжгүй гэж тооцож өгнө үү... Монгол улсын сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.8.1-д зааснаар эрх зүйн чадамжгүйд  тооцуулах иргэдийг шүүхэд албан ёсоор хүсэлт гаргаж шийдүүлнэ гэсэн байгаа. Сумын хэмжээнд 80 гаруй эрх зүйн чадамжгүй хүн байгаа. Нэдсэн дүнгээр 23 хүн эрх зүйн чадамжгүй эсэхийг тогтоолгох хэрэгтэй гэж үзсэн. Өвөрхангай аймгаас шинжээчийн бүрэлдэхүүн ирж тодорхой хэдэн хүмүүст эмнэлэгийн дүгнэлт гаргасан байгаа. Хэргийн материалд хүмүүсийн эрх зүйн чадамжгүйд тооцуулах бүх баримт матераилыг бүрдүүлж өгсөн байгаа тул хэргийг шийдүүлэх саналтай байна. Эрх зүйн чадамжгүйд тооцуулах хүмүүсийн асран хамгаалагч нарыг гэрчээр шүүхэд асуулгасан байгаа гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нь Б.Болормааг эрх зүйн чадамжгүй гэж тооцуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Дээрх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т зааснаар үндэслэлтэй байнй.

Б.Болормаа нь тархины органик өвчин хүнд хэлбэр, оюуны хомсдол хүнд хэлбэрийн өвчний учир өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдах чадваргүй болохыг тогтоосон Шүүх сэтгэц гэм судлалын 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн магадлагаа, комиссын шийдвэр зэргийг үндэслэн түүнийг эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг хангаж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1/153 дугаартай албан тоотоор Б.Болормаад асран хамгаалагч тогтоосон Засаг даргын захирамж гараагүй гэх хуульд заасны дагуу түүнд асран хамгаалагч тогтоохыг Хархорин сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.1-т “...эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон гарах шүүхийн зардлыг төр хариуцна” гэж заасны дагуу шинжээчийн зардал болох 35 000 төгрөгийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Төрийн сангаас гаргуулан шинжээч Өвөрхангай аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвд олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                               

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т зааснаар Батбилэгийн Болормааг /РД:ЙР86020909/ эрх зүйн чадамжгүй гэж тооцсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар Б.Болормаад асран хамгаалагч тогтоохыг Хархорин сумын Засаг даргад даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.1-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын Төрийн сангаас шинжээчийн зардал болох 35 000 /гучин таван мянга/ төгрөгийг гаргуулан шинжээч Өвөрхангай аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвд олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

             

                                                          ДАРГАЛАГЧ                           Б.САРАНТУЯА